Шууд Chart

До.Цэнджав:Улстөрчид сэтгүүл зүйг, сэтгүүлчдийг муухайгаар эвдэж байна

2010-01-26 00:37:17

До.Цэнджавын “Он цагийн шастир” хэмээх нэртэй сэтгүүл зүйн бүхий л төрөл багтсан сайхан ном гарав. Сэтгүүлч болохыг хүсэж яваа, шамдан суралцагч, сонин хэвлэл, сэтгүүлд ажиллаж буй хэн боловч уншмаар бүтээл болжээ. Би хувьдаа энэхүү номын эхний хуудсыг нээн уншиж эхэлмэгц, хааж чадалгүй тэр чигт нь нэг амьсгаагаар шувтлан дуусгаж орхисон юм.

Үнэхээр номын нэрийн утга учир нэвт мэдрэгдэх энэ бүтээлээс маш ихийг сурна даа. Би нэгэн үе энэ хүний удирдлага дор бичсэнээ ариутгуулан ажиллаж байсан ч, тийм их хөдөлмөрч, эрэлхийлэгч жинхэнэ бүтээлийн төлөө өсгийгөө элтэл гүйгч байсан гэдгийг нь анзаардаггүй байжээ. Номыг нь уншаад өөрийн эрхгүй бахархах сэтгэл асгаран орж ирснээ дуулгамаар байна. “Он цагийн шастир”-ийн зохиогчтой уулзаж ярилцлаа.

-Сэтгүүлчдэд гарын авлага болмоор маш сайхан ном гаргажээ. Одоо цагийн энэ олон “сэтгүүлч” нар заавал уншаасай гэж бодогдсон шүү. Харамсалтай нь ийм бүтээлийг олж хараад унших хүн нь тун цөөн байх. Сэтгүүлч хүн юм бичихийн тулд ямар их хөдөлмөрлөдөг болохыг ойлгохгүй байна шүү дээ дийлэнх нь.
-Номын тухайд миний сэтгүүл зүйд ажилласан 30 жилийн хөдөлмөр багтсан. Ярианы эхэнд тодотгоход миний амьдралд тун азтай гэмээр учрал тохиож, би Монголын сэтгүүл зүйд орж ирсэн хүн байгаа юм.
Анх утга зохиолын шүүмж бичиж эхэлсэн хүн чинь тэр нэгэн жил Ардын армийн зэвсгийн албаны даргаар ажиллаж байгаад тэтгэвэрт гарч мал маллан, 70 насандаа улсын хошой аварга малчин болсон Бандгайт гэдэг хүний тухай “Бүргэдийн жигүүр цуцахгүй” нэртэй найруулал бичиж төвийн сонинд өглөө. Уншигчдын анхаарлыг их татсан юмдаг уу, тэр үеийн “Үнэн” сонины ерөнхий эрхлэгч Ц.Намсрай гуай “Сэтгүүлч та нарын бичиж чадахгүй байгааг хөдөөний нэг багш бичсэн байна. Тэр хүнийг “судла” гэсэн үүргийг өгснөөр Дамба гэдэг хүн говьд ирсэн юм. Сэтгүүлчийг олно гэдэг тун чухал, тэгээд “Үнэн” сонины нөөц боловсон хүчинд бүртгэгдсэн дээ. Нэг сэтгүүлчийн ард гурван хүнийг нөөцөөр бүртгэн, бэлтгэнэ. Тухайн үед  Дундговиос алдаа ихтэй бичдэг гээд Миеэгомбыг голоод, намайг авч байсан юм.

-Нэг сэтгүүлчийн ард гурван хүн нөөцөөр бэлэн байна гэдэг чинь юу гэсэн үг вэ. Тэр үед боловсон хүчний бодлого үнэхээр чанга байжээ?
-Боловсон хүчнийг маш чанга шалгуураар сонгодог байсаан. Ний нуугүй хэлэхэд сэтгүүлчдэд  чанга хатуу “төмөр гар” хэрэгтэй. Л.Түдэв эрхлэгчийнх шиг. Гэхдээ Л.Түдэв гуай маш нинжин, өгөөмөр сэтгэлтэй хүн.
“Тү” эрхлэгчээр загнуулснаараа сэтгүүлчид бахархдаг байлаа. Загнаж байгаа нь хүртэл цул ухаан. Коллеги дээр надаас “Сөлхө хуц” гэдэг үг асуухад нь мэддэггүй. Тэгэхэд Л.Түдэв гуай “Чи анхны асуултад л бүдэрлээ. Үг мэддэггүй хүн үзэг бариад яахав. Үггүй бол сэтгүүлч хүн далайгаас хаягдсан загастай адил” гэж хэлж билээ.

-Таныхаар сэтгүүлчийн мэргэжлийн гол амь сүнс нь юу байдаг гэж боддог вэ?
-Сэтгүүл зүй бол хүнд 4-5 жигүүр хайрладаг гайхалтай салбар. Ард түмэн энэ салбарыг маш сайн мэддэг. Сэтгүүлч алдрыг нь ард түмэн өөрсдөө олгодог. “Түүхийг түүхч биш, зохиолч бичдэг” гэсэн эртний үг эдүгээ цагт солигдож “түүхийг сэтгүүлч бичдэг” гэгддэг болсон. Ер нь  сургамж болгон хэлэхэд хүнийг гутаан доромжилж, гүтгэн дайрсан юм үлддэггүй. Оюунлиг, гэгээлиг, мэдлэг үнэртсэн мэдээлэл өгсөн зүйл л хүнд үлддэг юм байна. Тэгэхээр түүхийг бичиг сэтгүүлч хүн түүхийг үнэнээр нь бичиж үлдээхийн төлөө ажиллах хэрэгтэй.
Хариуцлагатай сэтгүүл зүй гэж яриад байгаагийн учир энэ жижигхэн үйл явдлын мэдээ бичихэд хүртэл хариуцлага байдаг юм.
 

Нийтэлсэн: Б.Багабанди

До.Цэнджав:Улстөрчид сэтгүүл зүйг, сэтгүүлчдийг муухайгаар эвдэж байна  
Үзсэн: 1641 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй