Шууд Chart

Г.Эрдэнэзул: Боловсролын оргил нь хүн шиг хүн байх, бусдыг хайрлах сэтгэл

2022-01-11 15:14:15

Гадаадад их, дээд сургууль төгссөн залуус нэгдэж байгуулсан “Зөвийг шүгэлдэгчид” төрийн бус байгууллагын санаачлагаар “Zoljargal and son продакшны бүтээсэн “Эх орондоо л очихсон” бүрэн хэмжээний баримтат кино өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийсэн. Бид

-Та багаасаа л сурлага сайтай, нийгмийн идэвхтэй хүүхэд байсан гэсэн. Элсэлтийн ерөнхий шалгалтад 800 оноо авч, аймагтаа нэгдүгээр байрт жагсаж байсан юм билээ?

-Би 2009 онд Дорнод аймгийн 12 дугаар сургуулийг төгссөн. Сурагч байхдаа Монгол Улсын их сургуульд элсэн суралцахыг хүсч, элсэлтийн ерөнхий шалгалтандаа нэлээд сайн бэлдсэн. Бэлтгэл сайн байсан уу аз таарсан юм уу, сайн ч багштай байсан Монголын түүхийн хичээлээр аймагтаа нэгдүгээр байрт жагсаж, МУИС-ийн тухайн үеийн Нийгмийн ухааны сургуулийн антропологи буюу хүн судлалын ангид элсэж, 2013 онд төгссөн. Багаасаа л нийгмийн идэвхтэй байсан. Миний зорилго мөрөөдөл хүүхэд хамгаалал, эмэгтэйчүүд, өндөр настнуудын эрхийг хамгаалах чиглэлээр ажиллахыг хүсдэг. Их сургуулиа төгсөөд ажил хийхийнхээ хажуугаар хүүхэд хамгаалал, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр ажиллахаар зорьж эхэлсэн. Гэхдээ үзэл бодол, хандлагаа зөв тодорхойлох, санхүүгийн хувьд тодорхой хэмжээнд эрх чөлөөтэй болох, үргэлжлүүлэн суралцах хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон.

Сурах, ажиллах зорилго тавьж 2017 онд Япон улс руу явсан. Тэнд хичээлийнхээ хажуугаар Японд ажиллаж, амьдардаг монгол иргэдийн холбооны Хүний нөөцийн албыг ахалж сайн дурын ажил хийсэн. Тэр ажлаасаа би нийгмийн төлөө, хүмүүсийн төлөө ажиллахдаа эрч хүч, сэтгэл ханамж авдаг юм байна гэдгээ ойлгосон.

Япон дахь Монгол иргэдийн нэгдсэн холбоо тус улсад сурч, ажиллаж, амьдарч буй, ер нь л тус улсад байгаа монголчууддаа чиглэсэн ажлуудыг хийдэг. Визний асуудлаас эхлүүлээд л хүний нутагт ямар саад бэрхшээл тулгарна тэр бүрт нь нэгдмэл байж, дэм болох үйл ажиллагаа явуулдаг. Япон дахь Монгол иргэдийн нэгдсэн холбооны хүндэт ерөнхийлөгчөөр Японы мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх их аварга Хакүхо Даваажаргал ажилладаг байсан.

Намайг Японд очсоны ард Япон дахь Монгол иргэдийн нэгдсэн холбооны тэргүүн тус холбооны Хүний нөөцийн албыг ахалж ажиллах санал тавьсан л даа. Тэр дагуу би жил гаруй хугацаанд ажиллаж, маш ч их зүйл сурсан.

-Японд сургуулиа төгсөөд эх орон руугаа ирэх үед тань “КОВИД-19” цар тахал дэгдсэн үү?

-Соёл судлалаар төгсөөд Монгол руугаа ирэх үед минь “КОВИД-19” цар тахал гарч Японд хагас жил орчим хугацаанд гацаж, 2020 онд эх орондоо ирсэн. Би одоо үл хөдлөхийн чиглэлийн компанид ажиллаж байгаа. Ажлынхаа хажуугаар “Зөвийг шүгэлдэгчид” төрийн бус байгууллага байгуулсан. Дан гадаадад сургууль төгссөн залуус ажил, амьдралынхаа хажуугаар цаг зав гаргаад нэг баг болж нэгдэн нийгэмд шүгэл үлээж, зөв зүйлийн дуу хоолой болоод явж байгаа. Учир нь гадаадад амьдраад Монгол Улсаа цонхны гаднаас харах өөр юм билээ. Бид Монголдоо амьдрахдаа зарим асуудлыг байдаг л зүйл юм шиг хүлээн зөвшөөрөөд байдаг. Харин гадны өндөр хөгжилтэй оронд сурч, ажиллаж, амьдрахаар Монголд байгаа асуудлыг өөрчилж болно, чадна гэж санагддаг. Хүн ер нь гадаадад очихоороо илүү эх оронч болдог юм шиг ээ. Учир нь гадаадад сурахдаа, цагийн ажил хийхдээ хүртэл Монгол гэдэг нэрээ өндөрт авч явахыг хүсч улам хичээдэг. Намайг Японд Гэсэрийн Эрдэнэзул гэж хэн ч дуудахгүй. Монгол охин, монгол бүсгүй л гэж дуудна. Тиймээс гадны оронд бүх л зүйлийг хийхдээ хичээх нь Монгол Улсын иргэн хүний үүрэг гэж боддог байсан. Монголчууд эх оронч үзлийн тухай ихээр ярьдаг. Гэхдээ эх оронч үзэл гэдэг хятадуудад дургүй байх, Монголынхоо туг далбааг байнга биедээ авч явах биш. Амьдарч буй газар орондоо, цаг хугацаандаа хүн шиг хүн байх, өчүүхэн жижиг зүйл дээр ч зөв шийдвэр гаргах нь эх оронч үйлдэл гэж бодох болсон.

“Ковид-19” мэдээж хүн бүрт янз бүрийн байдлаар бэрхшээл, саад, хэцүү зүйлсийг авчирсан. Надад ч мөн адил сайн, муугаар нөлөөлсөн. Сайн зүйлс нь намайг илүү зоригтой, хатуужилтай болгосон, бусдын төлөө явах хүч өгсөн. Хил хаах явцад, тэнд өрнөсөн үйл явц дунд хүн хүн чанартай байх ёстой гэдгийг илүүтэй ухаарсан.

-Та эх орондоо ирэхийн тулд ямар бартаа саадуудыг туулсан бэ?

-Японд боловсролын оргил нь хүн шиг хүн байх, бусдыг хайрлах сэтгэл гэж ойлгосон. Олон нийтийн мундаг гэж хардаг олон хүн хил хаалттай үед хүн чанаргүй, ухамсаргүй үйлдлүүд гаргаж байсан. Би сургуулиа төгсөөд 2020 гуравдугаар сарын 17-нд Монгол руу нисэх тийзээ авчихсан байсан. Тухайн үед анх Уханьд бүртгэгдсэн “КОВИД-19” цар тахал Англи, АНУ, Япон зэрэг улсад бүртгэгдчихсэн, Монголд халдвар илрээгүй. “Монгол ногоон бүс” гэдэг мэдээ гадаадад байсан монголчуудын хувьд маш сайхан мэдээ байсан. Хэдий өөрөө гадаадад байсан ч би гэлтгүй маш олон монгол хүн төр засгийн хилээ хаах шийдвэрийг зөв гэж харсан л даа. Учир нь бид “КОВИД-19”-ийн халдвар тээгээд эх орондоо очвол эрсдэл учруулна. Гэхдээ төр засаг маш хурдан шуурхай цэгцтэй зөв бодлого явуулж арга хэмжээ авна гэж найдсан, хүлээсэн. Бүр гадаад найзууддаа Монголоо магтаж ярьдаг байлаа. Тухайлбал, би филиппин найздаа “Манай эх орон Хятад, Орос хоёр том гүрний дунд оршдог. ОХУ, БНХАУ-д “КОВИД-19”-ийн халдвар маш олон тоогоор бүртгэгдсэн, харин Монгол одоо ч ногоон бүс хэвээр байгаа” гэж магтдаг байсан. Гэтэл бодсон шиг гэгээлэг байгаагүй. Амьдрал бол тэмцэл байдаг юм билээ. Нэр алдартай, баян мөн өндөр албан тушаал хашдаг хүмүүс, гэр бүл нь бусдынхаа урдуур дайрч Монгол руу явж байсан. Гэтэл эх орондоо очих нэн шаардлагатай, хэцүү байдалтай байгаа хүмүүсээ татаж авахгүй байхыг нүдээрээ харсан.

“Эх орондоо л очихсон” киног хорьчихсон гэсэн цуу яриа байсан. Тийм зүйл байхгүй

-“Эх орондоо л очихсон” бүрэн хэмжээний баримтат киногоо бүтээх сэдэл санаа тухайн үед төрсөн үү?

-Яг кино хийх шийдвэрийг Монголд ирсэн хойноо гаргасан. Гэхдээ болсон үйл явдлыг хүмүүст харуулах юмсан гэсэн сэдэл санаа Японд байхад төрсөн. Гадаадад гацсан монгол хүмүүсийнхээ дунд байхад маш олон зүйл бодогддог. Тэр бодлоо монголчууддаа ойлгуулахыг хүссэн. “Эх орондоо л очихсон” кинонд маань ийм хэсэг гардаг юм. “Иргэд Төр засгаа шүүмжлээд л байдаг. Тухайн үед гадаадад гацсан иргэдэд Засгийн газар, УОК-ын шийдвэр хүнд цохилт болсон. Гэхдээ улсын маань эх орондоо байгаа зарим иргэний хандлага хэлж ярьсан, сошиал орчинд бичиж байсан таагүй үгс илүү их дарамт болж байсан". Гэхдээ эх орондоо байгаа хүн болгон тийм байгаагүй. Гадаадад гацсан монгол хүмүүс эх орондоо ирэх ёстой гэсэн байр суурьтай, гадаадад гацсан иргэддээ урам, зориг хайрласан хүмүүс ч байсан. Энэ бүхнийг баримтжуулж үлдээх хэрэгтэй, ирээдүй үзэх харах, ойлгох хэрэгтэй гэж бодсон. Ирээдүйд төр засгийг удирдах хүмүүс гадаадад гацсан монголчуудын зовлонг ойлгоосой, өмнөх үеийнхнийхээ гаргасан алдаа дутагдлыг битгий давтаасай гэж хүссэн.

Нэг жилийн өмнө кино хийх төлөвлөгөөгөө гаргаж байсан бол яг нэг оны дараа “Эх орондоо л очихсон” бүрэн хэмжээний баримтат кино маань нээлтээ хийсэн.

Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Гомбын Золжаргал ах тэргүүтэй “Zoljargal and Son” продакшны хамт олонтой өнгөрсөн оны дөрөвдүгээр сард анхны уулзалтаа хийхэд бидний санаачилгыг дэмжсэн.  “Эх орондоо л очихсон” киноны зохиолыг Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Г.Золжаргал ах бичиж, “Zoljargal and Son” продакшн найман сарын хугацаанд бүтээсэн.

“Эх орондоо л очихсон” киног маань гадаадад гацсан хүмүүсийн тухай кино болохоор "Төр засгийг шүүмжилсэн өнгө аястай бүтээл” гэх ойлголт мэр сэр хүнд төрсөн юм шиг байсан. Төр засгийг шүүмжилсэн бус бодит түүхийг олон талаас нь харуулсан, 30 гаруй бодит дүр оролцсон бүтээл. Гадаадад гацсан монголчуудын асуудал хэдий болоод өнгөрчихсөн ч гэлээ тэдгээр хүмүүс дунд эх орон руугаа, гэр бүл рүү тэмүүлэх хугацаандаа хавдар нь хүндэрч нас барсан, хайртай дотны хүмүүстэйгээ уулзаж чадалгүй амиа хорлосон хүн ч бий.

Мөн би Японд гацсан болохоор ази хүмүүсийг гадуурхах хандлагыг мэдрээгүй. Гэтэл Европ, Африк тивд гацсан, түүнчлэн “КОВИД-19”-өөс үүдсэн ази хүмүүсийг ялгаварлан гадуурхах үзлийг биеэрээ туулсан хүмүүс уг кинонд маань гарна. Зөвхөн улс эх орныхоо хүрээний асуудлыг биш олон улсын, дэлхий дахины хэмжээнд хүний эрхийн асуудлыг хөндсөн бүтээл болсон гэж харж байгаа. Тиймээс гадаадын дөрвөн хэлээр орчуулж, олон улсын кино наадмуудад оролцуулах, цаашлаад өрсөлдүүлэх зорилго тавьсан. 

Дүгнэж хэлэхэд, цар тахлын хүнд хэцүү цагт зарим хүн нэгнээ гадуурхаж, ялгаварлаж байсан ч бие биедээ тусалж дэмжиж, урам хайрлаж, хүч өгч байсан хүн олон бий. Энэ гоё "гэрэл"-ийг илүү олон болоосой гэсэн үүднээс баримтат киногоор дамжуулж илэрхийлэхийг хүссэн.

-“Эх орондоо л очихсон” киног үзэх юмсан гэсэн олон хүн байна. Хаанаас хэрхэн үзэж болох вэ?

-“Эх орондоо л очихсон” киноныхоо нээлтийг цомхон хүрээнд зохион байгуулсан. Үүнээс үүдэн шийдвэр гаргах түвшний хүмүүс хорьчихсон гэсэн цуу яриа байх шиг байна лээ. Тийм зүйл байхгүй. Олон улсын кино наадмуудын дүрэм журмын дагуу цомхон хүрээнд нээлтийн арга хэмжээгээ зохион байгуулсан. Киноныхоо нээлтэд баг хамт олон маань гэр бүл, найзууд, бодлого тодорхойлох болон шийдвэр гаргах түвшний эрхмүүд, яам, агентлагууд, Монгол Улсад суугаа гадаадын Элчин сайдын яам, хүний эрхийн, иргэний нийгмийн байгууллагын төлөөллийг урьж, үзүүлэхийг зорьсон. Урьсан зочдын 80 хувь нь л ирсэн. Учир нь шийдвэр гаргах түвшний эрхмүүд төрийн ажил, томилолт давхацсан гэдэг шалтгаанаар нээлтэд ирж амжаагүй.

Олон улсын кино наадмуудад оролцсоны дараа “Эх орондоо л очихсон” киногоо олон нийтэд хүргэнэ. Шууд хүргэх боломжгүй байгаадаа хүлцэл өчье.

-“Зөвийг шүгэлдэгчид” цаашдаа ямар ажил, төслүүд хэрэгжүүлэх вэ?

-“Зөвийг шүгэлдэгчид” ТББ-ыг 2021 оны гуравдугаар сард анх тавуулаа үүсгэн байгуулсан, одоо 12 гишүүнтэй, 100 гаруй дэмжигч гишүүнтэй болсон. Бид “КОВИД-19” цар тахлын үед нийгэмд хамгийн их тулгамдаад буй асуудал болох хүн чанар, хүн хүнээрээ байх талаар шүгэл үлээхийг хүссэн. Энэ хүрээнд хэд хэдэн ажил хийсний хамгийн өргөн хүрээний даацтай төсөл нь соёл урлагаар дамжуулан шүгэл үлээх буюу “Эх орондоо л очихсон” бүрэн хэмжээний баримтат кино. Энэ төслөө амжилттай хэрэгжүүлчихсэн юм чинь боллоо гээд зогсонги байдалд орохгүй, цаашид зөв бүхнийг шүгэлдэнэ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Г.Эрдэнэзул: Боловсролын оргил нь хүн шиг хүн байх, бусдыг хайрлах сэтгэл  
Үзсэн: 5900 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй