Шууд Chart

Ууц тавих ёс жаяг...

2022-02-01 09:49:42

Цагаан сарын ёслол нь битүүлэх ба шинэлэх гэсэн хоёр үндсэн хэсгээс бүрдэх ба битүүлэх ёс нь хуучин оныг үдэх, шинэлэх ёс нь шинэ оныг угтах ёслол юм. Энэ өдөр монголчууд аль болох элбэг дэлбэг байхыг хичээдэг нь тэр жилийнхээ амьдралын сайн сайхныг бэлэгдэн буй явдал юм. Мөн нэг чухал зүйл бол дайллагын ёс бөгөөд тэр дундаа бүхэл махаар дайлах ёсон юм.

Ууц тавина гэдэг цаанаа ёс дэгтэй, нарийн учиртай. Ууц гэдэг бол зургаан хавирга, ууц сүүлийн хамт үргэлжилж байгаа хэсгийн нэр. Ууцан дээр сээр эсвэл хүзүү дал, дөрвөн өндөр хавиргыг тавих бөгөөд сээрний нарийн үзүүр шаантны борви, далны маяа, хавирганы буруу талыг ууцны харцага өөд харуулан тавина. Халх даяар түгсэн ууц хөндөх ёсонд бол эхлээд хамар дээрээс нь хуйх авч галд өргөөд дараа нь хоёр чих, завьжийг хөнддөг ёстой. Халхуудууцыг "Их бүхэл", "Дунд бүхэл" гэж нэрлэдэг бөгөөд дээрх нь их бүхлийг хөндөх ёс юм.

"Их бүхэл" гэдэг нь хонины таван түрүү махнаас тэвхэн ууц, өвчүү толгой, дөрвөн мөч, өндөр богино хавирга, шилтсээр зэргийг багтаасан их ёсны ууц юм. Их бүхлийг зэс, гууль, мөнгөн цар дээр дөрвөн мөчийг нь амьд хонины хэвтээ байдлаар хойт урд, зөв буруу талаар нь ялгаж өрөөд гол дунд нь сээр хүзүүг багтааж, эвэр магнайг нь шар тосоор чимсэн хонины толгойг сүүлнийх нь эсрэг хандуулан ууцны гол дээр тавьдаг. Иймэрхүү дэг ёсыг "Их бүхэл" дэвшүүлэх хэмээн нэрлэдэг.

"Дунд бүхэл" гэдэг нь толгой, шийрийг оруулахгүй тавьсныг хэлнэ.

Монголчуудын ууц хөндөх гол ёс нь: Зүүн гараараа харцаганаас цэмцгэрхэн түшиж, ууц сүүл хоёрын уулзвар орчмоос эхлэн өөрийн тийш харцаганы хоёр зураас дагуу цувуулан гурав, гурав эсгэнэ. Мөн сүүлний богтрого орчмын хоёр толионоос дугариг хэлбэртэй хоёр хэсэг өөх хөрслөн халималж авна. Дараа нь харцага талын ирмэгний мах өөх нийлэх орчмын хоёр талаас хоёр хэсгийг авч дээрхтэй нийлүүлж галын хувь гэж тусгай тавина.

Ийнхүү ууцаа хөндсөний дараа ууцаа таллана. Ууцны хоёр талын намилхайнаас нимгэн, нимгэн зүсч таллаж авснаа гурав, гурав хувааж нэгийг нь галын хувь дээр нэмэрлэнэ. Гурвыг нь дээж болгож тусгай тавин, үлдсэнийг нь өөрийн хувь болгон амсана. Дараа нь түрүүчийн адил ууцныхаа хоёр талаас нимгэн авч "хишиг" хэмээн хэлж зочлуулан хүмүүст амсуулна. Харин ууцыг таллахдаа харцаганы хоёр талын сэртэн яснаас дотогш ортол таллаж болохгүй.

Малын махны толгой хэсэг нь эх тал нь болох бөгөөд эх талаар нь зочин руу харуулан тавина.


Ууц тавих ёс жаяг...  
Үзсэн: 1232 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй