Шууд Chart

Монголын соёл, урлагийн салбарт 2021 онд болсон онцлог 10 үйл явдал

2021-12-27 13:34:10

 

Монголын соёл, урлагийн салбарт энэ онд тохиолдсон онцлог 10 үйл явдлыг уншигч танаа эргэн сануулья. Ийнхүү дараах байдлаар хүргэж байна.

1. Ардын жүжигчин Э.Амартүвшин дэлхийн шилдэг дуучин боллоо

Монгол Улсын ардын жүжигчин Э.Амартүвшин дэлхийн шилдэг баритон дуучин болов. Уг шалгаруулалтыг Италийн Верона хотын Арена ди Верона амфитеатр, Finservice FZ сангаас хамтран тодруулсан юм. Олон улсын дуурийн найм дахь удаагийн "Дуурийн од" буюу дуурийн "Оскар” шагналыг тэрбээр хүртсэн билээ. Тэрхүү хүндэт шагналыг АНЭУ-ын Дубай хотноо гардуулсан юм. Энэ жилийн шилдэг Сопрано - Сайоа Эрнандес, Тенор - Йонас Кауфманн, Меццо-сопрано - Элина Гаранча, Бас - Жакомо Престиа, Баритон - Э.Амартүвшин, Найруулагч - Роберт Карсен, Удирдаач - Валерио Галли, Зураглаач - Данте Ферретти, Загвар - Урсула Пацак нар шалгарсан билээ.

2. Морин хуурын чуулга Марийнский театрын концертын танхимд анх удаа тоглолт зохион байгуулав

Монгол Улсын ардын жүжигчин, төрийн шагналт Ц.Намсрайжавын нэрэмжит Улсын Филармонийн Морин хуурын чуулга Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд ОХУ-ын Эрмитаж музейн "Капелла" болон Марийнский театрт тоглов. Аялан тоглолтын багт Дуурь бүжгийн эрдмийн театр, Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид багтсан бөгөөд Монголын ахмад, дунд, залуу үеийн шилдэг хөгжмийн зохиолчдын шилмэл бүтээлүүд эгшиглэсэн юм. Морин хуурын чуулгынхан байгуулагдсан цагаасаа эх орондоо болон дэлхийн олон улс орны томоохон театрын алдартай тайзнаа амжилттай тоглолт хийж байсан бөгөөд Санкт-Петрбург, Эрмитаж музейн "Капелла" концертын танхимд хоёр дахь удаагаа, Марийнский театрын концертын танхимд анх удаа тоглолт зохион байгуулсан нь тэр юм.

3. Хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр мэргэжлийн хөгжмийн наадмаас тэргүүн байр эзлэв

Монгол Улсын соёл урлагийн их сургуулийн Хөгжмийн урлагийн сургуулийн Хөгжмийн онолын тэнхимийн хөгжмийн зохиомжийн багш, хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр Финляндын мэргэжлийн хөгжмийн наадмаас тэргүүн байрын шагнал хүртэв. Төгөлдөр хуур найрал хөгжимд зориулсан концерт, "286-р галт тэрэг' симфони найрал хөгжимд зориулсан удиртгал зэрэг бүтээлээрээ "Гоцлол, найрал хөгжим, цөөхүүл хөгжмийн бүтээлийн ангилал"-д оролцсон юм. Олон улсын хөгжмийн зохиолчдын дунд жил бүр зохион байгуулагддаг “JS Fest Competation” хөгжмийн наадам нь дуулаачийн болон найрал дуу, дан хөгжмийн бүтээл, electromusic, computer music гэсэн төрлөөр явагддаг нэр хүндтэй наадам билээ.

4. "Морин хуур-33, 34" наадам нэгэн зэрэг болов

Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг оны шилдэг дуу шалгаруулах “Морин хуур” наадмын шилдгүүд Төв аймгийн Монгол туургатан театрт тодорлоо. “Ковид-19” цар тахлын улмаас 2019, 2020 оны буюу “Морин хуур-33,34” наадам төлөвлөсөн хугацаандаа болоогүй тул энэ жил хоёуланг нь нэгэн зэрэг шалгаруулсан юм. Уг наадам нь тус бүрдээ мэргэжлийн, нийтийн, эстрад гэсэн гурван төрөлд эхний гурван байрыг эзлүүлэв. Зохион байгуулагчаар Соёлын яам, Соёл урлагийн газар, Төв аймгийн ЗДТГ, Улсын филармони ажилласан билээ.

5. Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар Цэргийн баярын гала концертод оролцлоо

Монголын Улсын гавьяат жүжигчин, “Чингис хаан” одонт, дуучин Г.Ариунбаатар ОХУ-ын Эх орноо хамгаалагчдын өдөр буюу Цэргийн баярын гала концертод оролцлоо. ОХУ-ын БХЯ-наас түүнийг “За заслуги перед Отечеством” одонгоор шагнасан юм.

6. “Алтан судал” киноны уран бүтээлчид олон улсын кино наадмаас хоёр шагнал хүртлээ

Найруулагч Д.Бямбасүрэнгийн “Алтан судал” кино Женевт болсон FIFDH олон улсын кино наадмын “Залуу шүүгчдийн шагнал”, “Мэргэжлийн шүүгчдийн шагнал” гэсэн хоёр тусгай шагнал хүртэв. Уг киноны туслах найруулагчаар Д.Батцэцэг ажиллаж, жүжигчин Н.Ялалт, Т.Энэрэл, Б.Бат-Ирээдүй нар гол дүрд тоглосон билээ. Кинонд хөдөө нутгийн 11 настай Амараа гэх хүү гарна. Тэр аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлж, гадаадын уул уурхайн компаниас уугуул нутаг, газар шороогоо аврах бөгөөд “Дэлхий дээрх хамгийн сүүлчийн алтны судал тасрах үед, хорвоо ертөнц тэр чигтээ хумхын тоос болон замхарна” гэдэг үг киноны гол амин сүнс юм.

7. "Болор цом" наадам нэг жилд хоёр удаа болов

Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулж, оны шилдэг яруу найрагчийг тодруулдаг “Болор цом-38” наадам өнгөрсөн зургаадугаар сард Цагдаагийн “Сүлд” чуулгад болсон. Тус наадмын хоёрдугаар шатанд шалгарсан 30 найрагч шүлгэн хүлгээ уралдуулснаас яруу найрагч О.Цэнд-Аюуш түрүүлж, “Болор цом”-ын эзэн яруу найрагч М.Отгонбаяр аман хүзүүдэн, яруу найрагч С.Начин, Ч.Ууганбаяр, Д.Одгэрэл нар айргийн тавд орсон. Тэгвэл хэдхэн хоногийн өмнө “Болор цом-39” наадам Соёлын төв өргөөнд болж, яруу найрагч Б.Болорцэрэн түрүүлсэн бол аман хүзүүнд яруу найрагч Т.Бямбасүрэн, гуравдугаар байрт “Болор цом”-ын эзэн Л.Моломжамц, дөрөв, тавдугаар байрт “Болор цом”-ын эзэн Д.Галсансүх, яруу найрагч Н.Мөнхбаяр нар шалгарав. "Ковид-19" цар тахлын улмаас нэг жилд хоёр удаа болсноороо онцлог юм.

8. “Чингис хаан” музейн барилгын ажил бүрэн дууслаа

“Чингис хаан” музейн барилгын ажил бүрэн дууслаа. Музейн барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс ажиллаж, гишүүдийн 100 хувийн саналаар байнгын ашиглалтад оруулахаар шийдвэрлэв. Соёлын яамны захиалгаар, “Балданс” ХХК-ийн зургаар, “Билгүүн Монгол констракшн” ХХК барилга угсралтын ажлыг гүйцэтгэн, Барилгын хөгжлийн төв захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн ажилласан. “Чингис хаан” музейн барилга нь 20500 кв.м талбайтай, нийт есөн давхар бүхий олон улсын стандартыг хангасан, судалгаа-сургалт-танин мэдэхүй-соён гэгээрлийн цогцолбор юм.

9. Өндөр Гэгээн Занабазарын мутраар бүтээгдсэн 21 Дара эхийг олон нийтэд толилууллаа

Монголын түүх, соёлын хосгүй үнэт дурсгал болох Өндөр Гэгээн Занабазарын мутраар бүтээгдсэн 21 Дара эхийг олон нийтэд толилуулах, түүний урлагийн болон соёлын үнэт өвийг тайлбарлан танилцуулах үзэсгэлэн Дүрслэх урлагийн музейд болов. Өндөр Гэгээн Занабазарын мутрын урлалууд Богд хааны ордон музей, Чойжин ламын сүм музей, Дүрслэх урлагийн музей, Эрдэнэзуу музей зэрэг томоохон музей, Гандантэгчэнлин хийд, Шанхын хийд зэрэг шашны төвүүдэд эх төрхөөрөө хадгалагдаж байна. Түүний бүтээлүүдийн судалгааг өргөжүүлэх, олон нийтэд илүү сайн таниулах, дэлхий нийтэд сурталчлах ажилд ихээхэн ач холбогдол өгөх шаардлагатай гэж Соёлын яамнаас үзэж энэхүү аян хүрээнд 21 Дара эх бурхны бүтээлийн үзэсгэлэнг зохион байгуулсан юм.

10. "Баян Монгол" чуулга 50 жилийн ойн хүрээндээ пянзны баяраа тэмдэглэлээ

Хагас зууны түүхт алдарт "Баян Монгол" чуулга 50 жилийн ойн хүрээнд хэвлүүлсэн пянзны баяраа тэмдэглэлээ. Анхны пянзаа 1980 онд тухайн үеийн ЗХУ-д хэвлүүлж байсан бол шинэ пянзаа Японд хэвлүүлжээ. Пянзанд "Баян Монгол", "Хорвоо амгалан байг", "Аавдаа", "Мөрөөдөл", "Алтаргана" зэрэг Монгол ардын болон Монголын хөгжмийн зохиолчдын 12 бүтээл багтжээ. Пянзны гол онцлог нь 1980 онд хэвлүүлж байсан пянзанд багтсан уран бүтээлүүдээ шинэчлэн найруулсан байлаа.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монголын соёл, урлагийн салбарт 2021 онд болсон онцлог 10 үйл явдал   
Үзсэн: 1260 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй