Сүүний үйлдвэрүүд нэг литрээр савласан сүүг 2500-3000 төгрөгөөр хэрэглэгчдийн гарт хүргэдэг. Тэгвэл нийслэлчүүдийн өдөр тутмын хэрэгцээг түшиглэн амьжиргаагаа залгуулдаг өрхүүдээс нэг литр үнээний сүүг өвлийн улиралд 1300-1400 төгрөг, зундаа 900-700 төгрөг болгон бууруулан авдаг талаар Сонгинохайрхан дүүргийн XXI хороо буюу Партизаны фермерүүд ярьж байна. Тэдний нэг Д.Бизъяа Партизанд 23 жил мал аж ахуй эрхэлж байгаа. Одоогийн байдлаар таван саалийн үнээтэй, өдөрт дунджаар 20 литр сүү бэлтгэн үйлдвэрүүдэд нийлүүлдэг. Хавар сүүний гарц нэмэгдэх хандлагатай ч компаниуд өвс цухуйхтай зэрэгцэн үнээ бууруулдаг аж. Энэ хаврын тухайд шинээр тугалсан үнээний нэг литр хөх уургийг 3000 төгрөгөөр, энгийн сүүг 1250-1300 төгрөгөөр авах санал тавих болжээ. Төв аймгийн Баянчандмань сумын зааг, хотоос 50 км-т алслагддаг XXI хорооныхны хувьд фермерийн аж ахуй, газар тариалан эрхлэхээс өөр боломжгүй. Фермер Д.Бизъяагийн өрхийн өдрийн орлого сүүний гарцаасаа хамааран ойролцоогоор 28 мянган төгрөг орчимд эргэлддэг гэнэ. Гэвч өвс, тэжээлийн үнийн өсөлтийн нөлөөгөөр амьжиргаагаа залгуулдаг таван саалийн үнээнийх нь идэшний зардал орлогоос нь давах болжээ. Энэ хавийнхан өнгөрсөн жил улсын хэмжээнд ган болсны нөлөөгөөр намар хадлан муу авсан, олонх нь өвлийнхөө нөөцийг бэлтгэж чадаагүйн дээр жилээс жилд хадлангийн олдоц муудаж байгааг хэлж байлаа. Бүгд нийслэлийн харьяат учраас Төв аймаг, Сэлэнгэ, Дарханы чиглэлд хадлан бэлтгэх зөвшөөрөл олгохоос нутгийнхан цааргалах болсон байна. Тиймээс өнгөрсөн намар арилжааны банкнаас авсан зээлээрээ саалийн үнээнийхээ өвс, тэжээлийг залгуулах арга саам хайжээ. Олонх нь банкинд бизнесийн болон тэтгэврийн зээлтэй болсон. Бүр зээлгүй өрхөө тоолоход гарын таван хуруу ч ихэднэ хэмээн хошигнох нэгэн ч байсан юм. Банкуудаас малчин фермерүүдэд олгодог бизнесийн зээлийн жилийн хүү 25-30 хувь. Үүнээс шалтгаалан сүүнээс олсон орлогынхоо дийлэнхийг банкны зээлийн хүүнд өгч эхэлжээ.
Харин банкны шалгуур даваагүй хэсэг фермерүүд өвс, тэжээлийн үнийн өсөлтийн нөлөөнд нэг үхрээ зарсан мөнгөөрөө өвс, тэжээл худалдан авч нөгөөг нь тэжээх хэмжээний алдагдал хүлээх болсон талаараа учирласан. Сонгинохайрхан дүүргийн XXI хороо буюу Жаргалант тосгоныг 1980-аад онд тухайн үеийн БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн тогтоолоор Партизаны сангийн аж ахуй нэртэйгээр байгуулж, германы хар тарлан үүлдрийн үхрийг энэ хэсэгт нутагшуулжээ. Хар тарлан үүлдэр нь монгол үхэртэй харьцуулахад сүүний гарц өндөр ч өвлийн хүйтэнд тэсвэр муутай, түүнийхээ хэрээр өвс тэжээл их иддэг гэнэ. Өнөө жилийн хаврын уртад үхрийнхээ өвсийг тасалдуулсан фермерүүд үхрээ өргөж эхэлсэн талаар энэ хэсгийг хариуцсан малын эмч И.Заяат ярилаа. Өнгөрсөн өвөл нэг боодол ногоон өвсний ханш 10 мянган төгрөг давсан бол шуудай хорголжин тэжээл 23 мянга, энгийн тэжээл 13 мянга хүрч сүүнийхээ орлогоор дэнчин тавьсан фермерүүдийг сандаргав. Урьд жилүүдэд байгаагүй энэхүү өндөр ханшийн нөлөөгөөр хадлангийн бүсийг хэдэн мянган га талбайгаар нь өмчилсөн өвсний ченжүүд болон тэжээлийн үйлдвэрүүд ахиу ашиг хийсэн сурагтай. Гэтэл хар тарлан үнээ нэг өдөрт хамгийн багадаа тал боодол өвс, хоёр арвын хувин тэжээл идэж байж тогтвортой сүү өгдөг гэж бодохоор фермерүүд сүүнийхээ орлогоор зөвхөн үхрээ тэжээдэг гэсэн үг.
Шүлхий өвчний дэгдэлт өндөр байгаа энэ үед өдөр болгон малчдынхаа хотоор орж гарах ажилтай И.Заяат эмчийн ярьснаар Нарийн, Шархад орчмоос 150 гаруй өрх нийслэл рүү сүү бэлтгэн нийлүүлж амьдрал ахуйгаа залгуулдаг. Багагүй хөрөнгө оруулсны нөлөөгөөр дээд тал нь 50 саалийн үнээнээс сааль авдаг фермер байгаа бол олонх нь 5-10 үнээтэй өрхүүд гэнэ. Харамсалтай нь олон үнээтэй байна гэдэг түүндээ таарсан зардал шаардах болсны улмаас фермерийн аж ахуй эрхлэх сонирхолтой өрхийн тоо буурах хандлага ажиглагдаж эхэлсэн. Залуус хүүхдүүдийнхээ сургууль цэцэрлэгээс хол ашиггүй хөдөлмөр эрхэлж суухын оронд төв бараадан 500 мянган төгрөгийн цалинтай ажил олж хийхийг илүүд үзэх болсон талаараа ярих болж. Тэрбээр мал ч яахав малчны хөдөлмөр, хангайн буянаар өсч үрждэг амьтан. Харин залуучууд Партизаны сангийн аж ахуйн буурийг сахихаас зайлсхийж, нийслэлийг дөрвөн улирлын турш сүүгээр хангадаг фермерүүдийн нас хөгширч байгаа нь хөдөө аж ахуйн салбарт учирч буй хамгийн том эрсдэл гэдгийг тодотгосон.
Партизанаас гадна Төв аймгийн Бор нуур суманд байдаг хар тарлан үүлдрийн үнээ цагтаа нэг өдрийн саалиар 27 литр сүү өгдөг байсан бол сүүлийн жилүүдэд дээд тал нь 10 литрийн гарцтай болж буурчээ. Энэ нь хар тарлан үүлдэр эрлийзжих болсон, мөн бэлчээрийн даац хэтэрсэнтэй холбоотой аж. Нарийны ам, Шархад орчим нь 2000 малын бэлчээрийн багтаамжтай гэдгийг хэд хэдэн удаагийн судалгаагаар тогтоосон. Өнөөдөр бод бог нийлсэн 15 мянга гаруй мал жилийн дөрвөн улирал энэ хавиар бэлчиж байна.
Нүүдэлчин малчдын жишгээр партизаны фермерүүдийн амьдрал ч өглөө нар ургахаас эхлэн үдшийн бүрийд өндөрлөдөг. Өмнөх оройны саалиа өглөөнийхтэйгээ нийлүүлэн компаниудын сүүний машинд хэмжүүлэн тушаахаас тэдний ажлын өдөр эхэлдэг. Өглөө бүр “Сүү” хувьцаат компани таван тоннын багтаамжтай нэг машинаар энэ хэсгээс дөрөв орчим тонн сүү худалдан авч байгаа. Мөн АПУ, ТЭСО компаниуд тус тус 500 литр орчим сүү татдаг байна. Фермерүүд сүүгээ тушаахад нь компаниудаас тусгайлан томилогдсон эрүүл ахуйн лаборантууд сүүг нь шинжилж авах бөгөөд фермер Д.Бизъяа 20 литр шүү тушаасан бол түүнийхээ мөнгийг банкны дансаараа авчихна. Энэ нь жилийн дөрвөн улиралд тасралтгүй үргэлжилдэг өдөр тутмын амьдрал, бас өрхийнх нь орлого учраас арилжааны банкнаас зээл авах тэргүүтэй эдийн засгийн харилцаанд орох хөшүүрэг болдог талаар дурдсан юм. Харин үүнийг нь тэжээлийн үйлдвэрүүд болон хөдөө аж ахуйн яам зэрэгтэй уялдуулан фермерүүдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр малын өвс, тэжээл нийлүүлэх боломж бололцоог байгааг энэ хавийнхан хэлж байлаа. Тэдний зүгээс хадлангийн бүс гаргуулах асуудлаар хороо болон дүүргийн удирдлагуудад хандсаар ирсэн ч өнөөдрийг хүртэл шийдэлд хүрээгүй. Уг нь аль нэг хадлангийн бүсэд газар заагаад өгчихвөл хамтрал үүсгээд өвсөө татчихдаг хуучны жишгээр ажиллах боломжтойг ч хэлсэн. Өвсний гарц сайтай жилийн намар Нарийн, Шархадны эмэгтэйчүүд бууриа сахиад, эрчүүд нь хадуураа аваад хадланд морддог аж.
Түүнчлэн XXI хорооноос УИХ-д сонгогдсон Д.Сумъяабазар гишүүнтэй хийсэн уулзалтын үеэр энэ асуудлаа гаргаж тавьжээ. Эрхэм гишүүний зүгээс толгой дохиод өнгөрсөн юм байна. Үүнээс гадна төрөөс улаанбуудай, ноос ноолуур, бүр арьс ширний боловсруулах салбарт урамшуулал олгодгийн жишгээр өвлийн улиралд нэг литр сүү тутамд 200 төгрөгийн урамшуулал олговол фермерүүд байгалийн болоод эдийн засгийн аливаа хүндрэлийг саадгүй даван туулах боломжтой. Цаашлаад монголын хүн амын тал хувь оршин суудаг нийслэл рүү нийлүүлж буй сүүний нийлүүлэлтээ нэмэгдүүлэх боломжтой гэдгийг ч хэлж байсан юм. Ингэснээр иргэдээ эрүүл аюулгүй хүнсээр хангах төрийн бодлого хөрсөн дээрээ бууж хэрэгжинэ гэдгийг Партизаны фермерүүд мөн хэллээ. Гэхдээ урамшууллын системийг малчин фермерүүдийн нэрийг барьсан аль нэг төрийн бус байгууллага, холбоо бус төр өөрөө бүртгэлжүүлж хэрэгжүүлэх нь жинхэнэ эзэд дээ хүртээлтэй гэдгийг сануулсан. Харин “Сүү” хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Д.Гантулга саяхан болж өнгөрсөн сүүний салбарын чуулганы үеэр өвлийн улиралд бэлтгэн нийлүүлж буй литр сүү тутамд 500 төгрөг хүртэлх урамшуулал олгосон тохиолдолд сүүний нийлүүлэлтэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой талаар зах зээлийн судалгаа хийсэн гэдгээ хэлсэн байдаг.
Монгол Улс 66 сая тоо толгой малтай ч сүүнийхээ хэрэгцээний 80 хувийг гадаадаас ам.доллараар худалдан авч хэрэглэдэг. Ийнхүү жилээс жилд өссөөр байгаа сүүний хэрэгцээг даган импортыг хэрэглээг хэрхэн орлуулах вэ гэдэг асуулт улам хурцаар тавигдах болсон юм. Улсын хэмжээнд сүү, сүүн бүтээгдэхүүний 235 үйлдвэр, 72 хөргөлтийн төв үйл ажиллагаа явуулж, тэдгээрт нийт 1238 хүн ажилладаг талаар салбарын яамнаас мэдээлсэн. Харин үүний цаана мянга мянган малчны амь амьдрал явдаг чухал салбар бол хөдөө аж ахуй, тэр дундаа жилийн дөрвөн улиралд тогтвортой үйл ажиллагаа явуулдаг эрчимжсэн фермерүүдийг хөгжүүлэх асуудал бий. Нөгөө талаас монголчуудын сүүний хэрэгцээтэй зэрэгцэн өсч буй малын тоо толгойгоос гадна сүү боловсруулах салбарын суурилагдсан хүчин чадал жилд 928 сая литр байгаа нь Монголд хангалттай нөөц бололцоо бийг илтгэдэг. Зөвхөн сүү боловсруулах үйлдвэрийн хүчин чадлын ашиглалтыг л авч үзэхэд ердөө 8-10 хувийг ашиглаж байгаа гэх хангалтгүй статистик гардаг юм.
Уг нь Засгийн газраас 2016-2020 онд хүн амын хүнсний хангамжийг тогтворжуулах, стратегийн хүнсний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор “Мах, сүүний анхдугаар аян”-г эхлүүлсэн. Хөтөлбөрийн хүрээнд сүү бэлтгэлийн тогтолцоог бэхжүүлж, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх зорилтууд тусгагдсан. Харин Партизаны жишээг авч үзвэл эрчимжсэн мал аж ахуйн хөгжил хаашаа чиглэж байгааг харж болохоор байна.
Партизанд тулгарсан асуудал | ||
Үзсэн: 8362 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.