Шууд Chart

Засгийн газрын бүтцийн асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэнэ

2014-10-06 06:50:14

УИХ-ын 2014 оны намрын ээлжит чуулганы өнгөрсөн баасан гарагийн хуралдаанаар Ерөнхий сайдын өргөн мэдүүлсэн Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг цаашид үргэлжлүүлэн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн юм.

Хуралдааны эхэнд Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн А.Бакей нар танилцуулсан.
 
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авсан юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр асуултдаа Хөдөлмөрийн яамыг нэгтгэх талаар болон төрийн албан хаагчдын тоо нэмэгдэж байгаа асуудлыг хөндсөн юм.
 
Ажилтай, орлоготой монгол хүн гэдэг дээр анхаарал тавьж ажиллах үүднээс Хөдөлмөрийн яамыг тусдаа байгуулсан. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанаас харахад энэ яамыг цааш нь үргэлжлүүлэн ажиллуулах нь зүйтэй гэж үзсэн. Төрийн албан хаагчийн тоон дээр түрүүчийнх шиг тооны зөрүү үүсч байна. Энэ асуудлыг нэг хоёр жилд яриад шийдэхгүй. Иймд УИХ дээр ажлын хэсэг гаргаад энэ асуудлыг нэг мөр шийдвэл яасан юм бэ. Төрийн албан хаагчдын тоог ихээр нэмэгдүүлээд байх сонирхол надад огтхон ч байхгүй байгаа. Өмнөх Засгийн газрын үед 150 мянга байсан төрийн албан хаагчид 180 мянга болсон нь үнэн бол энэ асуудлыг ажлын хэсэг гаргаад шийдэх ёстой. Миний хувьд энэ тоонд итгэхгүй байгаа гэсэн хариултыг Ерөнхий сайд өглөө.
 
Мөн Сангийн сайд Ч.Улаан өгсөн хариултдаа, 2010-2012 онд 12625 төрийн албан хаагчийн орон тоо нэмэгдсэн байна. 2012-2014 онд 11656 орон тоо нэмэгдсэн гээд он оны судалгаа байна. Үүнээс үзвэл төрийн албан хаагчийн тоо нэг жил 30 мянгаар нэмэгдсэн бус дөрвөн жилийн дүнгээр 23 мянга байна. Үүнээс 2010-2012 онд сонгуулийн өмнө 12625, сонгуулиас хойш 11656 орон тоо нэмэгдсэн байна. Үүнийг дотор нь задалж үзвэл хөрөнгө оруулалтай холбоотой нэмэгдсэн орон тоо 2010-2012 онд 4856, УИХ, Засгийн газрын шийдвэрээр нэмэгдсэн орон тоо 8298, 2012-2014 онд 5234 байна. Хууль гарсантай холбогдуулан шинээр бий болсон бүтцийг дагаж 2010-2012 онд 4000 орон тоо, 2012-2014 онд 2300 орон тоо нэмэгдсэн. Бусад салбарын болон орон нутгийн шийдвэрээр 2010-2012 онд 1825, 2012-2014 онд 2633 орон тоо нэмэгдсэн байна. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хоёр хоёр жилээр авч үзвэл дээрх орон тоо төсөв дээр зардал гарч нэмэгдсэн байгаа гэв.
 
УИХ-ын гишүүн Д.Зоригт, Засгийн газрын үйл ажиллагааны бодит бүтээн байгуулалтыг хийж байгаа яамдыг нийлүүлж байгаа нь буруу гэж үзэж байна. Жил есөн сарын хугацаа үлдсэн. Энэ хугацаанд шинэ хүмүүс томилогдоно, ажилтайгаа танилцана, шинэ бодлогоо гаргана. Ингэснээр цаг алдана, хурд саарна. Эцэст нь Засгийн газрын үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлнэ. Өмнө нь яамдыг салгаж буцаан нийлүүлж байсан. Иймээс Засгийн газарт бүтцийн өөрчлөлт хийснээр шинэ зүйлд хүрэхгүй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлж байв.
 
Түүнчлэн УИХ-ын гишүүн Ж.Батзандан, иргэд олон нийтийн зүгээс дэд бүтэц, эрчим хүчний салбарын бүтээн байгуулалт, орон нутагт олон оношлогооны төв байгуулсан явдлыг сайшааж байгаа ч нөгөө талаар иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх, инфляци, валютын ханшны өсөлтийг бууруулах, олон арван аж ахуйн нэгж үүдээ барьж байгаад анхаарал хандуулах, бизнесийн орчныг тогтвортой болгох, тэтгэвэр тэтгэмж цалинг нэмэгдүүлж ажиллахыг  хүсч байгааг дуулгасан юм.
 
Ингээд гишүүд асуулт асууж хариулт авсны дараа тогтоолын төслийг дэмжиж буйгаа илэрхийлж УИХ-ын гишүүн С.Баярцогт, О.Баасанхүү , дэмжихгүй байгаагаа илэрхийлж УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар, Д.Дэмбэрэл нар үг хэллээ.
 
Байнгын хорооны саналаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын бүтцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 2012 оны 14 дүгээр тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулсныг 52 гишүүн зөвшөөрч 82,5 хувийн саналаар дэмжлээ. Ингэснээр тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн юм. Уг асуудлыг энэ долоо хоногт үргэлжлүүлэн хэлэлцэнэ.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Засгийн газрын бүтцийн асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэнэ  
Үзсэн: 805 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй