-Юуны өмнө танд олон мянган уншигчдынхаа өмнөөс удахгүй тэмдэглэх төмөр замчдын мэргэжлийн баярын мэндийг хүргэе.
-Баярлалаа. Та бүхэнд болон "Ган зам" сониныхоо хуудсаар дамжуулан нийт төмөр замчид, эрхэм уншигчиддаа баярын мэндчилгээ дэвшүүлье. Хөдөөгийн зөрлөгт төрж өсөн, төмөр замаа түшиж, эрийн цээнд хүрсэн миний бие энэхүү уламжлалт баярыг олон жил тэмдэглэж байна. Төмөр замчид бидний хувьд энэ баяр маань улсын наадмаас дутахааргүй эрхэм баяр юм шүү дээ.
-Монголчууд аливаа түүхт ой, тэмдэглэлт өдрүүдээ ололт амжилтаар угтахын тулд идэвхийлэн зүтгэдэг уламжлалтай. Энэ нь төмөр замчдад бүр ч ихээр илэрдэг?
-Тийм ээ. Манай хамт олон энэ удаагийн мэргэжлийн баяраа эхний хагас жилийн ачаа тээврийн төлөвлөгөөгөө давуулан биелүүлсэн амжилтаар угтлаа. Манайхан өнгөрсөн хугацаанд найман сая 117 мянган тонн ачаа ачлаа. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2.02 хувиар өссөн гэсэн үг л дээ. Мөн буулгалтын төлөвлөгөө ч энэ харьцуулалтаар 1.76 хувиар өссөн дүнтэй байгаа. Нийтдээ 10 сая 66 мянган тонн ачаа тээвэрлэсэн. Улс орны эдийн засгийн өнөөгийн байдалтай харьцуулахад чамлахааргүй амжилт. Экспорт, импортын аль аль нь тэр тусмаа, орлоготой ачаа багассан тухай статистикийн нэгдсэн мэдээ гарсан шүү дээ. Гэсэн ч тээвэрлэсэн ачааны хэмжээ нэмэгдсэн тул би ингэж үнэлж байгаа юм.
- Урд өмнө төмөр замчдын чихийг ихээхэн халууцуулдаг байсан Замын-Үүд дэх барилгын материал, цементийн түгжрэл өнөө жил гарсангүй. Зарим бизнес эрхлэгчид төмөр замын хурдыг бид гүйцэхгүй боллоо гэж ярьж байна.
-Өнгөрсөн оны аравдугаар сарын 29-нөөс Замын-Үүд-Улаанбаатарын хооронд хатуу зурмагт галт тэрэг аялуулж, хэсэг хугацааны дараа түүнийгээ Улаанбаатар-Замын-Үүдийн чиглэлд өргөжүүлсэн нь бизнес эрхлэгчдээс ийм үнэлгээ сонсоход нөлөөлсөн болов уу. Одоо дээрх чиглэлд хатуу зурмагт таван галт тэрэг аялж байна. Өмнөх жилүүдэд хилээс орж ирээд Замын-Үүдэд ачилтад орохыг хүлээн 14 хүртэл хонодог байсан хүнд даацын машинууд гурав хоногийн дотор ачаагаа вагонд ачуулчихаад буцдаг болсон байна шүү дээ. Тэр хэмжээгээр дээрх машинуудын эргэлт хурдассан. Манай шилжүүлэн ачилт үүнд гүйцэгдэхгүй байгаа учраас л түгжрэл үүсэхгүй байгаа хэрэг. Энэ нь техник технологи, санхүүгийн гэхээсээ илүүтэйгээр зохион байгуулалтын арга хэмжээний үр дүн юм. Зохион байгуулалтын ямар ч арга хэмжээ нэг их зардал шаардахгүйгээр хамгийн их ашиг орлого олдгоороо онцлогтой. Үүний үр дүн зөвхөн төмөр замын ашиг орлого нэмэгдсэнээр хязгаарлагдахгүй барилгын материал, цементийн үнэ тогтвортой байгаагаараа ард иргэдэд ач тусаа үзүүлж байгаа.
-Хатуу зурмагт галт тэрэг гэхээр тусгай галт тэрэг байдаг гэсэн ойлголт зарим хүнд байдаг бололтой.
-Жирийн л галт тэрэг. Харин найруулах, явах, ирэх цаг хугацааг нь хатуу хуваарьт оруулж, түүндээ бүх үйл ажиллагаагаа захируулна гэсэн үг. Тиймээс энэ үгний цаана оновчтой зохион байгуулалт, чанд сахилга хариуцлага, өндөр хүчин чадалтай хөдлөх бүрэлдэхүүн оршиж байгаа юм. Ер нь, төмөр замын 64 жилийн түүхэнд ийм галт тэрэг аялуулж, тулгамдаж буй асуудлаа амжилттай шийдвэрлэж байсан туршлага хангалттай бий. Бид цаашдаа зөвхөн дээрх чиглэлд биш бусад чиглэлд ч хатуу зурмагт галт тэрэг аялуулах зорилт тавьж байна. Эхлэл нь Улаанбаатар-Багануурын чиглэлд өнгөрсөн тавдугаар сараас ийм галт тэрэг аялуулсан явдал.
-Саяхан галт тэрэгний хурдыг нэмэгдүүлэх талаар таны тушаал гарлаа. Үр дүн нь маш бодитойгоор мэдрэгдэж байх шиг.
-Зүтгүүрийн аж ахуйн албаны дарга Х.Лхагвасүрэн, Замын орлогч дарга А.Н.Гук нарыг хойд урд замд томилолтоор явуулж, замын болон зүтгүүрийн техникийн байдалд судалгаа шинжилгээ хийсний үр дүнд шинэ 2ТЭ161УМ серийн зүтгүүр бүхий галт тэрэгний хоорондын замд явах хугацааг багасгасан арга хэмжээний талаархи шийдвэр л дээ. Нэлээд эерэг үр дүн үзүүлж байгаад баяртай байна. Ийм шийдвэр гаргахын өмнө жингийн хугарал үзүүлж, хурд сааруулдаг замын тодорхой хэсгүүдэд хүчжүүлсэн засвар хийсэн. Тухайлбал, энд би Агь-Сүмбэт-Сайншандын хоорондын 857 дугаар км-ийг хэлэх гэж байна. Урд өмнө байгалийн хотгортой энэ замаар 4500 тонн ачаатай галт тэрэг дөнгөж 70 км/цагийн хурдтайгаар л явж өнгөрдөг байлаа шүү дээ. Одоо 5000 тоннын ачаатай 90 км/цагийн хурдтай түлхэгчгүй явдаг болсон. Ийм газрууд цөөнгүй бий. Бидний тооцоогоор дээрх ажлын үр дүнд хоногт бүтэн нэг галт тэрэг аялах зардлыг хэмнэж байгаа. Үүнийг дагалдаад тээврийн тоон болон чанарын үзүүлэлтүүдэд эргэлтийн шинжтэй өөрчлөлт гарч байна. Хэсгийн болоод техникийн хурд нэмэгдсэн, вагон эргэлт хурдассан, ачааны нэг ажиллагаан дахь сул зогсолт багассан гээд эерэг үзүүлэлт олныг дурьдаж болно.
-Хамгийн гол үр дүн нь төмөр замчдын хөдөлмөрийн бүтээмж дээшилсэн явдал гэж үзэж болох уу?
-Тэгэлгүй яахав. Ашиг орлогоо нэмэгдүүлэх гол арга зам нь хөдөлмөрийн бүтээмжээ нэмэгдүүлэх явдал шүү дээ. Бид энэ зорилтоо амжилттай шийдвэрлэж байна.
-Та нэгэн уулзалт дээр хөдөлмөрийн бүтээмжээ нэмэгдүүлж байж, төмөр замчдынхаа дундаж цалинг нэг сая төгрөгт хүргэх зорилт хэрэгжинэ гэж байсан.
- Хөдөлмөрийн бүтээмж нэмэгдүүлэхийн тулд орон тоог цөөрүүлэх биш галт тэрэгний хурдыг нэмэгдүүлэх гээд зохион байгуулалтын шинж бүхий олон ажил хийж, зардал бууруулах аргыг голчилсон.Ирэх наймдугаар сарын 01-нээс төмөр замчдын цалинг 15 хувиар нэмэх тухай миний тушаал гарсан. Энэ бол өмнөх жилүүдэд нэг дор сонсож байгаагүй том тоо. Ийм шийдвэрт хүрэхийн тулд нэгдүгээрт тээврийн хэмжээгээ нэмэгдүүлэх, хоёрдугаарт доогуур тарифаар тээвэрлэгддэг зарим ачааны тарифыг нэмэгдүүлэх, гуравдугаарт зардлаа бүх түвшинд бууруулах арга хэмжээг зохион байгууллаа. Тээврийн хэмжээ нэмэгдсэнийг дээр миний өгүүлсэн зарим тооноос та бүхэн харж байгаа байх. Тарифыг дөрвөн төрлийн ачаан дээр цөөн хувиар нэмэгдүүлсэн. Гэсэн ч экспортын нүүрс, төмрийн хүдэр, жонш тээвэрлэлт тийм ч их нэмэгдсэнгүй. Харин, зардал хэмнэх олон төрлийн арга хэмжээ авч хэрэгжүүлсний үр дүн гарлаа. Энд би мөн л галт тэрэгний хурд нэмэгдүүлсэн, дизелийн түлш нийлүүлэлтийг чөлөөлж, олон эх үүсвэрээр хангуулдаг болсон. Улаан-Уулын цэвэр усны шугамыг шинэчлэн засварлаж, усны галт тэргийг зурмагаас гаргасан зэрэг арга хэмжээг нэрлэмээр байна.
-Бидний түлш нийлүүлэлтийн уламжлалт түнш “ЖАСТ” компаний талаарх мэдээлэл олон нийтийг гайхшруулж байна.
-Манай нийт зардлын 40 гаруй хувийг эзэлдэг дизелийн түлшийг ЖАСТ-ийнхан дангаараа нийлүүлсээр цөөнгүй жил өнгөрсөн. Харин он гарсаар бид зоримог шийдвэр гаргаж, эднийхтэй байгуулсан гэрээгээ цуцалж, РОСНЕФТЬ, Өмнөд Солонгосоос түлшээ шууд авдаг боллоо. Түлшний зардал ихээхэн хэмнэгдэж байна. Хэрвээ ЖАСТ-ийнхантай байгуулсан гэрээгээ мөрдсөн хэвээр байсан бол энэ үед яах байсан бол. Бодох л асуудал.
-Төмөр замчдын мэргэжлийн баярын өмнө цалин ийнхүү нэмэгдэж байгаад хэн хүнгүй баярлаж байгаа. Гэхдээ бүх хүний цалин нэг сая төгрөгт хүрчихлээ гэсэн ойлголт зарим хүнд байх шиг?
-Үгүй л дээ. Төмөр замчдын нэрлэсэн дундаж цалин нэг сая төгрөгт хүрсэн. Манайд тээврийн, тээврийн бус, нийгмийн чиглэлийн гээд олон салбарын ажиллагсад бий шүү дээ. Тэгэхээр заримынх нь цалин нэг сая төгрөгт хүрэхгүй байж болно. Нөгөө хэсгийнх нь илүү ч гарах байх. Аль алиных нь хүрсэн түвшингээс татвар, нийгмийн даатгалын шимтгэл хасагдаад гар дээр очих цалин нь бас өөр өөр байна. Ойрын жилүүдэд хамгийн доод цалин нэг сая төгрөг болно гэдэгт итгэлтэй байгаа.
-Сүүлийн үед өртөө зөрлөгийн хажуугийн замаар өнгөрөх галт тэрэгний хурдыг 40 км/цагт хүргэх тухай эрчимтэй яригдаж байна.
-Зардал бууруулах, ашиг орлогоо нэмэгдүүлэх зорилтын хүрээнд хэрэгжүүлэх учиртай томоохон арга хэмжээ энэ. Багагүй хөрөнгө хүч, цаг хугацаа шаардах ч хэрэгжсэн цагт хүрэх үр дүн нь бодитой байх юм. Үүнтэй зэрэгцэн энэ жил хийх учиртай 60 км замын их засвараа амжилттай дуусгах. Ирэх жил хийхээр төлөвлөж буй 100 км их засварынхаа 40 км-ийнх нь бэлтгэл ажлыг базаах гээд том зорилт хэрэгжиж байна. Эцсийн дүндээ замын байдалд ихээхэн өөрчлөлт орно.Ингэснээр мөн л хөдөлмөрийн бүтээмж нэмэгдэх учиртай.
-Урд чиглэлийн хатуу хучилттай зам бүрэн ашиглалтад орсноор төмөр замын тээвэр авто тээврийн хооронд өрсөлдөөн бий болох дүр зураг харагдаж байгаа.
-Тийм ээ. Үйлчилгээ, шуурхай байдлаараа өрсөлдөх учиртай. Тиймээс бид үйлчлүүлэгчиддээ хандаж, төмөр замаар тээж болох бүхнийг чинь тээнэ, угтаж үйлчилнэ. Үйлчилгээний шинэ төрөл хэлбэрүүдийг нэвтрүүлнэ хэмээн амлаж байгаа. Амаргүй ч эхнээсээ хэрэгжиж буй ажил. Саяхан бид Сайншандын чиглэлд жуулчны галт тэрэг аялуулахаар шийдвэрлэлээ. Өнгөрсөн Баасан гаригт “2Загал” гэсэн логотой өвөрмөц өнгө, дүрс бүхий бүхэл бүтэн цуваа аялуулж эхэллээ.
-Манайхны модернизаци хийсэн "2Загал" илчит тэрэгнүүд дээр байдаг Чингисийн алдарт хоёр загал хүлгийн дүрс ачаа суудлын вагонууд дээр тавигдах шийдвэр хэрэгжиж эхэлсэн гэсэн үг үү?
-Монголчууд бид чинь хүлэг морио дээдэлж, төрийн сүлдэндээ мөнхөлсөн цорын ганц ард түмэн шүү дээ. Тиймээс бид “2Загал”-аа брэнд болгохоор шийдвэрлэсэн нь энэ.
-Удахгүй Маршал Чойбалсангийн тусгай вагоныг сэргээн засварлаж, мөнхийн зогсоолд залах ёслол болно гэсэн?
-УБТЗ-ын түүхэнд энэ домогт зүтгэлтний оруулсан хувь нэмэр зүйрлэшгүй их гэдэгтэй маргах хүн үгүй биз. Дайны дараах хүнд хэцүү жилүүдэд Зөвлөлтийн удирдагч И.В.Сталинаар эх орондоо төмөр зам тавиулах шийдвэр гаргуулж, Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн 1949 оны гэрээнд улсаа төлөөлж гарын үсэг зурсан хүн. Замын барилгын ажилтай олон удаа биечлэн танилцаж, шаардлагатай дэмжлэг туслалцаа үзүүлэн, анхны галт тэргэнд зорчигчоор явсан тухай ч зарим хүн дурссан байдаг. Ер нь, би өчигдөргүйгээр өнөөдөр үгүй гэсэн суутнуудын сургаал үгийг баримталдаг хүн. Тийм ч учраас ахмадуудынхаа хийж бүтээснийг үнэлж цэгнэн, алтан сургаалыг нь хэрэгжүүлж, алдар нэрийг нь мөнхжүүлэхийг хичээдэг. Саяхан Замын нэгдүгээр орлогч даргаар 24 жил тасралтгүй ажилласан Н.Цэрэнноров гуайн дурсгалын хөшөөг Удирдах газрын өмнө босголоо. Бид ахмадууддаа өртэй. Тиймээс тэднийхээ төлөө цаг ямагт анхаарах учиртай. Удахгүй ахмадуудыг эмчлэх зориулалттай тусгай тасгийг Төв эмнэлгийн дэргэд байгуулна. Цаашдаа эмнэлэг болж өргөжинэ.
-Ер нь, төмөр замчдынхаа нийгмийн асуудалд багагүй хөрөнгө зарж байгаа нь мэдрэгддэг.
-Тэгэлгүй яахав. Төмөр замчин хүн ая тухтай амьдарч, үр хүүхэд, эрүүл мэндийнхээ төлөө санаа зовохгүй байсан тохиолдолд л амжилт бүтээл гаргадаг нь жам ёс. Бид шугам замын төмөр замчдынхаа орон сууцны асуудалд онцгой анхаарч, энэ жил дөрвөн өртөө, зөрлөгт 24 айлын орчин үеийн тохилог орон сууц барина. Цаашид жил тутам энэ тоо нэмэгдэх учиртай. Шугам замын өртөө, зөрлөгийнхний эрүүл мэндийн асуудалд шинэлгээр хандаж, шаардлагатай арга хэмжээ авна. Хүүхдийн цэцэрлэгийг ч онцгой анхаарна. Оны эхний хагаст хүчжүүлсэн дунд засвар хийсэн 857 дугаар км-т төмөр замын түүхэнд анх удаа алсын удирдлагатай зөрлөг байгуулагдаж байна. Тэнд хүн ажиллахгүй. ДТХ-ийн байгууламжийг Агь-Сүмбэт зөрлөгийн жижүүр автоматаар удирдах юм. Энэ нь шугам замынхны нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд зарцуулж буй хөрөнгийг хэмнэж, тодорхой хэсэгт төвлөрүүлэн зарцуулах томоохон боломжийг олгож байна. Цаашид зөрлөгийн барилга барихгүй, зарим зөрлөгийг төвлөрүүлэх ажил хийгдэнэ. Харин төвлөрсөн хот сууринд амьдрагчдын хувьд төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны болон бусад хөтөлбөрт хамрагдаад амьдралын тулгамдаж буй асуудлаа шийдвэрлээд явчих боломж бийг хэлэх хэрэгтэй.
-Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дүрмийн санг нэмэгдүүлэх манай Засгийн газрын хувь 125 сая ам.долларын зарцуулалтын талаар манай уншигчид сонирхож байгаа байх?
-Хоорондын замын дөрвөн илчит тэрэг, сэлгээний дөрвөн зүтгүүр, суудлын 15 вагон, зам хэмжигч хоёр вагон, рельсовый автобус гээд хөдлөх бүрэлдэхүүний чиглэлд томоохон шинэчлэлт хийнэ. Бас дохиолол холбооны хамгийн орчин үеийн техник хэрэгсэл авна. Эдгээр нь бүхэлдээ төмөр замд ойрын жилүүдэд хийгдэх техник технологийн шинэчлэлтийн нэг хэсэг нь байх юм.
-Ойрын жилүүдэд УБТЗ-аар тээвэрлэх ачааны хэмжээ 25 сая тоннд хүрэх тооцоо бий.
-Энэ бодитой тоо. Гэхдээ хийх ажил их бий нь ойлгомжтой. Юуны өмнө Толгойт, Замын-Үүд өртөөдөд сэлгээний "Дов" байгуулна. Улаанбаатар-Амгалан хоорондын замыг уулзваргүй зам төмрөөр шинэчилнэ. Бид улс орныхоо хөгжил дэвшилд сааруулагч биш түүчээлэгч болон манлайлж ирсэн уламжлалаа цаашид улам бүр эрчимжүүлж төмөр замаар тээвэрлэж болох бүхий л ачааг тосч үйлчлэн шуурхай тээвэрлэх зорилт тавьсан. Мэдээж энэ бүхэн төмөр замчид бидний сэтгэл зүтгэлээр бүтэх учиртай. Мэргэжлийн баярынхаа босгон дээр нийт төмөр замчиддаа хандан бид нэг сэтгэлээр гар нийлэн ажиллаж байж өмнөө тавьсан зорилтоо амжилттай хэрэгжүүлнэ. Тэгэхээр төмөр замын ирээдүй бидний гарт, сэтгэл зүрхэнд оршиж байна шүү гэж хэлье дээ.
Та бүхэн минь тавтай сайхан баярлаарай.
Эх сурвалж: www.ubtz.mn
Г.Сэрээнэндорж: УБТЗ-ын ирээдүй бидний гарт, сэтгэл зүрхэнд оршиж байгаа | ||
Үзсэн: 3457 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.