Шууд Chart

Төсөв хугацаандаа батлагдах уу

2014-11-11 12:19:41

Шинээр хамтарсан Засгийн газар байгуулах уу, эсвэл аль фракцаас Ерөнхий сайд томилох вэ гэдэг олон асуудлаас илүү чухал нь ирэх оны төсөв юм. Учир нь 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн иргэд ямар цалин авч, хөгшид хэдий хэр тэтгэвэр авахыг одоо хэлэлцэн батлах ёстой.  

Өнгөрөгч 2011 онд батлагдсан Төсвийн тухай хуулийн дагуу Засгийн газар төсвийн төслийг жил бүрийн 10 дугаар сарын 1-ний дотор УИХ-д өргөн мэдүүлж улмаар үүнээс хойш ажлын гурван өдрийн дотор олон нийтэд мэдээлэх үүрэгтэй байдаг. Харин өргөн мэдүүлсэн төсвийн төслийг нь УИХ 11 дүгээр сарын 15-ны дотор батлан гаргах ёстой юм.
 
Энэ жилийн хувьд Сангийн сайд асан Ч.Улаан өнгөрсөн 10 дугаар сарын 1-ний өдөр ирэх 2015 оны Төсвийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг УИХ-д өргөн барьсан. Гэвч төсвийн төсөлтэй зэрэгцээд Засгийн газрын бүтцийн асуудал гарч ирсэн юм. Тодруулбал, Ерөнхий сайд Төсвийн тухай хууль өргөн барьсны маргааш нь бүтцийн өөрчлөлтийнхөө хүрээнд зургаан яамыг нэгтгэн гурав болгох шийдвэр гаргаснаа танилцуулсан. Ингэснээр Засгийн газар 16 бус 13 яамтай ажиллахаар болсон билээ.
 
Гэтэл үүний өмнөх өдөр өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хууль нь Засгийн газрыг 16 яамтай байх үед зохиогдсон учраас дахин өөрчлөх хэрэгтэй гэдгийг УИХ дахь сөрөг хүчний зүгээс шаардаж эхэлсэн. Нэгэнт бүтцийн өөрчлөлт орсон учраас Засгийн газар 10 дугаар сарын 14-ний өдөр ээлжит бус хуралдаан хийж, 2015 оны төсвийн төслийг эргүүлэн татаж, Засгийн газрын шинэчилсэн бүтэцтэй уялдуулан дахин боловсруулахаар шийдвэрлэсэн.
 
Үүнээс хоёр хоногийн дараа Засгийн газраас Төсвийн тухай хуулийн төслийг дахин өргөн барьсан. Ингэхдээ бүтцийн өөрчлөлтэй холбогдож 1.3 тэрбум төгрөгийн зөрүү гарсан гэдгийг хэлж байсан юм. Ингээд төсөв өргөн барьснаас хойш нийтдээ 25 хоногийн хугацаа өнгөрч байгаа бөгөөд өнөөдөр байнгын хороогоор төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна. Хуульд заасан хугацаагаар бол төсвийг энэ долоо хоногт хэлэлцэж дуусгах ёстой.
 
УИХ-аас төлөвлөсөн хуваарийн дагуу бол ирэх пүрэв, баасан гарагт хуулийн төслийн хоёр дахь болон гурав, дөрөв дэх хэлэлцүүлгүүдийг хийж хугацаандаа батлах аж. Нэгэнт цаг нь тулсан төслийг хуулийн хугацаанд батлахын тулд ингэж шахуу ажиллахаас өөр арга байхгүй. Гэхдээ хэр үр дүнтэй хууль батлагдах вэ гэдэг нь л хамгийн чухал асуудал юм.
 
Өөрөөр хэлбэл, өнгөрсөн сард өргөн барьж одоо хэлэлцэж байгаа Төсвийн тухай хуулийн төсөл бол Н.Алтанхуяг Ерөнхий сайд байхдаа өөрчилсөн 13 яам, 11 тохируулагч агентлаг, 19 хэрэгжүүлэгч агентлагтай ажиллах бүтцэд зориулан хийсэн төсөв. Гэтэл шинэ Ерөнхий сайд томилогдож танхимаа өөрөө бүрдүүлэхдээ яамдын тоог өөрчилж болно. Ингэсэн тохиолдолд төсвийн тухай хуульд өөрчлөлт орно. Хэрэв төсөв хэлэлцэж эхлэх үед шинэ Засгийн газар байгуулагдсан бол төсвөө дахин татаж аваад, өөрчлөлт оруулж болох байсан. Харин одоо бол тэгэх цаг байхгүй. Учир нь хуулийн дагуу 11 дүгээр сарын 15-ны дотор төсөв батлах ёстой. Тэгэхээр УИХ-ын гишүүд үүрэгт ажлаасаа огцрохгүйн тулд 2015 оны Төсвийн тухай хуулиа баталдгаараа батална. Харин он гарсны дараа нь тодотгол хийх нөхцөл байдал аль хэдийнээ үүсчихлээ. Үүнийг олон ч гишүүд хэлж байгаа. Тухайлбал, УИХ-ын дарга З.Энхболд өнгөрсөн долоо хоногт “УИХ ирэх долоо хоногийн хоёр дахь  өдөр Ерөнхий сайдаа батлаж чадвал одоо батлагдах төсөвт тодотгол хийхгүй, орон нутгийн төсвүүд цагтаа батлагдана” хэмээн хэлж байсан. Гэтэл эрх баригчид өнөөдөр Ерөнхий сайдаа батлах нь битгий хэл фракц хоорондоо хэл амаа ч ойлголцож чадаагүй сууж байна.
 
Энэ талаар УИХ дахь нам, эвслийн бүлгүүд янз бүрийн байр суурьтай байна. МАН-ын бүлэг эрх баригчид төсвөө хэлэлцдэгээрээ хэлэлцээд явна. Шинэ Засгийн газар байгуулагдсаны дараа төсөвт өөрчлөлт орж, тодотгол хийх нь ойлгомжтой хэмээж байгаа бол “Шударга ёс” эвслийн бүлэг “Төсвийг хугацаанд нь хэлэлцэхэд бидний зүгээс шаардагдах бүх арга хэмжээг авна” хэмээж байгаа. Түүнчлэн бие даагч гишүүд ч мөн төсөв хугацаандаа батлагдана. Харин эрх баригчид л Засгийн газрын асуудлаа хурдан шийдэх хэрэгтэй гэж байгаа юм.
 
Энэ талаар УИХ-ын зарим гишүүний байр суурийг хүргэе.
 
УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн:
 
-Энэ долоо хоногт УИХ-аас гол анхаарч ажиллах асуудал бол 2015 оны төсвийг хугацаанд нь батлах. Одоогоор төсөв хэлэлцэх үйл явц графикийн дагуу явагдаж байна. Бусад бүх байнгын хороо хоёр дахь хэлэлцүүлгээ хийгээд манай Төсвийн байнгын хороонд ирүүлчихсэн байгаа. Бид төсөвт тодорхой хэмжээгээр зарлагыг бууруулж, орлогыг нэмэгдүүлэх нөөц боломжууд дээр ажиллаж байна. Одоогийн байдлаар 160 гаруй тэрбум төгрөгийн зардлыг бууруулсан, ер нь хэмнэлтийн горимд шилжихэд алхам хийсэн төсөв болно гэж бодож байна. Цаг хугацааны хувьд бол хязгаарлагдмал байгаа. Гэсэн ч бид төсвийг амжиж оруулна. Үүнээс гадна ирэх долоо хоногт яамдын бүтэц бэлэн болчихвол 2014 оны төсвөө тодотгох асуудал бас үүснэ. Яагаад гэхээр өнөөдөр Засгийн газрын бүтэц тодорхой бус байна. Ер нь засаг төрийн энэ асуудлаа яаралтай шийдэхгүй бол энэ нь төсвийн төслүүд, хэрэгжилтэд сөргөөр нөлөөлөл байдал үүсчихээд байгаа. Жишээ нь,  бид 2015 оны төсвийг дөнгөж саяхан өөрчлөлт хийсэн Засгийн газрын бүтэц дээр хийж байгаа. Гэтэл шинэ Засгийн газар энэ бүтцээр ажиллахгүй дахиад өөр бүтцээр ажиллана гэвэл ирэх оны төсөв хөдлөх нөхцөл байдал үүсчихээд байгаа юм. Тиймээс Засгийн газраа цэгцлэх асуудлаа нэн яаралтай хийх хэрэгтэй байна.
 
 
 
 
УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл:
 
-Төсөв батлахад дараагийн Засгийн газар бүрэлдтэл хүлээнэ гэж цаг алдах хэрэг байхгүй. Эхний хоёр ч хэлэлцүүлгийг хийсэн учраас одоо цааш нь хэлэлцдэг журмаараа л хэлэлцээд явна. Хамгийн гол нь байнгын хороо болон чуулганы хуралдаанаа зохих журмын дагуу явуулах хэрэгтэй. Төсвийн хувьд бол өнөөгийн байгаа боломжиндоо л тулгуурласан төсөв, урьдынх шиг хөрөнгө оруулалт ихтэй, ард түмний амьжиргааг дээшлүүлэх, цалин тэтгэврийн зохих түвшинд нэмэгдүүлэх чадвартай төсөв гарна гэж төдийлөн найдаад хэрэггүй.
Ерөнхий сайд, Сангийн сайд байсан байгаагүй бид нар уншаад тоонуудаа хараад явчихна. Сангийн сайд байлаа гээд тоонууд нь өөрчлөгдөхгүй. Одоо нэгэнт мөнгөний тоо хэмжээ нь тодорхой болчихсон. Шинэ Ерөнхий сайд гарч ирээд ч би ийм төсөв авна, авахгүй гэж ярих юм байхгүй.
 
 
 
 
 
 
 
 
 
УИХ-ын гишүүн Я.Содбаатар:
 
-Одоо Ерөнхий сайд, Засгийн газар гээд төсөв тоож байгаа хүн алга байх шиг байна. Ирэх оны төсвийг одоо яахав. Хэдэн тоо тавиад хугацаанд нь батлах л байх. Гэхдээ энэ чинь худлаа шүү дээ. Засгийн газар өөрчлөгдөхөөр төсөвт өөрчлөлт орно. 2015 он гараад төсөвт тодотгол хийх л байх.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей:
-Улс төрийн хүндрэлтэй үед төсөв, мөнгөний бодлого хэлэлцэж байна. Эдгээр бодлогын баримт бичгүүдийг хэлэлцэх үйл явц ажлын хэсэг болон байнгын хороон дээр удаашралтай ч гэсэн явагдаж байна. Үүнээс гадна Сангийн сайдгүй дээр нь Ерөнхий сайдыг огцруулсан хүндрэлтэй гэж хэлж болохоор энэ үед хэлэлцэж байгаагаараа л онцлогтой байна. Энэ онтой харьцуулахад ирэх оны төсөв төдийлөн таатай биш байна. Яагаад гэхээр орлого бүрдүүлэлтэд эрсдэлтэй зүйлүүд их байна. Жишээ нь, ашигт малтмалын түүхий эдийг экспортод гаргах түүхий эдийн тоо хэмжээ, түүний үнэ зэрэг асуудал төлөвлөсөн хэмжээндээ хүрэх үү үгүй юу, түүнээсээ гараад төсвийн орлого бүрдүүлж чадах уу, үгүй юу зэрэг асуудлууд байгаа. Зарлагын тал дээр ч гэсэн урьд нь эхэлсэн зарим хэсэг нь царцаагдсан хөрөнгө оруулалт, нөгөө хэсэг нь дуусаагүй он дамжиж явж байгаа обьектуудад шаардлагатай хөрөнгө оруулалтын хэмжээ бол асар их байна.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Төсөв хугацаандаа батлагдах уу  
Үзсэн: 2419 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй