Ийм кино байдаг бил үү, үгүй бил үү гэх яриа “Омарын эрэлд” кинонд хэд хэд давтагдах ажээ. Хомоол, Түгжил гэх хоёр нөхөр толгойдоо тирко углаад, биедээ салют бэхэлж, мөрийтэй тоглоом тоглож байгаа Арабын баян болоод нэг монгол боссыг сүрдүүлж байгаагаар кино эхэлнэ. Сүүлийн үед бүтээгдэж байгаа монгол кинонууд маань нэг иймэрхүү л эхэлдэг болжээ. Гэхдээ харамсалтай нь хэн ч тэр хоёроос айхгүй байх юм. Эцэст нь санамсаргүй байдлаас биенд нь бэхэлсэн салют дэлбэрснээр тэр хоёрын бүтэлгүйтэл үргэлжилнэ. Гэвч санасандаа хүрч цүнхтэй мөнгө авч зугтах нь тэр. Эхлээд гүйж, дараа нь унадаг дугуй “хөлөглөн” зугтаана.
Тэдний араас олон залуус “Хаймер” машинаар хөөгөөд ч гүйцэхгүй. Энэ хэсэг хэтрүүлэгтэй гэхэд дэндүү хэтрүүлэгтэй санагдав. Зарим хэсэгт найруулагчийн ажиллагаа буюу шинэ санаа цухалзавч “Галзуу хурд” гэх киноны хэсэг бас гарна. Ингээд цааш хөөцөлдсөөр мөнгөтэй цүнх барьсан нэг нь зугтаж, нөгөө нь бүтэлгүйтэн баригдана. Энэ хэсэгт нөгөө л “мөнгө бүхнээс чухал” гэдгийг сануулж буй.
Кадр солигдоход араб дарга нь “Омар” хаана байна гээд хүн бүхнээс нэхнэ. Харин гадаадын өмнө тонголзсон монгол залуус “Амар” гэж хэн бэ гэх. Үүнд инээх юм даанч алга байлаа. Энэ уг нь инээдмийн кино юм шүү дээ. Цаашлаад өөр өөр газар болж байгаа үйл явдлыг харуулна. Цүнх хулгайлж үүрсэн нөгөө залуу зугтсаар “Шангрелла” гэх барилгын дээвэр дээр гарна. Тэнд бяцхан дэлбэрэлт болсноор цүнх доош унаж, цонх цэвэрлэгч нэг нөхрийн хүзүүн дээр тогтоно. Амьдрал дээр хэзээ ч ийм зүйл тохиолдохгүй гэмээр санамсаргүй зүйлсээр дүүрэн хорвоо л доо. Гэхдээ л кинон дээр бол байж болох хэрнээ санаанд оромгүй зүйл гарах ёстой.
Өөр нэг хэсэгт мөнгө олсон найзууд яаж мөнгөө нуух талаар ярилцаж буй хэсэг гарна. Тэр нь тун өрөвдмөөр санаатай аж. “Найман нэрийн дэлгүүр бариад шөнийн 00:00 цаг хүртэл ажиллуулна” гэх зэрэг мөрөөдөл ярина. Ерөөсөө мөнгөө хадгалуулаад түлхүүрээ охиндоо хадгалуулчихаж болох юм байна гэх яриа өрнөхөд “Америкт нэг удаа” киноны ая эгшиглэж, мөнгөө сепенд хийдэг хэсгийг дууриаж гаргана. Харин ярилцсаны үндсэн дээр талбайн урд талын цэцэрлэгт мөнгөө булах гээд газар ухна. Энэ үед “Тунгалаг тамир” киноны хэсгийг хүчээр оруулж өгчээ. Тэр нь юу вэ гэхээр “Хонгор” гэх нэгэн хүү ирж танилцана. Тэд “Энэ нэг кинотой адилхан санагдахгүй байна уу” гэж нэгнээсээ асуух аж. Тэгээд л зугтацгаана. Хүчээр инээх гэхээр нэг л эвлэхгүй. Нүүр хувиргалт ч гэсэн асуудалтай харагдаж байна билээ. Жүжигчид орог саарал нүүртэй харагдана. Уг киноны давуу талууд гэж уран бүтээлчид нь ярихдаа “Киноны 80 хувийг Солонгос улсад зөвшөөрэлтөй авсан” гэж байна. Хаана авсан нь тийм ч чухал биш. Харин яаж бүтээсэн нь л чухал байгаа юм даа.
Тэд сүүлдээ баригдаж буцаад нутагтаа ирэх бөгөөд энэ үед Б.Баатархүү толгойлогч нь эмнэлэгт ухаан алдсан байна. Тэрээр зургаан сар гаруй хэвтэрт байжээ. Энэ нь нөгөө л солонгос кинон дээр гардаг сэтгэл санааны “шок” гэх оноштой. Бид ингэтлээ гадны соёлд уусаад байгаа юм биш үү. Манай Монголд бол жаахан “балайдуу” хэрнээ сайхан сэтгэлтэй хүн байдаг л даа. Хөдөө айл айлд аргал түүж өгөөд л явж байдагсан. Ядаж л нөгөө Ардын уран зохиолч Д.Цоодолын “Тэнэг” шүлгэнд гарах дүрийг бид кинонд ашиглах нь зүйтэй болов уу.
Ингээд эцэст нэгэн өвчтөн эмнэлэгт ухаан орж алга болно. Харин түүнийг нас барсан гээд оршуулга дуусахад цонх цэвэрлэгч нөхөд мөнгөө аваад арилж өгнө. Энэ нь зохион байгуулалттай булталт буюу худлаа оршуулга байсан нь үзэгчдэд ойлгогдоно. Магадгүй энэ нь инээдмийн кино гэхээсээ илүү солонгост байгаа монголчуудын амьдралыг харуулсан кино байсан бол илүү сайхан болох байсан ч юм уу гэсэн бодол төрлөө. Бид кино хийхдээ заавал гадны киног дуурайж, их мөнгө олж эцэстээ их мөнгөтэйгээ амар сайхандаа жаргах ёсгүй шүү дээ. Яагаав нөгөө “Татар ажиллагаа” гэх кино ч бас цүнх дүүрэн мөнгөтэй л төгсдөг.
Ийм кино байдаг ч бил үү, үгүй ч бил үү | ||
Үзсэн: 12604 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.