Улаанбаатар хотод түрээсийн орон сууцанд амьдрах хүсэлтэй иргэдийг энэ сарын 21-нээс бүртгэж эхэлнэ. Хөтөлбөр хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор иргэд түрээсэлж буй орон сууцаа ипотекийн зээлээр худалдаж авах боломжтой эсэх талаар ихээхэн сонирхож буй. Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ “Тухайн байраа урт хугацаанд түрээсэлсэн иргэд үндсэн үнийн 30 хувийг төлж дууссан тохиолдолд банкны зээлд хамрагдан Ипотекийн зээлийн зохицуулалтаар явж болно” хэмээн мэдэгдсэн ч энэ талаарх журмын зохицуулалт одоогоор хийгдээгүй байгаа юм.
Тодруулбал, өнгөрөгч онд Засгийн газраас баталсан “Түрээсийн орон сууц” хөтөлбөр, Барилга, хот байгуулалтын яам болон Төрийн орон сууцны корпорациас гаргасан журмуудад иргэд түрээсэлж буй орон сууцаа зээлээр худалдаж авах талаар ямар нэг заалт ороогүй байна.
Энэ талаар Барилга, хот байгуулалтын яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Х.Батболдоос тодруулахад, “Тухайн иргэн таван жилийн хугацаанд байраа түрээслэхдээ нэг ч удаа түрээсээ гацаагаагүй, байрандаа тогтмол засвар үйлчилгээ хийдэг гэх мэт өөрийн өмч шиг л эзэмших ёстой. Мөн энэ хугацаанд түрээсийн төлбөрөө төлж байхын хажуугаар өөрийн гэсэн мөнгөн хуримтлал бий болгоод явж болно. Жишээ нь, сар бүр төлж буй 250 мянган төгрөгийн түрээсийн төлбөрөөсөө гадна 150 мянган төгрөг тусад нь данс үүсгэж хадгалаад байхад таван жилийн дараа 7-8 сая төгрөгтэй болно. Өөрөөр хэлбэл, байрны урьдчилгаа мөнгөтэй боллоо гэсэн үг. Энэ үедээ байраа өөрийн болгож авах боломж бүрдэнэ, бид яваандаа энэ хэлбэр рүү шилжиж ажиллана” гэлээ.
Харин энэ талаар ТОСК-иас тодруулахад, журамд түрээсэлж буй байраа өөрийн болгож авах талаар ямар нэг заалт байхгүй учраас баталсан журмын дагуу иргэдийг түрээсийн орон сууцанд бүртгэх, сонгон шалгаруулах, түрээсийн орон сууцанд хамруулах ажлыг зохион байгуулна гэсэн юм.
Өнөөдрийн нөхцөлд иргэд түрээсэлж буй орон сууцаа зээлээр авах ямар нэг хуулийн зохицуулалт алга. Гэхдээ Түрээсийн орон сууц хөтөлбөр 2021 оныг дуустал хэрэгжих учир яваандаа журамд нэмэлт өөрчлөлт орох боломжтой. Өөрөөр хэлбэл, энэ жил орон сууц түрээсэлж буй иргэд 3-5 жилийн дараа өөрсдийн гэсэн хуримтлалтай болсон үед тухайн байраа зээлээр авах нөхцөл бүрдэх боломжтой юм.
Нэмж мэдээлэхэд, Түрээсийн орон сууц хөтөлбөрийн хүрээнд нийслэлд 16000 айлын, аймгуудын төвд 4000 айлын түрээсийн орон сууцны сан бүрдүүлэхээр төлөвлөж буй юм.
Түрээсийн орон сууцаа зээлээр авах нөхцөл бүрдээгүй байна | ||
Үзсэн: 868 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.