Шууд Chart

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт: 2016-2018 онд

2018-12-07 13:16:50

Авлигатай тэмцэх газраас сар бүрийн 25-ны өдөр хийдэг хэвлэлийн хурлаа өнөөдөр буюу 12 дугаар сарын 7-ны өдөр болгож хойшлуулсан нь тодорхой шалтгаантай. НҮБ-аас тунхагласан Авлигын эсрэг олон улсын өдөр жил бүрийн арванхоёрдугаар сарын 9-ний өдөр болдог. НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийг соёрхон баталж, нэгдэн орсон дэлхийн улс орнууд авлигын эсрэг олон нийтийн дуу хоолойг сонсох, хүргэх, конвенцид тусгасан үүргүүдийг нийгэмд таниулах ажил хийх ёстой. Энэ өдөртэй уялдуулан хэвлэлийн хурлаа өнөөдөр хийлээ.

Энэ удаагийн хэвлэлийн хурлаар АТҮХ-ийг хэрэгжүүлэх чиглэлээр өнгөрсөн 2 жилд хийсэн үйл ажиллагааны мэдээллийг олон нийтэд өгөв. Хэвлэлийн хуралд Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын албаны дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэн, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатар, Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог, Хэвлэл олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалаг нар оролцсон юм.

Төрийн байгууллага, албан тушаалтан, хувийн хэвшил, иргэний нийгэм, улс төрийн нам, бүлгийг авлигын эрсдлээс урьдчилан сэргийлэх, олон нийтэд шударга ёсны үзэл санааг төлөвшүүлэх, ил тод, нээлттэй, хариуцлагатай нийгмийг хөгжүүлэх Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг Монгол Улсын Их Хурал 2016 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 51 дүгээр тогтоолоороо баталсан. Ингэснээр Монгол Улс 11 зорилт бүхий бодлогын баримт бичигтэй болж, авлигатай тэмцэх үйл ажиллагааг тодорхой стратегийн дагуу 2023 он хүртэл 2 үе шаттай явуулах боломж бүрдсэн. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр хэрэгжсээр 2 жилийн хугацаа өнгөрөөд байна. Энэ хугацаанд Авлигатай тэмцэх газар үндэсний хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлэв гэдэг талаарх мэдээллийг хэд хэдэн чиглэлээр хүргэе.

“Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г боловсруулж батлуулав

Нэн түрүүнд Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх Ажлыг багуудыг байгуулж, хөтөлбөр хэрэгжиж эхлэх үеийн гарааны нөхцөл байдлыг тодорхойлохоор 21 аймагт ажилласан. Үүний үр дүнд авлигын эрсдэл, шалтгаан нөхцөлийг тогтоосон бөгөөд сэдэвчилсэн хэлэлцүүлгүүдийг өрнүүлэн иргэд, олон нийтийн саналыг авч, улмаар “Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г боловсруулж эхэлсэн. Үүний дараа 2017 оны 1 дүгээр сард “Авлигын эсрэг үндэсний чуулган”-ыг зохион байгуулж, чуулганд оролцогчдоос гаргасан санал, дүгнэлт, зөвлөмжийг “Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-ний нэгэн үндэс суурь болгосон.

Засгийн газрын 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 114 дүгээр тогтоолоор “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г баталсан бөгөөд уг төлөвлөгөөнд тусгасан 216 арга хэмжээг хэрэгжүүлэхэд АТГ арга зүйн зөвлөмж өгөх, үйл ажиллагааг нь уялдуулан зохицуулах зэргээр голлох үүргийг гүйцэтгэж байна.

Засгийн газарт Зөвлөмж хүргүүллээ

2017 онд Авлигатай тэмцэх газрын ажлын багууд 21 аймаг, 99 сум, яам, агентлаг, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, нийслэл, дүүргийн 94 байгууллагад ажиллаж, хөтөлбөрийг хэрэгжүүлэх гарааны нөхцөл байдлыг тодорхойллоо.

Авлига, ашиг сонирхлын зөрчилд өртөх эрсдэлийг бууруулах, дотоод хяналт, санхүүгийн сахилга батыг сайжруулах талаар төрийн байгууллагууд дорвитой арга хэмжээ аваагүй, төсөв, санхүү, худалдан авах ажиллагааны нээлттэй байдлыг хангаагүй байна гэсэн дүгнэлтийг Авлигатай тэмцэх газрын ажлын багууд хийжээ. Авлигын түвшинг бууруулах, эрсдэл үүсгэх хүчин зүйлийг арилгах, илэрсэн зөрчил дутагдлуудыг давтан гаргахгүй байх зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайд болон төрийн бүх шатны байгууллагын удирдах албан тушаалтнуудад шалгалтын дүнг танилцуулж, Засгийн газарт Зөвлөмж хүргүүлсэн. Шалгалтын дүнг төрийн байгууллагын удирдах албан тушаалтнуудад танилцуулж, Үндэсний хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлээр арга зүйн зөвлөгөө өгч, шалган туслах ажлыг эрчимжүүлсэн, мөн Засгийн газрын гишүүдэд салбар бүрийн авлигын нөхцөл байдлын талаар тусгайлсан зөвлөмж хүргүүлсэн, илэрсэн зөрчлийг арилгах, давтан гаргахгүй байх, эрсдэлээс хамгаалах чиглэлээр хамтран ажиллаж байна.

“Олон нийтийн төв”-ийг нээн ажиллуулж байна

Нийтийн албан тушаалтан, иргэд, олон нийт, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудад авлигын эсрэг богино хугацааны болон давтан сургалт явуулах, мэдээлэл түгээх, соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулах зорилгоор өдөрт 170 хүнийг хүлээн авах хүчин чадалтай их, бага танхим бүхий “Олон нийтийн төв”-ийг 2017 оны 12 дугаар сарын 8-ны өдрөөс нээн ажиллаж байна.

Энэхүү төвийг нээн ажиллуулснаар НҮБ, Олон улсын авлигын эсрэг академи, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллага болон дотоодын сургалтын байгууллагуудтай хамтран “Нийтийн албаны сургалтын институт” байгуулах суурийг тавиад байна. Цаашид бүс нутгийн болон олон улсын түвшинд үлгэр жишээ үзүүлэхүйц байнгын ажиллагаатай сургалт, соён гэгээрүүлэх ажлын дэд бүтцийг бий болгох эхлэлийг тавилаа.

 


Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт: 2016-2018 онд  
Үзсэн: 1499 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй