![](/uploads/201505/news/thumb/a4ed5186fb41c59d9d0b319409df023a_x3.jpg)
Алт, нүүрсний тухай яриад л, түүний ая эвийг дагаад л нэг хэсэг замнаж байна даа. Улс орон ч ялгаагүй эдийн засгийн ашиг сонирхлоо дагадаг биз. Харин байгаль экологи, экосистем, усны асуудлыг гээгдүүлсээр. Ер нь энэ тухай бид хэзээ сэхээрэх вэ “Өнөөдрийн өөхнөөс маргаашийн уушги” гэдэг дээ. Тиймдээ ч энэ улсын иргэн хийгээд төр засаг усны асуудлыг ухааныхаа гүнд бодох цаг нэгэнт иржээ. Ийм нэг бодол төрсөн нь “Тэдэн жилийн дараа бид тийм байдалд хүрнэ, тэгж гачигдана, ингэж хомсдоно” гэсэн яриаг уралдуулж, жам ёсны асуудал мэт хүлээн авч буй тэрхүү хандлагын эсрэг үзэл санаа юм.
Монгол Улсад гүний уурхайн ашиглалт, хүнд үйлдвэрлэл нэмэгдэх хандлагатай болчихлоо. Энэ чинээгээр усны эрэлт хэрэгцээ ихэсч байна. Далайд гарцгүй тул энэ зууны эхэн хагас гэхэд манай уул уурхайн бүс нутаг газар доорх усныхаа нөөцийн тодорхой хувийг ашиглах төлөв бий болчихлоо. Мал аж ахуй, хүн ард хэрхэн амь зуух вэ гээд манай говьд усны боловсронгуй хэрэглээ, орчин үеийн арга технологи одоог хүртэл бүрэн дүүрэн нутагшаагүй л байна. Хангайн бүсийн бэл дагасан цөөн хэдэн гол нууруудын усны урсгал байгалийнхаа тогтцоор гадагшаа цутгаад гарчихдаг. Ингээд бодохоор говь хангай, хот хөдөөд ч усны асуудал “босч” ирнэ. Яах аргагүй л усны асуудлыг ухааныхаа гүнд бодохыг одоогийн хийгээд цаашдын нөхцөл байдал бидэнд дахин дахин сануулж байна.
Энд “Урт нэртэй хууль” мэтийн улиг болтлоо ярьж буй зүйлсийг тойрч арай өөр зүйлийн шалтгаан, гарц болгож хандуулмаар хэд хэдэн санаа дэвшүүлэхийг зорилоо. Энэ санааны эхэнд салбар хоорондын уялдаа холбоо, ложистик дутагдаж байгааг хэлье.
Ложистик /салбаруудын уялдаа/
Сэргээгдэх эрчим хүчээр дотоодоо хангах, эрчим хүчний хараат байдлаас гарах, цаашид зүүн хойд Азидаа эрчим хүч экспортлох хүртэл эх үүсвэр, хүчин чадлын боломж гарцыг нээж өгсөн дэлхийн 60 орчим орны экспертүүдийн хурал болоод өнгөрлөө. Үүнээс харахад манай улс сэргээгдэх эрчим хүчний станцуудыг хэд хэдээр нь бүтээн байгуулах шаардлага нэгэнт тодорхой болсон. Үүний эх үүсвэр нь мэдээж нар, ус, салхи болно. Харин хоёрын зэрэг усан цахилгаан станцыг сүүлийн жилүүдэд бүтээн байгуулсан. Эдгээрийг бүтээн байгуулахад гардаг хүндрэлүүдийн нэг нь тухайн гол нуурын усны ундарга сангийн асуудал байдаг. Энэ нь эрчим хүчний салбарын ч асуудал, усны баялаг сангийн ч асуудал болж байна. Ийм асуудлын торгон ирэн дээр л нэгдэж шийдвэрт хүрэхийг салбар хоорондын уялдаа холбоо, ложистикийн жишээ гэдэг болов уу. Өөрөөр хэлбэл, гадагш цутгаж буй тэрхүү урсгал усыг боож, усан цахилгаан станцаа байгуулах ингэснээр нэг бүс нутгаа эрчим хүчээр хангах, дээр нь байгалийн тохиромжит бус тогтоц бүхий усны асуудлаа үр бүтээлтэйгээр ашиглах боломж байсаар л байна. Сэргээгдэх эрчим хүч гэдэг байгаль орчинд эерэг нөлөөтэй гэдгийг судлаачид хэлж байгаа. Харин эдгээрийг хэрхэн бүтээн байгуулах, хэрхэн инженерийн аргачлалаа боловсруулах нь бас өөр асуудал болохыг дурдъя.
Энэ мэт салбаруудын уялдаатай шийдвэрүүд манай байгаль орчин, эрчим хүчний салбарт үгүйлэгдэж байна. Мөнхүү төр засагт ийм бодлого бий бол цаг хугацаа алдалгүй хэрэгжүүлэх л үлдлээ. Үүн дээр хэрхэн “маниавер” хийх, ямар шинэ технологи, сайн туршлагыг нэвтрүүлэх нь чухал асуудал болж байна.
Хуулийн хэрэгжилт үгүйлэгдсээр...
Нэг хэсэг нь баталж, нөгөө хэсэг зөрчих үзэгдэл байгаль экологи, усны тухай хуулийг ч тойрсонгүй. Нөгөө л алт, нүүрсээ тойрсон олон ашиг сонирхлын уулзвар энд нийлж, эндээс эмх цэгцтэй гэхээсээ илүү хуулиа зөрчсөн шийдвэрүүд шил даран гарч, эрхэмлэн баталсан хуулиа эргээд өөрчилчихдөг боллоо. Нэг ёсны чихээ бөглөөд хонх хулгайлахын үлгэр энд гарч байна. Байгаль орчны салбартаа баримтлах бодлого, хууль эрхзүйн тогтвортой орчин бий болгож чадахгүй бол бид өөрсдийн гараар язгуур эрх ашгаа зөрчихөд хүрнэ. Баталсан хууль дүрмээрээ өөрийн зохицуулалтаа хангаж чадахгүйдээ тулсан бол байгаль орчин, усны асуудалтай холбоотой олон улсын гэрээ конвенцид ч болтугай нэгдэж болмоор санагдана. Хуулиа хэрэгжүүлээгүйн балгаар хойч үеэ хохироох учиргүйсэн.
Дэлхийн гадаргын 70 хувийг ус эзэлдэг ч ундны цэвэр ус 2.5 хувийг нь эзэлдэг байна. Манай орны хувьд гүний усны нөөц багатайн дээр уул уурхайн эрин үетэй холбоотой гадаргын цэнгэг усны нөөцөө барах эрсдлийн өмнө ирсэн. Ус бол хүний биеийн эрчим хүч, цэнэг юм. Энэ бүх нөхцөл байдлаас дүгнэхэд усны асуудлыг ухааныхаа гүнд тунгаах цаг нэгэнт иржээ.
Усны асуудал ухааны гүнд байна | ||
Үзсэн: 3427 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.