Өнөөдөр УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Аврах ажиллагааны тухай 1989 оны Лондонгийн конвенц соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Далай, тэнгист осолдсон хөлөг онгоц, хүмүүс болон эд хөрөнгийг аврах нь далайн тээврийн салбарын онцгой асуудал юм. НҮБ-ын Далайн эрх зүйн тухай 1982 оны конвенцид нэгдэн орсон улс орнууд нь далай тэнгист осолдож живэх аюулд орсон аливаа этгээдийг олж илрүүлсэн, тусламж шаардлагатай гэсэн хүсэлтээ мэдээлсэн, түүнчлэн живж байгаа болон мөргөлдсөн хөлөг онгоц, багийн гишүүд, зорчигчдод аль болох боломжтой хэлбэрээр тусламж үзүүлэх, осол аюулд орсон хөлөг онгоцонд өөрийн хөлөг онгоцны нэр, бүртгэгдсэн боомт, очих хамгийн ойрын боомтоо мэдээлж байхыг өөрийнх нь далбааг мандуулан хөвж яваа дурын хөлөг онгоцны ахмадад үүрэг болгох тухай шаардлагыг улс бүр хангаж ажиллах үүрэг хүлээдэг байна.
Харин Аврах ажиллагааны тухай 1989 оны конвенцийн зорилго нь аврах ажиллагааны гэрээ байгуулах бүрэн эрхийг хязгаарласан үндэсний хууль тогтоомжид тусгасан тодорхой хэмжээний хязгаарлалттай холбогдон тэдгээр гэрээг байгуулахад үүсдэг саад бэрхшээлийг арилгах, ингэснээр аюул осолд өртсөн хөлөг онгоц, хүмүүс, эд хөрөнгийг аврах ажиллагааг тухайн цаг мөчид нь цаг алдалгүй явуулахыг хөхиүлэн дэмжих, аврагчдын нөхцөл байдлыг сайжруулах нэгдсэн дүрэм тогтооход чиглэгджээ. Аврах ажиллагааны гэрээг хөлөг онгоц, эсвэл бусад эд хөрөнгө далай, тэнгист осол аюулд орсон үед байгуулдаг байна. Ийм эрсдэл үүсэхээс өмнө байгуулсан гэрээг аврах ажиллагааны гэрээ гэж үздэггүй аж.
Манай улс уг конвенцид нэгдэн орсноор санхүүгийн аливаа үүрэг хүлээхгүй. Харин Монгол Улсын далбааг мандуулан хөвж буй далайн хөлгүүдэд осол аюул тохиолдох, тэдний зүгээс далай тэнгист осолд орсон хөлөг онгоц, хүмүүс, эд хөрөнгийг аврах ажиллагааг гүйцэтгэсний шагнал урамшуулал, төлбөр, нөхөн төлбөрийн асуудлаар аврах ажиллагааны гэрээ байгуулах асуудлыг далбааны эзэн улс хувьд зохицуулах ач холбогдолтой гэж Засгийн газар үзэж байгааг Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун энэ үеэр танилцуулсан юм.
Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувь нь уг конвенцийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжсэн тул энэ тухай санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр болов.
Аврах ажиллагааны тухай конвенцид нэгдэн орохыг дэмжив | ||
Үзсэн: 1019 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.