Шууд Chart

Нийслэлд байх гэрийг шинэ загварт оруулах асуудал ч яригдаж магад

2010-01-24 03:08:06

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах ажилд дээр дооргүй анхаарал хандуулж, энэ чиглэлээр олон санал санаачилга гарч, туршилтууд хийгдэж, түрүүч нь ажил хэрэг болж эхэллээ. Утаа багатай илчлэг түлшнээс авахуулахад, цахилгаан болон нарны эрчим хүч, газрын гүний дулааныг ашигласан олон янзын халаалтын чиглэлээр туршилт судалгаа хийгдэж байна. Сонгинохайрхан дүүргийн нэг цэцэрлэгийг Германы техник технологиор газрын гүний дулааныг ашиглаж халаах туршилт хийж байгаа. Эхний зардал өндөр боловч жилдээ хэдэн арван тонн нүүрсээр өвлийг өнгөрөөдөг тэрхүү цэцэрлэгт өнөөдрийн байдлаар ашиглалтын зардал нүүрсээр аргалдаг байсан үетэй харцуулхад тун бага байгаа юм. Нийслэл Улаанбаатараа Утаанбаатар нэрнээс нь салгах үүднээс эрдэмтэд ч уйгагүй хөдөлмөрлөж, өөрийн орны нөхцөл онцлогт тохирсон, орчин үеийн технологийн дэвшил бүхий цахилгаан халаагуурыг зохин бүтээлээ. Монгол гэрт туршилт хийж буй энэ ажлынхаа талаар ШУА-ийн удирдлага, эрдэмтэд хотын удирдлагуудад танилцууллаа. Гар утасныхаа системийг ашиглан гэрийнхээ халуун дулаан болон хэрэгцээгээ тохируулах бүрэн боломжтой энэхүү төхөөрөмж нь  суурилуулж өгөх бүх ажил нь ороод 1,2 сая төгрөг юм. Солонгосын ийм төрлийн халаагуурын цахилгааны төлбөр сард 80 гаруй мянган төгрөг байгаа бол манай эрдэмтдийн зохион бүтээсэн халаагуурынх 40 орчим мянган төгрөг. Өдөржин ажиллуулаад байх шаардлагагүй өглөө оройдоо, эсвэл орой ажил тарахаасаа өмнө гар утсаараа удирдан гэр, сууцаа халаах боломжтой. Эрдэмтдийн хийсэн судалгаагаар одоогийн эрчим хүчний даацын хэмжээ, цахилгаан шугамын оруулах чадал зэрэг боломжоос шалтгаалан 20-30 мянган айлыг ийм халаагуураар хангах бололцоотой ажээ. Манай улсад өдрийн цагт цахилгааны ачаалал өндөр байдаг бол шөнийн цагт маш бага байдаг. Эрчим хүчний удирдах газрын мэргэжилтнүүд эрдэмтдийн энэхүү бүтээлтэй танилцаад манай улсын эрчим хүчний горимд их хэрэгтэй зүйл болжээ гэж үнэлсэн байна. Өөрөөр хэлбэл гэр хороолынхон ийм төхөөрөмжтэй болчихвол өглөө оройдоо л хоол хийхдээ нэмэлт эх үүсвэр ашиглаж, шөнийн цагт цахилгааны төлбөр хямд учир хэрэгцээндээ тохируулан халаалтын төхөөрөмжөө ашиглаж, өдрийн ажилдаа явсан цагтаа хязгаарлах боломжтой юм. Халаалтын ийм төхөөрөмжтэй уялдаад гал түлж гэрээ дулаацуулах шаардлагагүй болсон үед хоол хүнс бэлтгэх хэрэгцээндээ газыг ашиглах боломж бүрдэж байгаа юм. 5 ам бүлтэй өрх 5 литрийн баллонтой газыг сарын турш хэрэглэдэг тооцоо бий. Түүнчлэн монгол гэрийн дулаан алдагдал нь үүд, тооноороо байдаг тул айл бүр үүдэндээ давхар амбаартай байх, тоононд вакуум цонх суурилуулах гээд шийдвэрлэж болох олон асуудал байгаа талаар хотын удирдлага, эрдэмтэдтэй санал бодлоо солилцсон юм. ШУА-ийн бүтээсэн энэхүү халаалтын төхөөрөмжийг одоогоор 20-иод газар тавьж туршиж байгаа бөгөөд энэ жилдээ 300 айлд суурилуулахаар зорьж байна.


 

Нийтэлсэн: Б.Багабанди

Нийслэлд байх гэрийг шинэ загварт оруулах асуудал ч яригдаж магад  
Үзсэн: 2028 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй