Шууд Chart

Халдварт өвчнөөс сэргийлэх бэлэн байдал хангалтгүй байна

2014-11-26 14:15:27

 

Нийслэл, орон нутгийн Эрүүл мэндийн газар, цусны салбар банкийг хамруулан халдварт өвчний эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээний бэлэн байдалд хийсэн шалгалтын дүнг Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ. Монгол Улсын Аюулгүй байдлын Зөвлөлийн зөвлөмж, Мэргэжлийн хяналтын газраас гаргасан “Эбола вируст халдварын болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах ажлын төлөвлөгөө”-ны дагуу халдварт өвчний эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээ, цар тахлын үед шаардагдах бэлтгэл шаардлага хангаж буй эсэхэд шинжилгээтэй хяналт шалгалтыг тус газраас зохион байгуулжээ.

Орон нутгийн Эрүүл мэндийн газруудын 71 хувь нь есөн нэрийн 14 төрлийн хувийн хамгаалах хэрэгслийн нөөцтэй хэдий ч нэг удаагийн маск, малгай, бээлийнээс бусад нь шаардлага хангахгүй, цөөн тоотой байжээ. Мөн эрүүл мэндийн газруудын 57 хувь нь 1-3 нэрийн халдваргүйтгэлийн бодисын нөөц хангалтгүй дүнтэй байна. Тухайлбал, Говь-Алтай, Дундговь, Завхан, Орхон зэрэг долоон аймаг хувийн хамгаалах хэрэгсэлийн, есөн аймаг халдваргүйтгэлийн бодисын нөөцгүй байжээ. Долоон аймгийн нөөцөд байгаа халдваргүйжүүлэх бодисд хийсэн шинжилгээгээр жавелионд агуулагдах идэвхит хлорын агууламж 83,3 хувьд нь шаардлага хангахгүй байсан аж. Эмнэлгийн ариутгал, халдваргүйтгэлд хэрэглэх химийн бодисын жагсаалтад ороогүй шахмал хлораминийг Баян-Өлгий, Дархан-Уул, Хөвсгөл зэрэг аймгуудад хэрэглэж байсан зэрэг зөрчил илэрчээ.

 Харин цусны салбар банкуудын хувьд Дархан-Уул, Дорнод, Булган, Завхан аймгууд хамгийн их донортой, Говь-Алтай, Баян-Өлгий, Дорноговь, Төв аймгууд хамгийн бага донортой байна. ДЭМБ-аас 17-60 насны хүн амын гурван хувьтай тэнцэх хэмжээний донортой байхыг зөвлөдөг. Орон нутгийн хэмжээнд энэ тоо 15-64 насны хүм амын 0,6 хувьтай байгаа нь хангалтгүй үзүүлэлт юм. Мөн Өмнөговь, Өвөрхангай, Дорнод, Орхон, Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвүүдэд цусны гурвалсан хүүдийний нөөц 1000ш байх ёстойгоос 1.5-5 дахин бага нөөцтэй байжээ.
Мөн олонх нь эмнэлгийн тусламж үйлчилгээнд хэрэглэх хувийн хэрэгсэл дутагдалтай, шаардлага хангахгүй байгаа нь эмнэлгийн ажилтнуудын аюулгүй байдал алдагдаж, ажил үүргээ гүйцэтгэх явцдаа халдварт өртөх эрсдэлийг үүсгэж байгаа аж. Өөрөөр хэлбэл, орон нутагт халдварт өвчний эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээ авах, таслан зогсоох чадавхи бүрдээгүй байна гэсэн үг. Шалгалтын үеэр хугацаа нь дууссан 85 хайрцаг Тамифлу эмийг хураан устгаж, зөрчил бүхий аймгуудад илэрсэн зөрчил дутагдлыг арилгах, хамгаалах хэрэгслийн нөөцийг бүрдүүлэх талаар албан шаардлага хүргүүлжээ.
Нийтэлсэн: Д.Мягмардорж

Халдварт өвчнөөс сэргийлэх бэлэн байдал хангалтгүй байна  
Үзсэн: 1777 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй