Шууд Chart

Д.Золбаяр: Монголын захын айлд ороход авьяастай хүүхдүүд, байгаль, мал ахуй бүгд байдаг

2017-06-21 10:37:38

Зохиолч, найруулагч Д.Золбаярын бүтээл “Чингисийн хүүхдүүд” уран сайхны кино энэ сарын 30-нд Монголд нээлтээ хийж, дэлхийн дэлгэцнээ ч гарахад бэлэн болжээ. Монгол хүүхдийн тэсвэр тэвчээр, эр зориг, Монголчуудын дахин давтагдашгүй амьдралын онцлог, морин уралдааны өнөөгийн уламжлал, соёлыг харуулсан бүрэн хэмжээний энэхүү уран сайхны киног бүтээсэн Д.Золбаяр өмнө нь “Аравт” киног найруулж байсан туршлагатай билээ. Түүнтэй “Чингисийн хүүхдүүд” уран сайхны талаар ярилцсан юм.

-Энэ удаагийн киногоороо та юу өгүүлэхийг зорьсон бэ?

-Миний сонирхдог сэдэв бол Монгол ахуй, зан заншил. 15, 16 жилийн өмнө өгсөн ярилцлагадаа ч Монгол кино энэ онцлогоор гарч ирнэ гэж хэлж байсан. Үүнийгээ ч гол болгож ажиллаж ирсэн. Орчин үеийн кино хийж л байсан. Гэхдээ мэдэхгүй, хөдөө өссөн болоод ч тэр үү, миний зүрх сэтгэлд Монгол ахуй, уламжлал том орон зай эзэлдэг. Киноны уран бүтээлч, Монгол хүнийхээ хувьд би морьтон Монгол ард түмнийг кинондоо харуулахыг хүсдэг. Бид морин дэл дээр өссөн, морьтон Монголчууд гэж бахархдаг ч одоо болтол хурдан морины уралдааныг хамгийн сүүлийн үеийн техник технологиор харуулсан кино хийж чадаагүй байсан. Үүнд би эмзэглэж явдаг байлаа. Монгол хүн моринд гарамгай гэдгийг харуулахыг хүссэн. Энэ бодлоос маань киноны гол санаа гарсан. Гэхдээ энэ бол зөвхөн эхлэл. Цаашдаа их олон санаа бий. Жишээ нь Монголчууд 500 гаруй мянган агтыг Дэлхийн хоёрдугаар дайны үед бэлэглэж байсан гэдэг. Гэтэл түүхчид 500 мянга биш нэг сая морь бэлэглэж байсан гэсэн шинэ судалгаа гаргаж ирээд байна. Монгол морь Берлинд хүрч байсан түүхэн эх сурвалж ч бий. Эмнэг хангалыг сургаж, уургалж, булигуулж ирсэн ард түмэн байхад киноны уран бүтээлчид бид дэлгэцэнд харуулж, мөнхлөх ёстой бидний үүрэг гэж боддог юм.

-Бага насны хүүхдүүдийг морь унаад уралдаж байхыг харсан гадаадынхан их гайхдаг. Яагаад ийм эрэмгий, дайчин, тэвчээртэй юм бол гээд л. Үүний бүрэн нотолгоо энэ кино болох нь дээ ...

-АНУ-д “Варнер брос” кино компанид урьдчилсан үзлэг хийхэд Америкчууд ч энэ асуултыг асууж байсан. Хурдан  морины уралдааныг одоо цагт их шүүмжлэх болсон. Баячуудыг хүүхэд, мориороо зугаа хийж байна гэх мэтээр. Үүнд би хувьдаа эмзэглэдэг л дээ. Гэхдээ энэ киногоороо баячууд бузар булай юм гэж, эсвэл хурдан морины уралдаан байх ёстой юм гэх зэргээр аль нэг талд орохыг хүсээгүй. Зөвхөн Монгол хүн, Монгол ёс заншлаараа хүлэг морио хэзээнээс бага балчир хүүхдүүдээрээ унуулж ирсэн юм шүү гэдгийг тодотгохыг хичээсэн. Энэ уламжлалыг алдахгүй юмсан, муугаар бодоход сайхан уламжлал тасрахад хүрвэл кино маань үлдээсэй гэсэн үүднээс энэ киног яаран хийсэн.

-Унаач хүүхдүүдийн хамгаалалтын хувцасны асуудлыг тусгасан гэсэн үү ...

-Улсын болон аймгийн наадмын хурдан морины уралдаанд оролцох уралдаанч хүүхдүүдэд хамгаалалтын хувцас өмсгөдөг болсон. Үүнийг шүүмжлэх ч хүн ч бий, дэмжих нь ч бий. Гэхдээ би мөн л аль нэг талд ороогүй. Яагаад гэвэл манай ард түмний уламжлалд унаач хүүхдүүдэд өмсгөдөг хувцастай байсан. Энэ хувцас мартагдахад хүрэх гээд байна. Нөгөө талаар тэр жаахан хүүхдүүдийг адгуус дээр хамгаалалтын хувцасгүй гаргана гэдэг осолтой. Тиймээс энэ ч мөн ач холбогдолтой гэдгийг харуулахыг зорьсон. Тэгэхээр бид энэ киногоор ямар нэг асуудлыг шийдэх бус ийм соёлтой ард түмэн гэдгээрээ бахархах сэтгэл төрөөсэй гэсэн бодлоор л хийсэн.

-Киноны пост продакшныг АНУ-д хийлгэсэн нь их сенсааци болсон л доо. Холливудын том компанийн шалгуурыг хангаж, АНУ-д гаргах, тэр дундаа хамгийн өргөн цар хүрээтэй “Бүх насныханд” ангиллын эрх авахад юу нөлөөлсөн бэ?

-Өнгөрсөн жил зураглаач, продюсер Д.Ангараг бид хоёр интернэтээр харьцаж, ийм кино хийх санаа байгаагаа хэлсэн. Д.Ангараг энэ талаар цааш нь АНУ-ын “Варнер брос” кино компанид танилцуултал үнэхээр ийм утга агуулга, сэдвээрээ сайн кино хийж чадвал дэлхий даяар түгээх боломжтой гэж сайхан хүлээж авсан. Мэдээж тэр компани дистрибютер болж, манай киног хүлээн авах учир тодорхой санал тавьсан. Жишээ нь кинонд америк жүжигчин тоглуулах, пост продакшнаа Америкт хийлгэх гэх мэт. Би зохиолоо гаргачихсан байсан ч тэр жүжигчний дүрийг зохиолд огт нөлөөлөхгүйгээр нэмсэн. Үүнээс гадна Америкчуудын тавьсан бас нэг гол санал нь гэгээлэг кино байлгахыг хүссэн нь миний бодож байсантай нийлж чадсан. Хэрэв киног үзвэл ямар нэг согтууруулах ундаа, мансууруулах бодис, хөрөнгө мөнгөний зовлон гачаал, нарийн ярьвал эсрэг дүр ч байхгүй. Тиймээс бидний кино АНУ-ын зах зээлд General audience буюу “Бүх насныханд” гэсэн ангиллыг авч чадсан. Ингэснээр манай киног ямар ч насны, ямар ч улсын хүн үзэж болно. Бидний хувьд бахархах зүйл нь аль ч улсад киногоо гаргасан Монгол гэж ийм улс, ийм хүмүүс байдаг юм шүү гэдгийг энэ кино бүрэн дүүрэн харуулж чадна.

-Киноны гол дүрд нэг айлын гурван хүүхэд тоглосон ховор тохиолдол байх. Дүр сонголтыг хэрхэн хийсэн бэ?

-Жүжигчдээ сонгох гэж их явсан. Зарим хүн жүжигчнээ сонгочихоод зохиолоо бичдэг. Харин би зохиолын санаагаа гаргачихаад жүжигчдээ хайсан. Найруулагч Д.Бямбасүрэн “Ингэн нулимс” киногоо хийчихээд говийн гурван аймгаар олон сар хайж байж Амгаабазар гэх хот айлыг олж байсан. Би бас тэгэх л байх гэж бодож байлаа. Гэтэл яг үнэндээ надад аз таарсан. Миний хоёр шавь дипломаа авчихаад аав, ээждээ очихоор нутгаа зорихдоо намайг хамт явахыг хүссэн юм. Хоёулаа багадаа морь унадаг байсан, Архангайн хүүхдүүд. Тэгэхээр нь жүжигчнээ ч хайя, таарч юуны магад, кино зураг авалтаа хийх нутаг ус ч үзье гээд Архангай аймгийн Цэнхэр сум руу явсан. Тэр хоёр надад “Манай нутгийн Дамбий гээд хоёр хүүтэй айл бий, тэд л их хөөрхөн таарна даа” гэж байсан юм. Сумын төвөөс 40 орчим км зайтай тэр айл руу бартаа ихтэй замаар явахдаа хэд хэдэн ч хүүхэд, айлтай таарсан. Юмыг яаж мэдэх вэ гээд зургийг нь аваад л яваад байлаа. Явсаар байгаад нөгөө айлдаа очтол ерөөсөө яг л миний хайж байсан хүүхдүүдтэй яв цав нийлсэн. Очсон даруйдаа хараад л шууд “За миний кинонд тоглох хүүхдүүд энд байна” гээд шууд шийдсэн. Гэтэл тэр айл хоёр биш гурван хүүтэй болж таарч, бүр их олзуурхсан. Бага нь аавтайгаа биднийг очиход эзгүй байсан юм. Хоёр ахыг нь сүртэй ч проб хийлгүй, ганц нэг яриулж үзсэн. Тэр айл ч сайхан хээр морь уяж байсан, ойр орчмын нутаг нь сайхан байгальтай гээд нэг ёсондоо тэнгэрийн ивээл гэмээр азтай тохиол болсон л доо. Энэ тухай бид Америкчуудад ч ярьсан. Угаасаа Монголын захын айлд ороход авьяастай хүүхдүүд, байгаль, мал ахуй бүгд байдаг. Тэгэхээр хурдан мориноос гадна өөр ямар ч кино хийхэд бэлэн натур Монголд байгааг хэлсэн.

-Эгэл малчин айлын хүүхдүүд хэрхэн тоглосон бол ...

-Хүнд байгаа нөөц бололцоог нь зөв ашиглавал болохгүй зүйл байхгүй. Жүжиглүүлэх гээд л орилоод л зандраал загнаад л, эсвэл ойлгохын аргагүй мэргэжлийн юм яриад байсан бол тэр хүүхдүүдийн толгой эргэчихнэ. Тэгэхээр эвийг нь олж тоглуулах л шаардлага гарсан.

-Мэргэжлийн жүжигчдийн сонголтын хувьд ...

-Бид цөөхөн хүн амтай, цөөхөн жүжигчинтэй учир мэргэжлийн жүжигчдийг сонгоход их юм болдог л доо. Миний хувьд аль болох хэтэрхий олон кинонд тоглосон биш, харин ч эсрэгээрээ олон нийтэд нэг их танигдаагүй шинэ жүжигчдийг гаргаж ирэхийг зорьдог.

Жишээ нь энэ кинонд Болдын дүр бүтээсэн найруулагч Ц.Батнайрамдал жүжигчний анги төгссөн ч кинонд бараг тоглоогүй 20 жил болсон. Тиймээс би зориуд сонгосон. Аавын дүрийг бүтээсэн Б.Батмэнд ч хөдөө өссөндөө ч тэр үү дүрдээ сайхан тохирсон. Сундуй даргад тоглосон хүн бол Дорноговийн театрын найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Пүрэвдорж. Түүний эхнэрт толгосон ахмад жүжигчин Чойжилсүрэн эгч миний “Ээждээ л үнсүүлэхсэн” кинонд тоглож байсан. Жүжигчин Р.Анхням угаасаа чадалтай жүжигчин учраас амар байсан. Би зохиолоо бичиж байхдаа ээж нь гурван хүүтэй дархан бэр, дахиад жирэмсэн, тэр нь охин төрвөл их гоё гэгээн болно гэж бодож байсан. Энэ дүрд тоглосон жүжигчинд хиймэл гэдэс зүүж өгнө гэж бодож байтал Р.Анхнямыг жирэмсэн гэсэн сураг сонсоод санал тавьсан. Юу юугүй төрөх дөхчихсөн, Золоо ахаа хэцүү дээ гэж байхад нь гуйж байгаад тоглуулсан. Кино зураг авалтын үеэр бид ч төрчихвий гэж их сандарсан. Гэхдээ амжилттай, сайхан болж өнгөрсөн.

-Америк жүжигчинтэй ажиллах хүнд байв уу?

-Гол нь тэр хүний тав тухыг хангах нь бидэнд чухал асуудал байсан. Харин ч алс холоос ирсэн жүжигчин бүсгүй Бритни маань их борогшуу, хээгүй хүн байсан. Түүнээс гадна дууны найруулагч маань мөн Эль-Салвадороос гаралтай хүн байсан.

-Киноны баг хамт олноо танилцуулаач. Яаж атгасан гар шиг нягт болж чадав ...

-Киноны баг бүрдүүлнэ гэдэг чухал ажил. Кино хийхийн тулд тал талаас цуглаж, баг болон ажиллаад эргээд тардаг. Ямар кино хийх гэж байгаа зорилгоосоо шалтгаалж зураглаач, зураач, жүжигчин гээд бүгдийг нь сонгож баг бүрддэг. Нэг үгээр хэлэхэд байгалийн шалгуур юм. Би хамтарч ажилласан багийнхаа залуусыг сургаж, дараа дараачийн бүтээлдээ улам туршлагажиж өсч дэвжээсэй гэж хүсдэг. Энэ киноны тухайд ирээдүйтэй залуус цугларч гар нийлж ажиллалаа. Зураглаач, продюссерээр Д.Ангараг, дуучнаар, гавьяат жүжигчин Ж.Алтанцэцэг, миний бие, зураачаар Т.Гоош ах ажилласан.

-Киноны хөгжмийн талаар дурдахгүй өнгөрөхийн аргагүй. Хэний бүтээл вэ?

-Саяхан Итали улсад зохион байгуулагдсан “Морис Равелийн” нэрэмжит олон улсын уралдааны шилдэг 20 хөгжмийн зохиолчийн нэгээр шалгарсан хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаярын зөвхөн манай кинонд зориулж бүтээсэн хөгжмүүд эгшиглэсэн.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Д.Золбаяр: Монголын захын айлд ороход авьяастай хүүхдүүд, байгаль, мал ахуй бүгд байдаг  
Үзсэн: 3593 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [62.167.114.xxx] 2017-06-21 19:55
mongolchuud mini arhi baga hereglej, joohon soeljchihvol ih mundag ard tymen, mundag yndesten shyydee, haramsaltai ni zalhuu hymyys ih baina,,,,
narsar [194.228.11.xxx] 2017-06-21 19:38
Amjilt husie goe kino bolson baih
зочин [202.131.243.xxx] 2017-06-21 15:56
Жинхэнэ Монгол ахуйгаа үзнэ гэдэгт итгэлтэй байна. Гоё кино гэж бодож байна. Амжилт хүсье.
Зочин [178.198.152.xxx] 2017-06-21 13:57
amjilt hysie
Зочин [202.21.118.xxx] 2017-06-21 13:45
Enkhbold ah bidniigee huurah geed l udur shunugui ursuldugchuu namnaj baih shuu. Gants zuiliig heleed batlaad ugvul zugeer bna. Turd zutgeed yaaj yavaad terbumtan bolson tuuhee il bolgovol bi lav tanii tuluu sanalaa ugnu uu

Бидэнтэй нэгдээрэй