Нэгдүгээр амаржих газарт нярайн халдвар гарсан учраас энэ сарын 19-нөөс ирэх сарын нэгэн хүртэлтус эмнэлэгийг хаах шийдвэр гаргасан. Одоогоор уг халдвараар найман хүүхэд өвчилж, нэг нярай өвчнөө даахгүй нас бараад байгаа. Тэднийг тусгаарласан учраас нэмж хүүхэд өвчлөөгүй байна. Халдвар гарсан шалтгааныг одоогоор нарийн тогтоогоогүй бөгөөд амаржих газрын бүх зүйлээс шинжилгээ авч Халдварт өвчин судлалын үндэсний төвд хүргүүлсэн. Эхний шинжилгээний хариу өнөө орой гарах гэнэ. Ийм хөл бужигнаантай үеэр нийслэлийн Засаг даргын захирамжаар тус амаржих газрын дарга, ерөнхий эмч С.Пүрэвсүхийг нярайн үжил халдварт өвчин гаргаж, ажлын хариуцлага алдсан хэмээх үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв. Түүний оронд Нийслэлийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Д.Энхбаярыг томилсон байна. Тэрбээр хүний эх эмч мэргэжилтэй аж. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Ганхүүгийн хэлж буйгаар халдвар гарсныг нуун дарагдуулсан, мөн бохирын усны шугам бөглөрч байхад урьдчилж арга хэмжээ аваагүй гэсэн үндэслэлээр С.Пүрэвсүх даргыг халах шийдвэр гаргасан гэв. Тус эмнэлгийн бохирын шугаманд ариутгал хийсэн бөгөөд Ус сувгийн удирдах газраас ажлын баг гарч засч янзлахаар болжээ. Эмнэлгийн даргыг солисноор асуудал шийдэгдэхгүй хэмээн тус амаржих газрын эмч нар үзэж байгаа аж. Энэ үеэр нэгдүгээр амаржих газрын зөвлөх эмч, клиникийн профессор Б.Үйлсттэй уулзлаа. Тэрбээр
-Бид хүүхдүүдээ тусгаарлаад шаардлагатай бүх эмчилгээг хийж байна. Өмнө нь тохиолдож байсан нярайн халдваруудаас шинж тэмдэг нь өөр, хурдан тархацтай гэж үзсэн. Энэ сарын 14-нд төрсөн хүүхэд гэнэт бямба гаригийн оройноос халуурч, нямд хүндэрсэн. Үүнийг дагаад гурван хүүхэд халуурч, биеэр нь тууралт гарсан. Тэр даруйд нь эмчилгээ хийж, тусгаарлаад хүүхдүүдийг даваа гаригт нийслэлийн Эрүүл мэндийн газар, ХӨСҮТ-д мэдээлсэн. Манай нэгдүгээр амаржих газрын ачаалал сүүлийн үед ихэссэн. Мөн төрөх газруудад орчны эрүүл ахуй байх ёстой. Энэ байдал сүүлийн жилүүдэд алдагдаж, барилга байгууламж олноор барьсан. Тиймээс халдварт өвчин хааяа дэгдэлт хэлбэрээр гарах болсон. Өнгөрсөн онд манайд 10700 эх төрсөн. Гэтэл 2005 онд 4500 эх төрж байсан үеийн төсвөөр ажиллаж байна. Төрийн байгууллагын төсвийг 25 хувиар танасан. Жилээс жилд төрөлт нэмэгдэж байхад санхүүжилтийг хэн гэгч албан тушаалтан хассан юм бол. Нярай халдвар авах эрсдэл нь өндөр. Асаргаа сувилгаа нь ч маш эмзэг. Манайд 295 хүн ажиллах ёстой одоо 240 гаруй ажиллагсадтай. Халдварт өвчин гарсанд ЭМЯ, нийслэлийн ЗДТГ, ЭМГ бүгд буруутай. Манай бохирын шугам битүүрч байхад нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Ус сувгийн удирдах газраас шалгадаггүй нь буруу. Эмч нар бид газар доогуур ямар шугам хоолой явж байгааг мэдэхгүй. Сүүлдээ бүр бохир халиад манай амаржих газрын лифтний доогуур урсаж орж ирсэн. Одоо болтол энэ оны санхүүжилт орж ирээгүй байгаа гэв.
Мөн эмнэлгийн дэд дарга Г.Баясгалан “Бид барьц алдаж байна. Ийм хүнд үед эмнэлгийн даргыг сольдог нь буруу. Шийдвэр гаргахдаа гол нь бус бүх талаас нь ул үндэстэй бодож, нягтлах хэрэгтэй. Хэрэг хэзээ ч хуучирдаггүй. Энэ асуудал дууссаны дараа даргаа халж сольж болно шүү дээ. Эхчүүдээ зарим хувийн эмнэлэг рүү тарааж хэвтүүлж, эмчилгээний багаж хэрэгслээ тэдэнд тараагаад өгсөн.
Нярайн халдвараар нэмж хүүхэд өвчлөөгүй | ||
Үзсэн: 1558 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.