Улсын хэмжээнд 2015 оны эхний 8 сарын байдлаар хүүхэд өртсөн зам тээврийн осол 744 бүртгэгдсэн. Үүнээс хүүхэд өртсөн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг 188 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Эдгээр гэмт хэргийн улмаас 40 хүүхэд амь насаа алдаж, 148 хүүхэд хүнд, хүндэвтэр гэмтэл авчээ. Улсын хэмжээний үзүүлэлтийг урьд онтой харьцуулахад нас барсан хүүхэд 9 нэгжээр буюу 29,0 хувиар өсч, гэмтсэн хүүхэд 6,5 хувиар тус тус өсчээ. Гэмт хэргийн улмаас нас барсан хүүхдийн дийлэнх хувь буюу 32 хүүхэд орон нутгийн замд гарсан ослоос амь насаа алдсан байхад нийслэлд 8 хүүхэд амь насаа алджээ.
Зам тээврийн осолд өртсөн хүүхдүүд ихэвчлэн гэр, сургууль, цэцэрлэг гэсэн маршрутаар явганаар болон тээврийн хэрэгсэл дотор эцэг эхийн хараа хяналтанд явж байгаад зам тээврийн осолд өртсөн байна. Замын хөдөлгөөнд оролцох, зам хөндлөн гарахдаа гарц, гарамтай хэсгээр гарахгүй байх, бага насны хүүхдийг асран хамгаалагчгүй хөдөлгөөнд оролцуулах, хүүхэд ойртон ирж буй тээврийн хэрэгслийн урдуур гүйх, улаан гэрлээр зам хөндлөн гарах, зориулалтын хамгаалалтын суудал, хамгаалах бүс хэрэглэхгүй байх, томчууд бага насны хүүхдийг дагуулан дүрэм зөрчих байдал нь энэ төрлийн осол, хэрэг буурахгүй байгаа гол нөхцөл болж байна.
Замын хөдөлгөөнд оролцогч хүүхдүүдийн осолд өртсөн хэлбэрийг судалж үзэхэд нийслэлд явган зорчигч хүүхэд осолд их өртөж байхад орон нутагт тээврийн хэрэгслээр зорчигч хүүхэд их өртдөг тоон үзүүлэлт гарсан.
Хүүхдийг замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулахад зайлшгүй шаардлагатай зүйлийн нэг бол автомашин доторх аюулгүй байдлыг хангах явдал юм. Орон нутгийн замд хүүхэд зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан явдал их бүртгэгдсэн нь хүүхдийг тээвэрлэхдээ зориулалтын хамгаалах бүс, хамгаалалтын суудал зэргийг хэрэглэж хэвшээгүй, хүүхдийг буруу тээвэрлэж явсантай шууд хамааралтай.
Сургуулийн өмнөх болон сургуулийн насны хүүхдүүдэд замын хөдөлгөөний мэдлэг боловсрол олгох, замын хөдөлгөөнд оролцох зөв дадал, сахилга хэвшүүлэх нь бүх шатны боловсролын байгууллагын үндсэн зорилт байхаас гадна эцэг эхчүүдийн үүрэг хамгийн чухал юм.
Монгол улсад 2014 онд бүртгэгдсэн нийт зам тээврийн ослын 56 хувь нь жолооч болон зорчигч хамгаалах бүс хэрэглээгүй гэсэн судалгаа гарсан байна. Хамгаалах бүсийг хэрэглэснээр жолооч, тээврийн хэрэгслээр зорчигч осолд өртөх тохиолдолд жолооч, автомашины урд сууж явсан зорчигчийг 40-50 хувиар, ард сууж явсан зорчигчийг 25-75 хувиар осол гэмтэл, эрсдлээс бүрэн хамгаалдаг гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 2013 оны тайланд тусгажээ. Мөн хүүхдийн зориулалтын суудал хэрэглэснээр нярай хүүхдийг зам тээврийн осол гэмтлээс 70 хүртэл хувиар, бага болон өсвөр насны хүүхдийг 54-80 хүртэл хувиар хамгаалдаг байна. Сүүлийн жилүүдэд Монголчууд хүүхдийн зориулалтын суудал, тохируулагчийг хэрэглэж хэвшиж байгаа нь сайн үр дүн хэдий боловч өнгөрсөн жилд зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан хүүхдүүдийн 35 тохиолдол нь хамгаалах бүс, зориулалтын суудал хэрэглээгүйгээс хүүхэд хохирч байгаа нь төдийлөн хамгаалагдаж чадахгүй байгааг харуулж байна.
Эцэг эхчүүд ээ !!! Хүүхэд бидний амьдралын утга учир . . .
Он гарсаар 744 хүүхэд зам тээврийн осолд өртжээ | ||
Үзсэн: 993 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.