Архи, тамхины үнийг нэмсэнээр архичид, тамхичид цөөрнө гэсэн ойлголт байдаг. Үнэн бол түүн шиг амархан, хялбар зүйл үгүй билээ. Харамсалтай нь энэ арга үр дүнгүй болохыг хүн төрөлхтний түүх батлан харуулж байна. Тамхины үнийг нэмсэнээр ард иргэд хямд, өөрөөр хэлбэл, чанар муутай тамхи татах нь гарцаагүй. Тиймээс хүн амынхаа эрүүл мэндийг бодсон ч үнэ нэмэх биш өөр арга хэрэглэх нь зөв. 6-7 жилийн өмнө Япон орон тамхичдын гүрэн байлаа. Хаана л бол хаана тамхины утаа суунаглаж, залуу охидын аманд янжуур байнга зуулттай байдаг байлаа. Япончууд дөрвөн жилийн өмнөөс тамхины эсрэг тэмцэхээр шинэ бодлого боловсруулан парламентаараа хэлэлцжээ. Өмнө нь тамхины үнийг нэмээд амжилт олоогүй тул энэ удаад тамхи татдаг газраар нь чангалаад үзэхээр шийдсэн бөгөөд галт тэрэг, автобусны буудлуудын тамхи татах цэгүүдийг нэг л өдөр бүгдийг нь буулгаж орхисон билээ. Зөвшөөрөлтэй цэгээс өөр газар тамхи татсан этгээдийг шууд торгодог болсноор тамхичид хаа хамаагүй янжуур зуудгаа болихоос өөр аргагүйд хүрсэн. Засгийн газрын энэ бодлогыг дүүрэг, мужууд дэмжин нэг мэдэхэд тамхигүй хороолол, албан газрууд борооны дараахь мөөг шиг л гарч ирсэн юм байна. Токиогийн Акихабара хэмээх том дүүрэг гудамжинд тамхи татсан хүнийг торгодог дүрэм гаргаснаар тамхи зуусан хүнийг хайгаад ч олохгүй болж билээ. Гудамжинд тамхи татаж байгаа хүн зөрөөд өнгөрсөн хүүхэд багачуудыг түлэх, гэмтээх хэрэг ч нэлээд гардаг байсан юм. Ийм дүүрэгт очихоор хичнээн тамхи татмаар байсан ч тэсэхээс өөр аргагүй болдог. Мөн тамхичдыг зөвшөөрөлтэй цэг хэмээх жижигхэн өрөөнд хашин шахахаар хувцас хунарт үнэр нь шингээд тамхийг жигших нэг алхам болж байгаа юм. Одоо Японд “Хятад, солонгос, монголчууд л тамхи татдаг юм. Япон хүн юм бол чи тамхинаас гар” гэж хэлдэг болоод байгаа. Албан газрууд тамхи татдаг цэгээ цөөлж, эс бөгөөс устгах нь нэгдүгээрт татдаггүй нэгнийхээ эрүүл мэндийг хамгаалах, нөгөө талаар тамхичдын татах тамхины тоог цөөлөх сайн талтай. Тамхигүй компани хэмээн зарлах нь тухайн компанийн сурталчилгаа болж өгнө.
Алтан хараацай хэрэгтэй
Америкт нэг хүн хамт ажилладаг тамхичин найзаа эрүүл мэндийг нь хохироосон хэмээн шүүхэд өгсөн тухай мэдээ уншаад цочирдон, муу муухайгаар нь дуудаж байсан маань хэдхэн жилийн өмнө. Тэгвэл одоо тэр цаг үе бидэнд тулж ирээд байна гэж хэлэхэд болно. Тамхи татдаг хүнээс илүү хажууд нь байгаа нь хорддог гээд багаасаа сонсож ирсэн ч гүндүүгүй монгол зангаараа “хэрэгтэн” нь ч, “хохирогч” нь ч тоохгүй явсаар өдий хүрсэн. Тамхичны дэргэд байгаа хүн дам нөлөөнд автаж байна гэсэн үг бөгөөд эрүүл мэндээрээ хохирч байгаа нь үнэнээс үнэн. Харин манайд тэр хохирлыг нь шинжлэх ухааны үндэстэй батлан тогтоож, дүгнэлт гаргах систем тогтсон уу, үгүй юү гэдэг эргэлзээтэй ч шүүхэд хандах анхны хохирогч хэрэгтэй байна. Нэг ангийн найзаа ч болно, компаниа ч болно. Эрүүл мэндээ хохироосон хэмээн заргалдаж, үнэн мөнөө олцгоо. Эрүүл явбал улсын наадам үзнэ.
Хүүхэд залуус
Тамхины эсрэг авч байгаа арга хэмжээний гол бай нь эх орны ирээдүй болсон залуучууд. Хүүхэд залуусыг тамхинаас гаргах хамгийн зөв арга ширхгийн тамхи татахыг хориглох байсан. Сургуульдаа ирэх автобусанд туулайчлаад, хэмнэсэн мөнгөөрөө хэдэн ширхэг тамхи авч татдаг нь манай оюутан залуусын нийтлэг төрх. Харин одоо тамхи зардаг газрууд бага насны хүүхдэд тамхи зарвал торгох мөнгөний хэмжээг маш өндөр тогтоогоод өгөх хэрэгтэй. Дэлгүүрүүд ханан дээрээ “18 нас хүрээгүй хүнд тамхи зарахгүй. Зарим тохиолдолд бичиг баримт шалгана” хэмээн заавал бичсэн байх дүрэм журам гарваас ирээдүйгээ бид хамгаалж байна гэсэн үг.
Нэг хүнд 562 ширхэг янжуур
1995 онд тамхины нийт хэрэглээ 65.7 сая ширхэг байсан нь жил бүр өссөөр 2000 онд 1746.2 сая болсон нь монголчуудын хамгийн их тамхи татаж байсан үе юм байна. 2006 онд 1034.5 сая ширхэг болсон нь хамгийн сүүлийн тоо аж. Харин нэг хүнд ногдох хэрэглээ 1995 онд 28 ширхэг байснаа 2006 онд 562 ширхэг болж өссөн байна. Жилд нэг хүнд 562 ширхэг тамхи оногдоно гэдэг маш өндөр үзүүлэлт билээ. Үндэсний статистикийн газрын мэдээгээр Монголд тамхины үйлдвэрлэл 2007 онд 1.5 сая ширхэг байсан бол 2008 онд 1.8 сая болж, тамхины импорт 2007 онд 1,4 сая ширхэг байснаа жилийн дараа 1.6 сая ширхэг болон нэмэгджээ. 2005 оны байдлаар нийт хүн амын эрэгтэйчүүдийн 43.1 хувь, эмэгтэйчүүдийн 4.1 хувь нь тамхи тогтмол татдаг гэсэн тоо байна. Үүн дээр хааяа татдаг гэх эрэгтэйчүүдийн 5.3, эмэгтэйчүүдийн 1.4 хувийг нэмбэл хүн амын бараг тал хувь нь тамхи татдаг тооцоо гарч байна. Хоёр хүний нэг нь татаад нөгөө хэсэг нь дам тамхидалтад өртөж байна гэхээр манай улсад эрүүл хүн гэж байхгүй бололтой.
Дэлхий дахин тамхины эсрэг
Тамхины бизнес дэлхийн хамгийн орлоготой салбарын нэг. Тамхины сурталчилгааг хүн төрөлхтөний түүхэн дэх хамгийн амжилттай маркетинг гэж үздэг. 1950 оны үед дэлхий дахин тамхины утаанд, үйлдвэрлэгчид нь ногоон мөнгөнд умбаж байлаа. Тамхины компаниудаас мөнгө авсан киночид гол дүрийн баатраа янжуур зуусан, сайхан залуугаар л дүрсэлдэг болсон байв. Тамхины хорын талаар мэдээлэл гарч эхэлсэн 1960-аад оноос тамхи үйлдвэрлэгчид анхныхаа цохилтыг хүлээсэн. Өндөр температурт шатсан цаас, цавуу, тамхи нь хорт хавдар үүсгэдгийг эрдэмтэд баталснаар зах зээл дээр тамхины хор багасгах янз бүрийн зүйл гарч эхэлжээ. Гайхалтай нь тэднийг үйлчлүүлэгчдээ алдахаас айсан тамхины компаниуд өөрсдөө хийж байв.
Барууны орнуудад тамхинаас анх гарсан хүмүүс бол өндөр боловсролтой, баян чинээлэг эрчүүд байв. Хэдэн жилийн дараа эмч нар энэ давхаргын хүмүүсийн хорт хавдраар өвчилж, цус харвах, ухаан алдах тохиолдол багаслаа гэдгийг тогтоосон. Тамхины компаниуд хамгийн төлбөрийн чадвартай үйлчлүүлэгчээ алдсан нь энэ байлаа. Ингээд тэд эмэгтэйчүүд, залуусыг “эрхэндээ оруулах”-аар зорьж эхэлсэн. Нарийхан чамин янжуур гарч, залуусын үзэх дуртай машины уралдаан тамхины сурталчилгаагаар дүүрсэн юм. 1980 оны эхээр хүүхэд залуусыг тамхинаас гаргах нийгмийн арга хэмжээнүүдийг тамхи үйлдвэрлэгчид ивээн тэтгэдэг байсан нь сонирхолтой. Гэхдээ тэд далдуур өөрсдийгөө сурталчлаад авсан байдаг. Жишээ нь- “Залуус аа, Тамхи татах нь томчуудын ажил юм. Тамхинаас татгалз. Том болсон хойноо тамхи тат” гэсэн бичиг энд тэндгүй наадаг байж. Хурдан том болохсон гэж байгаа хүүхэд үүнийг уншаад тамхи татахыг хүсэх нь эргэлзээгүй.
Тамхины эсрэг тэмцэл амжилтад хүрсэн нь саяхны асуудал. Хөгжилтэй орнууд сүүлийн 20 жилд тамхичдын тоогоо цөөлж чадсанаар дундаж насаа 10-15 жилээр уртасгаж чадсан байна. Хөгжилтэй орнууд нь татахаа больж байгаа юм бол буурай орнуудыг оролдоод үзье хэмээн тамхины компаниуд сэтгэжээ. Өнөөдөр дэлхийн хамгийн их тамхи татдаг оронд Монгол, Орос, Намиби, Кени, Пакистан, Бангладеш тооцогдож байна.
Утаан дундах таван зуун
Тамхитай хүн төрөлхтөн үүссэн цагаас нь тэмцэж эхэлсэн гэхэд болно. Гэвч бид таван зуун жил өнгөрсөн өнөөдөр л энэ хорт зуршилтай хатуу тэмцэхээр нэгдээд байна.
1492- Индианчууд Христофор Колумбад тамхины навч бэлэглэснээр европчууд анх тамхи харсан байна. Жилийн дараа Рамон Пане хамба лам индианчуудын тамхи татаж байгааг дэлгэрэнгүй бичсэнээр Европт татаж сурав.
1531- Санто-Доминго арал дээр тамхины анхны тариалан байгуулагдлаа.
1575- Католик сүмээс мөргөл үйлддэг бүх газарт тамхи татахыг хориглосон бол Япон, Хятад, Орос, Туркт тамхи тарьж, татахыг хориглосон хууль гаргажээ.
1620- Испанид Tabacalera хэмээх тамхины анхны компани байгуулагдсан.
1761- Английн эмч Жон Хилл тамхины хорын талаар ном гаргасан. Хамрын тамхи хорт хавдар үүсгэдгийг баталсан энэ бүтээл тамхины эсрэг гарсан анхны ном байв.
1828- Германы химич Людвиг Рейманн, Вильгельм Поссельт нар дэлхийд анх удаа никотин гаргаж аван хор хэмээн нэрлэсэн байна.
1830- Америкт архины эсрэг кампанит ажлын хүрээнд тамхийг эсэргүүцсэн хөдөлгөөн өрнөв. Тэд тамхи татах нь архи уух хүсэл төрүүлдэг хэмээн баталж байв.
1860- Америкийн Blackwell Tobacco Company тамхины бөөний үйлдвэрлэл эхэлснээр тамхины үнэ багасч, тамхичдын тоо эрс нэмэгджээ.
1886- Эмэгтэйчүүдэд зориулсан анхны тамхи Cameo гарав. 1924 онд гарсан алдарт Мальборо анхандаа эмэгтэйчүүдийн тамхи байв. Мальборог “Таван сар шиг анхилуун” гэж рекламддаг байжээ.
1913- 20 ширхгээр савладаг орчин үеийн тамхийг Америкийн RJ Reynolds компани Camel нэртэйгээр худалдаалж эхэлсэн.
1936- Германы эрдэмтэн Фриц Ликинт “Дам тамхидалт” томъёо гаргасан.
1953- Тамхи хорт хавдар үүсгэдгийг анх удаа шинжлэх ухааны үндэстэй баталсан. Хэд хэдэн орны Засгийн газар албан ёсоор хүлээн зөвшөөрчээ.
1966- Алдарт Уолт Дисней хорт хавдраар нас барсны дараа түүний компани кинондоо тамхийг хэзээ ч гаргахгүй хэмээн зарласан.
1971- Их Британид тамхины хор уршгийн талаарх анхааруулгыг тамхины хайрцаг дээр бичиж эхэлсэн.
1981- Америк болон Баруун Европын даатгалын компаниуд тамхи татдаггүй үйлчлүүлэгчиддээ хөнгөлөлт олгодог болсон.
1990-ээд он- Тамхины компанийг шүүхэд өгөх нь моодонд орсон.
2003- ДЭМБ-аас тамхины эсрэг конвенц гаргаж, үүнд дэлхийн 146 орон нэгдсэн.
Тамхины үнийг нэмсэнээр тамхичдын тоо багасах уу? | ||
Үзсэн: 1369 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.