Авлигатай тэмцэх газар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дэх зүйлийн 2 дахь хэсэг, Авлигын эсрэг хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасны дагуу харьяаллын гэмт хэргүүдийг шалгах, авлигын гэмт хэргийг илрүүлэх зорилгоор тодорхой төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд иргэд, байгууллагаас авлигын холбогдолтой гомдол, мэдээллийг хүлээн авч, гэмт хэргийн шинжтэй үйлдэл тогтоогдсон тохиолдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулж ажиллав.
Мөрдөн шалгах хэлтсээс 2019 оны 3 дугаар сард гэмт хэргийн шинжтэй 57 гомдол, мэдээлэл хянан үзсэнээс 19 гомдол, мэдээлэл буюу 33.3 хувьд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх санал гаргасан, 12 гомдол, мэдээлэл буюу 21.1 хувьд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлж, одоо 26 гомдол, мэдээллийн үлдэгдэлтэй, шийдвэрлэлт 54.4 хувьтай байна.
Мөрдөн шалгах хэлтэст хүлээн авч шалгасан 57 гомдлын 28 буюу 49.1 хувийг Улаанбаатар, 29 буюу 50.9 хувийг орон нутгийн харьяаллын гомдол эзэлж байна.
Мөрдөн шалгах хэлтсийн хэмжээнд 2019 оны 3 дугаар сард хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 408 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулснаас 13 буюу шалгасан хэргийн 3.2 хувийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт, 44 буюу шалгасан хэргийн 10.8 хувийг хэрэг бүртгэлтийн хэрэг хаах саналтайгаар прокурорт, 7 буюу шалгасан хэргийн 1.7 хувийг харьяаллын дагуу шилжүүлж, 1 хэргийг өөр хэрэгт нэгтгэн шалгаж, одоо 343 эрүүгийн хэргийн үлдэгдэлтэй байгаагаас хэрэг бүртгэлтийн 287 хэрэг, мөрдөн байцаалтын 56 хэрэг байна.
Тус хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн 15.9 хувийг шийдвэрлэсэн.
Авлигатай тэмцэх газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж шүүхэд шилжүүлсэн болон шүүхээр шийдвэрлэгдсэн зарим хэргүүдээс дурдвал:
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн удирдах болон гүйцэтгэх албан тушаалтнууд нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан бусдад давуу байдал бий болгон хуурамч дүгнэлт гаргасан гэх,
- Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар 2016-2017 онд ажиллаж байсан О нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан өөртөө давуу байдал бий болгон улсад хохирол учруулсан гэх,
- Автотээврийн үндэсний төвийн дэд дарга Б нь олон улсын ачаа тээврийн С зөвшөөрлийг олгохдоо албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан бусдад давуу байдал бий болгосон гэх,
- Хууль сахиулах их сургуулийн Сургалт хариуцсан чанарын албаны мэргэжилтэн нь 2018-2019 оны хичээлд элсэгчээс хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж хахууль авсан гэх,
- "МИАТ" ТӨХК-ийн дэд захирлаар ажиллаж байсан Э нь өөрийн эд хөрөнгийг бусдын нэр дээр бүртгүүлэн нуун далдалж, өөрийнхөө хөрөнгө орлогыг их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх,
- Нийслэлийн Баянзүрх цогцолбор сургуулийн захирал Ч нь хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс хийх ёсгүй үйлдлээ хийсний төлөө нэр бүхий багш нараас хахууль авсан гэх эрүүгийн хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналтай харьяалах прокурорын байгууллагад шилжүүлээд байна.
Энэ сард 13 хэргийг прокурорт шилжүүлжээ | ||
Үзсэн: 795 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.