Шууд Chart

Адуун соёлын “амьд” домог Батноров хийц

2016-03-16 13:36:20

1177 онд Тэмүүжин 16 настай байв. Тэр жил Тайчуудад баригдаж дөнгөлүүлэн айл, айл дамжин баалуулж явж, Сорхон Шарын тусламжаар амь гарч Сэнгүр горхиноо нутаглаж буй гэртээ дөнгөж ирвээс морьдыг нь дээрэмчид хөөн одов. Тэмүүжин найман шаргынхаа араас нэхэн мөрдөж явсан гурав дахь хоногийн өглөө морин дээрээ хөхүүрээ ганзгалж ирээд гүүгээ сааж байгаа үеийн хөвгүүнтэй учирч морьдоо сураглавал, “Саяхан нарнаар зүүн өмнө зүг элдэж өнгөрөв” хэмээжээ. Тэрбээр өөрийгөө Наху баяны хүү Боорчи хэмээнэ. Тэд танилцаж, морьдын араас хамт нэхэлцэхээр явав. Ийнхүү 800 жилийн өмнө Тэмүүжин, Боорчи хоёрын уулзаж нөхөрлөсөн газар өдгөө Хэнтий аймгийн Батноров сумын Хөхүүрийн тал.

Боорчийн морин дээрээ тэгнэж ирээд Тэмүүжинтэй хамт явахдаа орхиж, гурав хоноод буцаж ирээд авсан хөхүүрээр ийнхүү Хөхүүрийн тал хэмээн нэрлэсэн гэдэг.

Одоогоос 13 жилийн өмнө Батноров сумын Хөхүүрийн талыг түүхэн газар зүйч  О.Сүхбаатар, “Чингис хаан” дээд сургуулийн багш нар Чингис хаан, Боорчи хөлөг баатар хоёрын анх уулзаж нөхөрлөсөн газар хэмээн тогтоож улмаар гэрэлт хөшөө босгожээ.

Их эзэн хааны өлгий нутаг гэгддэг Хэнтий аймагт энэ мэт түүхэн газар олон бий.

Хэдэн зууны тэртээ Монгол түмний мандан бадарч явсан үеийн гэрч болох газруудын нэг нь яахын аргагүй Батноров сум юм.

Тэмүүжин, Боорчи нарын анд бололцсон энэ нутгийг адууны өлгий нутаг ч гэлцдэг. Ирэх зун гурван түмэн адууны баяраа хийхээр төлөвлөж буй энэ нутаг адуугаа дагаад адуучин олонтой. Улсын шилдэг адуучин энэ суманд хэд хэд бий.

Зэргэлдээх сумынх нь хүн “Наху баяны нутаг баян байхаас яах вэ дээ” гэж ярихыг нь сонссон ямар ч хүн “Нээрээ л тийм дээ” гэж бодмоор.

Адууныхаа тоогоор улсдаа эхний тавд бичигдэж, аймагтаа тэргүүлдэг энэ суманд адууны өв соёл өндөр хөгжсөн. Үүнийг дагаад монгол түмэнд алдаршсан алдарт Батноров хийц ч үүссэн гэдэг.

Дарьганга, Сэврээ, Батноров гээд алдарт уран дарханы хийцийн аль, аль нь Монголын уламжлалт өв соёл бөгөөд өөр өөрийн гэсэн онцлогтой. Батноров хийцийн хувьд харьцангуй залуу гэгддэг ч энэ нутгийнхан цутгуурын хэвээр сүлжиж хийсэн товгор, дэгжин, ур хийц сайтай хэмээдэг. Түүнчлэн хэдэн зуун дамжиж ирсэн адуун соёлоо дагаад Батноров хийцээр эмээлийн чимэг, адуун соёлын нэгээхэн хэсэг болох хазаар, хусуур зэрэг төрөл бүрийн хэрэглэлүүдийн чимэглэлийг хийнэ.  

Монголд анх удаа цутгуурын хэвийг бий болгож, Батноров хийцийг үүсгэсэн хүн нь алдарт Тожил дархан. Тожил дарханы жинхэнэ нэр нь Бадрахын Ишжамц бөгөөд тэрбээр 1900 онд Батноров суманд төржээ.

Б.Ишжамц багаасаа уран дарханы ажилд шимтэн суралцаж өөрийн авьяас оролдлогоор алт, мөнгөн эдлэл хийхдээ гаргуун болсон байна. Мөн түүнийг уран дархан болоход хүргэн ах Равжаа хэмээх дархан ихээхэн нөлөөлсөн хэмээн бичсэн нь бий. Улмаар монгол дарханы урлагт цутгуурын аргыг хэрэглэх шинэ технологийг нэвтрүүлж түүндээ үндэслэн Батноров буюу Тожил гэсэн шинэ хийцийг үүсгэн, хөгжүүлж улс орон даяар алдаршсан юм. 

Тожил дарханыг бүтээл туурвиж эхэлж байх үед төмөр ховор, ган төмөр бүр ч олддоггүй байсан тул хадуурын төмөр, хуучин хуурай зэргийг ашиглаж багаж хийж сурсан байна. Мөн тухайн үед дагнан хэрэглэж байсан цаасан загвараар цохиж хөөх аргыг эзэмшин эмээлийн чимэг, мөнгөн аяга, хормойн боолт, гоёл чимэглэлийг захиалгаар хийдэг байсан аж.

Тожил дархан цутгуурын хэв хийх дээд зэргийн сайн шаврыг нутгаасаа олсон гэдэг. 1920-иод оны үед Тожил дархан Батноров сумын Бошоогийн Хөх толгой гэдэг газар нутаглаж байхдаа Хөх толгойнхоо арын ганганы дэргэд тамхи татан сууж байтал жалгын эргийн шороо алтан боронзтой мэт гялтганаж харагдаж. Шороог авч имэрч үзвэл тостой мэт зөөлөн байсанд Тожил дархан ихэд олзуурхаж хэв хийсэн байна. Уг шаврыг өдгөө “Бошоогийн шавар” гэх бөгөөд хэв хийхэд хамгийн тохиромжтой шавар юм.  

Ийнхүү Тожил дархан олонд алдаршиж тансаг хээнцэр гоёл чимэглэл, эмээлийн их, дунд, бага гарын чимэг, мөнгөн аяга, хормойн боолт, хэт хутга, мөнгөн хазаар зэрэг төрөл бүрийн эдлэл хэрэглэл хийдэг болсон байна. Энэ хэрээр Тожил дарханыг зорин очиж Батноров хийцийн тоног, гоёл чимэг хийлгэх, шавь орохыг хүсдэг хүмүүсийн тоо ч нэмэгдсэн байна.

Маршал Х.Чойбалсан Тожил дарханыг нийслэлд урин гадаадын зочид төлөөлөгчдөд өгөх бэлэг сэлт хийлгэдэг байж. “Багшийг минь Улаанбаатараас дуудуулж Итали улсад бэлгэнд явуулах хэт хутга хийлгэсэн гэдэг” хэмээн түүний шавь дархан н.Наваанчүлтэм хуучилсан байдаг.

Тожил дарханы уран нарийн хийц болох алтан шигтгээ суулгасан гүц, таваг хоёрыг ЗХУ-д илгээж байжээ. Тожил дарханы хийцээр урласан ил захидлыг 250.000 хувь хэвлэж байсан бөгөөд түүний урласан мөнгөн аяга, хэт хутга одоо ч Москва хотын Дорно дахины урлагийн музейд хадгалагддаг. 

Монгол орон даяар Батноров хийцийг дэлгэрүүлж алдаршуулсан Тожил дархан насан эцэс болтлоо төрсөн нутагтаа амьдарч, уран дарханы ажлаа хийсээр байжээ. Өдгөө түүний охин И.Пүрэвдулам Батноров суманд амьдарч буй. Харин түүний хэрэглэдэг байсан багаж хэрэгслийг нутгийн нэгэн иргэн хадгалдаг бөгөөд соёлын үнэт өв төдийгүй Батноров хийцийн гол түлхүүр учраас олонд ил болгодоггүй аж.

Харин эдүгээ Батноров суманд Тожил дарханы дөрөв, тав дахь үеийн шавь нар уран бүтээлээ туурвисаар байна. Түүнчлэн Батноров хийцээр бүтээл туурвидаг 60 орчим уран дархан байдаг.

Адуун соёлын өлгий нутагт үүссэн Батноров хийцээр бүтээл туурвидаг таван ч уран дархан Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан хэмээх эрхэм цолыг хүртсэн нь улсдаа анхдагчид юм.  

Сумын удирдлагууд Батноров хийцийн бүтээлүүдийг бүртгэж, баримтжуулан хадгалах, өвлөж эзэмшүүлэх ажлыг тогтмол хийдэг бөгөөд 2013 онд Батноров сумын 90 жилийн ойгоор Соёлын биет бус өвийн үзэсгэлэнг гаргахад Батноров хийцийн 91 эмээл цугларч,  олныг гайхшруулж байсан гэдэг.

 

 

Нийтэлсэн: О.Энхмаа

Адуун соёлын “амьд” домог Батноров хийц   
Үзсэн: 16058 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.9.41.xxx [202.9.41.xxx] 2016-03-17 14:13
МАНАЙ БАТНОРОВ САЙХААН. АЙМГИЙН 70 ЖИЛЭЭР ХИЙЛГЭСЭН " ХАН ХЭНТИЙ-70" КИНОНД БАТТУЛГЫГАА ОРУУЛЖ ТОЖИЛ ДАРХАНЫХАА УЙЛСИЙГ МЕНХЖУУЛСЭН ДЭЭ. МЕН ЛОСОЛ ГУАЙН ХЕШЕЕНИЙ ЗУРАГ АВАЛТ ХИЙЖ БАЙСНАА ДУРСАХАД САЙХАН БАЙНА. БИЧЭЭД БАЙВАЛ МЕН Ч ИХ ЮМ БАЙНА ДАА....... БАТНОРОВЧУУДДАА САЙН САЙХНЫГ ХУСЬЕ. П. ЭРДЭНЭХУЯГААС
202.179.11.xxx [202.179.11.xxx] 2016-03-16 15:03
Энэ сайхан нутгаас төрж гарсан бид азтай,Миний ах Баттулга энэ хийцийг түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэх ажилд өөрийн бүх амьдралаа зориулсан,
183.177.101.xxx [183.177.101.xxx] 2016-03-16 14:45
Энхмаад баярлалаа, Золжаргал, Лханаа Мөнхтөр нар шиг уянгын халил нь дэндсэн хэнд ч хэрэггүй нийтлэлийн оронд ийм энгийн хүнд ойлгогдох нийтлэл бичиж байвал сайн байна, хов жив атаа жөтөө улс төр биш их энгийн иймэрхүү нийтлэл бичиж байхыг хүсье
Зочин [202.179.31.xxx] 2017-05-16 12:10
Маш сайхан нийтлэл болсон байна. Авъяастай сайхан охин байна. Цаашдын уран бүтээлд нь өндөр амжилт хүсье

Бидэнтэй нэгдээрэй