Шууд Chart

Э.Сандуй: Хүйтэнд хүний булчингийн ажиллах чадвар багасдаг тул даалгаврууд улам хүнд болж байсан

2019-10-21 09:22:06

МҮОНТ-ээс зохион байгуулж буй “Монголын нинжа дайчид” шоу ням гараг бүрийн үдэш үзэгчдэд хүрсээр байна. Уг нэвтрүүлэгт спорт, соёлын урлагийнхнаас гадна энгийн иргэд ч оролцож, бэрх давааг туулж буй нь үзэгчдийг цэнхэр дэлгэцийнх нь өмнө “уяахаас” ч яах вэ.

Иймд бид энэ удаа Монголын гудамжны турникийн холбооны тэргүүн Энхбаатарын Сандуйг урьж, ярилцлаа. Тэрбээр дээрх шоуны гуравдугаар шатыг илээж, тухайн өдрийн оролцогчдоосоо хамгийн өндөр амжилт үзүүлсэн юм.    

 -МҮОНТ-ээс зохион байгуулж буй "Монголын нинжа дайчид" шоунд таны оролцсон дугаар өчигдөр гарлаа. Үүнд ороход юу нөлөөлсөн бэ?

-Гудамжны турник спортыг олон нийтэд таниулах зорилгооор би олон арван тѳрлийн үйл ажиллагаа явуулж байна. Дээрх шоунд би өөрийн биеэр оролцсоноор спортоо олон нийтэд улам илүү таниулах сайхан боломж гарна гэж бодоод оролцсон. Маш сайхан санагдсан шүү.  

-Зохион байгуулалт болон даалгаравууд ямар санагдсан бэ?

-Зохион байгуулалт нь үнэхээр сайн байсан. Би гадаад, дотоодын олон тэмцээнд оролцож байсан болохоор энэ талыг ч нэлээн анзаарсан л даа. Анх удаа манай улсад болж байгаа болохоор улам төгөлдөржүүлэх юм ч байгаа л байх. Даалгаварууд тѳсѳѳлж байснаас хүнд байсан. Мөн нэг тѳлѳвлѳѳгүй зүйл нь их хүйтэн үе таарсан. Хүйтэнд хүний булчингийн ажиллах чадвар багасдаг болохоор даалгаваруудыг улам хүндрүүлж байлаа.  

-Та энэ шоунд зориулж тусгайлан бэлтгэл хийсэн үү?

-Үнэнийг хэлэхэд тусгай бэлтгэл сайн хийж чадаагүй. Суурь спортынхоо ачаар л гуравдугаар шат хүртэл явлаа. Турник спорт их үр дүнтэй юм байна гэдгийг ч биеэрээ мэдэрсэн. Нэг зүйл нэмж хэлэхэд, би армийн аварга болчихоод МҮОНТ-ийн “Монголын нэг ѳдѳр” нэвтрүүлэгт холбооныхонтойгоо оролцож байсан юм байна шүү.

-Гуравдугаар шат хүртэлх даалгаварыг амжилттай биелүүлсэн цөөхөн хүний нэг нь та. Гэхдээ цааш үргэлжлүүлэхэд юу бэрхшээл болов?

-Яг ийм, тийм гэх шалтаг алга даа. Ѳѳрийнхөө алдаанаас л болоод унасан.

-Гудамжны турник спортоор хэдэн жил хичээллэж байгаа вэ?

-2004 оноос хойш хичээллэхийн зэрэгцээ хүүхэд залуучуудад зааж байна.

-Энэ төрөл нь ямар учиртай спорт вэ. Манай улсад хэр их хөгжсөн бэ. Олон улсад  ямар түвшинд байгаа вэ?

-Спортын гимнастикийн нэг тѳрѳл л дөө. Анх үүсэхдээ цэрэг армийн зориулалтай байсан. Манай улсад анх жанжин Д.Сүхбаатар хичээллэж байсан баримт бий. Ардын хувьсгалаас хойш хѳгжиж эхэлсэн гэж ойлгож болно. Үе үеийн цэрэгт явсан ах нар гудамжинд хѳгжих суурийг нь тавьсан. Экстрем спорт хэлбэрээр 2000-аад оноос дэлхий даяар хѳгжсөн байдаг.

-Та холбооныхоо тэргүүнээр ажилладаг гэсэн. Манай улсад хэчнээн залуу хичээллэж байна вэ?

-Монголд экстрем спорт хэлбэрээр 2006 оноос эхэлж хѳгжсѳн. Энэ чиглэлээр манай тѳрсѳн дүү Сундуйжав бид хоёр анх санаачилж хѳгжүүлсэн. Одоо олон улсад маш ѳндѳр түвшинд хѳгжиж байгаа.

-Та Хөвсгөлд амьдардаг гэсэн. Нийслэл хотод энэ спортын төрлөөр хичээллэдэг залуучуудтайгаа хэр холбоотой ажилладаг вэ?

-Одоо үеийн залуучууд хотод ажиллаж амьдрахыг илүүд үздэг. Миний бодлоор аймаг, орон нутагт залуучууд их хэрэгтэй санагддаг. Улсын маань хѳгжил зѳвхѳн хот биш шүү дээ. Тэгээд ч манай эхнэр намайг дэмжээд Хѳвсгѳлд амьдрахаар шийдсэн. Энд ирээд нэг л жил болж байна. Би ТББ-тай. Гудамжны турникээр хичээллэдэг олон залуу Улаанбаатарт холбооныхоо үйл ажиллагааг явуулж байгаа. Зѳвлѳж заах юм олон байдаг болохоор холбоотой байгаа.

-Та нарын дунд тэмцээн болдог уу. Тийм бол хэчнээн хүн оролцдог вэ. Энэ төрлийн спортоор хичээллэхэд нас, хүйс харгалздаг уу?

-Мэдээж тэмцээн уралдаан зохиогдоно. 2013 оноос УАШТ жил бүр зохион байгуулж байна. Тэмцээнд ойролцоогоор 20-30 орчим тамирчин оролцдог. 2015, 2016 онд ОХУ Москва хотод зохиогддог гудамжны турникийн ДАШТ-д амжилттай оролцож, Монгол Улсаа дэлхий дахинд энэ спортоор хүчтэй ѳрсѳлдѳгч гэдгээ харуулсан. Мөн 2013 онд манай холбоо дэлхийн турникны холбооны гишүүн болсон. Дэлхийн хэмжээний бүх тэмцээн уралдаанд оролцох гэсэн залуус манай холбоогоор дамжиж оролцох бүрэн боломжтой.

-ДАШТ-д хэддүгээр байр эзэлж байсан бэ?

-2016 оны дэлхийн аваргын тэмцээнд манай дүү Сундуйжав оролцож, 40 гаруй орны шилдэг тамирчнаас 25 дугаар байр эзэлж, супер финал гэсэн хамгийн шилдэг тамирчид оролцдог тэмцээний эрх авч байсан. ДАШТ-д тухайн улсын аварга болсон тамрчид оролцдог болохоор маш ѳрсѳлдѳѳнтэй. Монголоос тав хоног вагоноор явж очдог тул манай тамирчид их ядарсан байсан. Хийх ёстой элиментүүдээ ч 100 хувь хийж чаддагүй байх талтай. Гэхдээ л оролцсон тэмцээнээ амжилттай биелүүлсэн.

-УАШТ хаана хаана, ямар орчинд болдог вэ?

-Аль гудамжинд гоё турник байна, тэнд л тэмцээнээ зохион байгуулдаг. Ер нь гудамжны спорт болохоор хаа сайгүй л болдог доо.

-Харьяа яам, спорт холбооноос хэрхэн дэмждэг вэ. Гудамжны гэдэг үг байгаа болохоор зарим хүнд эвгүй санагддаг байж болох юм л даа ...

-Спортын яамаас эхлээд олон газраар явж, дэмжлэг хүссэн ч зөвшөөрөөгүй ээ. Энэ спортыг сайн мэдэхгүй болохоор тэгдэг байх.

-Таны хувьд яагаад энэ төрлийн спортыг сонгосон юм бэ. Юу нь их татав?

-Би спортын гимнастикийн шигшээ багын мэргэжлийн тамирчин байсан юм. Харамсалтай нь бэртлийн улмаас энэ спортоороо цааш хичээллэх боломжгүй болсон. Харин хэсэг хугацааны дараа гудамжинд байгаа турникийг ашиглан бэлтгэлээ хийж байгаад “Үүнийг хөгжүүлж болох юм байна” гэсэн үүднээс дагнан хичээллэж, залуучуудыг ч хамруулж байна. Хамгийн гол нь энэ спортын онцлог нь гудамжных учраас хэнийг ч, юугаар ч ялгаварлахгүй нэгтгэж чаддаг.

-Спортын гимнастикийн шигшээ багийн мэрэгжлийн тамирчин байхдаа ямар амжилт үзүүлж байсан бэ?

-УАШТ болон хотын аварга шалгаруулах тэмцээнээс олон медаль хүртэж байсан. Насанд хүрэгчдийн УАШТ-д бариултай модон морины тѳрѳлд түрүүлж байсан. Мѳн цэрэгт байхдаа Армийн цэрэгжилтийн гимнастикийн гурван тѳрѳлд нийлбэр дүнгээр аварга болж байсан.  

-Гудамжны турник эрсдэл ихтэй байх. Шантрах үе байсан уу?

-Бэртэж гэмтэх үе зѳндѳѳ. Ер нь бусад экстрем спортын адил эрсдэл ихтэй. Гэвч шантрах үе хэзээч байсангүй ээ. Харин энэ спортыг дэмжих хүн олдохгүйд бага зэрэг эргэлзэж байсан.

-Та бүхэн бэлтгэл хийхдээ эсвэл тэмцээнд оролцохдоо бэхэлгээ хийдэг үү?

-Бэлтгэл сургуулилтандаа бэхэлгээ хааяа хийдэг ч тэмцээний үеэр хэрэглэдэггүй . Дүрэм нь тийм.

-Таны үндсэн мэргэжил юу вэ?

-Хүндийг ѳргѳлтийн дасгалжуулагч. Энэ чиглэлээрээ ОХУ-ын Липецк хотын багшийн сургуульд суралцаж төгссөн.

-Монголд ирээд хаана ажиллаж байсан бэ. Хүндийн өргөлтийн болон турникийн төрлөөр олон шавьтай юу?

-Хүндийг ѳргѳлтийн спортоор тамирчин одоохондоо бэлдээгүй ч турник спортын олон шавьтай. Цэрэгжилтийн гимнастикийн шавь ч нэлээн хэд бий. Тэд нараас дэд мастер найм, спортын мастер нэг төрөн гарсан.

-Ярилцсанд баярлалаа.

 









Нийтэлсэн: У.Баярсайхан

Э.Сандуй: Хүйтэнд хүний булчингийн ажиллах чадвар багасдаг тул даалгаврууд улам хүнд болж байсан   
Үзсэн: 4000 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
boldoo [127.0.0.xxx] 2019-10-21 13:11
unheer mundag hvn shvv unheer ih hundetgej ywdag ene sportig tsaashid mongol ulsad hogjvvlj tani tald urgelj bainaa agaa

Бидэнтэй нэгдээрэй