Төр - бизнес эрхлэгчдийн түншлэл сайжрах алтан боломж
-9,8 их наяд төгрөгийн үнийн дүн бүхий 1151 төслүүдээс НЭГ ИХ НАЯД төгрөгд захирагдан шалгаруулалт хийнэ-
Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зорилго бүхий Нэг их наяд төгрөгийн төслийн сунгаа эхэллээ. Тодруулбал, Шинэчлэлийн засгийн газраас үйлдвэржилтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд хүлээн авсан төслүүдийн тоо 1151-т хүрчээ.
Үндэсний үйлдвэрлэгчдийн итгэл тээсэн эдгээр төслүүдийн хөрөнгө оруулалт хүссэн нийт үнийн санал нь 9,8 их наяд төгрөг байгаа бөгөөд нэгж санал ч нь 8,2 саяас 650 тэрбум хүртэлх төгрөгийн үнийн дүнд хэлбэлзэж байгаа аж. Эдгээр үндэсний үйлдвэрлэгчдийн 9,8 их наядын үнийн дүн бүхий 1151 төслөөс холбогдох албаныхан НЭГ ИХ НАЯД төгрөгт захирагдан шалгаруулалтаа хийнэ. Одоогоор урьдчилсан үнэлгээ, шинжилгээний ажлын хэсэг төслийн материалуудтай танилцаж эхлээд байгаа ч яг хэдийд сонгон шалгаруулалтын дүнг зарлах нь тодорхойгүй байгаа юм.
Ямартай ч Засгийн газар Үндэсний үйлдвэржилтийг дэмжих хөтөлбөрийнхөө гол тунхаглалыг “Импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх”-д чиглүүлснээ мэдэгдээд байгаа. Тэгвэл үйлдвэрлэгчид яг эл шугамаар төслөө боловсруулсан нь харагдана гэсэн үг юм. Тодруулбал импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилго бүхий 899 төслийн нийт 6,2 их наяд, экспортыг нэмэгдүүлэх 77 төслийн нийт 2,2 их наяд төгрөгийн төслийн санал цуглаад байгаа юм байна. Төслүүдээс голчилон задалбал импортлыг орлож, экспортыг нэмэгдүүлэх нийт 976 зорилтот төслийн 464 нь үйлдвэржилтийг дэмжих, 167 нь ХАА, 33 нь уул уурхай, бусад 68 төсөл багтжээ.
Эндээс харахад “Үйлдвэржилтийг дэмжих” гэгч эл сайхан үгтэй шугаман дээр төр засаг хийгээд бизнес эрхлэгчид зэрэгцэн зогсчээ. Сайн л хэрэг. Магадгүй уг хөтөлбөрийн ач тусаар Төр - бизнес эрхлэгчдийн түншлэл сайжирч болох юм.
Өнгөрсөн хугацаанд төр хувийн хэвшил, бизнес эрхлэгчдийн дотоод асуудал руу хэт орж “гэдэс дотрыг нь хамт арилгалцах уу” дээрээ тулсан гэх шүүмжлэл тасрахгүй үргэлжилсээр ирсэн. Энэ асуудлаар төрийн тэргүүнээсээ өгсүүлээд сайд нар нь хүртэл байр сууриа илэрхийлж, бодлого боловсруулагчдыг анхаарахыг зөвлөсөөр байгаа өнөө цаг үед чухамдаа энэ хөтөлбөр ажил хэрэг болох гэж буйгаараа ихээхэн онцлог байж болох.
Өөрөөр хэлбэл үндэсний үйлдвэрлэгчид эдүгээ төр засагтаа дүн тавиж, төр нь тэднийг бодит боломжоор хангаж өгөх түүхэн цаг үе тохиож байна. Чухамхүү энэ алтан боломжийг аль аль талдаа ашигтайгаар хөрвүүлснээр тэр нь эргээд улс орны эдийн засагт үр өгөөжөө өгнө.
Бонд хөлөглөсөн нэг их наяд төгрөг
-Хөтөлбөрт хамрагдах үндэсний үйлдвэрлэгчдийн нэгээхэн хэсгийн эзэд нь тодорхой болсон гэсэн үг-
Улсын төсвийг долоо хуваасны нэгтэй дүйцэх энэ их мөнгийг чухам хаанаас гаргах гээд байгаа талаар тойм мэдээллийг хүргэж байна. Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын тэргүүн чуулганы нэгдсэн хуралдаан дээр хийсэн мэдээлэлдээ “Чингис” бондоос хувиарлагдаагүй үлдсэн 360 тэрбум, “Самурай” бондоос 450 тэрбум төгрөгийг уг хөтөлбөрт зарцуулахаа мэдэгдсэн. Нийтдээ 810 тэрбум төгрөг.
Мөн өнгөрсөн жил “Чингис” бондын хөрөнгөнөөс 270 тэрбум төгрөгийг сүү, мах, ноос, ноолуур, оёмол, сүлжмэл, хүлэмжийн үйлдвэрлэлийг дэмжихэд зарцуулна гэдгээ мэдэгдснээс 50 тэрбум төгрөгийг зээлийн хүрээнд гаргасан.
Тэгэхээр уг мөнгөний үлдэгдэл болох 220 тэрбум төгрөгийг нэг их наяд руугаа шилжүүлэн тооцсон болж таарч байна. Тиймээс нэг их наядын дөрөв хуваасны нэг нь засгийн газрын урд жилийн амлалтын дагуу сүү, мах, ноос, ноолуур, оёмол, сүлжмэл, хүлэмжийн үйлдвэрлэлийг дэмжихэд чиглэх нь тодорхой болоод байгаа. Энэ нь импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх гэсэн үндсэн агуулгаас гажихгүй тул нэг их хэл ам дагуулахгүй, хөтөлбөрт хамрагдах үндэсний үйлдвэрлэгчдийн нэгээхэн хэсгийн эзэд нь тодорхой болсон гэсэн үг юм.
Өөдрөг төсөөлөл дагуулсан нэг их наядын үр дүн, үүрэг хариуцлага
-Үндэсний үйлдвэрлэгчид нэг их наяд төгрөгөөс өнөөгийн нөхцөлд хэдий хэмжээний хишиг хувь хүртэнэ, ирээдүйд түүнээсээ хэд дахин давсан үүрэг хариуцлагыг өөрсдөдөө авч байгаа хэрэг-
Үйлдвэржилтийг дэмжих хөтөлбөрийн үр дүнг өнөө маргааштаа багтаан харах боломжгүй нь тодорхой. Гэсэн хэдий ч бонд хөлөглөсөн нэг их наядын ард Монгол улс найдвартай зээлдэгч, бүтээн байгуулалт, үйлдвэржилтийн шатлалаа зоригтой өөрчилсөн орон, эргэн төлөх чадварын зэрэглэл өсөх хандлагатай улс гэхчилэн эерэг ойлголтуудыг олон улсын түвшинд төрүүлэх гол найдвар юм. Эл найдвар бондын мөнгөнүүдийг эргэн төлөх үеэр түүнээс өмнөх эдийн засгийн эерэг өөрчлөлтүүдээр хэмжигдэн төрөх учиртай.
Тухайлбал, манай улс Японы зах зээл дээрээс босгож буй “Самурай” бондын үндсэн төлбөрийг 10 жилийн дараа төлнө.
Улмаар 2022 он хүртэл үргэлжлэх “Чингис” бондын төлөлтийн асуудал байна. Манай улс 2018 он хүртэл уг бондын хүүнд жил бүр 72 сая ам.доллар төлж, тухайн ондоо үндсэн төлбөрийн 500 сая ам.долларыг шилжүүлнэ. Үлдэгдэл нэг тэрбум ам.долларыг 2022 онд төлөх ёстой.
“Самурай” бондын мөнгө бараг тэр чигээрээ үйлдвэржилтийг дэмжих хөтөлбөрт шингэж байгаа бол эсрэгээрээ “Чингис” бондын мөнгө гарын салаагаар урсах замаар зам тавих, цэцэг тарих ажилд дийлэнх хувь нь үрэгдсэн байгаа.
Тиймээс Засгийн газрын зүгээс ашиг орлого олж, эргээд мөнгөө цуглуулах чадвар бүхий салбаруудад нэг их наядыг зарцуулснаар “Чингис” бондын гарын салаагаар урсгасан мөнгөө хүртэл нөхөх боломжийг тооцсон байж болох.
Яг энэ өнцөгөөс харахад үндэсний үйлдвэрлэгчид нэг их наядаас өнөөгийн нөхцөлд хэдий хэмжээний хишиг хувь хүртэнэ, ирээдүйд түүнээсээ хэд дахин давсан үүрэг хариуцлагыг өөрсдөдөө авч байгаа хэрэг юм.
Үндэсний үйлдвэрлэгч гэж хэн бэ?
-Гаднаас асар их хэмжээний хуурай сүү, хатаасан шар сүү оруулж ирээд түүнийгээ хөөрүүлэн Сүү, исгэснээр Тараг хэмээн нэрлээд “Монголд үйлдвэрлэв” шошго наагчдыг үндэсний үйлдвэрлэгч гэж нэрлэж байна-
Монгол улс 1980-1990 оны хооронд нийт 20 мянга хол давсан ажилтан бүхий 100 гаруй оёдлын үйлдвэртэй байсан. Улмаар АНУ-д жилд 30 сая бүтээгдэхүүн гаргаж байв. Гэтэл эдүгээ манай улс хэрэглээнийхээ 88 хувийг импортолж, 12 хувийг өөрсдөө үйлдвэрлэж байна. 45 сая малтай манай улс сүү, сүүн бүтээгдэхүүнийхээ 74, гурил гурилан бүтээгдэхүүнийхээ 41, нэхмэл хувцасны 62 хувийг гаднаас авдаг болчихоод байна. Тиймээс ч эдийн засгийн ирээдүйн үр өгөөж хийгээд өнөө цагийн иргэд гадны зүйлсээс залхаж, үндэснийхээ бүтээгдэхүүнийг чухалчлах хандлага ажиглагдаж буй нийгмийн сэтгэлгээн дээр дөрөөлсөн Засгийн газрын эл бодлого эзнээ л зөв олбол хол нисэх мэт дүр зураг ажиглагдана.
Өөрөөр хэлбэл хөтөлбөр эзнээ зөв олсноор цаашдаа эдийн засагт шударга өрсөлдөөний зарчмыг бий болгох юм. Түүнээс үүсэх эдийн засгийн боломжит гарцуудыг тоочоод баршгүй. Эндээс бид өнөөдөр чухам хэнийг үндэсний үйлдвэрлэгч гэж нэрлэх ёстой юм бэ гэсэн асуулт гарч ирнэ. Одоогоор гаднаас асар их хэмжээний хуурай сүү, хатаасан шар сүү оруулж ирээд түүнийгээ хөөрүүлэн Сүү, исгээ савлаад Тараг хэмээн нэрлээд “Монголд үйлдвэрлэв” шошго наагчдыг үндэсний үйлдвэрлэгч гэж нэрлэж байгаа. Бид тэдний “Цэвэр үнээний сүү” гэсэн худалч рекламыг үзэж, мэдсээр байж, өндөр үнээр худладан авсаар байна.
Концентараци бүхий жимсний багахан орцтой ундааг “100 хувь байгалийн бүтээгдэхүүн” гэх нэрийн дор хэрэглэж, түүнийгээ үндэсний үйлдвэрлэгч хэмээн нэрийдэх буюу бүх түүхий эд нь урд хөршөөс орж ирэн, Монгол улсад зөвхөн угсрах үйл ажиллагаа нь явагддаг цахилгаан бараа борлуулагчийг мөн л үндэсний үйлдвэрлэгчээр нэрлээд байгаа нь гайхалтай.
Хэрэв яг эл байдлаар үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудаа бид үндэсний үйлдвэрлэгч гэж нэрлээд, тэдэндээ найдвал өнөөх бондын мөнгө гадагшаа урсаад л дуусна.
Тэгэхээр үндэсний үйлдвэрлэгч гэгч өөрөө хэн байх, ямар шугамаар, ямар төрлийн бараа бүтээгдэхүүнийг хэрхэн, яаж, юугаар хийх зорилт тавиж буй нь ихээхэн чухал юм. Өнөөх л ажил эхлүүлэхээсээ өмнө бодлогоо зөв тодорхойлох ухаан энд урган гарч ирнэ.
Үйлдвэржилтийг дэмжих хөтөлбөрт ирсэн нийт 1151 төслийн 535 буюу 47 хувь нь шинээр үйлдвэрлэл эхлүүлэх хүсэлтэй ААН, байгууллагууд байна. Тэдний нийт төслийн мөнгөн дүн 3,4 их наяд төгрөг. Тэгвэл эхэлж байгаа төслийн ангилалд 4,5 их наяд буюу 339 төсөл ирсэн байна. Харин үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилт бүхий 277 төсөл ирсэн бөгөөд нийт мөнгөн дүн 1,9 их наяд хүрчээ.
Чухам эндээс шүр сувдыг нь хэрхэн түүж, улс орныхоо ирээдүйг бүтээлцэх алтан жолоог хэнд атгуулах нь сонгон шалгаруулагчдын мэдэх хэрэг. Тэдний шийдвэрийн дагуу Монгол улсад үндэсний үйлдвэрлэгчдийн бүхэл бүтэн шинэ арми үүсэх эсэх хийгээд эдийн засгийн ирээдүйн тулах цэгүүд тодорхойлогдоно.
“Дэрэн доогуураа хийсэн чихрийг минь сэрэхэд битгий авчихсан байгаарай” гэдэг шиг ар өврийн хаалгаар зувчуулан хувааж идэх замаар сонгон шалгаруулалт явах аваас арав хорин жилийн дараа төлөгдөх алдарт бондуудын мөнгөний өмнө айл хотлоороо сөхрөн унах ирээдүй хүлээх вий гэх эмзэглэл дагуулна.
Ийм л хариуцлагатай цаг үед бид үндэсний үйлдвэрлэгч гэж чухам хэн болох талаарх андуу эндүү бодлоосоо хагацаж, далайн элдэв хог хаягдал дундаас шүр сувдыг нь олж түүх чухал алхам хийх гэж байна.
Төсөл хүргүүлэгчдийн тухайд тэд нэг их наядын барианд багтах нь л чухал байгаа. Тэгвэл шийдвэр гаргагчид...
Нэг их наяд төгрөгийн сунгаа тойрсон эргэцүүлэл | ||
Үзсэн: 3844 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.