Хоймор нутгийн улаан тайга, цэнхэр хотгорт дархад түмэн цаа буга хөлөглөн амьдардаг. Уулын иргэд маань өвлийн улиралд хасах 50 хэмийн хүйтэнд 2100-2900 метрийн өндөрлөг газарт цаа бугын аж ахуйгаа эрхэлсээр амьдралаа залгуулж ирсэн. Сүүлийн жилүүдэд тэдний гол амин зуулга, уламжлалт аж ахуй алдагдахад хүрээд байгаа юм. Учир нь цаа бугын сүрэг цус ойртож бие нь давжаарсан. Улмаар тоо толгой нь цөөрсөн зэрэг аюулд өртөөд буй юм. Үүнд Засгийн газраас анхаарлаа хандуулж эхэлсэн. Иймээс цаа буга маллан, тайгад амьдарч буй уйгар угсааны тува, цаатан иргэдийн амьдралын түвшинг дээшлүүлэх, тэдний боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллыг сайжруулах, цаа бугын аж ахуйг сэргээх зорилго бүхий "Цаа бугын аж ахуйг сэргээх, цаачдын амьдралын түвшинг сайжруулах” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн юм.
Тус хөтөлбөрийн хүрээнд ОХУ-ын Тува улсаас 19 үржлийн цаа буга оруулж ирж, энэ сарын 5-ны өдөр Цагааннуур сумын цаатан иргэдэд хүлээлгэн өгчээ. Тус ажлыг Туркийн хамтын ажиллагааны Монгол дахь агентлагийн санхүүжилтээр “Шү-До” ХХК гүйцэтгэсэн байна. Цаа бугын тоо толгойг өсгөх, үүлдэр угсааг сайжруулах, цус сэлгэх зорилгоор ийн нутагшуулах болжээ. Цаа буга дээд тал нь 25 хүртэл наслаж, жилд нэг удаа төллөдөг гэнэ. Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сум, Цагааннуур, Улаан-Уул сумдын нутгаар тархан суурьшдаг цаатан иргэд дунд явуулсан судалгаагаар өнгөрсөн оны байдлаар 367 цаа маллагч нүүдэлчин буюу 86 өрх айл 1511 цаа маллаж байгаа гэсэн дүн гарчээ.
Цус сэлбэхээр 19 үржлийн цаа буга авчирчээ | ||
Үзсэн: 2267 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.