УИХ-ын нэгдсэн чуулган өчигдөр үдээс хойш цаг сунган хуралдаж, ирэх оны Төсвийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн талаарх Ерөнхий сайдын илтгэлтэй холбогдуулан гишүүдийн асуултаар үргэлжлэв.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт, ирэх оны төсвийн төслийг буцаан татаж аваад сайжруулсан хувилбараар эргүүлэн оруулж ирсэн гэж бодсон. Гэтэл дордоод орж ирсэн байна. Ирэх оны төсөвт бидний “хүүхдийн” гэж нэрлэгддэг 20 мянган төгрөгийг өгч чадахгүй болсон гэж сонслоо. Энэ үнэн үү. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнтэй холбогдуулан оюутны 70 мянгыг 96 мянга болгох ёстой. Тэтгэлгийг нэмэгдүүлсэн байдлаар олгож чадах уу гэсэн асуултыг тавилаа.
Түүний асуултад Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ "Хүүхдийн мөнгийг 2012 онд зогсоосон байсныг сэргээж хүүхэд бүрт данс нээлгэснээр тухайн хүүхдийн нэрийн дансанд шууд орж байгаа. 2015 онд хүүхдийн мөнгө хэвээр олгогдоно. Өгөх, өгөхгүй тухай асуудал байхгүй. Засгийн газрын хуралдаанаар ийм асуудал яригдаагүй" гэв.
Түүний асуултад Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ "Хүүхдийн мөнгийг 2012 онд зогсоосон байсныг сэргээж хүүхэд бүрт данс нээлгэснээр тухайн хүүхдийн нэрийн дансанд шууд орж байгаа. 2015 онд хүүхдийн мөнгө хэвээр олгогдоно. Өгөх, өгөхгүй тухай асуудал байхгүй. Засгийн газрын хуралдаанаар ийм асуудал яригдаагүй" гэв.
Харин оюутны тэтгэлгийн хувьд 2015 онд үргэлжлүүлэн олгоно. Ингэхдээ салбарын яамны барьж буй бодлогоор бол голч дүн 2 болон түүнээс дээш байх, тухайн сургууль төгсөгчдөө ажлын байранд хэрхэн хамруулж байгааг харгалзах зэргээр тэтгэлгийг нийт 101 мянган оюутанд олгохоор төсөвлөсөн хэмээн Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр хариулт өглөө.
Улсын Их Хурлын дэд дарга М.Энхболд "Чингис бондын хөрөнгийн 40 хувийг ашиглаагүй байгаа гэсэн мэдээлэл бий. Өмнө авснаа ашиглаагүй байж дахин хөрөнгө босгох гээд байгаа нь ямар учиртай юм бэ. Мөн бүх сайд нарын урсгал зардал нэмэгдсэн байна. Гэтэл бид урсгал зардлыг танах хэрэгтэй гэж тохирсон. Одоо байгаа төвшнөөс 20 хувиар хэмнэе гэдэг зүйлийг ярилцсан. Гэтэл нийлбэр дүнгээрээ урсгал зардал 833 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна" гэсэн юм.
Ерөнхий сайд, бондын хөрөнгөөс үлдэгдэл байгаа нь үнэн. Өнгөрсөн жилүүдэд манай эдийн засаг богино хугацаанд томорсон. Энэ өсөлтийг дагаад томорсон чинээгээрээ зарлагаддаг жишиг тогтчихсон. Иймээс хөрөнгө оруулалт бол хэрэгтэй байгаа. Хэмнэлтийн хувьд тэвчиж болох зардлуудыг танаад явж байгаа. Цаашид аль болох хэмнэлттэй байх бодлогыг барьж байна хэмээв.
Л.Энх-Амгалан гишүүн, Нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл, Төсвийн төсөөлөл, Төсвийн хүрээний мэдэгдэл зэрэг бичиг баримттайгаа уялдуулан Төсвийг хэлэлцэх ёстой. Гэтэл УИХ-аар баталсан дээрх бодлогын бичиг баримтад эдийн засгийн өсөлт 2015 онд 10 хувь байна гэж баталсан байхад 30 хувиар бууруулж долоон хувь байхаар оруулж ирсэн байна. Үүнд ямар үндэслэл байна вэ. Мөн ирэх оны төсөв бол хэмнэлтийн горимд шилжсэн төсөв байх ёстой. Энэ чиглэлээр УИХ-аас гурван тогтоол баталсан байгаа. Энэ нь төрийн байгуулалтын зохион байгуулалтыг боловсронгуй болгох, чиг үүргийн давхцлыг арилгах, албан хаагчдын тоог бууруулах, зардлаа хэмнэх гэх зэрэг агуулгатай. Дээрх үүрэг даалгаврууд биелэгдсэн үү гэсэн түүний асуултад Сангийн дэд сайд С.Пүрэв, УИХ-аас гаргасан тогтоолуудын хэрэгжилтийг хангахаар ажлын хэсгүүд байгуулагдсан, ажиллаж байгаа. Төсвийн төсөлд шинээр орон тоог тусгахдаа аль болох бууруулах бодлого баримталсан ч шинээр ашиглалтад орсон сургууль, цэцэрлэгийн боловсон хүчний тоог 1714 хүнээр нэмэх шаардлага бий болоод байгаа тухай хэлээд, нийт дүндээ 920 хүнээр цөөрсөн болохыг мэдэгдсэн. Харин төрийн байгууллагуудын дэд дарга, даргын зөвлөхийн орон тоог цомхотгох асуудлаар ажлын хэсэг гарсан ч эцсийн шийдвэр гараагүй байгаа гэв.
Б.Гарамгайбаатар гишүүн, ААН-үүдэд энэ онд хийж гүйцэтгэсэн ажлуудынх нь санхүүжилтыг бүрэн өгч чадах уу. Энэ онд их хэмжээний замын бүтээн байгуулалт хийгдсэн байгаа. Зам барих нэг хэрэг харин барьсан замаа арчлах тал дээр хэрхэн анхаарч байна вэ. Мөн барилга, замын ажлын норм норматив, өртгийн тоцоолол хуучны зохицуулалтаар явагдаж байгаа, үүнийг хэрхэн зохицуулахаар төсөвт тусгасан тухай асуултыг Сангийн яамны холбогдох ажилтнуудад тухайлан тавихад Сангийн дэд сайд С.Пүрэв, замын болон барилгын салбаруудын норм норматив, өртгийн тоцоолол шинэчлэгдээгүй байгаа. Энэ асуудлаар хуучин Барилга, хот байгуулалтын яам байх үед Эдийн засгийн хөгжлийн яамтай хамтран ажлын хэсэг гаргасан байгаа. Ажиллаж байна гэсэн хариултыг өгсөн.
Замын арчилгаа болон гэрээгээр гүйцэтгэсэн ажлуудын санхүүжилтын тухайд Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт хэлэхдээ, Салбарын сайдын багцад Замын сангаас 25 тэрбумыг тавьсан байгаа. Энэ нь санд төвлөрөх хөрөнгийн хэмжээтэй холбоотой юм. Харин гэрээгээр ажлаа гүйцэтгэсэн компаниудын санхүүжилтыг өгөх ёстой. Энэ ч зарчмаар ажиллана. Харин хугацааны тал дээр тодорхой хугацаагаар хойшлогдох магадлалтай байгаа юм гэв.
Хэлэлцүүлгийн үеэр гишүүдийн зүгээс орон нутагт маш бага төсөв хуваарилсаныг шүүмжилж байв. Тухайлбал, нэг аймагт 13 төсөл хөтөлбөрийн дунд нийтэд нь зургаан тэрбум төгрөг хуваарилсан нь учир дутагдалтай гэж байв. Энэ асуудлыг Ерөнхий сайд, хөрөнгө оруулалтын 1/4 орон нутагт шилжүүлэх зарчмын хүрээнд төсвийг боловсруулсан гэж тайлбарлалаа.
Мөн төсвийн урсгал зардлыг нэмэгдүүлэхгүй байхаар мэдэгдэж байсан ч тодорхой хувиар нэмэгдүүлэн төсөвлөсөнийг шүүмжилж зарим гишүүд дахин боловсруулах шаардлагатай тухай саналаа хэлж байсан. Харин дээрх асуудлаар Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт “2015 оны төсвийг боловсруулахдаа урсгал төсвийн зардлыг өсгөхгүй байх бодлого баримталсан. Гадаад томилолтын зардлыг хоёр тэрбум, тавилгад зарцуулах хөрөнгийг 4.8 тэрбум, эм эмнэлгийн хэрэгслээс 6.1 тэрбум, бусад урсгал зардлыг 69 сая төгрөгөөр бууруулсан. Өнгөрсөн оны цалин хөлсний нэмэгдэл, боловсрол, үйлчилгээний гэсэн зайлшгүй салбаруудад урсгал зардал нэмэгдсэн зүйл бий. Бусдаар тэвчиж болохыг зардлыг танасан” гэх хариулт өглөө.
Хуралдааны явцад хурал даргалагчийн зүгээс гишүүдийн асуултын хариуг бүрэн өгүүлэх, орхигдсон асуудлыг тухай бүрт тодруулж УИХ-аас өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлтийг хангаж ажиллах тал дээр анхаарах шаардлагатай байгаа талаар Засгийн газрын гишүүдэд сануулж байв.
Түүнчлэн УИХ-ын дарга З.Энхболдын гишүүдийн асуулттай уялдуулан энэ удаагийн өргөн барьсан Төсвийн төслийн талаар ямар онцлогтой төсөв болсон тухай тодруулахад Сангийн яамны дэд сайд С.Пүрэв, ирэх жилийн төсөв орон нутгийн хөгжлийг дэмжсэн, ажиллах идэвх санаачлагыг нэмэгдүүлсэн, нөөц боломжоо ашигласан, хэмнэлттэй төсөв байхаар төсөөлсөн тухай хэлж байсан.
Ийнхүү хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт, хариулт дууссаны дараа хуулийн төслүүдийг хоёр дах хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын бүх байнгын хороо, нам эвслийн бүлгүүдэд шилжүүлснээр өнөөдрийн чуулганы хуралдаан өндөрлөв.
Гишүүд цаг сунган хуралдаж, төсвийн төслийн хэлэлцүүлгийг дуусгав | ||
Үзсэн: 890 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.