Тайландын Паттая хотноо болж буй хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс эмэгтэйчүүдийн 81 кг-д жин өрсөлдөж, хүрэл медаль хүртсэн ОУХМ М.Анхцэцэгийг “Гэрт нь” буландаа урилаа.
“Алдар” спорт хороо, “Yokohama Mongolia” компанийн тамирчин тэрбээр 2017 онд мөн дээрх амжилтыг үзүүлээд байсан билээ.
Энэ удаагийн тэмцээнд огцом өргөлтөөр 110 кг өргөсөн юм.
Ээж болж, спортоос түр хөндийрсөн тэрбээр энэ амжилтаараа их спортдоо эргэн ирснээ бахархалтайгаар харууллаа. ДАШТ-ийг түүний нөхөр, жүжигчин Б.Золжаргал очиж үзжээ.
Тэрбээр амаржсанаасаа хойш гурван сарын дараа буюу 2019 оны гуравдугаар сараас бэлтгэлээ хийж эхэлсэн юм. Улмаар 2019 оны дөрөвдүгээр сарын сүүлээр болсон хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний 81 кг-д огцом өргөлтөөр 93 кг, түлхэлттэй өргөлтөөр 113 кг өргөж, огцом ба түлхэлттэй өргөлтөөр тус бүр хүрэл медаль, нийлбэр дүнгээр 206 кг-аар мөнгөн медаль (Хоёр хүрэл, нэг мөнгө , нийт гурван медаль) хүртсэн билээ.
Түүний амжилтыг тоочвол.
2014 он: Өсвөрийн ААШТ, Мөнгөн медаль
2014 он: Залуучуудын ААШТ, Хүрэл медаль
2015 он: Дэлхийн цом, Хүрэл медаль
2016 он: Залуучуудын ДАШТ, Монгол Улсын анхны Алтан медаль
2016 он: Насанд хүрэгчдийн ААШТ, Монгол Улсын анхны Алтан медаль
2016 он: Залуучуудын ААШТ, Алтан медаль
2016 он: Оюутны ДАШТ, Монгол Улсын анхны Алтан медаль
2017 он: Залуучуудын ААШТ, Алтан медаль
2017 он: Азийн тулааны спорт болон заалны спортын наадам, Алтан медаль
2017 он: Насанд хүрэгчдийн ДАШТ, Монгол Улсын анхны Хүрэл медаль
2019 он: Насанд хүрэгчдийн ААШТ, Мөнгөн медаль
2019 он: Насанд хүрэгчдийн ДАШТ, Хүрэл медаль
Тэрбээр алдарт Эйфелийн цамхаг болон зааны сувенир цуглуулдаг. Ихэнхийг нь зочилсон улсуудынхаа дэлгүүрээс дурсгал болгож худалдан авчээ.
М.Анхцэцэг 10 настайгаасаа энэхүү спортоор хичээллэсэн юм билээ. Тийм жаахан охин “Төмөр өргөнө” гэхэд нь анхны багш Цэрэнням “Чи энэ спортоор хичээллэвэл тохирно” гэж улам урам нэмжээ. Тэрбээр тухайн үед 10 кг-ын штанг өргөж чадсандаа ихэд баярласан гэдэг. Ийнхүү сонгосон спортоо аав, ээждээ хэлэхэд огт зөвшөөрөөгүй гэсэн. Өдөр болгон л “Чи тэр хүнд спортоо орхи” гэж хэлж байсан аж. Гэвч тэрбээр мөрөөдлөө орхихыг хүсээгүй учир нууцаар бэлтгэл хийдэг байжээ. Өнөөдөр түүний аав “Эхнэр бид хоёр ууган охиноо энэ спортоор хичээллүүлэх тун дургүй байсан. Ер нь аав, ээжүүд охин хүүхдээ үзэсгэлэнтэй, мисс болгохыг мөрөөддөг шүү дээ. Гэтэл энэ нөхөр “Төмөр өргөнө” гээд байхаар нь чадлаараа хориглосон боловч дийлээгүй. Харин одоо эргээд бодоход охин маань буруу “юм руу” зүтгээд байгаагүй юм байна. Уг нь би Анхааг хөнгөний ангид оруулах гэж байсан юм л даа. Гэтэл өөрөө энэ спортыг сонгосон” хэмээн хуучилж сууна.
“Ази тивийн аварга боллоо гэхэд нь та нар хэрхэн хүлээж авсан бэ гэхэд “Өмнө нь бараг догдлоогүйгээрээ хөөрсөн. Охин маань зөвхөн биднийг биш, Монголчуудаа тэгж догдлуулсан байх. Би ээж, дүү нартай нь тэмцээнийх нь дүнг интернэтээр харж суусан юм. Бас болоогүй ээ, эд нарыгаа тойруулж суулгахдаа бүгдэд нь Анхаагийн цамцыг бариулаад захыг нь мушгиулсан. Түрүүллээ гэж зарлахад дүү нар нь хашгиралдаж гүйлдээд л бөөн юм болсон. Хамар хашааны айлын хүмүүс ч бидэнд баяр хүргэхдээ “Манай гудамж Азийн аварга цолтонтой хамт амьдарч байсан юм байна шүү дээ” гэсэн. Тэгэхэд нь миний нүдэнд нулимс цийлэгнээд үг хэлье гэж бодсон ч дуу гараагүй” гэлээ. Түүнчлэн “Ер нь залуу хүнд боловсрол хэрэгтэй. Одоогоор зорьсон зорилгодоо хүрэг. Дараа нь боловсролд нь анхаарна аа” гээд аав хүний холч ухаандаа бодож явснаа нуугаагүй юм.
Бага дүү М.Эрдэнэбат нь сургуулийнхаа тооны аварга шалгаруулах тэмцээнээс болон “Тэмүка” өндгөн шоколадны доторх эвлүүлдэг тоглоомыг хэн хурдан эвлүүлэх вэ уралдаанд оролцож түрүүлээд алтан медаль хүртсэн гэсэн.
М.Анхцэцэгийн хоёр дахь багшийг Т.Чулуунпүрэв гэдэг. 2008 оны наймдугаар сард энэ хүнтэй багш, шавийн барилдлагатай болсон бол дараа нь нэгэн цагт Монголын хүндийн өргөлтийн холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан, олимпийн наадмыг шүүх эрхийг хүртэл гардсан Б.Гансүх агсны удирдлага дор бэлтгэл хийж байсан бол хүндийн өргөлтийн шигшээ багийн дасгалжуулагч Г.Энэбишийн шавь болж, өдгөө Ц.Хосбаярын удирдлагад хичээллэж, зургаа дахь жилийнхээ нүүрийг үзэж байна.
М.Анхцэцэгээс “Ялангуяа эмэгтэй хүн байж яагаад энэ их хүнд спортоор хичээллэх гэж дурласныг нь лавлахад “Хүн бүрийн харах өнцөг өөр шүү дээ. Жишээ нь, аль нэг цэцэг надад таалагдлаа ч магадгүй танд тийм ч сайхан харагдахгүй байж болно. Үүнтэй адил энэ спорт надад яагаад ч юм сайхан санагдсан. Юугаа ч мэдэхгүй жаахан хүүхэд байхдаа би зүрх сэтгэлээ дагаад л орсон. Тэр цагаас хойш би 11 дэх жилтэйгээ золгож байна. Хүндийн өргөлт хамгийн хүнд спортын нэгд зүй ёсоор ордог. Нэрийг нь хүртэл “Хүнд” гэж өгсөн байгаа биз дээ. Энэ хугацаанд би шантарсан ч зорилгодоо хүрч байж л сална гэж бодоод зүтгэсэн. “Шантрах байсан юм бол яах гэж эхэлснээ сана” гэх үгийг би байнга бодож, өөрийгөө хурцалдаг. Эмэгтэй хүнд энэ спорт хүнд ч би зорилгодоо хүртлээ ухрахгүй ээ. Тэр зорилгын маань эхнийх нь олимпийн аварга болох” гээд өөртөө итгэлтэйгээр хэлэх нь ирэх олимпийн наадам сэтгэлд нь багтаж байгааг илтгэх мэт.
М.Анхцэцэг эзэн хааны нэрэмжит цомын тэмцээнд 2011 онд оролцохдоо үүнийг хүртжээ. Цаана нь ч нэлээн хэдэн цом харагдсан.
Танай гэр бүлд спортоор хичээллэдэг хүн байдаг уу гэж асуухад “Байхгүй ээ. Хүндийн өргөлтөөр хичээллэж эхэлснийхээ нэлээн сүүлд өвөөгийнхөө төрсөн эгчийн гэр бүлийн хүнийг 1972 оны Мюнхений олимпийн наадамд хүндийн өргөлтийн төрлөөр оролцож, 17 дугаар байр эзэлж байсныг сонссон. Тэр хүнийг С.Доржханд гэдэг. Хүмүүс андахгүй дээ. Монголын домогт тамирчдын нэг. Гэхдээ энэ хүн надтай цусан төрлийн холбоотой биш болохоор удамшсан гэж байгаа юм биш. Танд сонин болгож л хэлж байгаа юм” гэв.
Түүний бэлтгэл долоо хоногт хэрхэн үргэлжилдэг талаар сонирхоход “Ням гарагаас бусад өдөр бэлтгэлтэй байдаг. Зарим үед нэг өдөр хоёр ч удаа бэлтгэл хийх тохиолдол бий” гэсэн юм. Тэр ярианыхаа дунд “Манай спортыг сайн ойлгодоггүй хүмүүс хааяа надаас инээдтэй юм асуудаг. Жишээ нь, “Намайг нэг өргө дөө” гэдэг. Үүнийг би олон хүний амнаас сонссон. Мөн “Та нар бэлтгэл хийж байна гээд нөгөө төмрөө өргөөд л байх уу. Усанд явж байхад таарвал “Чи усыг аймар ихээр нь авдаг байх даа” гэх мэтээр ярьдаг. Намайг чадалтай байх гэж боддог болохоороо тэд ингэж асуудаг байх. Уг нь манай спорт чинь хүч чадлаас илүү техник, хурд чухал. Бөхийн спорт өрсөлдөгч хүнтэйгээ ажилладаг бол манайх амьгүй биетийг амьтай мэт төсөөлж, өргөдөг. Тиймээс өөрөө өөрийгөө ялан дийлэх ёстой” гэлээ.
Түүний дүү нь ч гэсэн хүндийн өргөлтөөр хичээллэдэг. Харин Анхаа дасгалжуулдаг.
Тэмцээнд оролцож байхдаа штангаа хараад “Ямар хүнд харагдаж байна аа” гээд сүрдэж байв уу гэхэд “Тийм юм байна шүү дээ. Штангны захилгыг багш өгдөг юм. Бэлтгэлийн үеэр 100 кг-ыг өргөдөг байсан миний амжилтыг багш ахиулахын тулд 2-3 кг нэмчихвэл нэлээн хүнд болсон юм шиг харагддаг. Энгийн хүмүүс 2-3 кг бараг ялгаагүй юм шиг санадаг бол бидэнд нэг кг хүртэл асар их ялгаатай. Гэхдээ бид яг өргөх үедээ айж болохгүй. “Айж байгаа бол штанганд битгий ор” гэсэн үг ч бий. Хэрвээ айх юм бол биеэ барьдаг. Тэгэхээр булчин чангарч, өргөж чадахгүй болно. Магадгүй бэртэл авч ч болзошгүй шүү дээ. Энэ спортоор хичээллэгсэд байнга штанг өргөдөг болохоор ямар нэгэн уут, цүнхтэй зүйлийг өргөж үзээд л хэдэн кг байгааг нь багцаалддаг. Энэ нь мэргэжлийн онцлог гэх үү дээ” гэв.
Хүндийн өргөлтийн спортоор хичээллэвэл зардал өндөртэй юу гэхэд “Өндөр, өндөр. Ер нь ямар ч спортын төрлөөр хичээллэхэд зардал их гардаг шүү дээ. Бид нэг өдөр бэлтгэл хийхдээ нийлбэр дүнгээр 10-12 тонн штанг өргөсөн байдаг. Тэгэхээр маш их хэмжээний хүч зарцуулсан гэсэн үг. Тиймээс бид үүнийг уургаар нөхдөг ч 100 хувь эргүүлж авахгүй. Гэхдээ аль болох нөхөхийг хичээдэг. Химийн аргаар ингэж нөхөхгүй бол тэмцээний үеэр цуцах тохиолдол их байдаг. Хэрэглэлийн хувьд ярихад “Addidas, Nike”-ийн оригналь кет 200, трико 400 гаруй, бугуйны боолт 50, өвдгөвч хосоороо 100, штанг зургаагаас 10 мянган ам.доллар байдаг” гэв.
Түүний хэтийн зорилго өөрийн гэсэн клубтай болох юм билээ. Тамирчны замнал залуу насанд л өнгөрдөг болохоор хэзээ нэгэн цагт зодог тайлахаараа энэхүү мөрөөдлөө биелүүлэхээр хичээнэ гэсэн шүү. Мөн дунд сургуульд байхдаа яруу найраг сонирхдог байснаа хэлсэн.
Түүнээс спортын буянаар хэдэн оронд очсоныг нь асуухад “Арваад оронд очсон. Хүмүүс АНУ-ыг мөрөөдлийн орон гэдэг ч надад таалагдаагүй. Харин Казахстан гоё санагдсан” гэв.
Түүний аавыг Ч.Мөнхжанцан гэдэг. Зэвсэгт хүчний 189 дүгээр ангид инженерээр ажилладаг, дэд хурандаа цолтой бол ээжийг нь Д.Мөнхчимэг гэдэг юм билээ. 013 дүгээр ангид станцын даргаар ажилладаг, ахлах ахлагч цолтой. Хоёр эмэгтэй дүүг нь М.Номин-Эрдэнэ, М.Оюун-Эрдэнэ гэх бөгөөд “Намайг дуурайгаад хүндийн өргөлтөөр хичээллэдэг болсон. Спортын дунд сугуульд сурдаг. Отгон дүү М.Эрдэнэбат одоо 12 настай. Хан-Уул дүүргийн ЕБ-ийн 114 дүгээр сургуульд сурдаг” хэмээн танилцуулав.
Дэлхийн хошой хүрэл медальт М.Анхцэцэгийнд зочиллоо | ||
Үзсэн: 10842 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.