![](/uploads/201507/news/thumb/85e581f44301745a2aeffbf6f1b925cc_x3.jpg)
МЗЭ-ийн шагналт зохиолч, сэтгүүлч Бидэрийн Баярсайханы “Хөх тэнгэр”, “Тэнгэрийн санаа өгүүллэг, туужийн хос боть хэвлэлтээс гарлаа. Уран зохиолын ертөнцөд хөл тавьсан 25 жилийн тайлан, хүүрнэл зохиолын энэхүү хоёр боть 2008 оноос хойш түүний бичсэн өгүүллэг туужийн чуулган юм.
Гуч орчим өгүүллэгээс бүрдэх “Тэнгэрийн санаа”, дөрвөн тууж багтаасан “Хөх тэнгэр” ботиудыг нягтлан уншвал зохиолчийн эмзэглэл шаналалын үр, агаар дутагдсан хүмүүний бачимдал багтралыг мэдэрч болно. Хүний сайхан, муухай мөн чанар, зүрх хагарчих шахам өвддөг хайр сэтгэл, үхэл хийгээд амьдралын тухай өгүүлэх эл хоёр бүтээлд сэтгэлзүйн нарийн орчил руу яргасан өгүүлэмж зонхилох бөгөөд уншаад орхисны дараа ч эргэн бодуулах, сэтгэл хөндүүрлэн эмзэглэл төрүүлэх, дахин нэг сөхөж хармаар тийм мэдрэмжийг төрүүлэх буй заа.
Зохиолч, яруу найрагч Ц.Буянзаяа “Тэнгэрийн санаа” номын өмнөтгөлд “... цаашилбал хүний сэтгэлзүйн дотоод орчил руу орсон нарийн өгүүлэмжид Б.Баярсайханы зохиолуудын жинхэнэ үнэ цэнэ оршдог аж. Нэг үгээр хэлэхэд түүний зохиолын баатрууд үйл хөдлөл, өнгөн талаасаа биш сэтгэлзүйн талаасаа дүрслэгддэг онцлогтой юм. Тэрхүү сэтгэлзүй, тэрхүү сэтгэлзүйн өгүүлэмжээс л Б.Баярсайханы туурвин өгүүлэх онцлогийг харж болно” хэмээн өгүүлсэн байна.
Шинжлэх ухааны доктор, утга зохиол судлаач, шүүмжлэгч Д.Галбаатар “Хөх тэнгэрийн санаа” номын өмнөлтгөлд, “Эр хүн тууж” олон баатар бүхий дүрийн хоёр том зэрэгцээ системтэй бөгөөд үйл явдлын дунд хүч чадалтай, ухаалаг атлаа гэнэн хонгор сэтгэлтэй Гандирыг тавьж, үйл явдлын угсарсан, товчоолсон, зэрэгцүүлсэн өгүүлэмж, шоронгийн болоод эгэл амьдралын хүрээнд болж буй хэрэг явдлын хоёр шугамыг томон зохиомжилсон, хэн нэг залуу зохиолч хүссэнээрээ хийчих боломжгүй бодож боловсруулсан логик байгуулалт сэлт нь Б.Баярсайханы сэтгэлгээний тэлэлт, ур чадварын төвшинг илтгэнэ. Ер нь ийм маягийн бичлэг, сэтгэлгээний галбиршил Д.Норовын тууж, П.Баярсайхан, Д.Энхболдын өгүүллэгт нэлээд тод ажиглагддаг. Харин “Хүн загасны цөөрөм” тууж бүтэц байгуулалт, дэвшүүлсэн асуудал, шийдэл, дүрийн зан төрх, үйл явдал өрнөх орон зай, орчин, цаг хугацааны хувьд их өөр бөгөөд дүрийн сэтгэлзүйг нээх эрэл, гүн ухааны аяс хандлагаараа “Эр хүн” туужаас илүү гүнзгийрсэн сонирхолтой өгүүлэмж бүхий бүтээл болжээ” гэж өгүүлсэн байна.
"Өлөгчин" өгүүллэгээрээ 2009 онд “Утгын чимэг” богино өгүүллэгийн наадмаас шагнал гардаж, шуугиан тарьж байсан зохиолч Бидэрийн Баярсайхан “Эртний явдал” өгүүллэгээрээ “Утгын чимэг” наадамд 2010 онд түрүүлж, “Үйлийн үрийн төлөөс” өгүүллэг нь тус наадамд 2011 онд дэд тэргүүн байр эзэлж байв.
“Хүн загасны цөөрөм” өгүүллэг туужийн анхны номоо 2008 онд хэвлүүлж, дараа жил нь буюу 2009 онд “Өлөгчин тэргүүт өгүүллэгүүд”, 2013 онд “Тэнгэрийн санаа-1” өгүүллэгийн номоо уншигч олондоо өргөн барьсан байдаг. “Тэнгэрийн санаа-1” өгүүллэгийн түүвэр тухайн оны шилдэг бүтээлд олгох “Алтан өд” шагналыг эзэндээ авчирсан билээ.
Зохиолч Бидэрийн Баярсайханы “Тэнгэрийн санаа”, “Хөх тэнгэр” өгүүллэг, туужийн боть хэвлэгдлээ | ||
Үзсэн: 2466 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.