Шууд Chart

Оюутолгой буюу "Алтан гурвалжин"-гийн нууц

2013-12-06 10:45:23

Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт орших Оюутолгойн ордыг судлахаар, энэ газарт анх хөл тавьсан хүн бол оросын геологич Ю.Я.Петрович юм. Тэрбээр нутгийн уугуул иргэдийн хүсэлтээр 1957 онд Оюутолгойд очиж, шаварлаг эрдэсжилт дотор зэсийн илрэл байгааг тогтоосон учраас Оюутолгойд нэмэлт хайгуул хийх хэрэгтэй гэсэн дүгнэлт гаргаад нутаг буцаж байж. Гэвч энэ нь тухайн үед ажил хэрэг болоогүй юм.

1983 онд манай геологич Д.Гарамжав Оюутолгойд очиж, галт уулын гаралтай чулуулагт зэсийн илрэл байгааг тогтоож, энэ ордод нэмэлт хайгуул хийх шаардлагатай гэсэн дүгнэлтийг Ю.Я.Петровичийн нэгэн адил гаргасан ч, бас л цаасан дээрээ үлдсэн юм.  “ОЮУ”- тай газар “ЗЭС” бий гэлцдэг. Тэр ч утгаараа, манай өвөг дээдээс зэс байгаа газрыг нь замчилж, “Оюутолгой”  хэмээн нэрийдэж үлдээсэн биз ээ. Орос, монголын геологичид Оюутолгойд нарийвчилсан хайгуул хийх шаардлагатай гэсэн дүгнэлт хэдэнтээ гаргаад байхад, манайхан үүнийг үл анзаарсан уу, эсвэл энэ ордыг хав даръя гэж шийдсэн үү. 1990 оны эхэн үе хүртэл энэ ордод огт гар хүрээгүй юм. Тэгсэн мөртлөө, “Эрдэнэтийн овоо” шиг томоохон зэсийн орд нээхээр өөр газруудаар давхилдаад л байв шүү.

Тухайлбал, Америкийн “Магма-Коопер” компани “Эрдэнэт” үйлдвэртэй хамтран 1995 онд “Эрдэнэт-Маагма” компанийг байгуулж, Эрдэнэтийн овооны дайтай зэсийн орд илрүүлэх зорилт тавьжээ. Ингээд, Монгол, Орос, Америкийн геологичдын хамтарсан баг бүрдүүлж, хайгуулын хоёр баг гаргасан байна. Зарим хэсэг нь манай улсын хойд болон өмнөд хэсгээр хайгуул хийсэн бол, нөгөөх баг нь баруун хязгаарт зэсийн эрэл хийсэн байгаа юм. Гэвч тухайн үед “Эрдэнэт” үйлдвэртэй хамтарч байсан “Магмаа-Куупер” компанийн хувьцааг Австралийн “Би Эйч Пи Биллитон” компани 1996 онд худалдан авчээ.  Ингээд “Эрдэнэт” үйлдвэрийн хамтрагч нь солигдож “Би Эйч Пи Биллитон”-той хамтран Эрдэнэтийн овооны дайтай томоохон зэсийн орд нээх ёстой боллоо. Гэвч Австралийн Мельбурн хотод төвтэй тус компани хайгуулын зардлын 10 хувийг гарга гэсэн саналыг “Эрдэнэт” үйлдвэрийнхэнд тавьжээ. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засаг руу шилжиж байсан санхүүгийн хүндрэлийн үед, үүнийг манай тал гаргах бололцоогүй байсан гэж учир мэдэх хүн хуучилж байсан удаатай. Тиймээс “Би Эйч Пи Биллитон” компани “Би Эйч Пи Биллитон минералс” охин компаниа манай улсад байгуулж, бие даан хайгуул хийхээр болсон байх юм. Ингэхдээ тус компани эхлээд зүүн бүсийн аймгуудад зэс хайхаар төлөвлөсөн ч, булчин задрах тахлаас болж онцгой байдал зарласан нь энэ ажлыг хойшлуулахад хүргэсэн байна.
 
Тийм болоод л, 1996 оны есдүгээр сард Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт орших Соёо- өндөр, Номинт, Эрдэнэ-толгой зэрэг зэсийн илрэл бүхий газруудаас эрэл, хайгуул, судалгааны ажлаа эхлүүлсэн байна. Гэвч энэ амжилтгүй болж, 1996 оны есдүгээр сарын 15-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт очиж, хайгуул хийхээр тогтжээ. Ийм шийдвэр гаргахад геологич Д.Гарамжавын нөлөө их байсан гэж ярьдаг.
 
Оюутолгойд нэмэлт хайгуул хийх хэрэгтэй гэсэн дүгнэлт гаргасан Д.Гарамжав “Би Эйч Пи Биллитон минералс” компанийн хайгуулын багд багтаж, тэдэнтэй хамтран “Эрдэнэтийн овоо”-ны дайтай зэсийн орд илрүүлэхээр аяны дөрөө мулталсан учраас тэр юм. Ингээд “Би Эйч Пи Биллитон минералс” компани 1997 онд холбогдох газраас Оюутолгойн хайгуулын тусгай зөвшөөрлийг авч, мөн оны дөрөвдүгээр сард эрэл, хайгуулын ажлыг албан ёсоор эхлүүлсэн байдаг. Тус компани Оюутолгойн ордод гурван жил шахуу хайгуул хийсэн ч, толгой компанийнх нь шинэ удирдлагууд орд нээх гэж зардал гаргахын оронд, нээгдсэн орд худалдаж авах нь ашигтай гэж үзсэн байна.
 
Тиймээс ч, 23 цооногийн өрөмдлөгийн үр дүнг Англи, Америк, Канадын гурван компанид танилцуулж, Оюутолгойн тусгай зөвшөөрлийг шилжүүлэхээр завдсан ч, хоёр нь татгалзаж, канадын “Айвенхоу майнз” компани ганцаараа зөвшөөрчээ. Ингээд 2000 оны тавдугаар сарын 5-ны өдөр “Би Эйч Пи Биллитон” компани оюутолгойн ордын хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг “Айвенхоу майнз” компани руу шилжүүлсэн байдаг. Ингэж л, “Айвенхоу майнз” компани монгол улсын өмнийн говьд хөл тавьсан түүхтэй.
 
Тус компани ихээхэн хөрөнгө мөнгө хаяж хайгуул хийсэн ч, эхэндээ дорвитой зүйл огт олоогүй юм. Тиймдээ ч хайгуулын ажлыг зогсоож монголыг орхин гарахад хүрч байж. Гэхдээ эцсийн найдвар болгож 105 дугаар цооногт өрөмдлөг хийхэд, зэсийн өндөр агуулга бүхий хүдэр олсон байна. Улмаар тэрхүү цооногийн ойролцоо дахин хоёр цооног өрөмдөхөд, өндөр агуулга бүхий зэсийн илрэл олжээ.
 
Авралын од болсон энэ гурван цооногийг “АЛТАН ГУРВАЛЖИН” гэж нэрийддэг. Алтан гурвалжинд зэс илрээгүй бол, Айвенхоу майнз компани монголоос хэдийнэ гарч одох байлаа. Азаар алтан гурвалжинд хайсан зүйл нь байсан учраас л, тус компани хайгуулаа үргэлжлүүлж, Оюутолгой нь “Херуга”, “Хюго Даммет”, “Өмнөд Оюу” гэсэн гурван бүлэг ордтой болохыг тогтоосон юм.
 
Алтан гурвалжинг үргэлжлүүлэн судалснаар Оюутолгойн ил уурхай болох “Өмнөд оюуг” нээсэн гэж ярьдаг. Харин “Херуга” болон “Хюго даммет”-ийн далд уурхайг Айвенхоу майнз компанийн хайгуулын талбайгаас гадна, “Антре голд”-ын эзэмшил дэх “Жавхлант” болон “Шивээ толгой”-н талбайгаас илрүүлсэн байдаг.
 
Өөрөөр хэлбэл, Оюутолгойн далд уурхайн хүдэржилтийг зэргэлдээх талбайгаас нь илрүүлж байсан юм. Үүнийг илрүүлэхэд “Айвенхоу майнз” компанийн зүгээс 35 сая долларын хөрөнгө оруулалт хийж, олдсон эрдэсийн 70-80 хувийг эзэмшихээр “Антре голд” компанитай 2004 оны аравдугаар сарын 15-ны өдөр гэрээ байгуулсан байдаг юм.
 
Уул уурхайн яамны тооцоолсноор “жавхлант” болон “шивээ толгой”-н талбайд оюутолгойн нийт зэсийн нөөцийн 18 хувь, алтны нөөцийн 32 хувь, мөнгөний нөөцийн 23 хувь, молибдений нөөцийн 87 хувь байдаг байна.  Херуга нь амар амгалан гэсэн утгатай санскрит гаралтай үг бол, Хюго Дамметын ордыг нээсэн хүнийх нь нэрээр алдаршуулсан юм түүхтэй. Өнөөдөр ил уурхайгаас хүдэр олборлож, баяжуулж, экспортолж байгаа бол, “херуга” далд уурхайн нөөцийг үргэлжлүүлэн судалж байна. Харин “Хюго даммет”-ийн ордын ашиглах барилгын ажил зогсоод дөрвөн сарыг ардаа орхилоо.
 
 
“Айвенхоу майнз” компаниа алдсан нь...
 
Оюутолгойн ил уурхайг манай Эрдэнэт үйлдвэрийнхэн ч эдийн засгийн эргэлтэд оруулж чадна. Харин далд уурхайг дуртай нь эдийн засгийн эргэлтэд оруулах чадамжгүй. Дэлхийд цөөхөн компани л далд уурхайг ашиглаж, олборлох туршлагатай. Рио Тинто зэрэг гарын таван хуруунд багтах компани далд уурхайг ашиглах арвин туршлагатай гэсэн үг. Тиймээс ч, “Айвенхоу майнз”компани 2006 оны аравдугаар сард “Рио Тинто” компанитай стратегийн түншлэлийн гэрээ байгуулж, оюутолгойн барилгын болон ашиглалтыг хариуцах хамтарсан техникийн зөвлөл байгуулсан юм.
 
Энэ цагаас хойш “Айвенхоу майнз” компани өөрийн хувьцааг “Рио Тинто” компанид худалдах замаар Оюутолгойн бүтээн байгуулалтад шаардагдах санхүүжилтийг босгож ирсэн. Ингэж явсаар 2011 оны эцэст, “Рио Тинто” компани “Айвенхоу майнз” компанийн 49 хувийг эзэbшдэг болоод байлаа. “Айвенхоу майнз” компанийн зүгээс ч “Рио Тинто”-д нэмж хувьцаа өгөхгүй гэдгээ илэрхийлж байсан удаатай.
 
Гэвч, өмнө байгуулсан гэрээний дагуу “Рио Тинто” компани “Айвенхоу майнз” дахь эзэмшлээ нэмэгдүүлэх эрхтэй хэмээн үзэж, хоёр тал арбитраар энэ асуудлаа шийдвэрлэхэд хүрсэн.Тиймээс ч, 2012 оны нэгдүгээр сарын 18-ныг хүртэл буюу арбитрийн шийдвэр гартал, “Рио Тинто” компанийг “Айвенхоу майнз” дахь эзэмшлээ нэмэгдүүлэхийг хориглоод байсан. Гэтэл арбитрийн шийдвэр “Рио Тинто”-гийн талд гарч, тус компани “Айвенхоу майнз” дахь эзэмшлээ нэмэгдүүлэх эрхтэй болсон юм.
 
Энэ эрхээ өнгөрсөн оны эхээр хэрэгжүүлж, “Рио Тинто” компани тухайн үед “Айвенхоу майнз” компанийн 15.2 сая ширхэг хувьцааг нэг бүрийг нь 20 канад доллараар нэмж худалдаж авч байлаа. Ийм замаар “Рио Тинто” компани “Айвенхоу майнз” дахь эзэмшлээ 2 хувиар нэмэгдүүлж, 51 хувьд хүргэсэн юм.Харин тус компанийн 14 хувийг “Айвенхоу майнз” компанийг үүсгэн байгуулагч Роберт Фрийдланд, үлдэх хувийг олон нийт эзэмшиж байлаа. Хувьцаа эзэмшигчид дундаас давуу эрхтэй болсон гэдэг утгаараа “Рио Тинто” компани “Айвенхоу майнз” компанийн бүхий л удирдлагыг ээлж дарааллан өөрчилж, өөрийн хүмүүсийг тавьсан юм.
 
Тодруулбал, 2012 оны дөрөвдүгээр сарын 18-нд “Айвенхоу майнз” компанийг үүсгэн байгуулагч Роберт Фрийдланд, төлөөлөн удирдах зөвлөлийн 10 гишүүнтэйгээ хамт ажлаа өгснөө албан ёсоор мэдэгдсэн. Тэдэн дундаас “Айвенхоу майнз” компанийн буурийг сахиж, төлөөлөн удирдах зөвлөлд үлдсэн нь Ливия Малера болон Петра Мередит нар байлаа. Фрийдланд тухайн үед компанийнхаа 14 хувийг эзэмшиж байсан учир, дээрх хоёр эрхэм түүнийг төлөөлөхөөр “Айвенхоу майнз” компанийн төлөөлөн удирдах зөвлөлд үлдсэн хэрэг.
 
Ийнхүү Айвенхоу майнз компанийн захирлуудаас хоёр нь үлдэж, 11 гишүүнийг Рио Тинтогоос томилсон юм. Ингэхдээ шинэ захирлуудыг өнгөрсөн оны тавдугаар сарын 1-нээс эхлэн томилсон. Тухайлбал, “Айвенхоу майнз” төлөөлөн удирдах зөвлөлийн дарга бөгөөд компанийн гүйцэтгэх захирлаар Kей Пристлиг, санхүү хариуцсан захирлаар Крис Батеман нарыг томилсон юм. Гэх мэтчилэн айвенхоу майнз компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн дийлэнх нь Рио Тинтогийн томилогдож байлаа.
 
“Айвенхоу майнз” компани өнгөрсөн онд 260 сая ширхэг хувьцаа нэмж гаргах үед, тус компанийн хувь нийлүүлэгчдэд бага зэрэг өөрчлөлт орсон. Тус компани 2012 оны зургаадугаар сарын 27-ны өдрөөс өмнө хувьцаа эзэмшиж байсан хуулийн этгээд бүрт нэмэлт хувьцаа авах эрх олгосон юм. Энэ хугацаанаас урьтаж Сингапурын төрийн өмчит хөрөнгө оруулалтын сан болох “Темасенк” компани “Айвенхоу майнз” дахь эзэмшлээ 5.5 хувьд хүргэсэн юм.
 
Нэгэнтээ заасан хугацаанаас өмнө хувь эзэмшлээ 5.5 хувьд хүргэсэн учир, ийм хэмжээний нэмэлт хувьцааг 7 доллараар авах эрх “Темасенк” компанид олдсон хэрэг. Ингээд нэмэлт хувьцаа худалдаалах хугацаанд “Темасенк” компани эрхээ хэрэгжүүлж, “Айвенхоу майнз”-ын томоохон хувьцаа эзэмшигчдийн тоонд багтсан юм. Нэмэлт хувьцаанаас “Рио Тинто” компани болон Роберт Фрийдланд авахгүй бол, тэдний айвенхоу майнз дахь эзэмшил буурах нь дамжиггүй байлаа. Тиймээс тэд ч гэсэн эрхээ хэрэгжүүлж, Айвенхоу майнз компани дахь эзэмшлээ хэвээр хадгалж чадсан.
 
Ингэснээр тухайн үед “Айвенхоу майнз” компанийн 51 хувийг “Рио Тинто”, 14 хувийг тус компанийг үүсгэн байгуулагч Роберт Фрийдланд, 5.5 хувийг сингапурын хөрөнгө оруулалтын сан болох “Темасенк”, үлдэх 30 орчим хувийг олон нийт эзэмшдэг болсон юм. Гэвч тун удалгүй энэ бүтцэд дахиад л өөрчлөлт орсон гэхэд болно.
 
Монголчуудын дунд “хорт боб” нэрээр алдаршсан Роберт Фрийдланд “Айвенхоу майнз” дахь эзэмшлээ 5.4 хувиар бууруулж 8.6 хувь болгосон юм. Роберт Фрийдландын эзэмшил 10 хувиас буурсан учир, өөрийн гэх тодотголтой хүмүүсийг өөрийн үүсгэн байгуулсан компанид цаашид ажиллуулах боломжгүй болсон юм. Нэг ёсондоо, Ливия Малера болон Петра Мередит нар захирлуудын зөвлөлд ажиллах хугацаа дуусгавар болж, тэдний халааг залгамжлах хүмүүсийг өнгөрсөн оны наймдугаар сарын 13-ны өдөр “Рио Тинто”-гоос дахиад д томилсон байдаг.
 
Ийнхүү Айвенхоу майнз компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн 13 гишүүнийг цөмийг нь Рио Тинтогийн хүмүүсээр солилоо. Мөн Оюутолгойн төлөөлөн удирдах зөвлөлд ч багагүй өөрчлөлт гарсан юм. Өмнө нь “Оюутолгой” компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн 3 гишүүнийг монголын тал, 3 гишүүнийг “Айвенхоу майнз” компани, 3 гишүүнийг “Рио Тинто” комани томилдог байсан.
 
Тэгвэл, энэ уламжлалд өөрчлөлт орж, “Оюутолгой” компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн 3 гишүүнийг монголын тал томилдгоороо томилж, үлдэх 6 гишүүнийг “Рио Тинто” томилдог болсон юм. Ийнхүү Рио Тинто компани “Айвенхоу майнз” компани дахь эзэмшлээ 51 хувь хүргэснээр, тус компанийн бүх удирдлагуудыг өөрчлөөд зогсохгүй, оюутолгойд өөрийн хүмүүсээ түлхүү тавих бололцоо олдсон юм. Цаашлаад оюутолгойн ордын 66 хувийг эзэмшигч “Айвенхоу майнз” компанийн нэрийг өөрчилж, 2012 оны наймдугаар сарын хоёрны өдрөөс “Туркойз хилл” нэрээр албан ёсоор үйл ажиллагаа явуулж байна.
 
“Айвенхоу майнз” компанийн удирдлагаа бүхэлд нь алдсан, цаашлаад компанийнхаа нэрийг ч алдсан Роберт Фрийдланд зүгээр суусангүй. Тэрбээр, амин хайртай “Айвенхоу майнз” компанийнхаа нэрийг сэргээж, Африкт мандаж явна. Роберт Фрийдланд “Иванплат” компаниа нэрийг энэ оны наймдугаар сарын 28-ны өдөр өөрчилж, амин хайртай “Айвенхоу майнз” гэдэг хайрлажээ. Айвенхоу майнз компани өнөөдөр Габон улсад хэрэгжүүлж буй зэсийн “Камао” төслийн 95 хувь, өмнөд африкт никель, платиниумын “платрееф” төслийн 90 хувь, Лубумбашид орших Кипуши төслийн 68 хувийг эзэмшиж байна.
 
Эдгээр төслүүдэд шаардлагатай санхүүжилтийг босгох үүднээс тус компани өнгөрсөн оны аравдугаар сард Тронтогийн хөрөнгийн биржэд хувьцаа гаргасан юм. Ийнхүү Роберт Фрийдландын нэгэн Айвенхоу майнз компани нэрээ өөрчилж Рио Тинтод өгсөн ч, өөр нэгэн компаниа “Айвенхоу майнз” хэмээн нэрийдэж, африкт мандаж явна. Адил нэртэй болохоор андуурах нэгэн байдаг ч, хуучны Айвенхоу майнз, өнөөгийн Айвенхоу майнз компаниуд тэс өөр гэдгийг онцлох нь зүйтэй болов уу.
 
Үргэлжлэл бий...
Нийтэлсэн: А.Энхтуул

Оюутолгой буюу "Алтан гурвалжин"-гийн нууц   
Үзсэн: 5804 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
180.235.188.xxx [180.235.188.xxx] 2013-12-06 22:34
ЭДИЙН ЗАСГИЙН АЛУУРЧИД
94.212.66.xxx [94.212.66.xxx] 2013-12-06 20:18
eej. HURCH BOLOHGUI YUMS EDLEJ BOLOHGUI ERH GEJ HUMUUNII ZAYAND BAIDAG YUM . TER UHAAD BAIGAA UHUULAAD BAIGAA HUMUUS UDAHGUI CHUTGORTEIGOO TONILNO. YUGAAR TETGEGDEJ YUNAAS UUSEN HUMUUN BIEIIG OLJ TORSON GEJ BODOJ YAVDAG HUNII ORONTSOGUUD VE ??? ENE GAZAR ERDESGUI BOLCHIHVOL YU IDEJ HOOLOJ UNDAALAH YUM BOL? EHNEESEE ZOMBY BOLOOD EHELSEN BAIHAD OILGOJ UHAARAH SOHOO BAIHGUI MALNAAS DOR BOLTLOO YADUURAH GEJ.

Бидэнтэй нэгдээрэй