Наадам дөхсөн өдрүүдэд бөхийн галыг зорих цуваа тасардаггүй. Яг өдийд нутгийн бөхчүүдээ “эргэх” гэсэн, хэн өнгөтэй барилдахыг шинжих, хэн, хаана бэлтгэлээ базааж байгааг сурагласан бөхийн хорхойтнууд зүг зүг тийш сураг ажиг тавин байгаа. “Гал”-ууд бэлтгэлдээ гараад эхэлчихсэн энэ үед бид Сүүж хайрханыг зорьсон юм. Алдартай бөхчүүд Сүүж уулынхаа энгэрт бэлтгэлээ базааж Үндэснийхээ их баяр наадамд өнгөтэй барилддаг уламжлал бий.
Жилийн жилд хүчит бөхчүүдийн бэлтгэлээ хангаж ирсэн түүхэн газруудын нэг бол Сүүж хайрхан. Монгол Улсын Дархан аварга Х.Баянмөнх, Ж.Мөнхбатаас эхлээд Б.Бат-Эрдэнэ аварга хүртэл энэ сайхан хайрханы энгэрт бэлтгэлээ базаан наадамд зодоглодог байсан гэх.
Үе, үеийн алдартай бөхчүүдийн зорин очдог Сүүж хайрханд энэ жил Монгол Улсын заан М.Мягмарсүрэн, Монгол Улсын харцага Т.Амартүвшин, Монгол Улсын өсөх идэр начин Ц.Лхагвасүрэн, Монгол Улсын начин Н.Батзаяа, Б.Заяамандах, Ч.Цогбаяр, Б.Пүрэвсайхан мөн аймгийн арслан Н.Батсайхан, О.Хангай тэргүүтэй бөхчүүд Монгол Улсын манлай заан Д.Мягмараар удирдуулан эр бяраа тэгшитгэхийн зэрэгцээ, ёс жудагтаа суралцаж байна.
Биднийг очиход бөхчүүд бэлтгэлдээ гарсан байлаа. Эгээтэй л наадам болж буй мэт сэтгэгдэл төрөв. Цэцэг навч дэлгэрсэн ногоон зүлгэн дээр бөхчүүд эр бяраа гайхуулан барилдах нь сүртэй гэж жигтэйхэн. Өөрийн эрхгүй омогшил төрж байлаа.
Монгол эрийн гүндүүгүй зан тэднээс тодхон харагдана. Ажаад байхад бөхчүүд ахмад цолтондоо ихээхэн хүндлэл үзүүлэх ажээ. Улсын цолтнууд залуу бөхчүүддээ жаахан ширүүн хандаж буй мэт харагдах ч хайрлан, өөриймсөх нь бахархмаар.
“Ховдын хүчтэн” бөхийн дэвжээнийхэн энэ өдөр бас биднээс өөр зочинтой байлаа. Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын харьяат бөх тайлбарлагч Б.Даваасүрэн нутгийнхаа бөхчүүдийн “гал” дээр ирсэн байв. Тэрбээр бөхчүүдийнхээ бэлтгэлийг л “тандаж” яваа бололтой. Хэн ч гэсэн нутгаасаа цагийг эзэлсэн аварга, арслан, заан, начин, харцага төрөөсэй хэмээн догдлох нь зүйн хэрэг. Магад ч үгүй бөхөд хорхойтой монголчууд өдгөө хэнийг түрүүлж, үзүүрлэн монгол наадмаа өнгөлөх бол гэдгийг таамаглачихсан л сууж байгаа. Олон зүйл нуршилгүй Сүүж хайрханы өвөр бэлд бэлтгэлээ базаан буй хүчит бөхчүүдийнхээ яриаг хүргэе.
Сүүж уул бөхийн түүх хадгалсан сайхан хайрхан
Монгол Улсын манлай заан Д.Мягмар
-Сайхан зусаж байна уу. Бэлтгэл тавлаг уу?
-Сайхан зусаж байна. Сайн явж байна уу. Бэлтгэл сайхан байна. Манай аймгийн бөхчүүдийн хувьд наадмынхаа бэлтгэлдээ гараад нэлээн хэд хоночихлоо.
-Энэ жилийн наадмын бэлтгэлд жаахан оройтож гарав уу?
-Бид заалны бэлтгэлтэй байж байгаад Сүүж уулнаа ирсэн л дээ. Одоо өдөрт хоёр удаа бэлтгэлдээ гарч байна. Бороо хур элбэгтэй байсан учраас жаахан оройтож гарсан тал бий бий. Гэхдээ бид урьд нь заалны бэлтгэлтэй байсан учир санаа зоволтгүй.
-Заалны бэлтгэл, байгальд гарсан бэлтгэл хоёрын ялгаа бий юу?
-Байлгүй яах вэ. Асар их ялгаатай. Байгальд амьсгал задарна, амралт нь биед арай их нөлөөлнө шүү дээ. Цэвэр агаар, шимтэй хөрс, ургамал тамирчин хүнд чухал шүү. Бид жил бүр энэ Сүүж хайрханы өвөрт бэлтгэлээ хийдэг. Бөхчүүдийн түүх хадгалсан сайхан хайрхан даа.
-Танай “гал”-д ихэнхдээ залуус харагдаж байна?
-Тийм ээ. Ер нь сүүлийн жилүүдэд манай үндэсний бөхөөр залуус их хичээллэж байна. Манай “гал”-д аймгийн цолтнуудаас аймгийн арслан О.Хангай, Н.Батсайхан, аймгийн заан д.Бадамгарав, аймгийн начин Ц.Адъяа, Б.Тайван, мөн сумын заан Б.Баянмөнх, Ц.Заяатүшиг, Хишигбат, Анхжаргал зэрэг сүүлийн үед сайн барилдаж, өсөж яваа сайн залуус байгаа.
-Наадам дөхөөд ирэхээр бөхчүүдийн сэтгэл санаанд өөрчлөлт ордог уу?
-За ер нь бол өөрчлөлтүүд мэдрэгддэг. Хүн бүр дээр өөр өөр харагддаг. Зарим нь сандарч нойргүйтдэг. Ийм үед нь ар гэрийнхэн нь сэтгэл санааг нь аль болох тайван байлгах хэрэгтэй байдаг юм.
-Ар гэрийнхэн нь их чухал байх нь ээ?
-Тэгэлгүй яах вэ. Бөхчүүдэд ар гэртээ санаа зовохгүй байх нь хамгийн том давуу тал болдог. Бэлтгэл сургуулилтдаа ч хүртэл өөр ханддаг юм. Бөхчүүд бид чинь тэр бүр гэртээ тогтоод байдаггүй маш их хөдөлмөрлөдөг улс.
-Наадмын өмнөх уур амьсгал танд яаж мэдрэгдэж байна вэ?
-Наадам гэдэг бол монголчуудын, бас бөхчүүдийн хувьд хамгийн сайхан баяр шүү дээ. Сэтгэл гэгэлзээд л ирдэг. Бас нутгийнхаа, хорооныхоо бөхчүүдийг сайхан барилдаасай, хүссэн цолдоо хүрээсэй гэж боддог. Одоо миний хүсэх юм энэ л байна даа.
-Энэ жил “гал”-аасаа хэнийг дээгүүр барилдана гэж харж байна?
-Сайхан барилдаж өнгө орж байгаа залуус байна. Тухайн өдрийн аз, од нь бас байдаг даа. Тэр бүр бас хэлээд байж болохгүй л байна шүү /инээв/.
-Энэ жилийн наадмын барилдаан өрсөлдөөнтэй, сайхан болно гэж бөх сонирхогчид хүлээж байгаа байх?
-Бидний ид барилдаж явах үед бол тодорхой л байдаг байлаа. Одоо өөр болсон байгаа шүү дээ. Аймгийн цолтой мөн Улсын начин залуучууд сайн барилдаад байгаа даа.
-Та наадамд зодоглолгүй хэр удаж байна вэ?
-Би наадамд зодоглолгүй арав гаруй жил боллоо. Нэг удаа гурвын даваанд амлаж авсан бөхөө зовж давсан. Ингээд л дахиж барилдах сэтгэл байсан ч чадал дутсан юм.
-Та улсын наадамд 11 удаа шөвгөрсөн. Тань шиг ийм олон шөвгөрсөн заан цолтой бөх бий болов уу?
-Байгаа. Монгол Улсын манлай заан Д.Долгорсүрэн, З.Дүвчин бид гурав 11 удаа шөвгөрсөн байдаг.
-Та анх цол авч байсан үеэ дурсахгүй юу?
-Анх 42 жилийн өмнө улсын цол авсан. 1970 онд Улаанбаатар хотын районуудын спартикиад гэж боллоо. Тэр үед хоёр Мөнх тэмцээнд яваад эзгүй байсан. Тэр барилдаанд би түрүүлж, Ч.Бээжин арслан цолтойдоо үзүүрлэж, Д.Дамдин аварга гуравдугаарт орсон юм. Ер нь наадам гэдэг цаанаа л өөр. Би спартикиадаар Д.Дамдин, Ч.Бээжин хоёрыг хаялаа. Гэтэл наадмаар би дөрөв даваад, нөгөө хоёр маань үзүүр, түрүүнд үлдэх жишээтэй. Харин дараа жил нь хөлөө бэртээгээд бэлтгэл муутай байсан. Ноднин тийм сайн байсан мөртлөө цол авч чадаагүй юм чинь энэ жил нэмэргүй байх гэж бодсон ч начин болсон доо.
-Заан цол авч байсан үеэ дурсан яриач?
-Тэр үед “Наймд үлдэж болох юм байна. Харин дөрөв рүү орох бололцоо алга” гэж боддог байлаа. Заан болъё гэж бодохоор хаяхад дандаа хэцүү хүмүүстэй барилдах болно. Хоёр Мөнх бол угаасаа тасархай. Бусад нь ч гэсэн ид сайн байсан үе. Харин 1978 онд АХ-ын 67 жилийн ойгоор Улсын арслан П.Дагвасүрэнтэй тунаж даваад заан болсон доо. Заяагаараа заан болсон гэж бодож явдаг шүү.
-Таны гар ачих мэх олныг ихэд шуугиулж байсан гэж дуулсан?
-Гар ачааг би нэлээн сүүлд өөрийн болгож авсан л даа. Залуудаа би харцагадаж дайраад тэр чигээр нь морддог, өсгийлдөнө, хагалж цохих зэрэг мэх хийдэг байлаа. Харин сүүлд гар ачааг сурсан юм.
-Наадмын өмнөх бэлтгэл дээр бөхчүүд маань юуг илүү анхаарах хэрэгтэй байдаг юм бэ?
-Илүү гэх юм үгүй, бүгдэд нь анхаарах хэрэгтэй л дээ. За жишээ нь, ёс жудаг гэж том ухаан байна. Ахмадаа хүндлэдэг сайхан ухаан байна. Мэнд усаа мэдэлцэх наадамчин олны өмнө биеэ зөв авч явах хэрэгтэй байдаг. Дээхнэ үед бол бөхчүүд наадмаар бакал, хромон гуталтай барилддаг байсан юм. Одоо харин жигд сайхан зодог шуудаг, монгол гуталтайгаа барилдаж байна.
-Ингэхэд та ямар шашин шүтдэг вэ?
-Би шашин гэхээсээ илүү байгаль дэлхий, уул усаа ихээхэн шүтдэг хүн.
-Наадам хаяанд ирчихлээ. Монгол түмэндээ хандаж хэлэх үг байна уу?
-Жил бүрийн дэлгэр сайхан цагт дэлгэр сайхан нааддаг монгол түмэндээ хандаж сайхан наадаарай гэж хэлье.
Наадмын дараа нутгаа зорино доо
Бөх сонирхогчдын анхааралд цэргийн цолтойгоосоо эхлэн орж, ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн бөх бол Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын харьяат Монгол Улсын харцага Түмэннасангийн Амартүвшин юм. Тэрээр одоо наадмын өмнөх бэлтгэлдээ гарахын зэрэгцээ үндэсний бөхийн залгамж халаа үеийг бэлтгэн ажиллаж байна. Түүнтэй цөөн хором ярилцлаа.
-Бэлтгэл хэр байна даа?
-Бэлтгэл тавлаг сайхан байна. Энэ жилийн хувьд өвс ургамал сайн. Бороо хур элбэгтэй сайхан зун болж байна. Бид одоо ид бэлтгэлдээ анхаарч, амралт авч хүч тэнхээгээ сэлбэж сууна.
-Та шавьтай болж байна уу?
-Би Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын уугуул дөрвөн сайхан залууг аваад цуг бэлтгэл базааж байна.
-Залуус бэлтгэлээсээ шантрах юм уу?
-Тийм үе байлгүй яах вэ. Нэгэнт эр зориг гаргаж зүтгэсэн л бол буцах зам байхгүй гэдгийг хувь хүн ойлгох ёстой. Залуучууд маань нэг үеэ бодвол өөр болж байна. Тэдэнд амжилт гаргахад бүх тохироо нь бүрдэж байна. Бэлтгэл хийлгэх багш нар нь байна. Бөхдөө хайртай ард түмэн нь байна. Аав, ээж нь дэмжиж байна. Бидний хувьд тийм байсангүй шүү дээ. Ёстой өөрийнхөөрөө л бүгдийг болгодог байсан.
-Таны хувьд наадмын өмнөхсэтгэлдэл ямар байна вэ?
-Ер нь бол наадмын өмнө бөх хүн бүр л сайхан барилдана гэж бэлтгэлээ хийдэг. Заримдаа сэтгэл санаа догдлох үе бий. Яахав ээ. Нэг нь хаяж нэг нь унадаг л наадам шүү дээ. Наадмын дараа нутгаа зорино доо. Энэ жил Галданбошгит хааны маань 370 жилийн ой, Ховд аймгийн ойн баяртай давхцаж байгаа юм. Ойгоороо очиж сайхан барилдана гэж бодож байна.
-Харцага цол авсан барилдааныхаа тухай ярихгүй юу?
-Том биетэй бөхчүүдтэй сайн барилддаг нөлөө байсан байх л даа. Харин М.Баяржавхлан заан бид хоёр өмнө нь олон таарч байгаагүй юм. Тиймээс өөрийнхөө барилдааныг бүрэн гаргаж барилдахыг хичээсэн. Зааныг хавирахад нь зөрүүлээд бусгаад давчихсан байна лээ. Би уг нь хавирсан хүнийг зөрүүлээд өшиглөдөг гэмтэй. Тэгтэл бусгаад давчихсан байсан. Тухайн үед ямар мэхээр давснаа өөрөө ч мэдээгүй. Сүүлд нь телевизээр хараад л мэдсэн.
-Дараагийн даваанд яасан бэ?
-Тэр үед чинь Б.Ганбат заанд амлуулсан. Харин өмнө нь нэг ч удаа Б.Ганбат зааныг давж байгаагүй. Тиймээс аль болох давхар шуудганд хүрч барилдахгүйг бодож гарсан. Гэтэл удахгүй л золгох цаг болчихсон байлаа. Тэгээд золгооноос мордуулаад өвдөг шороодсон.
-Цол нэмэхээр эрэмбэ нэлээд дээгүүр бичигдэх болдог байх?
-Миний эрэмбэ шууд зургаа давж харцага болсон бөхчүүдийн дээр бичигдэж байгаа. Би начин цол хүртээд Д.Баасандоржийн дараа эрэмбэлэгддэг байсан. Одоо ч мөн он жавынхаа доор эрэмбэлэгдэх боллоо.
-Т.Амартүвшин харцага хэр шүтлэгтэй хүн бэ?
-Өөрийнхөө хэмжээнд шүтлэгтэй. Манай нутгийнхан бүгд Цамбагарав уулаа тахин шүтэж, өдөр бүр цайныхаа дээжийг өргөдөг хүмүүс. Тэднийхээ л адил хайрхандаа дээжээ өргөдөг.
-Хэзээнээс үндэсний бөхөөр барилдаж эхэлсэн бэ?
-Сурагч байхдаа волейбол тоглодог хүүхэд байлаа. Улаанбаатар хотод ирээд л барилдаж эхэлсэн дээ.
-Энэ жилийн наадамд ямар бөх дээгүүр барилдана гэж бодож байна вэ?
-Сүүлийн үед залуучууд, мөн аймгийн цолтнууд сайн барилдаад байгаа. Ер нь бол одоо энэ тэр гээд хэлчих боломжгүй байна. Хэн сайн бэлтгэлтэй, азтай аавын хүү л наадмаа авна даа.
-Сонгуультай жил бөхчүүд наадмын бэлтгэлд оройтож гардаг гэсэн. Сонгуульд ажилладаг юм уу ?
-Хүмүүс тэгж ойлгодог юм шиг байгаа юм. Улс төрчид нэр хүндээ бодоод урлаг, спортын хүмүүсийг дагуулж явах нь бий. Ингэж явдаг бөхчүүд бий. Нутагтаа сонгуулийн ажлаар очихоор нутгийн ах, эгч нар шүүмжлэх явдал байдаг шүү. Үүнийг уг нь болимоор л байгаа юм.
Бөх хүн бүр өөрийн гэсэн зорилготой
Сүүлийн жилүүдэд үндэсний бөхөд залуучууд тэсрэлт хийж байгаа. Тэдний нэг бол Ховд аймгийн Чандмань сумын харьяат Монгол Улсын начин Баатархүүгийн Пүрэвсайхан. Тэрээр 2009 онд сумын заан, мөн тэр жилдээ Ховд аймагт үзүүрлэж аймгийн заан цол, 2010 онд аймагтаа түрүүлж арслан цол, 2012 онд Ардын хувьсгалын 91 жилийн ойн Улсын баяр наадамд тав даван шөвгөрч Монгол Улсын начин цол хүртсэн юм. Монгол Улсын начин Б.Пүрэвсайханаас дараах асуултад хариулт авлаа.
-Бэлтгэлээ хэр базааж байна вэ?
-Бэлтгэлээ сайн хийж байгаа. Нутгийн хүчтэнүүдтэйгээ бэлтгэлээ базааж байна даа.
-Бөх сонирхогчид таныг энэ жил сайн барилдана гэж хүлээж байгаа?
-Яах вэ. Бэлтгэлээ хийж л байна. Чадахаараа л сайн барилдахыг хичээнэ дээ. Үндэсний бөхийн бэлтгэлээ “Хүч” спорт хороо болон сургууль дээрээ хийдэг. Зарим өдөр хоёр, заримдаа гурван удаа бэлтгэл хийх үе ч бий. Одоо бол Ховд нутгийнхаа бөхчүүдтэй Сүүж хайрхандаа бэлтгэлээ хийж эхлээд байна.
-Ховд аймгийн Чандмань сумынхан таны барилдааныг сэтгэл түгшин хүлээх хүмүүсийн тоонд зүй ёсоор багтах байх?
-Манай нутаг уултай, устай ёстой л нэрэндээ таарсан чандмань эрдэнэ шиг газар. Жаргалант Алтай гээд мөнх цаст уултай. Мөн Бумбат гэж сайхан хайрхан бий. Дөргөн, Хар ус нуур, бас халхын сайхан хүчит заануудтай. Манай сумаас 2009-2012 онд дөрвөн жил дараалж улсын цолтон төрсөн байдаг. Нэг сумаас ингэж жил дараалан цолтон төрнө гэдэг олон тохиолдохгүй байх л даа. Үүгээр бахархаж явдаг. Нутгийнхандаа сайхан наадаарай гэж хэлье.
-Наадмын бэлтгэлдээ сэтгэл хэр хангалуун байгаа вэ?
-Мэдээж бөх хүн бүр л өөрийн гэсэн зорилготой бэлтгэлээ базааж байгаа. Миний хувьд бэлтгэлээ сайн хийхийг л хичээж байна.
-Б.Пүрэвсайханы ойрын төлөвлөгөөнд гэр бүлтэй болох багтсан болов уу?
-Одоохондоо төлөвлөгөөнд алга аа. Ах, эгч нар, нутгийнхан маань бөх гэдэг утгаар маань намайг сайн дэмждэг.
-Наадмын дараах төлөвлөгөө тань юу байна?
-Бөхчүүд ихэнхдээ наадмын дараа аймгийн ойн баяруудаар явж барилддаг. Миний хувьд ч гэсэн адилхан даа. Энэ жил манай Ховд аймгийн ой болохын зэрэгцээ Галданбошгит хааны 360 жилийн ой болох юм. Товчхондоо бол нутагтаа очно доо.
"Сүүж" хайрханы өвөрт бэлтгэлээ базааж буй бөхчүүд
Монгол Улсын начин Б.Пүрэвсайхан
Монгол Улсын өсөх идэр начин Ц.Лхагвасүрэн
Бэлтгэлийн дараах суниалт
Наадмын өмнөх “Сүүж хайрхан” | ||
Үзсэн: 9833 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.