Шууд Chart

Ус цэвэршүүлэх байгууламжууд насжилт өндөр байна

2014-11-26 10:23:43

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас бохир ус цэвэршүүлэх байгууламжуудын цэвэршүүлсэн усанд шалгалт хийжээ. Хяналт шинжилгээнд аймаг, нийслэлийн ахуйн бохир ус цэвэрлэх байгууламж 35, шинээр угсрагдаж байгаа гурван цэвэрлэх байгууламж хамрагджээ. Тус шинжилгээнд нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа цэвэрлэх байгууламжийн цэвэршүүлсэн бохир уснаас нийт 56 сорьц авч шинжилсэн байна. Мөн 21 аймгийн ахуйн бохир ус цэвэрлэх байгууламжийн цэвэршүүлсэн бохир усанд хийсэн шинжилгээний дүнг үндэслэн тус газрас үнэлгээ дүгнэлт өгчээ. 

Дүгнэлтээр, шалгалтад хамрагдсан цэвэрлэх байгууламжууд насжилт өндөр гарчээ. Тус ахуйн бохир ус цэвэрлэх 28 байгууламжийн 3.6 хувь нь 1951-1960 онд, 10.7 хувь нь 1961-1970 онд, 21.4 хувь нь 1971-1980 онд, 35.7 хувь нь 1981-1990 онд, 3.6 хувь нь 1991-2000 онд, 17.9 хувь нь 2001-2010 онд, 7.1 хувь нь 2010 оноос хойш ашиглалтанд оржээ. Мөн цэвэрлэх байгууламжууд хүчин чадлаасаа илүү бохир усыг цэвэрлэж байгаа аж. Иймээс зарим аймгуудын 23 ахуйн бохир ус цэвэрлэх байгууламжаас гарч буй цэвэршүүлсэн бохир усны цэвэрлэгээний түвшин 19-77 хувь байна.
Харин төв цэвэрлэх байгууламжид ОХУ, БНХАУ, Япон, БНСУ, Итали, Франц, зэрэг улс орнуудад үйлдвэрлэгдсэн тоног төхөөрөмжүүдийг хольж суурилуулсан нь хоорондоо уялдаа холбоо муутай байгаа аж. Иймээс эвдрэл гэмтэл ихтэй, эвдэрсэн үед сэлбэг материалын олдоц муутай, зэрэг байгууламжуудын төмөр болон бетон эдлэл зэвэрч хагарч эвдэрч унасан нь хүчин чадлыг бууруулах, технологийн горим алдагдах нөхцлийг бүрдүүлж, хэвийн найдвартай ажиллагааг алдагдуулсан байна.
Мөн нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа ахуйн бохир ус цэвэрлэх байгууламжууд цэвэршүүлсэн бохир усаа Туул голд нийлүүлдэг ба “Уу” булангаас Төв аймгийн Алтанбулаг сум хүртэл нийт найман цэгээс авсан шинжилгээгээр цэвэршүүлсэн бохир ус нийлж буй Сонгинын гүүрийн ойролцоо исэлдэх чанар, шим бохирдлын үзүүлэлтүүд, гэдэсний бүлгийн савханцрын тоогоор их бохирдолтой ангилалд хамаарсан дүн гарчээ.
Аймгуудын хувьд бохир ус цэвэрлэх байгууламжид цэвэршүүлсэн бохир усыг хөрсөнд шингээх байдлаар хаяж байгаа ба аймгуудын цэвэрлэх байгууламжийн ойролцоох хөрсөнд хийсэн нян судлалын шинжилгээгээр 72.7 хувьд их бохирдолттой, 27.2 хувьд дунд зэргийн бохирдолттой байна. Мөн хөдөө орон нутагт ахуйн бохир ус цэвэрлэх байгууламжид эмнэлгийн бохир усыг урьдчилан цэвэрлэхгүйгээр шууд нийлүүлж байжээ.
Нийтэлсэн: Д.Мягмардорж

Ус цэвэршүүлэх байгууламжууд насжилт өндөр байна   
Үзсэн: 2164 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй