Шууд Chart

Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барилаа

2013-06-28 11:15:46

УИХ-ын гишүүн, Уул уурхайн сайд Д.Ганхуяг өнөөдөр Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барив. Одоо мөрдөгдөж буй Газрын тосны тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хууль батлагдахаас нэг жилийн өмнө 1991 онд батлагдсан боловч, өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд дорвитой өөрчлөлт ороогүй байна.Тиймээс энэ салбарын хуулийн зохицуулалт хоцрогдож, хуулиар зохицуулагдах учиртай ихэнхи харилцаа нь журам, гэрээгээр зохицуулагдаж иржээ. Өнгөрсөн 5-6 жилд энэ хуулийн төслийг батлуулна гэж ярьж ирсэн боловч хэрэгжээгүй өдий хүрчээ. Уул уурхайн яам өнгөрсөн хугацаанд сайтар боловсруулж, уг төслийг өргөн барилаа.

Дээрх хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барих үеэр Уул уурхайн сайд Д.Ганхуяг хэлэхдээ “Газрын тосны салбар нь манай улсын ирээдүйтэй чухал салбарын нэг болон хөгжиж байна. Энэ үед уг төслийг өргөн барих ач холбогдол өндөр юм. Хуулийн төсөлд энэ салбарын харилцаанд оролцогч талуудын эрх, үүрэг, хариуцлага, тусгай зөвшөөрөлтөй холбогдсон харилцаануудыг тодорхой болгож суулгасан. Газрын тос гэсэн ойлголтонд байгалийн хий, шингэн, хатуу төлөвт оршиж байгаа нуурс, ус төрөгчийн нэгдлийн холимогууд ордог. Мөн газрын тосыг уламжлалт ба уламжлалт бус газрын тос гэж ангилж байна. Заншсан нэршлээр бол туухий тос, байгалийн хий, уламжлалт бус газрын тосонд байгалийн битум, занар,тослог элс, нүүрсний давхаргын метан хий орж байна. Энэ хууль батлагдсанаар газрын тос болон уламжлалт бус газрын тосны хөрөнгө оруулалт болон бизнесийн орчин тодорхой болж, эдгээр орчны өрсөлдөх чадвар олон улсын дундаж түвшнөөс дээгүүр хэвээр байх болно” гэлээ.

Нөөц ашигласны төлбөрийн хувь нь газрын тосонд 5-15, уламжлалт бус газрын тосонд 5-10 болох юм. Тусгай зөвшөөрлийн болон нөөц ашигласны төлбөрийн 10 хувийг тухайн тусгай зөвшөөрлийн талбай хамаарах сум, дүүргийн, 20 хувийг аймаг, нийслэлийн, 70 хувийг улсын төсөвт тус тус төвлөрүүлнэ. Ашигт газрын тосны Засгийн газарт оногдох хувь хайгуулын болон бүтээн байгуулалтын зардлыг нөхөхөөс өмнө 50–аас доошгүй, нөхсөний дараа 60-аас доошгуй хувь байх болно. Гэрээлэгч компаниуд газрын тосны ашиглалтын үед орон нутагтай байгуулах хамтын ажиллагааны гэрээнд заасны дагуу өөрт ногдох газрын тос, уламжлалт бус газрын тосны орлогоос орон нутаг хөгжүүлэх санд тодорхой орлого оруулдаг байхаар дээрх хуулийн төсөлд тусгасан байна.

Нийтэлсэн: Мөнхөө

Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барилаа  
Үзсэн: 2115 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй