Шууд Chart

Хямдруулдаг биш хямруулдаг баяр

2013-01-27 11:07:05

Бараг манайхаас бусад улсад баярын өмнө өргөн хэрэглээний барааны үнэ өсөх биш, хямдардаг жишиг бий. Худалдан авалт хамгийн өндөрт тулдаг үе нь баярын өмнөх өдрүүд. Мөн барааны үнэ хамгийн доод цэгтээ буудаг үе нь мөн л баярын өмнөх өдрүүд. Гэтэл Монголд энэ нь эсрэгээрээ байдаг гэдэгт нэгэнт дасал болжээ. Баяр дөхөөд ирэнгүүт л үнэ нэмэгдэнэ. “Авбал ав, боливол боль. Чамайг авахгүй ч дараагийнх нь авчихна” гэх үгсээр хариу барьна. Үүгээр ч зогсохгүй нийтээр тэмдэглэдэг баяр ёслолыг хугацаа нь дуусах дөхсөн, муу бараагаа шахах боломж гэж харж, шинийгээ цааш хийж хуучнаа гаргаж зардаг нь ч олон.
Монголчуудын нийтээр тэмдэглэдэг баяруудын нийтлэг онцлог нь бусаддаа бэлэг бэлддэгт байдаг. Үүнийг нь наймаачид “хэн ч авахгүй бараагаа бэлэгний уутанд хийж борлуулах боломж” гэж ойлгодог.

Энэ удаагийн “Цагаан сарын баяр” өмнөх жилүүдийн жишгээ мөн л давтав. Өнөө л эсгий шаахай, суран бүс мэттэй үзэсгэлэн худалдаа,  хөрш орноос оруулж ирсэн чанар муухан бараагаар чигжсэн захууд, түүнийг нь уутаа дүүртэл цуглуулж аваад буцах худалдан авагчид гээд л. Ихэнх орнуудын гол баяр болох Шинэ жилтэй дүйх үндэснийхээ баяр Цагаан сарыг хямдарч, баярлуулдаг сар болгох бодлого даанч анзаарагдсангүй байсаар өдийг хүрлээ. Энэ жилийн хувьд ядаж гар цайлгах бэлэгийг үндэсний компаниудын бүтээгдэхүүнээр хангах гэж оролдсон боловч олон нийтэд хүрсэн арга хэмжээ болсонгүй.  Уг нь үзэсгэлэн худалдааг нь зохион байгуулж,  үзэсгэлэн худалдаанд оролцох талбайн үнийн 50 хувийг Засгийн газраас хариуцах, Ерөнхий сайд нь өөрөө үндэсний бүтээгдэхүүнээ худалдан авахыг уриалах зэрэг арга хэрэглэсэн ч нийт худалдан авагчдын сонголтонд нөлөөлөх хэмжээнд дөхөж ч чадсангүй.  

Нийтэд биш, нэг хэсэгт нөлөөлөх арга хэмжээ таарахгүйг ойлгосонгүй. Өөрөөр хэлбэл энэ удаад ч мөн урьдын адил гадагшаа урсч байгаа мөнгөн урсгалыг үндэсний үйлдвэрлэгч рүүгээ чиглүүлж  чадсангүй. Нэг талаар гаднаас сонгох бэлэгнээс дотоодод үйлдвэрлэсэн нь болхи, бүдүүлэг байгаа үед “үндэсний үйлдвэрлэгчдээ сонго” гэж шахах нь өөрөө бүдүүлэг хэрэг. Гэвч хэдэн сар идэх мөнгөө хэдхэн өдөрт идэхээр гөвөхдөө хил давуулан сэгсэрнэ гэдэг даанч харамсалтай.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газрынханы түрээсийн гэрээг зургадугаар сарын 1-нээс хийе гэсэн уриалга эртхэн гарч, хэрэгжсэн бол юмны үнэ өсөхгүй байх өөр нэг боломж болох байв. О.Магнайгийн хэлснээр “Олон жилийн дунджаас үзэхэд манай улсад оны эхний 1-4 сарын үед бараа бүтээгдэхүүний үнэ эрчимтэй нэмэгдэж, жилийн өсөлтийн 70-80 хувийг эзэлж байна. Үүнд нөлөөлдөг хүчин зүйлийн нэг нь түрээслэгчдийн түрээсийн гэрээ жил бүрийн нэгдүгээр сарын 1-нээс эхэлдэгтэй холбоотой судалгаа бий. Өөрөөр хэлбэл өнгөрсөн жилийн ашиг орлогоо тооцоод, үнийн өсөлтийг түрээсийн гэрээнд тусгадаг. Ингэхээр үнэ өсөх шалтгаан болж, ард иргэдэд баяр ёслолын өмнө дарамт учруулдаг” гэнэ.

Энэ удаад бид боломжийг ашиглаж чадсангүй. Харин дараагийн удаад ямар хямруулдаг биш хямдруулдаг баяр тэмдэглэхийн тулд юу хийх ёстойгоо ойлгох л хэрэгтэй.

Нийтэлсэн: Б.Багабанди

Хямдруулдаг биш хямруулдаг баяр   
Үзсэн: 3058 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй