Шууд Chart

АНУ-ын Конгрессийн удирдлагууд Сирийн эсрэг ажиллагааг дэмжиж байна

2013-09-04 09:40:59

Өнгөрсөн  7 хоногт Ерөнхийлөгч Барак Обама Сирийн эсрэг цэргийн цохилт эсэх асуудлаар  конгрессийн гишүүдийн дэмжлэгийг хүссэн билээ. Энгийн иргэдийн эсрэг химийн зэвсэг ашиглаж, АНУ-ын ашиг сонирхолоос гадуур үйл ажиллагаа явуулсан Сири улсад цэргийн цохилт өгөх зөвшөөрөл олгох асуудал  дээр  Конгрессийн зөвшөөрөл хэдийгээр шаардлаггүй боловч Конгрессын гишүүдээс дэмжлэг хүсэх нь зүйтэй хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч мэдэгдээд байсан юм.

Тэгвэл өнөөдрийн байдлаар  Конгрессийн Төлөөлөгчдийн танхим дахь хоёр намын удирдлагууд Сирид өгөх цэргийн цохилтыг дэмжиж байгаагаа илэрхийлээд байна.

Төлөөлөгчдийн Танхимын дарга Жонн Боенер иргэдээ хорт утаагаар хордуулсан Ал Ассадын дэглэмийн эсрэг дорвитой арга хэмжээ авах цорын ганц улс нь АНУ болоод байгааг мэдэгдлээ. Тэрээр "Химийн зэвсэг ашиглах нь тун балмад үйлдэл мөн. Байдлаас ажиглахад НҮБ Сирийн эсрэг ямар нэгэн алхам хийхгүй бололтой, НАТО ч шийдэмгий алхам хийх шинж харагдахгүй байна..." хэмээн сэтгүүлчдэд мэдэгджээ.

Мөн Төлөөлөгчдийн Танхим дахь цөөнхийн бүлгийн дарга  Нэнси Пэлоси "Соёлт хүний нийгмийн хэр хэмжээнээс хэтийдсэн..." үйлдлийн хариуд Вашингтон арга хэмжээ авах ёстой хэмээн үзэж байгаагаа илэрхийллээ.

Өчигдөр Ерөнхийлөгч Обама Конгрессийн удирдлагуудтай уулзах үеэрээ "Энэ бол Ирак биш, Афганистан ч биш. Энэ цохилт бол тодорхой хүрээнд бүрэн хяналтын дор хийгдэх бөгөөд зөвхөн Ассадын дэглэмд ч бус, цаашид олон улсын хэм хэмжээг зөрчихөөр санаархаж буй бусад улс орнуудад хатуу сануулга өгөх зорилго агуулж байна..." гэж мэдэгдсэн байна. Ерөнхийлөгч Обама Сирийн нутаг дэвсгэр явуулах цэргийн ажиллагааны хүрээнд  АНУ-ын явган цэрэг оруулахгүй гэдгээ  мэдэгдээд байна.

Ирээдүйд  Сирид явуулахаар зэхэж буй АНУ-ын цэргийн ажиллагаанд  Франц, Турк, Израйл зэрэг улс орнууд, мөн НАТО-ийн эвсэл дэмжиж, шаардлагатай туслалцааг үзүүүлэхэд бэлэн байгаа гэдгээ илэрхийлээд байгаа.

Ийнхүү АНУ-ын улстөр, цэргийн оролцоотойгоор дайны шинэ гал лалын ертөнцөд дүрэлзэн асах эсэх асуудлыг шийдвэрлэх хугацаа хоног мөчлөгөөр тоологдож эхэллээ.

АНУ-ын зүгээс ирж болзошгүй байгаа цэргийн цохилтод Сирийн тал ч бэлдэж, өөрсдийн цэргийн болон стратегийн ач холбогдол бүхий байнуудыг нуун далдлах, хөрш орнууд руу нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг авч байж болзошгүй талаар мэдээ ч бий. Одоогоор Сирийн 2 сая гаруй иргэн болзошгүй дайны хөлөөс дүрвэн зайлаад байгаа билээ.

 

Нийтэлсэн: М.Тодбэх

АНУ-ын Конгрессийн удирдлагууд Сирийн эсрэг ажиллагааг дэмжиж байна  
Үзсэн: 1765 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй