Хоспис ба хөнгөвчлөх эмчилгээний дэлхийн өдрийг тохиолдуулан “Хүүхдийн ба хавдрын бус хөнгөвчлөх тусламж, үйлчилгээ” сэдэвт бага хурал өнөөдөр Эрүүл мэндийн яамнаа зохион байгуулагдлаа. Уг бага хуралд УИХ-ын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Др.Су Нюунт У, ЭМЯ-ны БХЗГ-ын дарга Я.Буянжаргал, ЭХЭМҮТ-ийн захирал Ш.Энхтөр болон холбогдох мэргэжилтнүүд оролцов.
Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа бага хурлыг нээж үг хэлэхдээ, “Одоогоос 14 жилийн өмнө Монголын хөнгөвчлөх эмчилгээний нийгэмлэг байгуулагдсан. Манай улсад хөнгөвчлөх тусламж, үйлчилгээ нь төр засгийн бодлогын нэг хэсэг болж, Эрүүл мэндийн тухай хууль, Нийгмийн халамжийн тухай хууль, Хөнгөвчлөх тусламж, үйлчилгээний стандарт, Халдварт бус өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөр, Хорт хавдартай тэмцэх үндэснийхөтөлбөрийн хүрээнд 2017 он хүртэл бодлогоор хөгжих эрхзүйн орчин бүрдсэн байна. Монголд жилдээ 16192 хүн нас барж байна. Үүний 9715 өвчтөнд хөнгөвчлөх тусламж, үйлчилгээ үзүүлэх шаардлагатай өвчтөн эзэлж байсан байна. Иймээс уг хурлаас хүүхдийн ба хавдрын бус хөнгөвчлөх тусламж, үйлчилгээг хэрхэн хөгжүүлэх талаар ухаалаг санал гарч, бидний бодлого зохицуулах үйл ажиллагаанд дэм болно гэж найдаж байна” гэлээ.
Хүүхдийн хөнгөвчлөх тусламж, үйлчилгээ одоогоор Монгол улсад эхлэл төдий байна. Энэ тусламжийг голдуу эмчилгээтэй нь хавсрах маягаар явуулж иржээ. Мөн энэ чиглэлийн мэргэжилтэн бэлтгэх нь тулгамдсан асуудал болоод байгаа юм.
ЭМЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Буянжаргал хэлэхдээ, “Салбарын яамны зүгээс сүүлийн жилүүдэд хүүхдийн хөнгөвчлөх тусламж, үйлчилгээний мэргэжилтэн бэлтгэх, хөнгөвчлөх эмчилгээ, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, өвдөлт намдаах арга барилын стандарт, зааврыг боловсруулж мөрдүүлэх, тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг эмэгдүүлэх тал дээр түлхүү анхаарч ажиллаж байна.
Мөн хүүхдэд хөнгөвчлөхөөс өөр тусламж, үйлчилгээ үзүүлэх боломжгүй гэдгийг эцэг, эхэд хэлнэ гэдэг маш хэцүү шийдвэр байдаг учраас эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн хүүхэд болон эцэг эхтэй нь хэрхэн харьцах ёс зүйн асуудлыг анхаарч байгаа. Хүүхдийн хөнгөвчлөх тусламж, үйлчилгээ гэдэг хүнд өвчтэй хүүхдэд үзүүлэх тусламжийн нэг хэсэг бөгөөд хүүхдийн амьдралын чанарыг сайжруулах, эцэг эх, асран хамгаалагчид хүнд өвчтэй байгаа үрийнхээ төлөө шийдвэр гаргахад нь туслах үйлчилгээ болдог. Иймд дан ганц эрүүл мэндийн байгууллагаас гадна төрийн бус байгууллага, салбар дундын хамтын ажиллагаа чухал үүрэгтэй. Эрүүл мэндийн яамнаас Хүүхдийн асрах төвийг Концессын гэрээгээр байгуулах саналаа Засгийн газарт хүргүүлсэн байгаа” хэмээн онцоллоо.
Цаашид хүүхдийн хөнгөвчлөх эмчилгээ, сэтгэлзүйн зөвлөгөө өгөх, өвдөлт намдаах арга барилын стандарт, зааврыг боловсруулан мөрдөх зэргийг үе шаттай хийх шаардлага байна. Өнөөдрийн үйл ажиллагаа нь дээрх асуудлыг шийдвэрлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулна гэж хуралд оролцогчид үзэж байна.
Хөнгөвчлөх эмчилгээний дэлхийн өдрийг тэмдэглэж байна | ||
Үзсэн: 3299 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.