![](/uploads/201404/news/thumb/ebd6408e9f39b9c92b88c9f9205ef21f_x3.jpg)
Монголын Урчуудын эвлэлийн шагналт уран барималч Аюушийн Өлзийбаяр, түүний хүү Ө.Одхүү нар уран бүтээлийн үзэсгэлэнгээ “Аав хүү хоёр” нэртэйгээр Урчуудын эвлэлийн хорооны Арт галлерейд дэлгэжээ.
Үзэсгэлэнгийн танхимд зочлоход А.Өлзийбаяр абугай нуруугаа үүрчихээд уран бүтээлээ харж зогсоно. Зэрвэсхэн харвал үзэсгэлэн үзэхээр ирсэн үзэгч мэт харагдах ажээ. “Авьяас тэтгэвэрт гардаггүй юм шүү дээ. Ах нь цаашид уран бүтээлээ хийсээр л байх болно” гээд авьяаслаг хүүгээрээ бахархана. Үзэсгэлэнгийн танхимд дэлгээтэй байгаа олон сайхан бүтээлээс нь монгол ахуй “үнэртэнэ”. Үзмэрүүд дундаас надад нэгэн бүтээл нь танил байсан юм. Дүрслэн хэлбэл, саалийн үнээг модоор дүрсэлсэн ажээ. Үнээний гэдсэнд эмгэн, өвгөн хоёр дулаахан хөнжилдөө жаргалтайяа тэврэлдэн унтаж буй харагдана. Эл бүтээлээ “Үдэш” хэмээн нэрийджээ.
Мэргэжил нэгт нөхөд, судлаачдаас эл бүтээл “утга төгс” гэх үнэлэмжийг хүртдэг тухай өмнө нь сонсч байсан билээ. Учир тайлбаас тухайн бүтээлээс монголчуудын аж байдлыг хараад зогсохгүй, хоёр хөгшний амьдрал залгуулдаг ганц үнэт зүйл нь энэ саалийн үнээ юм гэдгийг уран бүтээлч маань тод томруун дүрсэлжээ. Бас нэг бүтээлд өөрийн эрхгүй татагдлаа. Тэр бүтээлд би дотроо “Эрх чөлөөний морь” гэж нэр хайрласан. Сайхан хүлэг улаан алчуур хийсгэн давхина. Ур хийцийн хувьд тун энгийн ч эв донжийг тааруулсан гэж жигтэйхэн.
Ер нь Монголын Урчуудын эвлэлийн шагналт уран барималч А.Өлзийбаярын үзэсгэлэнд дэлгэгдсэн бүтээлээс нутгаа санагалзах, гэгэлзэх мэдрэмж өөрийн эрхгүй төрж байлаа.Шаргал талд усандаа цуварсан адуун сүргийг уран гоё бүтээсэн нь эрхгүй нэгийг бодогдуулна. Арга ч үгүй биз ээ. Монгол хүнээс салгаж ойлгомгүй нэг зүйл бол монгол ахуй. Монгол ахуйгаасаа холдож, суурьшмал соёлыг шүтэх болсон энэ үед түүний бүтээлүүд нэгийг бодуулж, хоёрыг ухааруулж буй нь лавтай. Тиймдээ ч үзэсгэлэнг олон хүн үзэж байсан болов уу. Энэ үзэсгэлэнгийн бүтээлүүдийг би сэтгэлдээ “Танил хүн” хэмээн нэрийдмээр санагдах нь нөгөө л хэн бүхний сэтгэлд уяатай явдаг Монгол ахуй, эгэл учрал, амьдралын үнэн бодит байдлыг гүн утга санаатайгаар урлан шигтгэсэнтэй холбоотой юм. Холоос айл нүүж ирэх, аав хангал даага чихдэж тонгойлгоод гар нь чангарч эр хүн болох төсөө олж яваа хүүгээ сэвхийтэл өргөн мордуулах нь монголчуудын амьдралын хэмнэл биш гэж үү. Өөрөөр сэтгэвэл, амьтан үрдээ ан барихыг зааж буйтай агаар нэгэн билээ. Энэ бүтээлүүд бол тийм л бүтээл аж. Хүүтэйгээ цуг үзэсгэлэнгээ гаргаж байгаа нь мөн л тийм биз ээ.
Уран бүтээлч хүн хэзээ ч дуусдаггүй, мөхдөггүй
Ингээд Монголын Урчуудын эвлэлийн шагнал уран барималч А.Өлзийбаатартай цөөн хором ярилцсанаа хүргэе.
-Үзэсгэлэнгээ гаргаж байгаад баяр хүргэе?
-Баярлалаа. Би 30 гаруй жил баримал барьж, зураг зурж уран бүтээлээ туурвиж явна. Энэ удаа хүүтэйгээ хамтраад үзэсгэлэн гаргаж байна. Үзэсгэлэнгийн минь нэр “Аав хүү хоёр”. Хүү маань солонгос улсад энэ уран баримлын урлагийн чиглэлээр суралцаад ирсэн юм.
-Таны уран бүтээлийн онцлог өнгө, аяс их таалагдлаа?
-Миний уран бүтээлийн гол санаа бол энгийн амьдрал. Маш энгийн шүү. Хүүхэд шиг гэнэн, томоогүй ч гэж хэлж болно. Үзэсгэлэнг үзэгчид маань их таашаалтайгаар үзэж, сонирхож байна. Би нийтдээ бие даасан зургаан үзэсгэлэн гаргаж байсан юм. Хийсэн бүтээсэн зүйлээрээ олны таашаалд нийцэх сайхан байдаг шүү. Гадны зочид бүтээлийг минь их олзуурхан үнэлж байна.
-Та ихэвчлэн ямар материалаар уран баримал хийж байна вэ?
- Модоор урладаг. Модыг олон жил хадгалж, хатаагаад боллоо гэж үзэхээрээ уран бүтээлдээ ордог юм. Амар юм гэж юу байх вэ дээ. Аливаа юмыг бүтээхэд хичээл зүтгэл маш чухал шүү. Жишээ нь, энд “Үдэш” гэх зураг байна. Бас л модоор урласан юм. Уран зургийн галлерей авсан юм. Мөн улсын сан хөмрөгт миний дөрвөн бүтээл орсон байдаг. Бас энд “Шинэ шөл” гэх бүтээл байна. Энэ нь монголчуудын аж байдал, хөдөлмөр, мал аж ахуйг харуулсан бүтээл юм. Би хөдөө амарч яваад л бүтээсэн дээ.
-Таныг дэлхийн шилдэг барималч гэж сонслоо?
- Би Монголоос анх удаа “2012 оны дэлхийн шилдэг барималчин” гэдэг шагнал хүртэж байсан.
-Зураач, барималч, уран бүтээлчид үзэсгэлэнгээ олны хүртээл болгочихоод алдаа, оноогоо сүүлд нь дүгнэдэг гэж сонссон. Таны тухайд?
-Хүн ер нь алдаа, оноогоо ухаарч эргэж харсаар байгаад л дуусдаг юм байна. Залуу байхад бодож засвар хийх маань их л дутмаг байж дээ гэж хааяа бодогддог л доо.
-Уран бүтээлч хүний гол зорилго юу юм бэ ?
-Уран бүтээлч хүний гар хөдлөөд, бодож сэтгэж л байвал бүтээгээд л, сураад л байна. хэзээ ч зогсоно гэж байхгүй. Дуусдаггүй, мөхдөггүй, үхэн үхтлээ л хийсээр байх ажил нь уран бүтээл нь юм болов уу даа.
![](/uploads/assets/image/zz1.jpg)
![](/uploads/assets/image/z2.jpg)
![](/uploads/assets/image/z3.jpg)
![](/uploads/assets/image/z4.jpg)
![](/uploads/assets/image/z5.jpg)
![](/uploads/assets/image/z6.jpg)
![](/uploads/assets/image/z7.jpg)
![](/uploads/assets/image/z8.jpg)
![](/uploads/assets/image/z9.jpg)
![](/uploads/assets/image/z10.jpg)
“Танил хүн” шиг үзэсгэлэнгээр зочлохуй | ||
Үзсэн: 2090 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.