![](/uploads/201409/news/thumb/558c94afad7c342c53a3563ad693d0a3_x3.jpg)
Манай хойд хөрш байгалийн хийн үйлдвэрлэлээрээ дэлхийд дээгүүрт бичигддэг. Харин урд хөрш байгалийн хийн томоохон хэрэглэгч юм. Тиймээс ч манай хоёр хөрш Шанхай хотноо өнгөрсөн тавдугаар сарын 21-нд байгалийн хий худалдах болон худалдан авах гэрээнд гарын үсэг зурсан. Ингэснээр ОХУ 30 жилийн хугацаанд нийт 400 тэрбум ам.долларын өртөгтэй байгалийн хийг БНХАУ-ын зах зээлд нийлүүлэх боломжтой болсон юм. Жилд 38 тэрбум шоо метр байгалийн хий нийлүүлэх энэ гэрээ 2018 оноос хэрэгжиж эхэлнэ. Тэр болтол хоёр хөрш дэд бүтцийнхээ асуудлыг шийдвэрлэсэн байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, байгалийн хийн хоолой барьж, үүгээр нэг нь экспортлож, нөгөө нь импортлож авах ёстой юм.
Тэгвэл хоёр хөршийг холбосон байгалийн хий дамжуулах хоолойн шав тавих ёслол энэ сарын нэгэнд Якутын Ус-Хатын тосгонд боллоо. “Сибирийн хүч” хэмээн нэрийдэж буй энэ хоолой жилд 61 тэрбум шоо метр хий дамжуулах хүчин чадалтай бөгөөд 4000 орчим киллометр урттай байх юм. “Үүнээс эхний ээлжинд “Якут-Хабаровск-Владивосток” чиглэлийн 3200 киллометр хийн хоолойг барихаар төлөвлөжээ. Энэ хоолойг 2017 онд ашиглалтад оруулснаар Якутад орших Чаяндинскийн ордын хийг Благовещенскээр Хятад руу экспортлох боломжтой болох юм. Чаяндинскийн ордын үйлдвэрлэл 2018 оны сүүлчээр эхлэх бол, 2019 оноос эхлэн жилд 25 тэрбум шоо метр хий экспортлох боломжтой болох юм.
Харин дараагийн ээлжинд “Эрхүү-Якут” чиглэлийн 800 киллометр хийн хоолойг барихаар төлөвлөсөн байна. Ингэснээр энэ хоолой “Якут - Хабаровск - Владивосток”-ийн чиглэлд тавигдсан хоолойтой холбогдож, Эрхүүгийн Ковыктинскийн ордын хийг Благовещенскээр Хятад руу экспортлох боломжтой болох юм. Ийнхүү ОХУ эхний ээлжинд 4000 киллометр урттай хийн хоолойг зүүн чиглэлд тавьж Хятад руу байгалийн хий экспортлохоор төлөвлөж байна. Үүнээс гадна хойд хөршийнхөн Монгол-Казакстаны хил хооронд Оросын Алтайн нуруугаар дамжуулж байгалийн хийн хоолой барьж, үүгээр Хятад руу экспорт хийхээр төлөвлөж байгаа юм. Энэ хоёр чиглэлээр оросууд байгалийн хий экспортлож, Хятадын зах зээлд нийлүүлэхээр төлөвлөж байна гэж ойлгож болох талтай.
Оросууд манай улсыг дамжуулахгүй экспорт хийхийн тулд, дор хаяж 4000 киллометр байгалийн хийн урттай хоолой барих шаардлага тулгарч байна. Харин манай улсаар дамжуулбал, ердөө 1500 киллометр хоолой барихад хангалттай гэсэн тооцоог Эдийн засгийн хөгжлийн яамнаас гаргаад байна. Нэгэнтээ газарзүйн хувьд манай улсаар дамжуулах нь дөт учраас хоёр хөршийн дунд “гүүр” болох сонирхолтой байгаагаа ч, Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнгөрсөн хавар Санкт-Петербургийн эдийн засгийн форумд оролцох үеэрээ ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд илэрхийлээд ирсэн. Ингэхдээ, Ази-Европыг холбосон автозам, төмөр зам, эрчим хүчний шугам, газрын тос болон байгалийн хийн хоолойг Монголын нутгаар дамжуулан тавих саналтай байгаагаа уламжлаад ирсэн юм.
Харин хойд хөршийн төрийн тэргүүн хоёрдугаар ээлжийн хийн хоолойг барихад Монголын талаас тавьсан “Талын зам” хэмээх дээрх саналыг судлаж үзье гэсэн хариуг өгсөн гэгддэг. Энэ хариугаа манай улсад энэ сарын 3-нд ажлын айлчлал хийх үеэрээ өгнө гэсэн хүлээлт байсан нь нууц биш. Тиймдээ ч, Оросын төрийн тэргүүний ажлын айлчлалын өмнөх өдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар “Талын зам” төслийг хэлэлцэж, 997 киллометр хурдын зам, тус бүр нь 1100 киллометр урттай эрчим хүчний шугам, байгалийн хий болон газрын тосны хоолой барихаар төлөвлөж байгаагаа Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр танилцуулжээ. Мөн түүгээр ахлуулсан “Талын зам төсөл”-ийн ажлын хэсгийг байгуулсан байгаа юм.
Мөн ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин энэ сарын 3-нд манай улсад ажлын айлчлал хийх үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ази, Европыг холбосон “талын зам”-ыг Монголын нутгаар дамжуулан тавих саналтай байгаагаа илэрхийлсэн гэх мэдээлэл байгаа юм. Гэвч хоёр орны төрийн тэргүүнүүдийн дунд өрнөсөн яриа нууцлаг байна. Хойд хөршийн төрийн тэргүүн Ерөнхий сайд Н.Алтанхуягт өгсөн шигээ хариултыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өгсөн үү... Эсвэл өөр хариулт өгсөн үү гэдэг нь тодорхойгүй байна. Тодруулбал, “Хоёрдугаар ээлжийн хийн хоолойг барихад Монголын талаас тавьсан “Талын зам” хэмээх дээрх саналыг судлаж үзье” гэсэн хариугаа дахин өгсөн үү, үгүй юу гэдэг нь нийтэд ил болоогүй байна.
Тиймээс энэ талаар Уул уурхайн яамны бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Батхүүгээс тодруулахад, “Талын зам” төсөл гарын үсэг зурах хэмжээнд хараахан хүрээгүй байна. Хоёр улсын Засгийн газар энэ яриа хэлэлцээгээ үргэлжлүүлж байгаа” гэсэн товч хариулт өгсөн. Хэрэв орос ах нар бидэнд нааштай хариулт өгвөл, Хятадын хувьд асуудалгүй юм. Учир нь БНХАУ-ын дарга Си Зиньпин манай улсад өнгөрсөн сард айлчлах үеэр хоёр орны хооронд байгуулсан “Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал”-д “Талын зам” төслийг хэрэгжүүлэхээр тусгаад амжсан юм. Тиймээс Оросын тал манайд нааштай хариулт өгөхийг хүлээх үлдлээ. Хэрэв манай улсаар дамжуулан Ази, Европын холбосон “Талын зам” баривал, энэ нь орчин цагийн “Торгоны зам” болох боломж байгаа юм.
Талын зам ба хийн хоолойн хүлээлт | ||
Үзсэн: 5185 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.