![](/uploads/201605/news/thumb/9fe9ba05cbfb983a8bd3b1cc2eec7d2c_x3.jpg)
Дэлхийн санхүүгийн хүртээмжийн нийгэмлэгийн “Жижиг, дунд үйлдвэрийн санхүүгийн ажлын хэсгийн” VI чуулгыг Улаанбаатар хотод зохион байгуулж байна. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа 60 гаруй мянган аж ахуйн нэгжийн 90 орчим хувь нь ЖДҮ гэсэн ангилалд багтдаг. Гэтэл тэд бизнесээ өргөжүүлэхэд шаардлагатай санхүүгийн үйлчилгээ авч чадахгүй байна. Өөрөөр хэлбэл, нийт эдийн засагт босч байгаа санхүүжилтийн 96 хувийг банкны салбарын барьцаан дээр суурилсан богино хугацаатай, бага хэмжээтэй зээл эзэлж байгаа нь Жижиг, дунд үйлдвэрийн санхүүгийн байдалд хамгийн том хүндрэл болдог байна.
Монголбанкнаас жил бүр явуулдаг судалгаанаас харахад ЖДҮ эрхлэгчдийн тулгамдаж байгаа санхүүгийн асуудал нь зээлийн хүү өндөр, хугацаа богино байна. Мөн зээл авахын тулд шаарддаг барьцаа хөрөнгө гэж тодорхойлжээ. Тэдний энэ асуудлыг шийдэхээр зээлийн батлан даалтын сан байгуулж, барьцаа хөрөнгөн дээр нь дэмжлэг үзүүлэхээр болсон юм.
Мөн манай улсад барьцаа хөрөнгийг үнэлэх асуудал тодорхойгүй, түүнийг бүртгэх асуудлыг ч шийдээгүй байна. Тиймээс Олон улсын валютын сан болон санхүүгийн байгууллагууд барьцаа хөрөнгийн асуудлыг тодорхой болгох, мөн хөдлөх хөрөнгийг барьцаалж санхүүгийн асуудлаа шийдэх боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа нь ЖДҮ-ийг дэмжих чухал хөшүүрэг болох юм. Энэ талаар Дэлхийн санхүүгийн хүртээмжийн нийгэмлэгийн гүйцэтгэх захирал, доктор Алфред Ханниг “Монгол Улсад санхүүгийн хүртээмжтэй байдалд томоохон компаниуд ойр байж, олон сувгаар санхүүжилт олж болдог. Харин ЖДҮ тойргийн гадна үлдчихээд байна. Тиймээс ЖДҮ-ийг дэмжинэ гэж лоозогнохоос илүүтэй бодит боломжийг бүрдүүлэх, тэднийг хоорондоо хамтарч ажиллах нөхцөлийг хангах, мөн оролцогч талуудын санхүүгийн мэдлэг чадварыг дээшлүүлэх шаардлагатай гэж харж байна” гэлээ.
Дэлхийн 95 орны 119 гишүүн байгууллагатай санхүүгийн хүртээмжийн нийгэмлэгт Монгол Улсыг төлөөлөн, санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк нэгдэн орсон байдаг. 24 орны 30 гаруй төлөөлөгч оролцож байгаа энэ удаагийн чуулганаар Санхүүгийн зохицуулалтын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, холбогдох бодлогын баримт бичгүүдийг боловсруулж нэгтгэх, бусад орнуудын туршлагыг судлах зэрэг өргөн хүрээтэй үйл ажиллагааг төлөвлөжээ.
ЖДҮ-ийг дэмжих асуудлыг дэлхийн 24 орны банк санхүүгийн төлөөлөл хэлэлцэж байна | ||
Үзсэн: 733 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.