![](/uploads/201409/news/thumb/09007633bc525dd4af933ab6bf0d7402_x3.jpg)
Бүрэн эрхийнхээ нийт хугацааны хоёр жилийг өнгөрөөж буй УИХ-ын ээлжит намрын чуулган ирэх долоо хоногт эхэлнэ. Намрын чуулган эхлэх үед хэлэлцэх асуудлын жагсаалт олны анхаарлыг татаж эхэлдэг.
Өнгөрсөн хаврын чуулганы сүүлчийн өдөр буюу долоодугаар сарын нэгэнд “Улсын Их Хурлын 2014 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” тогтоолыг баталсан. Уг тогтоолд намрын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуулийн төсөл, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуулийн төсөл тэргүүтэй 20 хуулийн төслийг багтаагаад байсан юм.
Харин энэ долоо хоногт УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж намрын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтын дарааллыг баталлаа. Дахин батлагдсан хэлэлцэх асуудлын жагсаалтад нийт таван хуулийн төслийг нэмж оруулжээ. Тодруулбал, “Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хоорондын хэлэлцээр”- ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл, “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөл, Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай асуудал, “Авто замын тээврийн салбарт төрөөс баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл, Галын аюулгүй байдлын тухай хуулийн төслүүдийг нэмж оруулсан байна.
Төмөр замын царигийн асуудлыг хэлэлцэнэ
Ирэх намрын чуулганаар хэлэлцэх асуудлууд дундаас хамгийн их анхаарал татаж байгаа нь төмөр замын асуудал. “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг өнгөрөгч зургаадугаар сард Засгийн газраас Ерөнхий сайд Н.Алтанхуяг УИХ-ын даргад өргөн барьсан юм. Тогтоолын төсөлд, Хятад улстай Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулж, Монгол-Хятадын хилийн төмөр замын боомтын болон Монгол Улсад ашиглуулах Хятадын далайн боомтын тоог нэмэгдүүлэх, Хятад улсын нутгаар дамжин өнгөрөх төмөр замын тээврийн нөхцөлийг урт хугацаанд тохирох, тухайлбал, төмөр замын чиглэл, тариф, тээвэрлэх ачааны доод хэмжээ, татвар, холбогдох бусад асуудлыг хэлэлцээрт тусган шийдвэрлэхийг Ерөнхий сайдад даалгахаар тусгасан гэдгийг мэдээлж байсан. Түүнчлэн хуулийн төсөлд Тавантолгойгоос Гашуун сухайт, Сайншандаас Замын-Үүд, Хөөтөөс Бичигт хүртэл нарийн царигтай төмөр зам тавьж, Тавантолгойгоос Сайншанд, Хөөт-Чойбалсан Нөмрөг буюу Дорнод аймаг руу гардаг зам болоод Эрдэнэт-Могойн голын хил хүртэлх 550 км замыг өргөн царигтай байхаар тусгасан. Өөрөөр хэлбэл, хойд хөрш рүү өргөн, урд хөрш рүү нарийн царигтай төмөр зам барихаар болсон байсан юм.
Төмөр замын царигийн талаарх уг асуудлыг өнгөрсөн хаврын чуулган болон байнгын хороо, ҮАБЗ дээр хаалттай хэлэлцсэн. Тухайн үед өргөн, нарийн царигийн асуудал олны анхааралд орж, иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч байсан юм. Тиймээс ч төмөр замын уг асуудлаар тодорхой үр дүнд хүрч чадалгүй орхиод байсан билээ.
Харин өнгөрөгч наймдугаар сард БНХАУ-ын дарга Си Зиньпин манай улсад айлчлах үеэр манай улс БНХАУ-тай 26 гэрээ хэлэлцээр, протокол, санамж бичиг байгуулсаы дөрвийг нь Зам, тээврийн салбарт байгуулсан юм. Тодруулбал:
-Монгол Улс Хятад улсын нутаг дэвсгэрээр далайд гарах болон буцах, дамжин өнгөрөх тээвэр хийх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр
-Төмөр замын дамжин өнгөрөх тээврийн хамтын ажиллагааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр
-Төмөр замын хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг
-Монгол-Хятадын хилийн төмөр замын хэлэлцээрийг шинэчлэн байгуулах тухай Монгол Улсын Зам, тээврийн яам, БНХАУ-ын Улсын Төмөр замын газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичгүүдийг байгуулсан.
Дээрх хэлэлцээр, санамж бичгүүдийг байгуулснаар хоёр улсын хооронд хилийн төмөр замын шинэ боомтууд байгуулахаар тохиролцсон бөгөөд хилийн төмөр замын дөрвөн шинэ гарц байгуулахаар болсон юм. Мөн манай улсын ашиглах нэр заасан далайн боомтын тоог нэмэгдүүлж Хойд Хятадын бүс нутаг болон Зүүн Хойд Хятадын бүс нутгийн гадаад худалдаанд нээлттэй Дандонг, Далиен, Жиньжоу, Ингкоу, Цинь Хуангдао, Хуанг Хуа, Тяньжин зэрэг нийт долоон боомтыг ашиглахаар болсон.
Энэ мэтчилэн асуудлуудыг БНХАУ-ын даргын айлчлалын үеэр шийдсэн учраас ийнхүү ирэх долоо хоногт эхлэх намрын чуулганаар уг асуудлыг хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулж иржээ. Төмөр замын асуудлыг хэлэлцэх эхлэх үед багагүй маргаан үүссэн, Засгийн газраас өргөн барьсан хуулийн төслийг салбарын сайд нь дэмжихгүй гэдгээ ч илэрхийлж, сөрөг хүчний зүгээс ч мөн тохиролцож чадахгүй байгаа гэдгээ хэлж байсан. Шийдлээ олж чадалгүй үлдсэн энэ маргаан намрын чуулган эхэлсний дараа ирэх саруудад ч гэсэн үргэлжилнэ гэдэг нь тодорхой юм.
Засгийн газрын сэлгээний асуудлыг хэлэлцэнэ
Дээрхээс гадна Засгийн газрын гишүүдийн болон танхимын сэлгээ намрын чуулганы гол асуудал байх нь бараг л тодорхой болж байна. Товчхондоо бол ирэх намрын чуулган сайд нарын гол дүрд нь тоглох “жүжиг” болж хувирна.
Өнгөрөгч тавдугаар сарын 29-ний өдөр МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт нар Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг хариуцлагагүй ажиллаж, бондын мөнгийг үр дүнгүй зарцуулсан хэмээн үзэж түүнийг огцруулах саналыг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барьсан.
Фортуна сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэх явц байнгын хороо болон чуулган дээр таван ч удаа хойшлогдсон. Аргацаан байж өнгөрөөсөн Эдийн засгийн хөгжлийн сайдыг огцруулах асуудал ийнхүү ирэх намрын чуулганд хэлэлцэгдэхээр болжээ.
Хэлэлцэх асуудлын жагсаалтад Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай асуудал гэж заасан нь ганц Фортуна сайдын асуудал биш гэдэг нь нэгэнт ойлгомжтой болсон. Учир нь Засгийн газрын тэргүүн танхимын сэлгээ хийх асуудлыг УИХ-ын намрын ээлжит чуулганы эхээр оруулж ирнэ гэдгээ зарласан. Гэхдээ дан ганц танхимын сэлгээ хийгээд зогсохгүй Засгийн газрын бүтцийг өөрчилнө гэдгээ ч мөн хэлсэн.
АН доторх фракцууд хоорондоо хэтэрхий их эрх мэдэл булаацалдсанаас болж намаас гаргаж буй “шинэчлэл”-ийн бодлого бүр нь замхарч байгаа гэдгийг Ерөнхий сайд мэдэрч дээрх шийдвэрийг гаргасан гэж хэлж болох юм. Ямар сайндаа л Шинэчлэлийн Засгийн газар илүү хурдтай, илүү эрчтэй, нягт нямбай, өндөр хариуцлагатай, шинэ эрч хүчтэй ажиллахын тулд сайд нараа солихоор шийдлээ гэж суухав. Үүнийг нь Ерөнхийлөгч хүртэл дэмжиж сэлгээ хийх, тодорхой хүмүүстэйгээ хариуцлага тооцох, бүтэц бүрэлдэхүүнээ оновчтой болгох асуудлыг Ерөнхий сайд гартаа авах ёстой гэдгийг хэлж байсан юм. Нөгөө талаас Засгийн газрын зардлыг хэмнэж сайд нарын “давхар дээл”-ийг тайлах гэсэн Ерөнхийлөгчийн бодолтой нийцсэн учраас Ерөнхий сайдыг дэмжиж буйгаа илэрхийлсэн хэрэг.
Одоогоор Засгийн газрын бүтэц сэлгээг хэрхэн хийхээ албан ёсоор зарлаагүй байгаа ч Сангийн яамыг Эдийн засгийн хөгжлийн яамтай, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамыг ССАЖЯ-тай, түүнчлэн дэд бүтцийн яамдуудыг нэгтгэх нь гэсэн таавар гараад байгаа. Харин огцрох магадлалтай сайд нарын нэрсийн жагсаалтад Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл, Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Зам тээврийн сайд А.Гансүх нар нэрлэгдэж байна. Үүнээс гадна хийх ажил, эрхлэх албаных нь учир олдохоо больсон дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга нарыг цөөлөх хэрэгтэй ч гэх хүмүүс бий.
Ерөнхийлөгчийн өргөн барьж хаврын чуулганы “шүдний өвчин” болсон “Давхар дээл”-ийн хуулийн төсөл шиг ший жүжиг Ерөнхий сайдын танхимын сэлгээний асуудлыг хэлэлцэх үед гарах нь нэгэнт тодорхой. “Өвчлөх” дуртай улс төрчид өөрийн ашиг сонирхолд л нөлөөлөхгүй бол бусад асуудлыг төдийлөн ойшоодоггүй хэвээр үлдэнэ биз.
Үүнээс гадна намрын чуулганаар жагсаалтад багтаагүй Өршөөлийн тухай, Архины хяналтын тухай зэрэг зарим хуулийн төслүүдийг хэлэлцэхийг шаардах иргэд олон байгаа, харин их хурлаас дээрх хуулийн төслүүдийг хэлэлцэх асуудлыг жагсаалтын бусад гэсэн хэсэгт оруулж хэлэлцэх боломжтой гэсэн тайлбарыг хийж байгаа юм. Түүнчлэн ирэх намрын чуулганаас эхлэн хуралдаан өглөө 09:00, өдөр 14:00 цагаас хуралдаж байхаар болжээ.
Төгсгөлд нь ирэх намрын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг хүргэж байна.
1.“Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хоорондын хэлэлцээр”- ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл;
2.“Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
З.Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай асуудал;
4.“Авто замын тээврийн салбарт төрөөс баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
5.Галын аюулгүй байдлын тухай хуулийн төсөл;
6.Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуулийн төсөл;
7.Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуулийн төсөл;
8.Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуулийн
төсөл;
9.“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
10.Худалдааны тухай хуулийн төсөл;
11.Татварын хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн болон шинэчилсэн найруулгын төсөл;
12.Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн төсөл;
13.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн төсөл;
14.Гэмт хэргийн тухай хуулийн төсөл;
15.Зөрчлийн тухай хуулийн төсөл;
16.Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төсөл;
17.Монгол хэлний тухай хуулийн төсөл;
18.“Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогыг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
19.Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
20.Хяналтын тухай хуулийн төсөл;
21.Монгол Улсын сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл;
22.Улс төрийн намын тухай, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн төсөл;
23.“Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичгийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
24.Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
25.Улсын Их Хурлын чуулганы хуралдааны хэлэлцүүлгийн шатанд байгаа хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүд;
26.бусад.
Намрын чуулган сайд нарын “жүжиг”-ээр үргэлжилнэ | ||
Үзсэн: 2747 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.