УИХ-ын нэгдсэн чуулган өчигдөр орой цаг сунган хуралдаж Ерөнхий сайдын өргөн барьсан Засгийн газрын бүтцийн өөрчлөлтийн талаарх хуулийн төслийг хэлэлцэн баталлаа.
Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг өчигдөр өглөө 08:30 цагаас Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж хийх байсан ч УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат бүлэг дотооддоо энэ асуудлаар зөвшилцөх хэрэгтэй байна хэмээн нэг хоногийн завсарлага авсан. Гэтэл өдөр 14:00 цагийн орчимд бүлгийн завсарлага дууссаныг мэдэгдэж байнгын хороог хуралдуулсан юм.
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны үеэр Ерөнхий сайдын өргөн барьсан хуулийн төсөл дээр багагүй өөрчлөлт орж нийтдээ 11 зарчмын зөрүүтэй санал гарсан. Харин уг зарчмын зөрүүтэй саналуудад үдээс хойш 16:00 цагаас хуралдсан чуулганы нэгдсэн хуралдааны үеэр санал хураасан юм.
Тухайлбал, байнгын хорооны хуралдааны үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн зүгээс ССАЖЯ-ыг тарааж чиг үүргийн хувьд соёлыг нь Боловсрол, шинжлэх ухааны яаманд, спортыг нь Эрүүл мэндийн яаманд харин аялал жуулчлалыг нь Байгаль орчин, ногоон хөгжлийн яаманд харьяалуулах санал гарч олонхийн дэмжлэг авсан. Гэвч энэ асуудал чуулганы үеэр олонхийн дэмжлэг авч чадаагүй юм. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ , Ж.Энхбаяр нарын зарим гишүүн ССАЖЯ-ыг өнгөрсөн хоёр жилийн хугацаанд салбартаа дорвитой ажил хийж чадаагүй хэмээн үзэж өөр яамтай нэгтгэх саналыг дэмжиж буйгаа илэрхийлж байсан бол УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, О.Баасанхүү нарын гишүүд МАН-ын бүлгийг энэ асуудалд хэтэрхий улс төрийн үүднээс хандаж байна гээд манай улс өөрийн гэсэн уламжлал өв соёлоо авч үлдэхэд бодлого боловсруулах яамыг хэвээр нь байлгах хэрэгтэй гэдгийг хэлж байсан юм. Ингээд анхны хэлэлцүүлгийг хийж дээрх зарчмын зөрүүтэй саналд гишүүд эсрэг саналтай байсан бөгөөд эцсийн хэлэлцүүлгийн үеэр ч мөн ижил байснаар ССАЖЯ хэвээр үлдэхээр болсон.
Ерөнхий сайдын өргөн барьсан хуулийн төсөлд Зам тээврийн яам болон Барилга хот байгуулалтын яамыг нэгтгэн Дэд бүтцийн яам байгуулахаар орж ирсэн ч байнгын хорооны хуралдааны үеэр энэ санал өөрчлөгдсөн. Тодруулбал, Дэд бүтцийн хөгжлийн яамыг Зам, тээвэр ,барилга, хот байгуулалтын яам гэж өөрчлөх санал олонхийн дэмжлэг авч энэ чуулганы хуралдаанд ч дэмжигдсэн юм.
Үүнээс гадна Ерөнхий сайд Эрчим хүчний яам болон Уул уурхайн яамыг нэгтгэн Геологи, уул уурхайн яам гэсэн шинэ яам гаргах санал оруулсан байсан нь мөн л өөрчлөгдөж Уул уурхай, эрчим хүчний яам болгох санал байнгын хороо болон чуулганы хуралдааны үеэр олонхийн дэмжлэг авч чадсан. Ийнхүү Геологи гэдэг үгийг яамны нэрээс хасах саналыг С.Баярцогт нарын зарим гишүүд илэрхийлсэн бөгөөд түүний хэлснээр дэлхийн жишигт ганцхан Ангол улс л Геологи, уул уурхайн яамтай байдаг аж.
Мөн байнгын хорооны хуралдааны үеэр гарч ирсэн бас нэг санал бол ҮХААЯ-ны хүнд үйлдвэрлэлийн салбарыг шинээр байгуулагдах Уул уурхай, эрчим хүчний яаманд шилжүүлэх явдал юм. Энэ санал мөн л олонхийн дэмжлэг авсан. Үүнтэй холбоотойгоор Х.Болорчулуун гишүүн эцсийн хэлэлцүүлэг хийх үеэр ҮХААЯ-ны нэрийг өөрчлөн “Хөдөө аж ахуй, хөнгөн, хүнсний үйлдвэрийн яам” болгох санал гаргасан ч дэгийн тухай хуулийн дагуу анхны хэлэлцүүлэг дээр санал гаргаагүй учраас хэлэлцэх боломжгүй байлаа.
Хуралдааны үеэр Засгийн газраас өргөн барьсан хуулийн төсөлд ингэж олон өөрчлөлт хийж байгааг эсэргүүцэх гишүүд ч байв. Тухайлбал, УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ Ерөнхий сайдын бүрэн эрхийнхээ дагуу өргөн барьсан хуулийн төслийг ингэж гишүүн болгон өөрийнхөө саналаар өөрчилж байгаа нь зохимжгүй байна гэсэн саналыг хэлсэн боловч Ерөнхий сайд “Анх хуулийн төслийг боловсруулж өргөн барихдаа техникийн шинжтэй алдаа гаргасан байж болзошгүй учраас зарим саналуудыг хүлээж авч байна” гэсэн юм.
Өргөн барьсан хуулийн төсөлд Ерөнхий сайд Шадар сайд гэсэн албан тушаалыг Тэргүүн шадар сайд болгон өөрчилж шинээр Монгол Улсын Шадар сайд бөгөөд Гадаад харилцааны сайд бий болгох санал оруулсан байсан. Энэ санал ч мөн хэлэлцүүлгийн явцад өөрчлөгдсөн. Тодруулбал, гишүүдийн зүгээс шинээр бий болгосн Тэргүүн Шадар сайд гэсэн орон тоог байхгүй болгож Шадар сайдын орон тоог хэвээр үлдээхээр болсон. Мөн Гадаад харилцааны яамны чиг үүргийн хүрээнд Ерөнхий сайдын оруулж ирсэн гадаад эдийн засгийг хамруулж Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яам болгон өөрчиллөө. Энэ талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү эсэргүүцэж олон улсын жишигт ингэж гадаад харилцаагаа эдийн засагтай хамтатгах байдал төдийлөн байдаггүй гээд манай улсад гадаад харилцаа гэдгийг зөвхөн гаднын аль нэг улсаас зээл тусламж авах гэж ойлгож байгаа нь харамсалтай гэсэн юм. Харин Ж.Энхбаяр гишүүн гадаад харилцаанд эдийн засгийн бодлогыг хамтатгаж байгаа нь сайн хэрэг гэдгийг хэлж байлаа.
Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр хуулийн төсөл өргөн барьснаас хойш нийгмийн хамгааллын чиглэлээр Хөдөлмөрийн яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамыг нэгтгэх яриа гарч байсан, энэ талаар байнгын хороон дээр яригдаж санал гарсан эсэх талаар лавлахад Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей гишүүд албан ёсоор энэ талаар санал оруулж ирээгүй учраас хэлэлцээгүй гэдгийг хэлсэн юм.
Дээрх бүх санал Төрийн байгуулалтын байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр дэмжигдсэн бөгөөд үдэш 20:00 цаг хүртэл хуралдаж эцсийн хэлэлцүүлгийг хийх үеэр дээрх саналууд өөрчлөгдөлгүй хэвээр батлагдсан юм.
Ийнхүү Засгийн газрын бүтцийг өөрчлөх тухай хууль батлагдсан бөгөөд уг хууль нь Засгийн газрын бүрэлдэхүүний асуудлыг шийдсэний дараа буюу сайд нарыг томилсноор хэрэгжиж эхлэх юм. Үүнтэй холбоотойгоор өнөөдрөөс эхлэн Засгийн газраас сайд нарыг хэрхэн томилох нь олны анхаарлыг татаж эхлээд байна.
Шинэчлэлийн Засгийн газар:
1. Байгаль орчин, ногоон хөгжлийн яам
2. Батлан хамгаалах яам
3. Боловсрол, шинжлэх ухааны яам
4. Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яам
5. Сангийн яам
6. Хууль зүйн яам
7. Зам тээвэр, барилга хот байгуулалтын яам
8. Соёл, спорт, аялал жуулчлалын яам
9. Уул уурхай, эрчим хүчний яам
10. Хөдөлмөрийн яам
11. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам
12. Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам
13. Эрүүл мэндийн яам гэсэн 13 яамтай ажиллахаар болж байна.
Шинэчлэлийн Засгийн газар цаашид 13 яамтай ажиллана | ||
Үзсэн: 2690 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.