Монголын кино урлагийн нэрт төлөөлөгч Монгол Улсын Ардын жүжигчин, Төрийн соёрхолт Цагааны Цэгмидийн хүү Төмөрхуяг “Cinema Awards” Монголын кино урлагийн дээд шагнал гардуулах ёслолын “Шилдэг эрэгтэй туслах дүр” шагналын эзэн болсон билээ.
Түүний шагнал хүртсэн баярыг хуваалцаж хэдэн хором ярилцсан юм.
-Монголын кино урлагийн дээд шагнал гардуулах “Cinema Awards” -ын салхийг хагалж “Шилдэг туслах дүр”-ийн шагналын эзэн болсон танд баяр хүргэе. Гэхдээ та шагнал гардуулах ёслолын үеэр байгаагүй ...
-Үнэхээр их баярлалаа. Улаан хивсний ёслолын дараа хойшлуулшгүй кино зураг авалттай байсан тул өөрийн биеэр шагналаа авч чадаагүй харамсалтай зүйл болсон.
-Шагналын болзол хангаснаа анх сонсоод хамгийн түрүүнд юу бодов?
-Бүгд утсаар яриад баяр хүргэсэн. Шагнал авахаараа бага зэрэг санаа зовоод байдаг хүн л дээ. Гэхдээ шагналд дургүй хүн гэж байхгүй. Маш их баярласан. Ингэж шагнуулж байгаа нь аав, ах хоёрын минь нэртэй холбоотой явдаг учир тун их талархалтай хүлээж авсан. Аав маань “Цогт тайж” кинонд тоглоод Монгол Улсын анхны ардын жүжигчин цолтон болсон. Ах маань 19-хөн насандаа Төрийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбал агсны дүрийг бүтээгээд Төрийн шагнал хүртсэн. Тэднийхээ нэрийг хугалахгүй юмсан гэж хичээж явна. Нэг талаараа хүнд ачаа, үүрэг хариуцлага боловч, нөгөө талаараа маш их аз жаргал юм даа. Анх удаа зохион байгуулагдсан “Cinema Awards” ёслолын үйл ажиллагаанаас анхны шилдэг туслах дүрийн шагналыг авч, анхдагчдын нэг болж байгаа нь их билэгшээлтэй зүйл боллоо.
-Чадварлаг уран бүтээлчийн хувьд асуухад энэхүү наадмыг та хэрхэн дүгнэв?
-Анх удаа зохион байгуулагдаж байгаа, мөн кино театрын уран бүтээлчид өөрсдөө зохион байгуулсан учраас илүү академик тал руу боллоо. Мөн маш чанартай зохион байгуулагдлаа гэж харж байна. Гэхдээ би өмнө нь Монголд зохион байгуулагдаж байгаагүй шинэлэг арга хэмжээ болно гэсэн хүлээлттэй байсан. Хүлээлтэнд ч хүрч чадлаа. Миний хувьд киноны салбараас шагнал авч үзээгүй. Энэ бол миний анхны шагнал.
-Арга хэмжээг дагаад шүүмжлэл ч бас бий ...
-Монголд кино хөгжөөд ч байгаа юм уу, ийм шагнал гардуулах ёслол байх ёстой ч юм уу гэсэн яриатай хүн мэр сэр байна. Киноны талаар ойлголт багатай хүмүүс ингэж яриад байдаг юм болов уу. Кино гэдэг бол хүмүүжил, боловсролын ач холбогдолтой. Өнөөдрийн нийгэмд аль болох тохируулж хийхийг зорьдог. “Cinema Awards” хийж байгаа зорилго бол мэдээж кино урлагийг дэмжих, дэлхийн хэмжээнд аваачих шүү дээ. Ийм арга хэмжээг зохион байгуулж байж киночид дунд өрсөлдөөн бий болно. Ингэснээр кино урлаг маань шат ахиж, хөгжих үүд хаалга нээгдэнэ.
1990-ээд оны үед кино байхгүй, энэ урлаг алдагдчихсан байсан. Одоо харьцангуй хийдэг болж. Сайн муу ч бай хийж л байх хэрэгтэй. Бүтээлүүдээ мэргэжлийн хүмүүсээр дүгнүүлдэг байя л даа. Тэгээд ч кино урлаг хөгжинө гэдэг өөрөө капитал. Сайн хөгжиж чадвал улсад орох орлого ч нэмэгдэнэ. Холливудад хэдий хэмжээний мөнгө эргэлдэж байгааг бид харж байна. Улсын хөгжил гэдэг урлаг, спортоор тодорхойлогддог. Бид Олимпийн аваргагүй байсан бол Монгол Улсыг дэлхий дахинаа мэдэх үү. Үүн шиг урлагаа дэмжиж, “Cinema Awards” шиг арга хэмжээг зохион байгуулж, өрсөлдөөнийг бий болгох нь чухал. Хамт нэр дэвшсэн хүмүүстээ их баярлаж байна. Яагаад гэвэл өрсөлдөөнгүйгээр юм хэзээ ч ахидаггүй. Тиймээс тэдгээр хүмүүс надад урам хайрлаж, ахиж дэвших нөхцөлийг бүрэлдүүлж байгаа юм. Үүнд “Cinema Awards”-ын ач холбогдол оршиж буй.
Мөн нөгөө талаас чанартай, чанаргүй кино гэж их ярьж байна. Киногоо оруулж л байх хэрэгтэй. Олон кино байх тусам тэндээс шалгарч байгаа нь илүү чанартай сайн кино байх болно. Намайг хүмүүс муу сайн гэхгүй олон кинонд тоглох юм гээд л хэлдэг. Яагаад би тоглодог вэ гэвэл залуу үе маань уран бүтээл хийх гээд хичээж явна. Миний багшилж байсан хүүхдүүд кино хийж байна. Энэ нь кино урлаг сэрж байгаагийн илрэл. Тэднийгээ дэмжих хэрэгтэй.
-Таны тоглосон “Ээж” кино хоёр номинацид шагнал хүртлээ. Мөн гадны кино наадмаас шагнал гардсан. Киноныхоо болон өөрийн бүтээсэн дүрийнхээ талаар ярихгүй юу?
-“Ээж” киноны зохиол бичигдээд удаж байгаа. Засвар, сайжруулалт хийж явсаар ийнхүү кино болон дэлгэцнээ гарлаа. Би жүжигчнийхээ хувьд нэг юм хэлмээр санагддаг юм. Жижиг дүр гэж байдаггүй. Туслах дүр үргэлж гол дүрээ тодотгож өгдөг. Туслах дүргүйгээр гол дүр гэж байхгүй. “Ээж” кинонд тэр эвдэрчихсэн, замаа алдаж явсан залуугийн дүр эх хүнээс унасан гэдгээ хэзээ ч мартаж чадахгүй байна гэдгийг харуулж байгаа нь “Ээж” киног тодорхойлж байгаа юм. Найруулагчаар жүжигчин Б.Эрдэнэцэцэг ажилласан. Их дайчин бүсгүй. Холливудын эмэгтэй жүжигчдийн арга зүйгээр явж байгаа юм шиг санагддаг. Кино баг маань ажилдаа гаршсан, сайн баг бүрэлдсэн. Тиймдээ ч гадны кино наадмаас шагнал хүртсэн гэхэд хилсдэхгүй. Ер нь Монголын киночид мэргэжлийн түвшин рүү орж байна.
-Эмэгтэй гол дүрийн шагналыг Монгол Улсын ардын жүжигчин Д.Мэндбаяр гуай хүртсэн. Энэ сайхан жүжигчний талаар сэтгэгдлээ хуваалцаач?
-Би 1984 оноос эхэлж УДЭТ-т ажилласан. Энэ хугацаанд олон жүжиг, уран бүтээлд хамтарч ажиллаж байлаа. Их бага залуугаасаа Мэндээ эгч П.Цэрэндагва ах хоёрыг мэднэ. Үнэхээр хөдөлмөрч хүмүүс. Мэндээ эгчийн нэг гайхалтай чанар нь их олон ээжийн дүрийг бүтээсэн байдаг. Олон ээжийг ялгаатай хийж чаддаг нь жүжигчний ур чадвараараа харуулж байгаа юм. Хүнийхээ хувьд их сайн хүн. Тиймээс ч энэ дүрийг ийм сайн бүтээсэн. Алтан үеийнхэн бидэнд “Чи эхлээд хүн бай. Тэгвэл жүжигчин болж чадна” хэсээн сургасан. Жүжиглэнэ гэдэг нь хүн судлал учир арга ч үгүй биз.
-Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа. Улам их амжилт хүсье.
-Та бүхэнд ч баярлалаа. Мөн “Cinema Awards” ёслолын үйл ажиллагааг зохион байгуулагчдад талархал илэрхийлье. Цаашдаа энэ арга хэмжээгээ улам баяжигдаж, хүсэн хүлээдэг кино наадам болохыг ерөөе.
Ц.Төмөрхуяг: Жүжиглэнэ гэдэг нь хүн судлал юм | ||
Үзсэн: 1864 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.