Өнөөдөр Сүхбаатарын талбай өнгө өнгөөр солонгорч, нүд булааж сэтгэл баясгам сайхан байлаа. Тэнд үндэстэн ястнууд нэг дор хурсан гайхам арга хэмжээ болсон юм . Монгол нутаг бол хязгааргүй соёл заншлын өлгий, өөр өөрийн онцлог хэв шинж бүхий олон үндэстнүүдийн эх орон билээ. Манай соёлын тод төлөөлөл болсон энэ арга хэмжээ нь таван мянган хүний бие бүрэлдэхүүн бүхий үндэсний биелгээ бүжгийг таниулан сурталчлах үзүүлбэр байв. Монгол орны өнцөг булан бүрийн хорин нэгэн аймгаас биелгээ бүжгийг таниулах арга хэмжээнд оролцохоор гурван настнаас ерэн настан хүртэлх үндэстэн ястнууд зорьж ирсэн нь үнэхээр бахадмаар байлаа. Энэ сайхан арга хэмжээг зохион байгуулагч Ардын язгуур урлагийн “Өгсүүр” чуулгын дарга Ч. Өнөртүвшин ийнхүү ярьж байлаа.
Сур: Сайн байна уу? Сонирхогчийн нүдээр харахад үнэхээр үзүүштэй, бахархууштай арга хэмжээ болж байна. Та энэ арга хэмжээг зохион байгуулж буй зорилгоо бидэнтэй хуваалцахгүй юу?
Ч.Өнөртүвшин: За сайн байна уу, тэгэлгүй яах вэ ийм арга хэмжээ зохион байгуулж байгаа маань зорилготой. Манай ардын урлаг Бие биелгээ маань ЮНЕСКО-ийн соёлын өвд бүртгэлтэй байдаг. Гэхдээ өнөөдөр ЮНЕСКО-ийн сайт руу ороод тэр мэдээллийг харах хүн ховор байдаг. Судалгааны хүмүүс эсвэл үнэхээр зорьж мэдье гэсэн хүмүүс ихэвчлэн ордог. Харин Гиннесийн номны амжилтыг дэлхийн өнцөг булан бүрийн хүмүүс маш сонирхон үздэг өөрөөр хэлбэл Гиннесийн амжилт бол хандалт өндөртэй гэсэн үг. Тийм болохоор дэлхийн бүх хүмүүст Монголынхоо талаар мэдээлэл хүргэхийг зорьсон, бид бие биелгээгээ Гиннест бүртгүүлэхийг зорьж байна. Учир нь бие биелгээг хүн бүр хийж чадахаас гадна биелгээ өөрөө хувцасны соёл, ахуйн соёл,ястны соёл, эрүүл мэндийн соёл, урлагийн соёл гээд таван том соёлыг ганцаараа төлөөлж чаддаг, үүгээр бид ардын урлагийг сурталчилъя, Гиннест бүртгүүлье, Монголыг бусдад сурталчилъя, энэ гайхалтай олон ястныг бусдад харуулъя гэж зорьж байгаа юмаа.
Сур: Энд одоогоор хэдэн ястан ирээд байна?
Ч.Өнөртүвшин: Одоогийн байдлаар энд 18 ястны төлөөлөл ирсэн байна, тэгэхдээ Тува ястан гэхэд нэг хүн, Цаатан ястан гэхэд 2 хүн гэх зэргээр зарим ястнуудаас цөөхөн хүн ирсэн байна. Энд ирсэн өөр өөр ахуйн соёлтой, өөр өөр ястан бүр өөр өөрийн биелгээг гоцлон хийж, өөр өөрийн соёлыг харуулах хэдий ч энэ бүгд нийлээд Морьтой Монгол яаж нэгдэж чаддагийг харуулж байж Гиннест бүртгүүлж байгаа юм л даа. Гиннесийн амжилтанд бүртгүүлэхийн тулд бид өдөр бүр бэлтгэл хийж байгаа өнөөдрийн хувьд бас нэгэн бэлтгэл байлаа.
Сур: Та энэ бие биелгээг Гиннест бүртгүүлэх арга хэмжээний оролцогчдыг хэрхэн олж нэгтгэж чадав аа?
Ч.Өнөртүвшин: Бид Хоёр сарын 15-наас Дөрвөн сарын 15 хүртэлх хугацаанд Монгол улсын хорин нэгэн аймаг, гурван зуун арван найман сум, нийслэлийн бүх сургууль цэцэрлэгүүдэд ардын урлагийн бие биелгээг зааж өгөх үнэ төлбөргүй сургалт явуулсан. Энэ сургалтанд 15378 хүн, хүүхэд хамрагдсан. Өнөөдөр би монголынхоо урлаг соёлыг энэ тооны хүүхэд хүмүүст үнэгүй заагаад энэ соёлоо тэдэндээ, хойч үедээ зааж өгч өвлүүлсэндээ бахдаж байна. Өмнө нь бид ардын урлаг биелгээ гээд арга хэмжээ зохион байгуулахаар цөөн хөгшчүүд ирдэг. Хүмүүс болохоор ардын урлаг гэхээр хөгшчүүдийн урлаг гэж хүлээж авах гээд байх талтай байдаг байсан.
Сур: Одоо энд цугласан биелгээчдийн хичнээн нь хүүхэд байна вэ, ер нь хэдээс хэдэн насны билгээчид байгаа вэ?
Ч.Өнөртүвшин: Өнөөдөр энд цугласан биелгээчдийн 80 хувь нь хүүхэд, нөгөө зааж байсан хүүхдүүдээс маань ингээд хоёр, гурван мянга нь бүүр биелээд сурчихсан, өөртөө биелгээг аваад үлдчихсэн бэлэн болчихсон ийм хүүхдүүд байж байна. Сум бүрээс ирсэн хүүхэд байна гэдэг чинь сум бүрийн үр хойчдоо бид ардын урлагийнхаа биелгээг үлдээж чадлаа гэсэн үг байхгүй юу. Энд хамгийн бага нь 3 настай хүүхэд, хамгийн ахмад нь 90 настай хөгшин байна.
Сур: Гиннест бүртгүүлэх үйл ажиллагаа яг хэзээ болох вэ?
Ч.Өнөртүвшин: Долоон сарын аравны 17 цагт Сүхбаатарын талбай дээр болно.
Сур: Та бүхний зохион байгуулж буй энэ арга хэмжээг бахдахгүй байхын аргагүй байна. Монгол үндэстнийхээ хувьд би ч гэсэн та бүхнийг ийм зүйл зохион байгуулж эх орноороо бусдад гайхуулж байгаад тань маш их баярлаж байна. Танд баярлалаа, цаашдын ажил үйлсэд тань амжилт хүсье.
Ч.Өнөртүвшин: За баярлалаа.
Монгол ардын "Бие биелгээ"-г Гиннесийн амжилтад бүртгүүлнэ | ||
Үзсэн: 7874 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.