Шууд Chart

Малын бүртгэлгүй эмийн нийлүүлэлт өсчээ

2014-11-14 13:29:12

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас улсын хэмжээнд зах зээлд нийлүүлэгдэж буй малын эм, бэлдмэлд шалгалт хийжээ. Монгол Улсын хэмжээнд 372 мал эмнэлэг бий. Үүнээс хувийн 32, гурван жижиг мал, амьтны эмнэлэг байдаг. Эдгээрт хийсэн шалгалтаар улсад бүртгэгдээгүй эм бэлдмэл худалдаалсан болон эмийн бодисуудыг жижиглэнгээр худалдаалахдаа хэрэглэх зааваргүй худалдаалсан тохиолдлууд илэрчээ. Мөн зориулалтын бус газар буюу ил зах дээр эмийн бэлдмэл худалдаалж байжээ. Тухайлбал, нийслэл, Ховд, Сүхбаатар, Сэлэнгэ аймгийн малын эмийн сангуудад ОХУ, БНХАУ, БНСУ-аас импортлосон чанарын баталгаагүй 27 төрлийн эм, бэлдмэл худалдаалсан зөрчил илэрчээ. Мөн зургаан аймагт хугацаа хэтэрсэн 37 төрлийн эмээр үйлчилгээ үзүүлсэн зэрэг нийт 838 зөрчил илрүүлэн, мэргэжлийн хяналтын газраас арга хэмжээ авсан байна. Үүнээс 336 зөрчлийг газар дээр нь арилгуулж, 5.1 сая төгрөгийн торгууль ногдуулжээ. Зах зээлд нийлүүлэгдэж буй малын эмийн зөрчил дутагдал энэ оны шалгалтаар өссөн дүн гарчээ. Эм ханган нийлүүлэх төвүүдэд 2011 онд хийсэн шалгалтаар 1.8 хувь ямар ч бүртгэлгүй эм илэрч байжээ. Тэгвэл энэ оны шалгалтаар 4.8 хувь болж өссөн нь улсын баялаг болсон малын эрүүл мэндэд сөрөг хортой. Улмаар хүнсний аюулгүй байдлыг алдагдуулах хүчин зүйл болж байна гэж мэргэжилтэн онцлолоо.

 

Үүнтэй холбоотойгоор Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Улсын ахлах байцаагч Ц.Саруултуяагаас зарим зүйлийг тодрууллаа.

-Зөрчил дутагдал олон илэрсэн байна. Мал үхсэн тохиолдол байгаа юу?

-Хөвсгөл аймагт “Заяадайн” булаг ХХК 30 мянган мал угаахад, 450 мал өвчилж, 58 мал үхсэн тохиолдол гарсан. Мөн “Сарьдаг” ХХК мал угаалга хийхэд 62 мал үхсэн. Тухайн угаалга хийсэн бодист шинжилгээ хийхэд, шаардлага хангасан гэж гарсан. Мал үхсэн шалтгаан нь иргэд малын эмийн бодисыг буруу хэрэглэсэнтэй холбоотой гэсэн анхан шатны дүгнэлт гарсан.

-Саяхан малын эмийг хүнийх гэж худалдаалж буйг танай байгууллага тогтоосон байсан. Энэ талаар тодруулахгүй юу?

-“АЦД” гэж малын эм байдаг. Энэ эм бол Монгол Улсын мал эмийн бүртгэлд бүртгэгдсэн. Зөвхөн малд хэрэглэх зориулалттай. Харамсалтай нь буруу зөрүү мэдээллээс болоод хувь хүн ОХУ-аас импортлон хүнд худалдаалсан мэдээлэл байна. Үүнийг эрүүл мэндийн байгууллага шалгах байх. Монгол Улсад энэ төрлийн эмийг малд худалдаалах эрх авсан хоёр аж ахуйн нэгж байдаг.

-Манай улс малын эм бэлдмэлийн дийлэнхийг гадаадаас импортлодог. Шалгалтаар зөрчилтэй байсан нь тогтоогдсон эм бэлдмэлийг аль улсаас оруулж ирсэн байсан бэ?

-Ерөнхийдөө БНХАУ-д үйлдвэрлэсэн эмүүд байсан.

-Бүртгэлгүй эм орж ирээд байгааг хил, гаалийн хяналт сул байгаатай холбож ойлгож болох уу?

-Хилийн мэргэжлийн хяналтын газрын мал эмнэлгийн байцаагч нар хяналт шалгалт хийдэг. Албан ёсоор бичиг баримттай эмийг хатуу шалгаж оруулдаг. Гэвч ганзага буюу хувь хүн оруулж ирэх тохиолдол их байна. Тэр болгонд байцаагч хүрэлцэхгүй байх нь бий.

-Малчид малын эмчийн бичиггүй эм бэлдмэл худалдан авч малдаа хэрэглэх тохиолдол амьдрал дээр хэвшил болсон. Хүн гэлтгүй малын эмийг заавал эмчийн бичгээр хэрэглэх шаардлага байдаг уу?

-Заавал малын эмчээр дамжуулж малдаа эм хэрэглэх ёстой. Гэтэл малчид дур мэдэн Нарантуулзахаас эм худалдан авч байгаа нь эрсдэлтэй. Энэ нь цаашдаа өөрсдийнхөө эрүүл мэндэд хор учруулж байна гэсэн үг. Малынхаа махыг бид өөрсдөө иддэг шүү дээ.  

 

Нийтэлсэн: Д.Мягмардорж

Малын бүртгэлгүй эмийн нийлүүлэлт өсчээ   
Үзсэн: 1953 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй