АТГ сар бүрийн 25-ны өдөр хийдэг хэвлэлийн хурлаа өнөөдөр буюу 12 дугаар сарын 7-ны өдөр болгож хойшлуулсан. НҮБ-аас тунхагласан Авлигын эсрэг олон улсын өдөр жил бүрийн 12 дугаар сарын 9-ний өдөр болдог. НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийг соёрхон баталж, нэгдэн орсон дэлхийн улс орнууд авлигын эсрэг олон нийтийн дуу хоолойг сонсох, хүргэх, конвенцид тусгасан үүргүүдийг нийгэмд таниулах ажил хийх ёстой. Энэ өдөртэй уялдуулан хэвлэлийн хурлаа өнөөдөр хийлээ.
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр хэрэгжсээр хоёр жилийн хугацаа өнгөрөөд байна. Энэ хугацаанд Авлигатай тэмцэх газар үндэсний хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлсэн талаарх мэдээллийг дээрх хурлаар сэтгүүлчдэд хүргэсэн. Тухайлбал, АТГ Төрийн байгууллагын албан тушаалтны үйл ажиллагаа, албан тушаалтны ёс зүй, төсөв, санхүү, худалдан авалт, нийтийн албан тушаалтны хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын байдалд хяналт тавих, авлигаас урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий Иргэний хяналтын зөвлөлийг яам, агентлаг болон орон нутгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэргэд байгуулан ажиллуулж байна. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар төрийн байгууллагын 41 нэгжид 125 хүн иргэний хяналтыг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Ийн тодорхой салбар, орон нутагтаа ажиллаж амьдарч байгаа, тухайн байгууллагын үйл ажиллагаан дахь зүй бус үйлдлийг мэддэг, асуудлыг өөр өнцгөөс харж чаддаг, түүнийг засаж залруулах чин эрмэлзэлтэй иргэнийг сонгон ажиллуулснаар авлигын эсрэг олон нийтийн боловсрол, мэдлэгийг дээшлүүлэх, төр засгийн үйл ажиллагааны ил тод, хариуцлагатай байдлыг дээшлүүлэх, авлигад өртөмхий салбар, ажил, үйлчилгээг илрүүлэх, мэдээлэл авах эрхээ эдлэхэд дэмжлэг үзүүлэх, иргэний хөндөгдсөн эрх ашгийг хамгаалах, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлд үнэтэй хувь нэмрээ оруулж байна.
Авлигын эрсдэл бүхий 50 шийдвэрийг хүчингүй болгуулав
Авлига гарах шалтгаан нөхцөлийг бүрдүүлсэн, зохиомлоор шат дамжлага, хүнд суртал бий болгосон, ашиг хонжоо олох, давуу байдал үүсгэхүйц гэж үзсэн 88 шийдвэрийг Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс хянан үзэж, бүхэлд нь буюу хэсэгчлэн хүчингүй болгох саналыг холбогдох төрийн байгууллагуудад уламжилжээ. Өнөөдрийн байдлаар авлигын эрсдэл бүхий 50 шийдвэрийг хүчингүй болгож, хууль тогтоомжид нийцүүлж өөрчилсөн талаараа төрийн байгууллагууд хариу мэдэгдээд байна.
Соён гэгээрүүлэх аян
Үндэсний хөтөлбөрт тусгагдсан “Шударга ёсны үзэл санааг төлөвшүүлэн, олон нийтийг соён гэгээрүүлэх үйл ажиллагааг үе шаттай зохион байгуулж, авлигын эсрэг боловсролыг дээшлүүлэх” зорилтын хүрээнд төрийн албан хаагч, залуу хойч үед авлигыг үл тэвчих ёс суртахуун төлөвшүүлэх “Өөр ирээдүй”, бизнес эрхлэгч, хувийн хувшилд чиглэсэн “Авлигын эсрэг нэг үйлдэл” аяныг иргэний нийгэм, төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн оролцоотойгоор зохион байгуулав. Түүнчлэн хүүхэд багачуудад шударга ёсны үзэл санаа төлөвшүүлэхэд зориулсан “Туулайхүүгийн адал явдал” номоос сэдэвлэн жүжигчилсэн сургалт зохион байгуулж 5000 орчим хүүхдийг хамруулаад байна.
Яам, агентлагийн авлигын эрсдэлийг үнэлэв
Төрийн бус байгууллага, судалгааны байгууллагатай хамтран 24 яам, агентлагийн авлигын эрсдэлийн үнэлгээг хийсэн бөгөөд 2019 онд иргэдийн бухимдлыг төрүүлдэг шүүх, эрүүл мэнд болон төрийн өмчит аж ахуйн нэгжүүдэд үнэлгээг хийх төлөвлөн ажлаа эрчимжүүлээд байна. Төрийн байгууллага авлигын эрсдлээ тодорхой аргачлал, арга зүйд тулгуурлан үнэлж, авлига, албан тушаалын гэмт хэргийн нөхцөл байдлыг бодитоор тогтоон үр дүнтэй урьдчилан сэргийлэх арга замаа сонгох боломжтой болсон. Эрсдлийг тодорхойлж, түүнийг бууруулах ажлаа төлөвлөж, хэрэгжүүлэх нь тухай байгууллагад авлигын эсрэг оновчтой бодлого боловсруулах, шийдвэр гаргах боломжийг нэмэгдүүлдэг.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн авлигын талаарх төсөөллийн судалгааг анх удаа, Улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаарх төсөөллийн судалгааг 10 дахь жилдээ хийж, судалгааны дүнг олон нийтэд мэдээлж танилцууллаа.
Нийтийн албанд томилогдох 15 мянган иргэний мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ
Үндэсний хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх хүрээнд Авлигатай тэмцэх газар төрийн захиргааны төв байгууллага болон орон нутаг, тэр дундаа сумдын түвшинд хүрч ажиллах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг газар дээр нь танилцах, үнэлэлт дүгнэлт өгөх ажлыг улсын хэмжээнд өргөн хүрээтэйгээр зохион байгуулж байна. Мөн илэрсэн зөрчлийг газар дээр нь арилгуулж, төрийн албаны томилгооны байдалд дүн шинжилгээ хийж ажиллаж байна.
АТГ сүүлийн 2 жилийн хугацаанд нийтийн албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн 15558 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэсэн бөгөөд 60 гаруй иргэнийг тухайн нэр дэвшсэн албан тушаалд томилоход илт ашиг сонирхлын зөрчил үүсэх тухай хариуг хүргүүлж нийтийн албанд ашиг сонирхлын зөрчилтэй этгээдийг томилуулахаас урьдчилан сэргийлсэн байна.
Тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсэж байгаа гэж АТГ-аас гаргасан дүгнэлтэд ихэвчлэн удирдах албан тушаалтан буюу тушаал, шийдвэр гаргах эрх хэмжээтэй албан тушаалд нэр дэвшсэн этгээдүүд хамрагдсан байх бөгөөд энэ нь албан тушаалтнууд хувийн сонирхолдоо нийцүүлэн албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх, цаашлаад авлигын гэмт хэрэгт өртөх эрсдлийг хязгаарлаж байгаа үйл ажиллагаа болсон.
АТГ иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг шалгахдаа хууль зөрчсөн албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх асуудлыг эн тэргүүнд тавих бус зөрчлийг арилгуулах, зөвлөмж анхааруулга өгөх, зөвлөн туслах чиглэлд анхаарч ажиллаж байна.
Төрийн байгууллагын 41 нэгжид 125 хүн иргэний хяналт хэрэгжүүлж байна | ||
Үзсэн: 1142 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.