Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж 2014 оны 9-р сарын 11-12-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Тажикистан Улсын нийслэл Душанбе хотноо болсон Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн 14 дэх удаагийн хуралдаанд оролцоод эх орондоо эргэн ирлээ. Тэрээр Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын гурван талын дээд түвшний “Улаанбаатарын Уулзалт”-ыг зохион байгуулах асуудлаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В. Путин, БНХАУ-ын дарга Си Зиньпин нартай уулзсан юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уулзалтын дараа хийсэн мэдэгдэлдээ ""Улаанбаатарын уулзалт"-ыг хийх дараах гурван учир шалтгаан, хүчин зүйл байна гэж үзэж байгаа. Нэгдүгээрт, Орос, Хятад улстай хамгийн урт хилээр хиллэдгийн хувьд манай гурван улсын хооронд хэлэлцэж шийдвэрлэх шаардлагатай асуудлууд байна гэж үзэж байгаа. Ялангуяа дамжин өнгөрөх тээвэр, дэд бүтцийн хөгжилтэй холбоотой ярилцах асуудлууд байгаа юм.
Мөн далайд гарахын тулд заавал хоёр хөршөөрөө дамжих шаардлагатай. Хоёрдугаарт, Монгол Улсын газар зүйн байршлын өөрийнх нь онцлог нь БНХАУ, ОХУ хооронд бүхлээрээ оршдог цорын ганц дамжин өнгөрөх орон юм. Гуравдугаарт, Монгол Улс өөрийгөө ОХУ-ын хувьд Европоос Ази руу гарах, БНХАУ-ын хувьд Азиас Европ руу гарах хамгийн дөт, найдвартай дамжин өнгөрөх дэд бүтцийн зангилаа орон гэж үздэг. Ийм учраас энэ гурван улсад дээд хэмжээний уулзалт хийх шалтгаан байгаа гэж бид үзэж байгаа юм" хэмээн онцложээ.
В.Путин: Цахилгаан эрчим хүч дамжуулах шугамыг Монголын нутаг дэвсгэрээр дамжуулж төлөвлөж болох юм.
Харин манай улсад ажлын айлчлал хийгээд буцсан ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин "Гадаад хэргийн дэд сайд нарын хэмжээнд уулзалт хийж байх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал боломжийн гэж бодож байна. Эдгээр асуудлыг Гадаад хэргийн яамдын хүрээнд боловсруулах хэрэгтэй байх. Мөн бидний хэтийн төлөвтэй хамтын ажиллагааны тухайд гэвэл УБТЗ болон түүний Орос, Хятадын нутагт байгаа хэсгүүдийн үндсэн дээр шинээр төмөр зам тавих талаар хамтын ажиллагаа зохион байгуулах талаар бодолцож болно. Цахилгаан эрчим хүч дамжуулах шугамыг Монголын нутаг дэвсгэрээр дамжуулж төлөвлөж болох юм. Үүнийг Хятад, Монголын тал сонирхож байгаа бол хийж болно" хэмээн мэдэгдсэн байна.
Си Зиньпин: Хятад, Орос, Монголын эдийн засгийн коридор байгуулах боломжтой.
Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүн нарын уулзалт дээр БНХАУ-ын дарга Си Зиньпин хэлэхдээ,
“Монголын тал АПЕК-т элсэх саналтай байна. Энэхүү саналыг бид нар дэмжиж байна. Мөн холбогдох бусад талуудтай хамт хүчин чармайлт гаргаж ажиллахад бэлэн байна. Хятад, Орос, Монгол гурван талын хамтын ажиллагааны бодит үйл ажиллагааны эхний шат бүрдэж байна. Өнгөрсөн жил Хятадын тал Торгоны замын эдийн засгийн бүс гэсэн санаачилга гаргасан. Үүнд Орос, Монгол хоёр тал нааштай хандсан. Би ноён Ерөнхийлөгч В.В.Путинтай тохиролцсон. Хятадын торгон замын эдийн засгийн бүс болон Орос, Европ, Азийн төмөр замтай үүнийг холбогдуулахаар тохиролцсон. Би ноён Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой тохиролцлоо. Торгон замын эдийн засгийн бүс болон Монголын талаас санаачилсан Талын зам саналтай уялдуулах болно. Гурван улсын хөгжлийн стратеги харилцан нийцэж байна. Хятад, Орос, Монголын эдийн засгийн коридор байгуулж, 1+1+1 гурваас гарна гэсэн зорилтыг биелүүлэх боломжтой байна. Гурван улсын хоорондын төмөр зам, авто зам зэрэг дэд бүтцийн байгуулалтыг эрчимжүүлэх нь маш чухал" хэмээн онцлосон юм.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/
Ерөнхийлөгч ямар амлалт, ямар ганзагатай ирэв? | ||
Үзсэн: 2007 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.