Чихрийн шижин өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр маргааш тохионо. Уг өвчний эсрэг өдрийг энэ жил “Чихрийн шижин өвчнөөс ирээдүйгээ хамгаалъя” уриан дор зохион байгуулах аж. Уг арга хэмжээнд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага зэрэг байгууллагууд хамтрах оролцох юм байна. Тус байгууллагуудын зүгээс энэ жил “Зохистой зөв хооллолт” уриаг иргэдэд хүргэж, сургалт болон гарын авлага, зөвлөмж тараахаар болжээ. Мэргэжилтнүүд техник, технологи хөгжсөн энэ үед таргалалт, буруу хооллолт, хөдөлгөөний дутагдал чихрийн шижин үүсэх гол шалтгаан гэж байна.
Вирусийн гаралгүй уг өвчнөөс урьдчилсан сэргийлэх тарилга байхгүй. Хамгийн найдвартай нь амьдралын зөв хэвшил ажээ. Зөв хэвшил гэдэгт эрүүл зөв хооллох, идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх, илүүдэл жингүй байх, илүүдэл жинтэй бол түүнийгээ хасах, хорт зуршлаас татгалзах тахлаас өөрийгөө сэргийлэх багтана. Энэ өвчин жил ирэх тусам залуужих хандлага гарч байгаа гэнэ. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдээ багаас нь зөв хооллох зуршилд суралцуулах нь энэ өвчний “вакцин” болдог аж. Мөн нярайг эхийн сүүгээр хооллох нь хүүхэд өсч томорсон хойно чихрийн шижин өвчин тусахаас сэргийлдэг байна. Учир нь эхийн сүүнд уг өвчний үүсгэгч бодисын эсрэг үйлчилгээтэй бодис хамгийн их агуулагддаг ажээ.
Чимээгүй тахал хэмээн нэрлэгддэг чихрийн шижин өвчтэй хүн дэлхийн хэмжээнд 382 сая байна. Энэ тоо цаашид өсч 2035 он гэхэд 592 саяд хүрч дэлхийн 10 хүн тутмын нэг нь энэ өвчинд өртөнө гэх таамаг гарчээ. Монгол Улсын хувьд 1999 онд хүн амын дунд 3.1 хувь нь чихрийн шижинтэй байсан бол өнгөрсөн оны судалгаагаар 6.5 хувь нь чихрийн шижин өвчнөөр өвдсөн гэсэн тоо баримт бий. Уг тоо жил ирэх тусам нэмэгдэж байгааг мэргэжилтэн онцлож байв.
Эл өвчний шинж тэмдэг маш орой илэрдэг бөгөөд монголчуудын дийлэнх нь хүндэрсэн хойноо эмчид ханддаг аж. Тиймээс цусан дахь чихрийн хэмжээг шинжлүүлж байх шаардлагатай. Оношлогоог дүүргийн эмнэлгүүдэд хийдэг. Хэрэв чихрийн шижин өвчтэй бол цусан дахь сахарын хэмжээг нэмэхгүйн тулд тусгай хүнс хэрэглэвэл зохино.
Хэрэв та илүүдэл жинтэй бол цусан дахь сахарын хэмжээг байнга шинжлүүлж хянах хэрэгтэй. Хэвлийн таргалалтаас сэргийлэх нь бас чухал юм. Хэвлийн таргалалттай хүмүүс жилд 1-2 удаа цусан дахь сахарын хэмжээгээ тодорхойлуулж байх хэрэгтэй. Доод тал нь найман цаг өлөн байсны дараа шинжилгээ өгвөл бодит хариу гардаг. Хэрэв цусан дахь сахарын хэмжээ 3.5-5.5 ммол.л байх юм бол хэвийн гэсэн үг. Хэрэв долоогоос дээш гарвал чихрийн шижин өвчин туссан нь тодорхой юм байна.
Зөв хооллолт чихрийн шижин өвчний “вакцин” | ||
Үзсэн: 3306 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.