Шууд Chart

Б.Лхагвасүрэн: Одоогийн залуучууд үг даахгүй, урлагийг хэтэрхий хөнгөн хараад байна

2014-05-07 10:12:38

1990-ээд оны эхээр “Цаг нь болоогүй хайр”, “Охин чи”, “Мөрөөдлийн дагина”, “Сэтгэлд тодхон харц”, “Ухаалаг бүсгүйд хайртай”, “Инээмсэглэл”, “Чи хуурамч” зэрэг олон сайхан уран бүтээлээрээ залуусыг байлдан дагуулж байсан хамтлаг бол “Сүнс”. Тус хамтлагийн ахлагч Б.Лхагвасүрэнг редакцийн зочноороо урьж ярилцлаа.   

Урлагийнхан бизнес хийхдээ луйврын, хоноцын сэтгэлгээгээр ханддаг
 
-Юуны өмнө бидний урилгыг хүлээн авч манай редакцид хүрэлцэн ирсэн танд  баярлалаа. Таны сүүлийн үеийн сониноос сонсъё?
-Сүүлийн үед би өөрийн хувийн бизнестээ түлхүү анхаарч ажиллаж байна. Урлагийн салбарт уран бүтээлчдийн оюуны өмчийг хамгаалах зорилготой “Дуу бичлэг бүтээгчдийн үндэсний төв” гэсэн байгууллагыг тэргүүлж үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн “Max music” студийнхээ өдөр тутмын ажлыг үргэлжлүүлж байна даа.
 
-“Дуу бичлэг бүтээгчдийн үндэсний төв” ойрын үед ямар үйл ажиллагаа явуулж байна. Үр дүн хэр байна вэ?
-Төрийн бус байгууллага хоёр янз байдаг. Сайн дурын үндсэн дээр байгуулагдаж гишүүддээ үйлчилж байгаа гэдэг утгаараа гишүүдийн дуу хоолой нь болдог. Манай урлагийнхны хувьд гэвэл уран бүтээлдээ их анхаараад өөрсдийнхөө өмчийн эрхийг хамгаалах гэх мэт олон нийтийн ажил дээр бага зэрэг хойрго ханддаг тал бий л дээ. Манай байгууллагын удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд МУГЖ Т.Ариунаа, гитарчин Д.Өлзий-Орших, “New star” студийн С.Мандах, Хип хоп холбооны ерөнхийлөгч Б.Баавар, рэппэр Gee, “Люмино” хамтлагийн Бажи, “Voice” хамтлагийн ахлагч С.Баттулга нарын уран бүтээлч байдаг. Манай байгууллага үйл ажиллагаагаа явуулж ирсэн энэ хугацаанд уран бүтээлчид маань тайзан дээр гарч дуулах, CD-гээ борлуулах, тоглолтоо хийхээс гадна оюуны өмчийн эрхээ хамгаалж тодорхой хэмжээний урамшуулал авч болдог гэдгийг ойлгосон байх. Мөн нөгөө талаасаа тэдний уран бүтээлийг ашиглаж орлого олдог олон байгууллага цэгцэндээ орж байгаа. Аль ч төрлийн байсан хамаагүй дуучид, уран бүтээлчид, зохиогчид өөрсдийн эрхийг хамгаалахад нэгдсэн нь манай байгууллагын өнгөрсөн хугацааны амжилт юм даа.
 
-Танай ТББ-д уран бүтээлчид бүгд хамрагдаж гишүүнчлэл авдаг уу?
-Олонд танигдсан уран бүтээлчдийн 95 орчим хувь нь манай байгууллагад хамрагдаж байгаа. Нийт 144 гишүүнтэй, 300 гаруй нэгж уран бүтээлч байна. Дууны урлагийн хувьд хоёр ТББ байдаг. Нэг нь хөгжмийн зохиолч, яруу найрагчдын эрхийг хамгаалдаг “Москап” гэж байгууллага байгаа. Нөгөөх нь манай байгууллага. Манайд продюсер, студи, уран бүтээлчид маань өөрсдөө эрх эзэмшдэг.  
 
-Уран бүтээлчдийн хувьд оюуны өмчийг нь зөрчиж байгаа хамгийн том асуудал нь юу байдаг вэ?
-Үүнийг хүн бүхэн мэднэ байх. Хуурамч CD ихээр борлуулдаг. Мөн цахим сайтуудаар дуу, киног ихээр зардаг. Өөрсдийнхөө хандалтыг өсгөхийн тулд сонсогчдод үнэгүй дуу зарж байна. Энэ бүхэн Оюуны өмчийн тухай хуулиар тусгай зохицуулалттай. Тэгэхээр энэ хуулийг дагаж мөрдөхгүй байгаа нь нэг талдаа маш том асуудал. Мөн үүн дээр нэмэгдээд караоке байна. Үүнийг зохицуулах ёстой юм. Зохицуулна гэхээр хэрэглэгчид сайн ойлгодоггүй л дээ. Караокед дуулахгүй байх юм уу, үнэ нь нэмэгдэх юм уу гэдэг. Энд хэрэглэгчдэд ямар ч буруу байхгүй. Гол нь бизнесийн байгууллагынхан уран бүтээлч, эрх эзэмшигч нартай хамтарч ажиллаад дэлхий нийтэд мөрдөгддөг орлого хуваалцах зарчмаар л ажиллах хэрэгтэй. Мөн дээрээс нь иргэдэд уран бүтээлчдийн дууг сонсгож байгаа байгууллагууд байна. Тэд нар мөн төлбөр төлж байх ёстой. Хэрэглэгчид харин ингэж үйлчилгээний байгууллагуудаар дуу явах нь нэг талдаа та нарын сурталчилгаа болж байгаа, дуу явахгүй байх юм уу гэж асуудаг. Товчоор тайлбарлахад, би ямар ч зөвшөөрөлгүйгээр танай гэр рүү чинь ороод хөргөгчнөөс чинь өндөг аваад шарж идэхгүй. Хэрэв ингэж идэх бол заавал таниас зөвшөөрөл авна. Үүнтэй ижил зохиогчийн эрх гэдэг бол тухайн бүтээлийг тодорхой хэмжээнд ашиглах л юм бол уран бүтээлчдээс эрхийг нь авах ёстой. Үүнд төлбөртэй болон төлбөргүй гэсэн хоёр янз байгаа. Төлбөргүй гэдэгт нь олон нийтийн үйл ажиллагаанд, сургалтын материалд ашиглаж байгаа тодруулбал, хүүхдүүдэд дуу зааж байгаа ч гэдэг юм уу гэх мэт бүтээлүүд орно. Харин арилжааны шугамаар хэрэглэж байгаа бол тодорхой хэмжээгээр эрхийг авч төлбөрийг нь төлөх ёстой.
 
-Манай улсад оюуны өмчийг хамгаалах ажил цаашид ямар түвшинд хүрэх бол?
-АНУ, Япон бол оюуны өмч, хүний бүтээлч хөдөлмөрийг хүндэлснээрээ хөгжиж байгаа улсууд. Жишээ нь, Япон улс байгалийн баялаг байхгүй хэдий ч өөрийн улсын инженерүүдийн оюуны бүтээлийг хөгжүүлж дэмжсэнээрээ өнөөдөр дэлхийн томоохон хөгжилтэй орон болж чадсан байна. АНУ бол патентын эрхийг маш дээгүүрт тавьдаг улс.
 
-Саяхан УГЗ Ц.Чулуунбатын дууг Хятадын нэг дуучин аваад дуулчихсан байсан. Үүн дээр ямар арга хэмжээ авсан бэ?
-Энэ дээр манай байгууллага ажиллаж байгаа. Мөн нэг хуулийн агентлаг ажиллаж байгаа. Энгийн ойлголтоор бол манай улс ардчилсан улс гэж олон улсад хүлээн зөвшөөрөгдөхдөө гэрээ конвенц хийсэн байдаг. Тодруулбал, манай улсын нэгдэж орсон 14, 15 зохиогчийн эрхийн конвенцууд байдаг. Үүнээс заримд нь тухайн нэгдэж орсон конвенцийн нэгдсэн орнуудын эрхийг бид өөрсдөө хамгаалах ёстой гэж заасан байгаа. Тэгэхээр бид гадаадын кино гаргахгүй, гадаадын дуу хулгайлж дуулахгүй гээд үүргээ биелүүлж байна. Эргээд бид нар тэр нэгдэж орсон орнуудаасаа эрхээ шаардах ёстой.
 
Эхлээд хөгжмийн зохиолч УГЗ Ц.Чулуунбат ахын, дараа нь хөгжмийн зохиолч МУГЖ Г.Энхбаяр, Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Пүрэвдорж нарын маш олон уран бүтээлүүдийг Хятадад өөрсдийн бүтээл мэтээр дуулсан байдаг. УГЗ Ц.Чулуунбат ахын бүтээл дээр зохиогчийн эдийн болон эдийн бус хоёр эрхийг хоёуланг нь зөрчсөн байгаа. Нэгдүгээрт, эдийн эрхийг нь яаж зөрчигдсөн бэ гэхээр зохиогчийн нэрийг огт дурдалгүйгээр өөрөө зохиосон мэт болгосон, мөн үгийг нь огт зөвшөөрөл авалгүйгээр өөрчилсөн байгаа юм. Харин эдийн бус эрхийг нь өөрийн нэр дээр болгож гаргаснаар зөрчиж байгаа юм. Энэ бол цэвэр хулгай. Цаашдаа бид олон уран бүтээлчийнхээ эрхийг хамгаална. Гэхдээ ингэхээр бидэнд эргээд том цохилтууд ирнэ. Юу гэхээр гадаадын олон дууг ковер болгож дуулаад ашиг олсон хүмүүс манайд байдаг. Харин зүгээр ковер дуулаад одоо энэ “Universe best songs” ч юм уу тэмцээнд орох бол хамаагүй. Тэрнээс биш нэг CD гаргаад түүн дотроо гадаадын нэг дуучны дууг ковер болгоод дуулчихсан бол маш өндөр хэмжээний торгуульд унана.
 
-Манай улсад аль салбарт ч зохиогчийн эрх гэдэг зүйл
хурцаар хөндөгдөөд явж байна. Ер нь урлагийн салбар маань өөрөө энэ зүйлтэй хэр тэмцэж байгаа юм бол оо. Жишээ нь, “Сүүн цагаан хурим”, “Аяны шувууд” зэрэг дуунуудыг бүгд л дуулдаг, цомогтоо оруулдаг. Гэхдээ энд зохиогчийн эрх зөрччихлөө гэж огт ярьдаггүй шүү дээ. Дотроосоо цэвэрлэж эхлэхгүй бол гаднаас нь мянга цэвэрлэх гээд хэрэг байна уу?
-Гол асуудал нь зохиогчийн эрх, түүнд хамаарах хууль гэдэг маань үгнээс нь бодоход нэгдүгээрт зохиолч хамгийн гол нь гэсэн үг. Хөгжмийн зохиолч, яруу найрагч, магадгүй тэр хөгжмийн найруулга хийсэн хүмүүс нь чухал гэсэн үг. Тэгэхээр зохиогчид маань өөрөө эрхээ хамгаалахын тулд сайн явахгүй бол манайх шиг ТББ тэдний эрхийг хамгаалдаг гэж хичнээн яваад ч амжилт олохгүй. Манай зохиогчид одоо л ойлгож эхлэж байна. Урьд нь бол зүгээр л найран дундаа л хийдэг байсан. Одоо түүнийгээ бизнес болгох ёстой.
 
Яагаад гэхээр өнөөдөр олон алдартай дуу зохиосон хүн гудамжинд архи уугаад, мөнгөгүй явж байхыг үгүйсгэхгүй. Одоо манай хамтлагууд “Алтан хавчаар” зэрэг олон алдартай дуунуудыг оройн цагаар пабуудад дуулдаг. Харин тэр дууны зохиогчид нь өөрсдөө хөөцөлдөөд тэр дууг нь нэг орой дуулахад хэдэн төгрөг авдаг юм түүнээс хувь аваад явах бүрэн боломж байгаа. Үүнийг хэрэгжүүлэх хууль нь ч байгаа. Одоо Оюуны өмчийн газраас шалгалт хийж урлагийн үйл ажиллагаа явуулж байгаа газруудад лиценз олгоно. Тэр шалгалтаар зөрчил илрээд хамтлаг дуучдыг дуулуулахгүй байх юм бол энэ асуудал шийдэгдчихнэ.
 
Манайд бас нэг буруу юм байдаг. Магадгүй өөрийнхөө дууг тоохгүй нэг хүнд өгчихөөр нөгөөх нь нэрд гаргачихдаг. Жишээлбэл, “Хар хархан харц” гэдэг дууг анх нэг өвөрмонгол охин, оюутан залуу хоёр дуулсан байдаг юм билээ. Гэхдээ тэрийг С.Жавхлан дуулаад хүмүүст хүргэсэн. Яг энэ тохиолдол дээр дууны зохиогчид дээр л яригдах болохоос тэр хоёр дуучинд хамаагүй болно. Тэгэхээр өмчлөх эрх нь зохиогчид л байдаг. Тухайн дууг хэнд өгч дуулуулах, түрээслэх эсэх нь зохиогчдын л эрх. Дуучид энэ миний дуу гэж яриад яваад байдаг. Тэр бол буруу.
 
-Тэгэхээр зохиогчдын өмнөөс эрхийг нь хамгаалах гүүр болоод менежмент хийгээд тодорхой хувийг нь аваад явдаг байгууллага Монголд байна уу?
-Одоо яг наад асуудлыг чинь хөндмөөр байгаа юм. Манай ТББ бол ашгийн төлөө байгууллага биш. Харин үүнийг компани буюу аж ахуйн нэгжүүд хийдэг. Хувь хүн байсан ч болно. Гэхдээ болж өгвөл бизнесийн зорилгоор байгуулагдсан агентлагууд байх хэрэгтэй. Одоо ний нуугүй хэлэхэд “Universe best songs”, “Камертон 2” гээд олон шоу болж байгаа нь сайн хэрэг. Дуулах авьяастай хүүхдүүд гудамжинд тэнэж байснаас өөрийнхөө авьяасыг хөгжүүлээд цагийг үр бүтээлтэй өнгөрүүлээд явж байгаа нь зөв. Гэвч нөгөө талдаа бол тэндээс шалгарсан хүүхдүүдийг тайзан дээр аваачиж мөнгөнд хүргэх агентлагууд Монголд хэрэгтэй байна. Би ойлгодоггүй юм, Соёл урлагийн их сургууль гээд бүхэл бүтэн том институт байна. Тэндээс шоу менежерийн бакалавр, магистр зэрэгтэй төгсч байгаа олон залуус өнөөдөр юу хийгээд байгаа юм бол. Тэр залуучууд өнөөдөр нийлж төсөл бичээд зээл аваад агентлаг байгуулж болно ш дээ. Тэгээд хөгжмийн зохиолчид, уран бүтээлчидтэй гэрээ хийх хэрэгтэй. Тэндээс л Монголын ирээдүйн Бритни Спирс, PSY гарах ёстой байхгүй юу.    
 
Манайх бол ард түмэнд хүрэх уран бүтээл нь чанартай байх, эргээд түүнийг нь үнэлсэн байдлыг нь уран бүтээлчдээ хүргэж, түүгээр нь дамжуулж бизнес хийж байгаа бол мөнгийг нь цуглуулж өгөх ийм л байгууллага. Харин барууны жишгээр бол бизнесийн байгууллага нь урлагийг хөгжүүлж байна шүү дээ. Тодруулбал, бизнесийн байгууллагынхан эхлээд өөрсдөө хөрөнгийг нь гаргаж дуучдыг хөгжмийн зохиолчидтой нь холбож өгч дуучнаа бүрэн бэлдэх хэрэгтэй. Дуулалт, хувцаслалт гээд бүх зүйлийг нь бэлдэнэ. Тэгээд тоглолт хийлгэнэ.
 
Түүнээс олсон орлогоороо өөрсдийгөө цалинжуулна. Энэ бол эрүүл зах зээлийн зөв зарчим. Жижигхэн наймаа хийж эхлэх гэж байгаа хүмүүс ч гэсэн зээл авч л эхэлдэг шүү дээ. Манай урлагийнхан ч гэсэн тэгэх хэрэгтэй. Жаахан эвгүйгээр хэлэхэд урлагийнхан бизнес хийхдээ луйврын, хоноцын сэтгэлгээгээр ханддаг. Юу гэхээр нэг спонсор олж ирээд нэг хүүхэд дуулуулдаг тэгээд явуулаад л өөрөө мөнгийг нь авдаг. Иймэрхүү менежментийг халах хэрэгтэй. Одоо бол авьяастай залуучууд их байна. Тэр гарч ирж байгаа залуучууд дээр бүтэн менежментийн багууд ажиллах хэрэгтэй байна.
 
Нэг үе нөгөө үеэ сөхрүүлдэг
 
 
-Та яагаад өөрөө тийм менежментийн баг байгуулж ажиллаж болохгүй гэж?  
-Тийм ажил хийж байгаа хүмүүс байна. Болдын В продакшн байна. Гэхдээ үүн дээр хоёр талын асуудал байдаг юм. Манай залуусын дотор яг урлагийн, үг даах чадвартай залуучууд их бага. Жишээ нь, бид нар Хөгжим бүжгийн коллежид сурдаг байхдаа лимбэ тоглодог хүүхдүүд нь багшдаа загнуулаад тайзан дээр ёочин, хийл тоглодог хүүхдүүдийн сандлыг нь зөөгөөд гүйдэг л байсан. Одоогийн залуучууд үг даахгүй, урлагийг хэтэрхий хөнгөн хараад байх шиг байгаа юм. Тийм айлын эрх хүүхдүүдтэй ажиллах үнэхээр хэцүү байдаг. Магадгүй олон продюсерүүд надтай адилхан тийм зовлон үзсэн байх. Ийм хүмүүстэй ажиллахаар урлагийн асуудлаа яримаар байтал хүмүүжил ярих болдог. Тэгэхээр хэцүү байдаг юм.  
 
-Тэгэхээр та шантарсан байх нь ээ?
-Ер нь бол тийм.  
 
-Урлагийн тогоонд олон жил “чанагдсан” та шантарч байхаар сургуулиа дөнгөж төгсөөд продюсер, менежер хийх гэж байгаа залуус яах бол?
-Залуучууд бол эмоциороо хийх ёстой байхгүй юу. Би огт хийхгүй гэж байгаа юм биш, хийнэ. Гэхдээ яг урлагт зүрх сэтгэлээ өгсөн тийм хүнтэй л ажиллая гэж бодсон. Тэрнээс биш зүгээр нэг сонирхсон ч юм уу, эсвэл би жүжиглэдэг юм чинь одоо нэг дуулаад үзчихье ч гэсэн бодолтой хүмүүстэй харьцмааргүй санагдаж байна.  
 
-Манай рок попын уран бүтээлчид унтаа байдалд орчихсон юм шиг анзаарагдаж байна л даа. Тэдний орон зайг зохиолын дуучид эзлээд байх шиг. Ард түмэн ч, рок попын уран бүтээлчид ч үүнтэй эвлэрчихсэн мэт сэтгэгдэл төрж байна?  
-Одоогоос гурван жилийн өмнө рок поп бүхэлдээ зогсчихсон байсан. Харин одоо бол зөвхөн шинэлэг уран бүтээлийн хувьд зогсонги байна. Гэхдээ яг чанартай уран бүтээлүүд бол зарагдаж байна. Ингэхдээ бүр нэлээд өндөр үнэтэй байна. Жишээ нь,  “Никитон”, “Sweetymotion” хамтлагууд хэдэн төгрөгөөр тоглож байна. Сая л гэхэд “Freezone” хамтлагийн тоглолтыг заал дүүрэн үзсэн шүү дээ. МУГЖ Б.Сарантуяа эгч л гэхэд арав гаруй хүний бүрэлдэхүүнтэй амьд тоглолтоор хөдөөгүүр явж байна.
 
Би нийтийн дууны урлаг жамаараа хөгжиж байна гэж боддог. Энэ бол байх ёстой.  Хүмүүс нэг зүйлээ хэтэрхий их харвал залхана. Нийтийн дуу хөгжим бол их хавтгайгаар ард түмний хүртээл болдгоороо онцлог л доо. Яг үнэндээ шоу бизнес, улс төр хоёр бол хүнд таалагдах урлаг шүү дээ. Жишээ нь, Taylor Swift гээд АНУ-ын дуучин байгаа. Тэр гэхэд л анх каунтри стилээр дуулж байсан. Одоо поп од болсон. Тэгээд хамгийн эрэлттэй дуучдын жагсаалтад Рианнагаас л дээгүүр явж байна шүү дээ.
 
-Рок попын дуучдад “цус сэлбэлт” хэр байна вэ. Поп дива дуучин гэхээр МУГЖ Т.Ариунаа, МУГЖ Б.Сарантуяа гээд л жагсаалт дуусчихдаг. Залуу поп дива дуучид гарч ирж байна уу?
-Сүүлийн үед манай улсад К поп стиль ихээр орж ирсэн. Ялангуяа бид нарын доод үеэс эхлээд тэр стильд бүр автаж байна гэж хэлж болно. Тэгэхээр нэг ёсондоо настай, гэртээ байдаг хүмүүст, мөн залуучуудад солонгосчууд соёлын довтолгоо хийж байна. Ганцхан Монголд биш, Азийн бүх улсуудад хийж байна. Зөвхөн төрийн далбаа барьж яваад монгол болчихдоггүй юм. Тийм учраас ядаж энэ соёлын довтолгоонд битгий орооч ээ гэж хэлмээр байна.
 
Үнэхээр чадалтай дуучин бол МУГЖ Т.Ариунааг гүйцээд гараад ир л дээ. Ер нь бол нэг үе нөгөө үеэ сөхрүүлдэг гэсэн үг байдаг юм. Сөхрүүлнэ гэдэг чинь чадалтай л байна гэсэн үг шүү дээ. Үнэхээр тэр МУГЖ Б.Сарантуяа, МУГЖ Т.Ариунаа, “Харанга”  хамтлагийг сөхрүүлэх уран бүтээлчид байгаа юм уу, надад хэл л дээ. “Сүнс” хамтлаг шиг бүжиглээд, дуулдаг эрэгтэй хамтлаг байна уу. Гүзээгээ унжуулсан хэдэн залуус л байна ш тээ. Одоо тийм чадалтай уран бүтээлчид алга гэж би хэлнэ.  
 
 
-Гэхдээ дээд үеийн уран бүтээлчид нь залуу уран бүтээлчдээ “дараад” байгаа юм биш үү?
-Бид нарын гарч ирж байсан үеийг бодвол одоогийн залуу уран бүтээлчдэд үг хэлдэг ямар ч хүн байхгүй. Ер нь бол тэд нар хэлүүлэх ч үгүй.
 
-Өнөөгийн залуус дээд үеэ сөхрүүлэн гарч ирж чадахгүй байгаагийн шалтгаан нь юу вэ?
-Хямдхан сэтгэж байна. Болж өгвөл дуу хуулаад, фонограмм хуулаад сэтгэлээсээ хандахгүй байна. Өнөөдөр залуучууд нь нэг охинд таалагдахын тулд, хүүхнүүд нь баян залуучуудтай гэрлэхийн тулд дуулж байх шиг байна. Уг нь бол зүрх сэтгэлээсээ дуулах ёстой байхгүй юу.
 
-Манайд мэргэжлийн сургууль төгссөн, чадалтай хоолойтой хүмүүс нь дуурь юм уу, зохиолын дуу руу эргэлт буцалтгүй ороод байх шиг байна л даа.Тийм болохоор түрүүний хэлсэнчлэн рок поп урсгалд МУГЖ Б.Сарантуяа, МУГЖ Т.Ариунааг гүйцэх дуучид гарч ирэхгүй байж мэдэх юм. Та үүнтэй санал нийлэх үү?
-Энэ бол мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх бодлогын асуудал. Ер нь бол зөв л дөө. Би түрүүн хэлсэн. СУИС-ийг өчнөөн олон менежер төгсөж байгаа ч одоо хүртэл манайд мэргэжлийн агентлаг алга. Тоглолтын заалуудад хошин шогийнхон л тоглож байна. Гэхдээ зритель байхгүй гэж ойлгож болохгүй шүү. Хаана ч, хэзээ ч хүн байсан цагт хөгжмийг сонсож л байдаг. Рок попын мэргэжилтний хувьд бол СУИС-д ганцхан Ч.Насантогтох багш л байна. Опера тал дээр бол олон багш байгаа. Тэгэхээр энэ бол цэвэр бодлогын асуудал. ССАЖЯ бодлогоо л солих хэрэгтэй.
 
-Манай хөгжмийн ертөнцөд уран бүтээлчид зөвхөн дотооддоо л санхүүгээ эргэлдүүлж байна. Яагаад гадаад зах зээл рүү уран бүтээлээ гаргаж гадны хөрөнгө оруулалтыг татаж болохгүй байна вэ?
-Үнэхээр дуулах авьяастай, гадаадад урлагийн сургууль төгссөн хүмүүс нь амьдралаа бодоод Оюутолгойд очиж ажиллаж байна. Гэтэл тэр хүн өөрийнхөө хэдэн жилийн амьдралыг хойш нь тавиад үнэхээр Монголын энтертайнмент ертөнцөд өөрийн гэсэн байр сууриа олъё гэвэл энэ зах зээл чинь жижигхэн биш шүү дээ. Боломж байгаа. Гадаадаас мөнгө босгож болно. Гэхдээ урлагийн үнэлэмж их доогуур байна. Нэг аятайхан поп тоглолт үзье гэхэд цагтаа эхлэхгүй, дуурь, драмынхан бол өөр л дөө.
 
Манайхан /рок попынхон/ тэрнээсээ л эхлэх ёстой байхгүй юу. Энэ бүгд чинь жижигхэн юм шиг хэрнээ том асуудал. Тэгээд гадаадын хөрөнгө оруулалтыг татая гэж байгаа бол эхлээд гадаад хэлтэй боловсон хүчинтэй болох хэрэгтэй. Урлагт үнэхээр хайртай менежерүүдтэй болох хэрэгтэй. Миний бодлоор одоо нэгэнт байр сууриа олчихсон уран бүтээлчид бол компани байгуулах хэрэгтэй. Тэгээд түүгээрээ гадаадын хөрөнгө оруулалтыг татаж хөрөнгө босгож болно шүү дээ.
 
-Урлагийн салбарын хөгжилд ерөнхийдөө бодлого хэрэгтэй байна гэдэг ойлголт таны ярианаас анзаарагдаж байна. Тэгэхээр урлагийн хөгжлийг хурдтай болгохын тулд хэн түрүүлж алхам хийх хэрэгтэй юм бэ. Энэ байдлыг мэдээд байгаа уран бүтээлчид өөрсдөө юу, эсвэл таны хэлээд байгаа хэн нэгэн яамны ажилтан эрх мэдэлтэй хүн хийх ёстой юм уу. Товчхондоо бол та дарга болох уу. Хэрвээ дарга болвол та энэ бүгдийг хийж эхлэх үү?
-Цаг нь арай болоогүй байна. Би энэ ТББ-ынхаа үйл ажиллагааг жигдрүүлэх гэж нилээд хэдэн жил сайн, мууг нь үзэж явлаа. Өнгөрсөн хугацаанд миний ойлгосон нэг зүйл гэвэл ТББ-ын тамга бол зүгээр л гишүүдийнхээ мөнгийг хуваарилах эрхтэй л тамга юм байна лээ. Харин төрийн нэг байгууллагын даргын тамга бол эрх мэдэлтэй, төсөв санхүү батладаг. Ажил хийх боломж илүү гэсэн үг. Гэтэл иргэний нийгмийн байгууллага бол төрийн байгууллагаас илүү чөлөөтэй ажилладаг. Жишээ нь, манай ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүд нэг асуудал дээр бүгд өөр өөрийн санал бодлыг хэлж байж шийдвэр гаргадаг. Тэрнээс биш нэг загварт баригддаггүй. Заавал дарга болохдоо биш, тэрний оронд төрийн байгууллагын зарим эрх мэдлийг иргэний нийгмийн байгууллагуудад өгчихвөл үр дүн гарна. Дарга гэхээрээ л ярвагар царай гаргаад л суух биш шүү дээ. Тэрний оронд найзуудтайгаа уулзаад наргиж цэнгээд сайхан баймаар байна ш тээ.
 
-Тэгвэл таныг цаг нь болохоор дарга болно гэж ойлголоо?
-Энэ дээр төрийн байгууллагын зарим эрх мэдлийг ТББ-уудад өгчихвөл хамтраад юм хийх боломж байгаа л гэдгийг хэлмээр байна. Заавал тэр яаманд орж дарга болоод хийдэг юм биш. Ороод ч хийж чадахгүй байгаа хүмүүс зөндөө л байна. Би ингээд гаднаас нь харж шүүмжлэхэд амар юм шиг л харагдаж байгаа байх. Яг очихоор нэг намын ч юм уу, эрх мэдэлтний заавраас болоод юм хийж болдоггүй ч юм бил үү, хэн мэдэх вэ дээ. Би тоглоомын дүрмийг сайн мэдэхгүй л дээ. Ер нь гаднаас харахад удирдлагын босоо тогтолцоотой “Агаагийн” дүрмээр л явдаг юм шиг байна лээ. Гэтэл манай ТББ бол удирдлагын хэвтээ тогтолцоотой шүү дээ.
 
-Таны улс төрийн чиг хандлага ер нь ямар вэ?
-Би нам бус. Нэг хэсэгтээ энэ чигээрээ байна гэж боддог.
 
-Гэхдээ гаргаж байгаа бодлого шийдвэрийг нь харахад таны хувьд аль нь илүү зөв байх шиг харагдаж байна?
-Сүүлийн үед шийдвэр гаргагчид юм хийж байна гэж би боддог. Одоо тэр цагдаа нарын хувцсыг шүүмжлэх хэрэггүй ш тээ. Салбар яам нь цагдаа нарынхаа хувцсыг солих эсэхээ өөрсдөө мэднэ биз дээ. Хэзээ бид нар цагдаадаа тэгж их хайртай болчихсон юм. Бид нар банкны ажилчдын хувцсыг заадаггүй л биз дээ. Үнэхээр асуудалтай бол тэр салбар яам нь засаг л дээ. Хүмүүс тэгж хэлсний төлөө сайд нь тайлбарлаад л, яасан ч их завтай юм. Тэрний оронд шүүгчдэдээ анхаарал тавь л даа. Үнэхээр тэр хар тамхи татсан баян айлын нэг хүүхдийг хэргээс бултуулаад байна уу гэдгийг нь хяна. Надад лав цагдаагийн шинэ дүрэмт хувцас таалагдсан. 
 
Би мөн сүүлийн үед Өмнөговь аймаг руу хэд хэдэн удаа явсан. Зам нь үнэхээр сайхан болчихсон байна лээ. Ядаж ингээд замаа засаж чадаж байна гэдэг чинь сайн байна. Надад тэр ямар нам байх нь хамаа алга. Юм хийж байгаа удирдлагууд нь сайн байна л гэж хэлмээр байна. Одоо бас өндөр үнээр зүлэг тарилаа л гэнэ. Үнэхээр зүлэг, цэцэг тариад гоё болж байвал ямар хамаатай юм бэ. Өөрсдөө арав гаруй жил төр барихдаа юу ч хийгээгүй байж одоо ажил хийж байгаа нэгнээ ингэж муулах ямар хэрэгтэй юм бэ.
 
Аль ч салбарт бусдыгаа доош нь татсан хүмүүс байдаг
 
-Бидний яриа хэтэрхий улс төржөөд явчих шиг боллоо. Ингэхэд та өөрийнхөө хувийн амьдралын талаар яриач?
-Би одоо хоёр хүүхэдтэй. Тэднийхээ төлөө л ажиллаж, амьдарч явна даа.
 
-Та хүүхдүүдийнхээ ирээдүйг хэрхэн төсөөлж байна вэ?
-Хүүхдүүд маань өөрсдөө л мэдэг гэж боддог. Аав, ээж нь мэднэ гээд дургүй юманд нь хүчлэхгүй. Мэдээж хувь хүний хүмүүжилд нөлөөлдөг учраас суурь боловсрол эзэмших хэрэгтэй. Ялангуяа эрэгтэй хүүхдүүдэд хүмүүжил хэрэгтэй. Залуучуудыг цэрэгт явуулж тэсвэр хатуужил, эх оронч сэтгэлгээг суулгах хэрэгтэй. Би өөрөө цэрэгт яваагүй. Тийм болохоор хүүгээ цэрэгт явуулна гэж боддог. Харин охиноо бол сайн боловсролтой болгоно л гэж боддог доо.  
 
-Ингэхэд та яагаад цэрэгт яваагүй юм бэ. Аргалаад үлдчихсэн үү, эсвэл үнэхээр боломж байсангүй юу?  
-Энүүхэндээ гэхэд аргалаад үлдчихсэн юм. Тэр үед чинь хамтлаг гэж явж байгаад л яваагүй байх.
 
-Та түрүүн К поп стилийн талаар ярьсан. Ингэхэд танай хүүхдүүд ямар стильтэй болж байна?
-Манай хоёр хүүхэд бас Солонгос дуу бас сонсоно. Би нэг удаа утсан дээрээ сонсдог дуунуудыг нь харсан чинь сүүлийн үеийн дуунууд л байсан. Rokit bay лав байсан шүү. Ер нь гайгүй дуучдыг сонсоод нэг дулимагхан дуучдыг бол сонсдоггүй юм байна лээ. Тэгэхээр бага ч гэсэн аавын юм байгаа байх гэж бодсон. Гэхдээ би хүүхдүүдийнхээ юу сонсож, юунд суралцахыг нь заахгүй. Аав минь намайг бага байхаас л хуульч болгоно гээд хавтаст хэргүүд уншуулдаг байхад би зүтгэсээр байгаад Хөгжим бүжгийн коллежид нэг номерийн стипенттэй оюутан болж байлаа.  
 
-“Сүнс” хамтлагийн залуус ингэхэд хаагуур байна вэ?
-Манай хамтлагийн Б.Эрдэнэзул төрийн албан хаагч болсон. Яг одоо Стандартчилал хэмжил зүйн үндэсний төвд Чанарын албаны дарга хийж байгаа. Ш.Мөнхцогийн хувьд гэр бүлээрээ АНУ-д амьдарч байгаа. Ж.Замилан маань хувиараа нэг бизнес эрхлэж байна даа. Манай хамтлагийн Ц.Отгонбаяр маань 15 жил холбоогүй байж байгаад энэ жилээс холбоо тогтоосон. Солонгос улсад гэр бүлтэйгээ 15 жил амьдарсан. Энэ зун Монголдоо ирэх байх. Миний хувьд мөн хувийн бизнес эрхлэж байна.
 
-Нууц биш бол та ямар бизнес эрхлэж байна вэ?
-Би нэг хэсэг газар шорооны ажил хийсэн. Одоо бол бүтээн байгуулалтын ажил хийж байгаа.
 
-Сүүлийн үед манай улсад хар тамхины хэрэглээ ихсэж байна. Үүнийгээ дагаад уран бүтээлчид энэ гаж зуршилтай холбогдож ял авах хэмжээнд хүртэл асуудал үүсдэг боллоо. Энэ тал дээр та ямар бодолтой байдаг вэ?
-Би сүүлийн үед хоёр зүйл дээр эмзэглэж байгаа. Хүмүүс урлагийнхнаас эрэгтэйчүүд нь архичин, хар тамхичин, эмэгтэйчүүд нь нэг баян хүмүүстэй холбогдох сонирхолтой байдаг гэж ойлгоод байх шиг байгаа юм. Энэ тийм биш ээ. Ганц нэг тийм хүмүүсийг хараад бүгдээрээ ийм гэж ярих хэрэггүй. Аль ч салбарт бусдыгаа доош нь татсан хүмүүс байж байдаг. Урлагийн салбарт ч гэсэн бусдынхаа нэр хүндийг унагаасан хүмүүс байгаа л гэж хэлмээр байна.
 
Хар тамхины тухайд бол би үнэхээр эмзэг ханддаг. Хар тамхийг хэрэглэхийг үнэхээр их хүсээд байгаа бол түүний оронд архи, пиво уусан нь дээр гэж хэлмээр байна. Заавал яагаад урлагийнхан хар тамхи татлаа гэж илүү анхаарал хандуулаад байдшийг би ойлгодоггүй. Үүнийг хэрэглэдэг олигархи гэдэг ч юм уу, мөнгөтэй хөрөнгөтэй хүмүүсийг байцааж шалгах хэрэгтэй шүү дээ.
Нийтэлсэн: О.Энхмаа

Б.Лхагвасүрэн: Одоогийн залуучууд үг даахгүй, урлагийг хэтэрхий хөнгөн хараад байна   
Үзсэн: 11058 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.21.117.xxx [202.21.117.xxx] 2014-05-13 10:35
lhavgaa unen zuv zuiliig yrijee ulam ih amjilt uhaantai zaluu bna
202.179.27.xxx [202.179.27.xxx] 2014-05-10 20:59
философи битгий хэл оюуны логик анализ доогуур нэг нөхөр хүүхэддээ фило заадаг гэж олон нийтэд ярилцлага майгийн юм өгөөд сууж байх гэх мэт утга учиргүй хүмүүсээр дүүрсэн бүх салбарууд тийм ч юм бил үүввв энд яриа өгсөн залуугийн нэг ситауциар л энэ асуудлыг хөндлөө... энэ хүнд харин амжилт ерөөе...
202.179.27.xxx [202.179.27.xxx] 2014-05-10 20:56
дууны уран бүтээл төдийгүй монголд хөл толгой хэрэгтэй юу
202.126.91.xxx [202.126.91.xxx] 2014-05-07 14:56
өөрөө аягүй настан айн ккккк
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-05-07 13:20
Одоогийн залуучууд урлаг гэхээр хошин гэж ойлгодог болчихсон
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-05-07 11:46
Taalagdlaa, unen shuu, unen yum yarij bn daa.
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-05-07 11:03
ЗӨВ ШҮҮ

Бидэнтэй нэгдээрэй