Шинэ, ардчилсан Үндсэн хууль баталсны 18 жилийн “төрсөн өдөр”-ийн маргааш буюу өчигдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүний амьд явах эрхийн талаар хөндлөө. Шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор ялын дээд хэмжээ буюу цаазаар авах ял оноосноос бусад үед хүний амийг бусниулахыг хуулиар хорьдог. Тэгвэл УИХ-ын чуулганы индэр дээрээс тэрбээр хуулиар хорьсон энэ заалтыг эргэн харахыг сануулав. Өөрөөр хэлбэл, цаазаар авах ялаас татгалзахыг уриаллаа.
Энэ талаар ил тод ярьсан анхны Ерөнхийлөгч нь тэр. Гэхдээ тэрбээр 19 жилийн өмнө АИХ-ын төлөөлөгч байхдаа, Үндсэн хууль батлах үед энэ тухай хөндөж, хоёр өдрийн турш хэлэлцүүлэг хийж байсныг дурсав. Ингэхдээ “шоудах” гээгүй гэдгээ бас сануулсан. Энэ санаагаа тэрбээр найман бүлэг шалтгаан, хоёр онцгой нөхцөлд тулгуурлан тайлбарлаж буй аж. Амь уучлах гэдэг нь ял уучилсан хэрэг биш. Тэгээд ч уучлал хүлээгээд 30 жилийн турш ял эдэлдэг. Яг ийм нөхцөлөөр ял эдэлж буй хоёр хүн Монголд байгаа гэнэ. Мөн наранд гарсан хүн байхгүй. Өөрөөр хэлбэл, амийг нь өршөөснөөр хатуу чанга дэглэмд үхэн үхтэлээ ял эдлэх нөхцөл бүрдсэн. Үнэхээр харгис хэрэг үйлдсэн хүний ял чанга байх ёстой ч цаазаар авах нэрийн дор хэн нэгнийг золиослож хэргээ хаах, гэмгүй хүнийг хэлмэгдүүлэх нөхцөл бий гэж үзсэн, Монгол Улс Дэлхийн хамтын нийгэмлэгийн гишүүн, НҮБ уг ялыг дэмждэггүй гэх мэтээр ийм шийдвэр гаргах шалтгаанаа Ерөнхийлөгч жишээ авч тайлбарлав. Нэг ёсондоо, гэмгүй иргэдийг хэлмэгдүүлчих вий гэдгээс ихэд болгоомжилжээ.
Тэрбээр “Монгол улсад цаазаар авах шийтгэлтэй ялтны амь уучлах хүсэлтийг хүлээж авах, эс хүлээж авах шийдвэр нь эцсийн шатанд Төрийн тэргүүнийх байдаг. Эрдэнэт хүний алтан амийг уучлах эсвэл таслах шийдвэр ноогдож, үзэгний үзүүрт ойрхон ирсэн тэр цаг дор би бүрэн эрхийнхээ хүрээнд нэгэн шийдвэр гаргах шаардлагатай тулгарсан. Цаазаар авах ялаар шийтгэгдсэн этгээдийн үйлдсэн гэх хэргийн байдал, сэдэл, иж бүрдэл янз бүр байдаг. Харин Төрийн тэргүүний хувьд энэ асуудлаар барих миний зарчим нэг байх ёстой гэж би үзсэн. Энэ бол тэр ялтны, тэр иргэний амийг уучлах. Энэ зарчмаа би Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд цаашид тууштай баримтлах болно” гэлээ. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчөөр сонгогдоод долоо дахь сарыг үдэж байна. Энэ хугацаанд амь гуйсан бүх хүнийг тэрбээр өршөөсөн гэнэ. Тиймээс 2009 онд цаазаар авсан тохиолдол гараагүй юм байна.
Мөн цаазын ял гүйцэтгэхтэй холбоотой бүх ажиллагаа төрийн нууцад хамаардаг учир Төрийн тэргүүн ч хэвлэлээр гарснаас илүүгүй шахам мэдээлэлтэй байгаа аж. Ял гүйцэтгэсний дараа цогцсыг гэр бүлийнхэнд нь өгдөггүй нь ч хүний эрхтэй холбоотой асуудал, ялыг цогцсонд нь давхар оноож болохгүй гэж тэр онцолсон. Энэ нь түүний сануулсан онцгой нөхцөл аж.
Тиймээс энэ бодлогод өөрчлөлт оруулж, цаазын ялыг түр түдгэлзүүлж, улмаар цаашид үгүй болгохоор ажиллахаа мэдэгдэв. Түүнчлэн “Монгол Улс бол түүхийн ч, эрх чөлөөний ч хувьд эрхэмсэг дүр төрхтэй орон. Иргэд нь ч ийм. Тиймээс би монгол хүний тэр эрхэмсэг байдлыг үхтэл нь доош хийж байгаа цаазаар авах ялын тухай яриаг Монгол Улсад үүрд мартахыг хүсэж байна. Монгол хүн бол цаазаар авагдах дорд хувь заяатай хүн биш. Тэнгэр заяатай, их хувьтай хүн. Монголчууд аа, миний ард түмээн, тэнгэр заяа, их хувь, сайн нэрээ хичээж нэр төртэй амьдарцгаая” хэмээн үгээ дуусгасан.
Ерөнхийлөгчийг үг хэлж байхад АН-ын зарим гишүүн алга ташиж байлаа. Чуулганы хуралдаанд 52 гишүүн ирсэн байсан юм. Төрийн тэргүүнийг үг хэлээд дуусахад нь мөн л АН-ынхан алга ташив. Харин МАХН-ын гишүүдийн нэг нь ч цаазаар авах ялыг халахаар шийдсэнд нь баяр хүргэсэнгүй. Чуулганы дараа тус намын зарим гишүүн үүнийг эсэргүүцсэн байр суурьтайгаа илэрхийлсэн дуулдсан.
“Олон овоот” дотооддоо 205 тэрбум төгрөгийн өртэй
Ерөнхийлөгч үг хэлсний дараа чуулган үргэлжилж, Банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Зарчмын зөрүүтэй 260 гаруй санал байгаа аж. Үүний өмнө гишүүд Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдоржоос зарим зүйл тодруулав.
Арилжааны банкууд эхнээсээ дампуурч, хямрал нүүрлэсэн энэ үед холбогдох хууль эрх зүйг нь цаг үедээ нийцүүлэн өөрчлөхийг олонх мэдээж дэмжсэн байр суурьтай байлаа. Энэ асуудал ярих үед “Анод”, “Зоос” банктай холбоотой асуулт байнга гардаг. Эдгээр банкийг дампууруулж орхисон “Монгол газар” компани, түүний “Олон овоот”-ын уурхайн лицензийг ч сураглалаа.
Ц.Даваасүрэн: “Олон овоот”-ын асуудлыг тодруулах хүсэлтийг хоёр ч гишүүн Төсвийн байнгын хороонд тавьсан. Монголбанк энэ талаар тайлбар өгөөч. Мөн банкийг дампууруулсан луйварчдад хариуцлага тооцох ёстой. Ингэж чадахгүй байна. “Зоос”-ын хувьцаа эзэмшигч 400 гаруй хүнийг хуралдуулахгүйгээр төр шууд луйвардаад төрийн банк болгочихсон.
Л.Пүрэвдорж /Монголбанкны ерөнхийлөгч/: “Олон овоот”-ын лицензийг анх “Анод” банкинд барьцаалсан юм билээ. Дараа нь барьцаагаа суллаж, “Голден сакс”-т тавьсан. Саяхныг хүртэл тэнд байсан лицензийг Ашигт малтмалын газраас хүчингүй болгоод “Олон овоот”-д дахин шинэ зөвшөөрөл өгсөн байна. Шинээр авсан компани нь Монголбанкинд бичиг ирүүлж, дотоод, гадаадад уг лицензийг барьцаалж авсан бүх өрийг барагдуулах хүсэлтээ тавьсан. Банкинд 130 тэрбум, төсөвт 20 тэрбум гэх мэтээр дотооддоо 205 тэрбум төгрөгийн өртэй байгаа. Бид ч бас “нээлттэй” гэсэн хариу өгсөн.
“Зоос” банкны тухайд хэн нэгнийг хохироох сонирхол надад байхгүй. Банк дампуурахад хувьцаа эзэмшигчид нь оруулсан хөрөнгийнхөө хэмжээгээр эрсдэл хүлээдэг. Тэдний хурлыг хүлээгээд байвал хадгаламж эзэмшигчид хохирох байсан.
Монголбанкны тэргүүн ийм хариу өгөв. Барьцаанд тавьчихсан байсан лицензийг цуцалж, “Just” группийн шинээр байгуулсан “Олон овоот” компанид “зовлонт” лицензийг олгосон нь энэ аж. Шинэ эзэн нь зургаан жилийн хугацаанд, жилийн нэг хувийн хүүтэйгээр бүх өрийг төлөх хүсэлтийг Монголбанкинд тавьсан бололтой.
О.Чулуунбат гишүүн арилжааны банкинд асуудал гарвал аврах санхүүгийн чадвар Монголбанкинд Засгийн газраас илүү бий атал төрийн мөнгөөр санхүүжилт хийж буйг шүүмжлэв. Мөнгөний бодлогоо баримталж яваад Монголбанк хохирол хүлээвэл төрийн мөнгө рүү “хошуу дүрснээс” ч дор юм болно гэсэн “аминч” хариултыг Л.Пүрэвдорж өглөө. С.Эрдэнэ үүнийг нь анзаарч “Монголбанк хэтэрхий амиа бодож байна. Зөвхөн инфляцийг л тогтворжуулахад хамаг анхаарлаа хандуулж байх хооронд Монголын эдийн засаг сөхөрлөө” хэмээн шүүмжлэв. Бас “Та хэзээ ч банк дампууруулахгүй гэж мэдэгдээд байсан. Гэтэл одоо дампуурчихлаа” гэсэн юм. Монголбанкны ерөнхийлөгч “Би хэзээ ч тэгж хэлээгүй. Та хүн гүтгэж байна. Бас цаашид ч арилжааны аль нэг банк дампуурахгүй гэж хэлж чадахгүй” гэв. Асуулт, хариулт үүгээр өндөрлөж, үдээс хойшхи хуралдаанаар 260 гаруй зарчмын зөрүүтэй саналаа хураасан юм.
Мөн энэ өдөр Зарим нутгийг тусгай хамгаалалтад авах, Дараа төлөгдөх нөхцөлтэйгээр гүүрэн гарц барих тухай тогтоолуудыг анхны хэлэлцүүлгээр нь баталсан.
С.ТУУЛ
Ц.Элбэгдорж: Цаазаар авах ялын тухай яриаг Монгол Улсад үүрд мартахыг хүсэж байна | ||
Үзсэн: 1591 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.