Он солигдох мөч ойртсон энэ цаг үед салбар бүр өнгөрч буй оныхоо ололт, дутагдлыг цэгнэж, ирээдүйн их амжилтынхаа төлөө тэмүүлдэг. 2022 оны хувьд соёл урлагийн салбарт болсон онцлох 10 үйл явдлыг эргэн санацгаая.
“Чингис хаан” музей нээгдэв
Байгалийн түүхийн музейн буурин дээр барьсан “Чингис хаан” музей нээгдэв. Тус музейн барилгын ажлыг 2020 оны тавдугаар сард эхлүүлсэн бөгөөд түүх, соёлын 10.400 орчим дурсгалыг дээрх музейд дэлгэж байгаагаас найман хувь нь хосгүй үнэт дурсгал аж. Хамгийн сүүлд музейн барилгын нүүр хэсэгт Чингис, Өгөдэй, Гүюг, Мөнх, Аригбөх нарын зэрэг таван их хааны тамгыг байршуулаад байгаа билээ. Их хаадын тамга тус бүрийн дээд талд эртний төрт улсын сүлд шүтээн шонхор, галт шувуу зэргийг дүрсэлсэн бол тамганы доод талд тухайн хааны үед хэрэглэж байсан зоосон мөнгийг урлажээ.
Ардын жүжигчин Э.Амартүвшин дэлхийн шилдэг 11 дуучны нэгээр шалгарлаа
Монгол Улсын ардын жүжигчин Э.Амартүвшин дэлхийн дуурийн урлагийн мэдээ мэдээллийг бэлтгэн хүргэдэг “Opera Wire” цахим хуудаснаас тодруулсан 2022 оны шилдэг 11 дуучны нэгээр шалгарсан. Энэ оны шилдэг дуучдаар Францын дуучин Бенжамин Бернхайм, Америкийн дуучин Ж'Най Брижес, Италийн дуучин Элеонора Буратто, Британийн дуучин Аллан Клейтон, Америкийн дуучин Энтони Рот Костанцо, Британи-Итали гаралтай дуучин Фредди Де Томмазо, Америкийн дуучин Клэй Хилли, Польшийн дуучин Александра Курзак, Италийн дуучин Лука Салси, Америкийн дуучин Коринн Винтерс нар шалгарсан юм. “Opera Wire” цахим хуудсанд Э.Амартүвшиний талаар бичихдээ “Энэ үеийн шилдэг баритон хоолойтнуудын нэг. Өдгөө дэлхийн томоохон дуурийн театруудын хамгийн эрэлттэй дуучин” гэж тодорхойлсон байв.
Морин хуурын чуулга "NHK Hall"-д анх удаа тоглолт хийв
Монгол Улсын Морин хуурын чуулга бүрэн бүрэлдэхүүнээрээ Японы нийслэл Токио хотын "NHK Hall"-д анх удаа тоглолт хийв. 3800 хүний суудалтай тус танхимыг үзэгчид дүүргэн, Морин хуурын чуулгын тоглолтыг шимтэн сонссон юм. Зочдоос хамгийн хүндтэй онцлох эрхэм нь Япон Улсын Цог жавхлант эзэн хаан Нарүхито, Эрхэм дээд хатан Масако, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, тэргүүн хатагтай Л.Болорцэцэг болон хоёр орны харилцааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүс байв. Тус чуулгынхан тоглолтоо "Монгол аялгуу"-гаар нээж, “Урьхан хонгор салхи”-ар үргэлжлүүлсэн юм. Мөн Карибошикири дуу, Фурусато зэрэг Япон түмний алдартай “Нутаг минь, Хүлэг минь”-ийг эгшиглүүлсээр тоглолт өндөрлөсөн билээ.
ЦДБЭЧ 90 жилийн ойгоо тэмдэглэлээ
Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын 90 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт болов. Энэхүү арга хэмжээнд Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Батлан хамгаалах салбарын үе үеийн төлөөлөл, ахмад дайчид, уран бүтээлчид хүрэлцэн ирж оролцсон юм. Тус чуулга 1932 оны арванхоёрдугаар сарын 12-нд уран бүтээлийнхээ анхны тоглолтоо толилуулсанаар түүхэн замнал нь эхэлсэн байдаг. Чуулга улс орныг батлан хамгаалах хүчийг бэхжүүлэн хөгжүүлэх, Зэвсэгт хүчний дайчид, нийт хөдөлмөрчид, залуучуудыг цэрэг эх оронч үзлээр хүмүүжүүлэх, тэдэнд ардын уламжлалт ёс заншил, гоо зүй, ёс суртахууны хүмүүжил олгохыг уран бүтээлийн зорилгоо болгон ажиллаж ирсэн мэргэжлийн урлагийн ууган байгууллага бөгөөд Монгол Улсын урлагийн тэргүүлэх зэргийн байгууллага болтлоо хөгжиж иржээ. 1932-1942 онд Цэргийн театр, чуулгын үүргийг хослон гүйцэтгэж, үндэсний болон дэлхийн сонгодог жүжгүүдийг өөрийн тайзнаа амьдруулсны зэргэцээ Монголд анхны найрал дуу, хөгжим, бүжгийн хамтлагийг үүсгэн байгуулсан байна. ЦДБЭЧ-ын уран бүтээлчдийн эгнээнээс 50 гаруй гавьяат жүжигчин төрөн гарсан байна.
Хөдөлмөрийн баатар Б.Шарав агсны тоглолт хоёр өдөр үргэлжлэв
Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Чингис хаан одонт, төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шаравын мэндэлсний 70 насны ойн “Баярлалаа” тоглолт түүний төрсөн өдрөөр буюу арваннэгдүгээр сарын 13 (12, 13)-нд болов. Эхний өдөр дууны бүтээлүүдийнх нь хүндэтгэлийн тоглолт болсон бол маргааш нь хөгжмийн бүтээлүүдийн хүндэтгэлийн тоглолтоор хаав.
"Тамгагүй төр" жүжиг драмын урлагт өндөр босго тавьлаа
Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн агсны зохиол "Тамгагүй төр" жүжгийг “Херо энтертайнмент”-ийн ерөнхий найруулагч Б.Баатар физикл драмын хэлбэрт оруулан найруулсан билээ. Тэгвэл уг жүжиг өнгөрсөн зургадугаар сард хаалтаа хийсэн ч долоодугаар сараас эхлэн дахин тайзнаа тоглогдсон юм. Тус жүжиг тоглогдсон хугацаанд таван тэрбум төгрөгийн орлого олж, драмын урлагт өндөр босго тавьжээ. Уг жүжиг олон улсын театрт гарахаар төлөвлөгджээ.
"The Hu" хамтлагийн "This Is Mongol" дууны клип дэлхийн шилдэгт багтав
Алдарт "Metal Hammer" сэтгүүлээс гаргасан 2022 оны шилдэг 10 хөгжмийн видеоны нэг нь "The Hu" хамтлагийн "This Is Mongol" дууны клип болов. Тус дуу нь "Music.mxdwn.com" хөгжмийн онлайн сэтгүүлээс гаргасан энэ оны шилдэг 40 дууны 19 дүгээр байрт жагссан юм. Тус хамтлаг "Rumble of Thunder" нэртэй хоёр дахь цомгоо худалдаанд гаргаад буй. Шинэ цомогт "Учиртай гурав", "Шихихутаг", "Татар дайчин", "Хар аянга", "Байгаль эх" зэрэг 13 дуу багтжээ. Хамтлагийн залуус 2016 онд байгуулагдсанаасаа хойш богино хугацаанд олон улсад танигдаж чадсан Монгол хамтлаг билээ. Хамтлагийн гаргасан дуу бүхэн "Youtube"-д өндөр хандалт авч, дэлхийд эх орныхоо нэрийг цуурайтуулж явна.
Жүжигчин Б.Амарсайханы кино Оскарт нэр дэвшлээ
Оскарын шагнал гардуулах ёслол ирэх оны гуравдугаар сарын 12-нд АНУ-ын Лос Анжелес хотын “Долби” театрт болно. Үүнд “Шилдэг олон улсын уран сайхны кино-2023” номинацад орон бүрийн бүтээл өрсөлддөг бөгөөд Монголоос жүжигчин Б.Амарсайханы зохиол, найруулгаар бүтсэн “Эргэж ирэхгүй намар” буюу “Harvest Moon” уран сайхны кино нэр дэвшиж байна. Тус киноны зохиолыг Т.Бум-Эрдэнийн “Түнтүүлэй” өгүүллэгээс сэдэвлэсэн гэдэг. Шилдэг олон улсын уран сайхны кино номинацад явуулсан бүтээлүүд нь 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс арваннэгдүгээр сарын 30-ны хооронд өөрийн улсын кино театрт гарсан байх ёстой. Энэ төрлийн бүтээлд АНУ-аас гадуур бүтээсэн, харилцан ярианы 50-аас дээш хувь нь англи хэлээр бус харилцан ярианы бичлэгтэй, хүүхэлдэйн болон баримтат киног багтаасан бүрэн хэмжээний киног хэлдэг байна.
Венецийн биенальд Монгол уран бүтээлч дөрөв дэх удаагаа оролцлоо
Италийн хаан нэгдүгээр Умберто, түүний эхнэр Маргарита нарын хуримын 25 жилийн ойг тохиолдуулан Венец хотын зөвлөлөөс хоёр жил тутамд Италийн урлагийн үзэсгэлэн зохион байгуулах шийдвэр гаргаснаас эхтэй Венецийн биеналь 59 дэх жилдээ зохиогдов. Жил бүр хүрээгээ тэлсээр олон улсын хамгийн нэр хүндтэй биенналь болсон энэхүү үзэсгэлэнд манай улсын уран бүтээлчид 2015, 2017, 2019 онд оролцсон билээ. Эдгээр жилүүдэд уран бүтээлчид зардлаа хувиасаа гаргадаг байсан бол энэ жилээс Соёлын яамны дэмжлэгтэйгээр оролцохоор болсон юм. Энэ жил уран бүтээлч Ж.Мөнхцэцэг, куратор Б.Гантуяа нар “Гүнээс гүнд” (A Journey Through Vulnerability) нэртэй үзэсгэлэнгээр оролцов. Ж.Мөнхцэцэг нь баримал, зураг, өрөг, видео, үйлдлийн урлагаар дамжуулан шаналал зовуурь, айдас түгшүүр, илаарьшихуй, дахин төрөхүйн талаарх бодол төсөөллөө ихэвчлэн хуваалцдаг.
Улсын Филармонийн 50 жилийн ой тохиов
Соёлын яамны 283 тоот тогтоолоор 1972 онд Улсын Филармонийг үүсгэн байгуулах шийдвэрийг гаргаж байв. Тэр цагаас хүрээгээ тэлсээр өдгөө Улсын Филармони нь Симфони найрал хөгжим, Баян Монгол биг бэнд, Морин хуурын чуулга, гоцлол дуучид зэрэг нийт 150 гаруй уран бүтээлчийг нэгтгэсэн Монголын хөгжмийн урлагийн төв байгууллага болон үйл ажиллагаагаа явуулж байна. Тэд 50 жилийн ойн хүрээнд “Хөгжмийг хүн бүрд” уриатай олон нийт, хүүхэд залуучуудад хандсан арга хэмжээ, гадаад дотоодын аялан тоглолт, шинэ бүтээлийн тоглолт, кино контент зэрэг ажлыг зохион байгуулсан бөгөөд уран бүтээлчдийн нэгдсэн баярын концертоо үзэгч олондоо хүргэв.
Монголын соёл урлагийн салбарт 2022 онд болсон онцлох 10 үйл явдал | ||
Үзсэн: 781 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.