Шууд Chart

Төрийн соёрхолт, ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн:Миний ханийн ханшийг төлөөд авч чадах ганц зүйл нь үхэл

2013-07-15 14:07:53

Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвсүрэн. Торго шиг зөөлхөн хэрнээ сэлэм шиг хатуу иртэй үгтэй найрагчтай хувийн амьдралынх нь талаар хөөрөлдсөн юм.

-Айл бүрт л өөрийн гэсэн дэг ёс байдаг. Харин танайд  ямар ёс үйлчилдэг вэ. Бурхан шүтээн, идэх өмсөхөөс эхлээд. Их л өвөрмөц дэгтэй айл гэж сонссон?

-Монголын ихэнх том уран бүтээлчид, дандаа хувилгаадын хойд дүр болчихлоо шүү дээ. Надад тийм удам угсаа байхгүй. Харин аав ээжээс минь үлдсэн ногоон дарь эх бурхан бий. Зурмал бурхан. Надад сайхан санагдсан өнгөтэй өөдтэйгийнхөө дээжийг бурхандаа эхэлж тавьчих санаатай. Бурхнаасаа өмнө юм булааж идэж сураагүй. Арван тавны тэргэл саранд Янжинлхамын тарни уншчихдаг, хүүхдээ өвдөхөд Очирваанийн тарни хэлчихнэ.

Эрхи зүүж дөвчигнөөд Гандан зүглээд байдаггүй. Энэ сайн өдөр энэ муу өдөр ч гэж мэддэггүй. Хийх л юмаа дуртай өдрөө хийдэг. Явах юмандаа дуртай өдрөө л явдаг хүн. Би өөрөө их гажууд зөрүүд, зожиг хүн учраас хүүхдүүд минь бас тийм зантай.  Миний хүүхдүүд дэг журамгүй юм шиг мөртлөө сэтгэлийн дотоод их дэгтэй. Өөрөөр хэлбэл язгуур нь их дэгтэй. Их сэжигч. Өрөөлд биш өөрсдөдөө таалагдсан хоол ундаа л иддэг.

Сайхан өөхтэй бүхэл махыг эмнэлэгт хэвтэж байхдаа ч иднэ. Хоёр гурван сар болоод заавал нэг борц идчих санаатай. Сайхан хоол жаахан идчих бодолтой. Их идэж чаддаггүй юм. Олон хүүхэдтэй хүн мах их идэж чаддаггүй юм. Тойрч суучихаад нүд болгон нь нэхдэг учраас. Тэгэхээр нөгөөдүүлдээ огтолж өгсөөр байгаад хамгийн сүүлд ясыг нь би мөлждөг.  Мах ясандаа ойртохоор амттай гэж үнэн юм билээ. Яс мөлжих их сайхан, зугаатай. Хүүхдүүд ч их сайн мөлждөг болсон. Тэд маань багаасаа л өөхтэй мах идэж өссөн. Манайд өөхөнд дургүй хүн нэг ч байхгүй, ач нар ч гэсэн. Хоцрогдсон зантай гэх юм уу даа. Хань минь бас дуурайгаад хүүхдээ тосолсон ч baby oil авч  түрхэхгүй. Ийм зантай болчихсон улс чинь энэ маягаараа л амьдрахаас. Би гэртээ аягандаа цай хийж ууж үзээгүй. Эжийгээ амьд байхад би аягандаа цай хийж уудаггүй байсан. Бурхан болсноос нь хойш хааяа өөрөө хийх үе байсаан. Тэгээд хань минь залгаж аваад өдий хүрсэн хүн дээ.

-Үнэмшмээргүй юм. Тэгвэл та ч ёстой бурхан шиг ханьтай юм байна даа?


-Бид хоёрын аль нь бурхан, аль нь чөтгөр юм одоо болтол ойлгоогүй байгаа ш дээ. Бурхад гэдэг мань мэтийн юманд оршдоггүй байх. Бурхан хүнтэй ханилдаггүй юм. Ямар ч юманд хал балгүй нэг мөрөөрөө хүн заяачихсан юм уу даа гэж боддог юм. Халуун залуу насны, сайн хүн үү муу хүн үү гэж шиншиж чаддаггүй насандаа авчихсан болохоор энэ бол миний бурхнаас өгсөн алдаа оноо хоёрын нэг. Эжий ааваасаа эрт саллаа. Бүх эзгүй орон зайгаа тэр хүнээр нөхөж өөрийгөө хэд дахин хуваалаа. Миний аугаа их хүн тариалангийн талбай. Миний ээж аавыг орлосон сэтгэлийн орон зай, агаар бол миний хань.

Одоо хайртай дуртай гэж хэлвэл үнэмшил муутай юмаа даа. Хань минь надад их үнэтэй байдаг. Хоног ирэх тутам үнэ нь өсдөгт би гайхдаг. Зах зээлийн үед ямагт сэтгэлд минь үнэ хадаж байдаг ганц зүйл хань минь л байна. Үрж заралгүй, хэнд ч өгөлгүй өдий жил болчихсон юм. Миний ханийн ханшийг төлөөд авч чадах ганц юм нь үхэл л байх. Бусад нь бол дийлэхгүй. Ер нь яруу найрагчийн хажууд байгаа хүн яруу сайхан тодотголтой үгэнд дургүй болдог юм ш дээ. Би гайхдаг юм. Шүлгийн мөр бичсэнийг уншаад, хүүхдийнхээ зурсныг хараад хэлж байхыг нь сонсоод.

Дагаад мэдрэмжтэй болчихсон юм шиг. Залуудаа олон жил зургаар л хүүхдүүдээ тэжээж явсан болохоор мэднэ л дээ. Мэдэрч байх шиг болдог юм. Гэхдээ шууд шүүмжлээд ийм тийм байна гэж хэлэхгүй л дээ. Би ч энэ амьдралыг авч явбал ийм болно ч гэж хэлж үзээгүй хүн. Ерөөсөө л нэг жудагтай хүн дээ.  Тэгсэн мөртлөө нялуун, тодотголтой худлаа юманд дургүй. Би өөрийн үнэн гэж үзсэн юмаа ясанд нь тулгаж ярих дуртай хүн байхгүй юу. Миний бүтээл ч тийм. Тэгээд дуурайгаад ч тийм болчихдог юм уу. Нэг ханиад олоод ирэхэд дундаа дамжилсан юм чинь хоёулаа л ханиадаг, нусаа гоожуулдаг байсан. Өвчнөө хүртэл хуваачихсан юм чинь бодох санахаа хуваачихсан байж болно оо доо.

-Таныг аягатай цайныхаа төлөө босох ч үгүй байхад уурладаггүй гэж үү?

-Би тэр гэрт буудалд сууж байгаа хоноц шиг л байдаг. Оймсоо ч угааж үзээгүй. Хэзээ ч хүүхдийн даавуу угааж байгаагүй. Эхийн нь ажил гэж бодсоор өдий хүрсэн. Нас ахихаар доошоо тонгойход ч хэцүү болчих юм. Өглөө босохоор ач нар гүйж ирээд л оймс өмсгөчихдөг. Ийм л шавар шиг юм боллоо. Уг нь хөдөлгөөн хэрэгтэй гэдэг юм билээ. Хэрэндээ л хөдөлдөг юм. Бээцийчихээд би явахдаа их муу шүү дээ. Өөрөө ч хэлбэр муутай хүн явахаасаа ичдэг юм. Суухад зориулагдсан хүн шиг голдуу л сууж байх юм даа. Өөрийгөө бусдыг боолчилж жаргаж байгаа хүн л гэж боддог.

-Хүүхдүүддээ их өвөрмөц нэр өгдөг нь найрагч хүний зан уу?

-Насаар нь хүнд хашхичуулах нэрийг чинь бодож өгөх ёстой л доо. Зарим нэрийг нь би хээнцэрдүүлсэн. Эхнийхээ хүүхдэд Равжаа гэж нэр өгөөд дараа нь Равжаагийн зохиол Саранхөхөө гэж нэр өгөөд эхэлчихсэн юм. Равжаа гэдэгт их автаж байсандаа болоод эрэгтэй хүүхдэд Саранхөхөө гэж нэр өгсөн. Гэхдээ би энэ алдаагаа дараачийн хүүхдүүддээ засаад ганцхан үетэй нэр болгосон. Ач нартаа ёстой тархиа шахаж байж нэр өгч байгаа. Ач зээгээ үзэхээр хүн ер нь их нарийвчлалд ордог юм байна шүү. Хүүхдүүддээ хандаж байсан маань жаахан саландуу ч юм шиг. Амьд байх гэж тэмцээд байгаа нь тэдний төлөө юм шиг. Магадгүй зарим тохиолдолд ачаа эцэг эхээс нь өмөөрөх, ер нь тэднийгээ эвдэж хүмүүжүүлэх янзтай.

-Таны өрөөнд орж ирэх бүрдээ би боддог юм. Өмнүүрээ өрсөн энэ их ном цаасан дундаас эрлээ олдог болов уу гэж?

-Дажгүй олно шүү. Тэр талаараа бол ойтой. Өглөө босоод ханийгаа байхгүй бол оймс тэлээгээ ч олохгүй тиймхэн амьтан ч энэ новш дотроо хэзээ хүний утас,  шүлгийн мөр тэмдэглээд хийснээ чоно шиг олно. Мах барьсан чоно шиг.

-Чоно гэснээс ан авд хэр вэ. Ан, авгай, архи гурвын аль нэгийг сонирхдоггүй эр хүн байдаггүй юм гэнэ лээ. Архинд муу гэдгийг тань мэддэг болохоор нөгөө хоёрыг нь асууж байна л даа?

-Бага байхад нүүдэл хийхэд баахан оготно ширдгэн дороос энэ тэр гардаг л юм. Заримыг нь гишгэчихэж байсан удаа бий. Түүнээс зориуд хөөцөлдөөд олж байснаа санахгүй байна. Би ганц хоёр хундага татаж үзсэн ш дээ. Нүүр ам улайгаад хачин болдог юм билээ. Хүүхдүүд ч гэсэн хааяа пиво уучихсан байгаа нь улайчихсан л харагддаг юм. Удамшдаг юм байна л гэж бодсон.

-Нэг зүйл нь үлдчихлээ?

-Эрх биш энэ ч аятайхан хүүхэн юм уу даа гэж харж байсан байлгүй. Гэсэн ч хөөцөлдөж байсан нь бага. Би нэг муухай ааштай хүн шүү дээ. Найран дээр ороод суусан ч эр ч бай эм ч бай хүнд муухай үг хэлчихдэг. Хүүхнүүд тойроод сууж байхад нарийн бичиг хүүхнийг “Чи даргын хонины морь байна шүү дээ” гэж хэлээд дургүйг нь хүргэчих жишээтэй. Тэгэхээр намайг хэн тоож харахав. Гэхдээ хайрын тухай шүлгийг бодож бичиж болдог ш дээ. Заавал хийж байж бичих албагүй. Би нууц амрагийн тухай шүлэг бичсэн ш дээ. Тэгээд уралдаанд түрүүлж байсан.
Буруу юу зөв үү гэж асуухад
Бурхан хүртэл дуугардаггүй хачин хайр гэж.

-Таны шүдэнзний цуглуулга нээрээ хэд хүрсэн бэ. Өөр юунд сэтгэлээ өгдөг вэ?

-Нэг ч зураагүй шүдэнз цуглуулдаг. Одоо ч цуглуулдаг. Миний найзууд гадагшаа дотогшоо яваад ирэхээрээ шүдэнз л бэлэглэдэг. Тоолж үзээгүй. Сав цүнхэнд хийгээд л тавьчихдаг юм. Хааяа бүгдийг нь үзэж үзэж өрөөд хийдэг. Тэгэхэд нэг их амарчихсан юм шиг л болдог юм. Гэрт ч ажил дээр ч би их номтой л доо. Гэхдээ үүнээсээ ичдэг юм.

-Яагаад?

-Уншаагүй, хиртүүлээгүй ном үлдчих вэ гэхээс айдаг. Энэ улсууд хичнээн хасаг тэрэг ном уншсан л гэх юм. Хасаг тэрэг нь ч юу юм. Хормой ном уншчихаад үхвэл болоо.

-Нас ахиад, дурсамжаа бичээд эхлэхээр амьдралын өнгө, баяр гунигийн тухай их бодно биз?

-Зовлонгийн тооцоо албан байгууллагын эсвэл малын тооллого шиг гарахгүй. Нэг л өдөр гэхэд нүдний хар цагаан шиг алаглаад л амьдрал ерөөсөө алаг юм даа. Үүн дотроос түүж аваад байхгүй юм. Том том хагацал гуниг зэргийг яаж мартахав. Гэхдээ  ясаа хугалсан юм шиг дахин өвдөхгүйсэн гэж бага боддог.

-Эм хүн бүр сайхан явснаа эр хүн бүр чадалтай байснаа дурсдаг гэдэг. Таны тухайд?

-Ямар ч байсан залуу цагт авгайтайгаа нэг бүжгэнд ороход шохоорхсон эрчүүдийн дундаас бүтэн аваад л гарчихдаг эр хүн явлаа. Сүрхий шартай, бокс тоглочихдог, ер нь 40 хүртлээ бүх юмыг гараар шийдэж байсан шүү. Гэхдээ бусдаас арай ухаалаг ханддаг байсан байхаа.  Тавьж болдоггүй зан юм. Гэсэн ч би хүүхдүүдийнхээ алинд ч гар хүрч үзээгүй. Өрөөлийг өвдөнө гэж мэдэхгүй өөрийгөө өвдөнө гэж мэддэг хүн чинь сайн хүн биш л байж таараа. Би Дэнжийн мянгад өссөн юм ш дээ. Тэндхийн улс бол намайг мэднэ дээ. Хүнээр цус гаргуулалгүй өссөн шүү. Түүнийгээ бахархаад ч байгаа юм биш. Одоо ч гэсэн урдаас ирсэнтэй нь бол гар зөрүүлчихнэ ээ. Тэгээд ч шөнө явахаасаа айдаггүй. Харин ардаа нүдгүй учраас араас ирсэн гайг бол мэдэхгүй.

-Бүхнийг нударгаар шийддэг байсан юм бол эхнэртээ ч гэсэн...?

-Үгүй. Би нэг л удаа алгадаж байсан юм байна. Хаана нь зодох билээ дээ. Ер нь эр хүн дийлдэг юмаа зодох муухай байдаг юм ш дээ. Болж өгвөл өөрөөсөө арай ахиухан юм зодож байж томордог байхгүй юу. Гэтэл одоо чинь аль дорой, аль самгардаж яваа нэгэндээ нэрмээс болж аль баян дориун яваа дээрээ юм нэмж овоолоод л бялдууч  дулдуйн ертөнц болчихож. Тэгмээргүй ш дээ. Эр хүн бол өөрөөсөө илүү юм дийлж байж юм дийллээ гэж ойлгодог байх хэрэгтэй.

-Би таныг аав хүнийхээ хувьд одоогийн залууст “Аав нь хүүгээ согтуу явахыг үзлээ” гээд орой бүр уншиж өгч байгаасай, болж өгвөл “Үлгэрийн цаг” шиг цагтай байгаасай гэж боддог юм. Энэ шүлэг яаж төрсөн юм бэ?

-Миний том хүү дөрөв, бага нь 3-р ангид байсан юм. Манай хажууд Самандынх гэж морин тэрэг хөтөлдөг айл байлаа. Их сайхан айл. Тэднийх баяр ёслолоор хар чавгаар барашик исгэдэг байхгүй юу. Нөгөө хогнууд чинь шилний ёроолд үлдсэн чавгыг идсэн байгаа юм. Тэр хавийн хүүхэд болгон час улаан болчихсон согтуу, Михайлковын согтуу азарган тахианы үлгэр шиг л юм болсон байхгүй юу. Манай хоёр хөөстэй юмаар бөөлжөөд л. Тэгээд л бичсэн юм. Жаахан балгаж байсан миний зураач хүү бий л дээ. Одоо амсахаа ч больсон. Тэр хүүд минь “Чиний шүлэг” гэж найз нар нь хэлдэг гэсэн.  Хүмүүс заавал л үзсэн юмаа бичдэг шиг ойлгодог. Бодсон юмаа бичих эрх бидэнд байдаг байхгүй юу. Главлет гэж хэвлэл утга зохиол хянах мундаг газар байлаа. Тэнд хэвлүүлэхээр өгтөл хар Жавзмаа гэж авгай намайг дуудаад  “Алтан ургийн багана ганхаж байх шиг уйтай” гэж үндэсний үзэл ханхлуулсан шүлэг байна гээд буцааж байсан.

-Эр хүний тухай ярилаа. Эм нь ер нь ямар байх ёстой вэ, таны бодлоор?


-Бүсгүй амьтан гэдгээ эхлээд ойлгодог баймаар байна. Эндээсээ ертөнцийг үүсгэгч гэсэн том ойлголт хүртэлхийг бодож чаддаг байх хэрэгтэй. Аар саархан юмыг мартахгүй хадгалахаасаа цэрвэдэг өөрөөр хэлбэл төрдөг шигээ сэтгэлийн хогоо гаргаж хаяж чаддаг тэнхэлтэй байх хэрэгтэй. Тэртэй тэргүй зөөлөн заяачихсан юм чинь бас зарим зүйл дээр гүдэсхэн байхыг хичээх хэрэгтэй гэж би боддог. Алдаа хайрын алинаар нь ч олсон үр бай аборт хийлгэдэгүй байгаасай гэж боддог. Одоо би дэмий юм ярих гэж байна ш дээ. Гоо сайхан болох гэж эжий ааваас төрсөн энэ цогцсонд мэс хүргэдэггүй байгаасай гэж бас боддог. Хүнийг эжий аав бүрэлдүүлж, төрхийг нь бурхан зурдаг юм гэнэ лээ. Би үүнийг гэмт хэрэг, бурханы дэгийг эвдэж нүгэл үйлдэж байна гэж боддог.

Гоо сайхны эмч нарын уур нь хүрнэ л дээ. Арга буюу аваар осолд орсон бол яая гэхэв. Аясаараа байж байгаад гоодохын өвчин тусах нь миний насаараа үзэн яддаг юмны нэг. Эмэгтэй хүнд зөөлхөн нь, ухаалаг нь, юмны арга эвийг олох дүй нь заяасан улс учраас бас хааяадаа түс тас байх хэрэгтэй. Хатууг нь бурхан дутуу өгчихсөн юм уу даа гэж боддог. Монгол цусаа өмөөрч биеэ хатуу авч яваасай л гэж хэлэх гээд байгаа байхгүй юу. “Гэгээн тамлан”  жүжгийн гүнж эцгийгээ алчихаад “Монгол цусны төлөө таныг хөнөөлөө шүү” гэж хэлдэг юм. Эцэг нь охиноо танилгүй хатнаа болгочихсон жүжиг л дээ.

Монгол цусны хил хязгаар яах аргагүй эх хүний сэтгэлийн тэвчээр, умайн ирмэг хоёр дээгүүр байдаг байх шүү. Гэхдээ орчлонд нэг сайхан юм байх юм. Өглөө сэрэхдээ амьд байна гэдэгтээ би их баярладаг. Хүн өлөн элгээрээ босохоосоо гадна өлөн нүдтэй сэрдэг байхгүй юу. Өчигдрийн юмаа нойрондоо арччихсан байдаг. Тийм учраас сайхныг харахсан, эгшиглэнтэй сайхан зүйл сонсохсон гэж өлөн сэрдэг юм. Хүний сэтгэл, нүд, чих гээд ард түмнийхээ таван мэдрэхүйн өлөнг монгол орон минь өдөр болгон гэгээн сэрлээр сэрээж байгаасай гэж бодох юм даа.

Нийтэлсэн: Ө.Төгс-Оюун

Төрийн соёрхолт, ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн:Миний ханийн ханшийг төлөөд авч чадах ганц зүйл нь үхэл  
Үзсэн: 10703 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.21.117.xxx] 2016-08-31 16:28
таны шүтэн бишрэгч би таны дуу шүлгэнд маш их дуртай та минь урт насалж биднийгээ баярлуулж яваарай

Бидэнтэй нэгдээрэй