Өчигдөр Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах тогтоолын төслийг Г.Уянга гишүүн МАН-ын 13 гишүүнтэй хамтарч өргөн барилаа. Хэдэн сарын өмнөөс яригдсан энэ огцруулах бичигт бие даагчдаас гадна МАН-ын гишүүд гарын үсэг зурж байж сая өргөн баригдах тоонд хүрч байгаа юм. АН-аас Р.Амаржаргал гишүүн гарын үсэг зурсан байсан ч тогтоол өргөн баригдах үед тэрбээр нэрээ татаж авсан байсан хэмээн мэдэгдсэн. Уг нь энэ талаараа өмнө нь хэлж байсан ч Г.Уянга гишүүн гарын үсэг зурсан гишүүдийн тоонд оруулж зарласан юм.
Огцруулах тогтоолын төсөлд Ерөнхий сайд АНЭУ-д айлчлах үеэрээ Оюутолгойн орд газрыг ашиглах гэрээний нэг тал Туркойз Хилл Ресурс болон Рио Тинто компанитай Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөнд гарын үсэг зурахдаа УИХ-д мэдээлэлгүйгээр “далд уурхайн санхүүжилт” нэрээр Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ, ТЭЗҮ-ээр баталгаажсан далд уурхайн санхүүжилт 1.5 тэрбум долларын анхны хөрөнгө оруулалтын дүн дээр нэмж 4.7 тэрбум долларын зардлыг хүлээн зөвшөөрсөн байгааг дурдаад энэ нь Монгол Улсад төлсөн татвар бусад орлогын дүн нь жилийн нийт борлуулалтын орлогын дөнгөж 8-9 хувь болсон зэргийг тооцож түүнийг огцруулах хангалттай шалтгаан байна хэмээн тайлбарлажээ.
Үнэндээ Ерөнхий сайдыг огцруулах саналын гол агуулга нь МАН-ын хувьд “Нийслэлийн мандатыг олон болговол засгийг чинь унагана” гэсэн барьцаа юм. Түүнээс МАН-ынханд Оюутолгойн гэрээнээс болж Засгийн газрыг унагаах, огцруулах ямар ч сонирхол байхгүй.
Нийслэлийн удирдлагууд хүн амын тоогоо дагаж нийслэлийн мандатыг 24 болгож нэмэх санал гаргаж, УИХ-аас дэмжлэг хүссэн. Харин МАН-ынхан хүн амын нягтаршил багатай хөдөөгийн найман тойрог буюу Увс, Ховд, Дорнод, Төв, Хэнтий, Хөвсгөл, Говь-Алтай зэрэг аймгаас нэг мандатыг нь нийслэлд шилжүүлэх асуудалд эсрэг байр суурьтай байна гэдгээ дахин дахин хэлсээр байгаа ч тусыг эс олж мэдэхээр байна. Хэрэв үнэхээр МАН-ын яриад байгаа шиг нийслэлд 22, орон нутагт 26 мандаттай болж улмаар нийслэлийн нэг дүүрэг гэхэд 2-5 мандаттай, харин алслагдсан гэгдэж буй дээрх аймгууд нэг мандаттай болчихвол тэдэнд сонгуульд ялах магадлал бараг л байхгүй болно. Учир нь МАН хөдөө, орон нутагт бол санал өндөртэй байдаг ч хотод АН илүү олон сонгогчтой байдаг.
Нэгэнт өргөн баригдсан санал хэлэлцэгдэх учир Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар санал хураах үед МАН-ын 26 кноп, түүн дээр гарын үсэг зурсан бие даагч гишүүд болон эвслийн бүлгээс дэмжиж байгаа зарим нэг гишүүдийн кноп нэмж дарагдвал дахиад л засаг унана. Харин үүнээс өмнө орон нутгийн мандатын тоог бууруулахгүй байж чадвал МАН-ынхан кноп дарахгүй.
Өнөөдөр орой АН-ын ҮЗХ-ны ээлжит хурал болно. Хурлаар АН ирэх сонгуульд хэрхэн, яаж оролцох болон сонгуульд ИЗНН, МҮАН-тай хамтарч оролцох, Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаярыг жинхлэх эсэх гэх мэт асуудлыг хэлэлцэнэ хэмээн мэдэгдсэн. Гэвч өнөөдрийн хурлаар Ч.Сайханбилэгийг үлдээх эсэх талаар ярилцах нь тодорхой. Намын дарга З.Энхболд АН-ын гэгддэг Шийдлийн Засгийн газраа авч үлдэхийн тулд МАН-ынханд орон нутгийн мандат илүү өгөх үү, эсвэл өөрсдийн сонгуульд ялах магадлалыг тооцон нийслэлийн мандатыг илүү байлгаж Ч.Сайханбилэгийг огцруулах уу гэдэг нь сонирхолтой байна. Мөн сонгуулийн өмнөх хэдэн сард МАН-ын дараагийн алхам юу байх вэ гэдэг нь бас анхаарал татаж байна.
МАН-ын дараагийн алхам юу вэ | ||
Үзсэн: 1231 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.